Сонсоход итгэмээргүй, хэн хүний сэтгэлд бууж өгөмгүй хэдий ч “чулуун царгил” хөгжмийн зэмсгийг монголчууд өөрсдөө зохион, үе дамжуулан хэрэглэсээр ирсэн түүх бий. Эл уламжлал эдүгээ цагт мартагдах шахам болж, хүмүүсийн зөвхөн сонсох төдий дурсамж болон хувираад байгаа юм.
Тэгвэл Баянхонгор аймгийнхан эл уламжлалыг сэргээн, чулуун царгил хөгжмийн бүхэл бүтэн оркестортой болжээ.
Нэгэн цагт “Түйн голоос түүсэн
Түнтгэр хар чулуугаар ая тоглоно” хэмээн шүлэглэж /1950-аад оны үес/, ардын сайхан дуу, бие биелгээний ая эгшгээ чулуун цариг хөгжмөөр амилуулдаг байсан баянхонгорчууд эдүгээ “Тэмүжин” театрын удирдлага дор сумдынхаа сурагчдыг хамруулан “Баянхонгорын брэнд” гаргахаар ажиллаж байгаа аж.
Уг зорилтот ажлаа Нийслэл хотноо тайлагнахаар зочлон ирсэн байх үед уулзаж цөөн хором ярилцлаа.
Тэмүжин театрын захирал Б.Ганчимэг: Хүүхдүүд маань байгалийн чулуу руу шүлсээ хаяхад хүртэл хайран санагдаж байна гэх болсон
–“Чулуун царгил” хөгжмийг Баянхонгорчууд өмнө нь хэдий үед тоглож байсан бэ?
– 1950-иад оны үес манай аймгийнхан Түйн голоос түүсэн чулуугаараа аймгийн соёлын ордныхон ардын дуу, бие биелгээний ая дангуудыг эгшиглүүлдэг байсан юм билээ. Манай аймгийн н.Чойдорж багшийн санаачилгаар анх тоглогдож байсан бөгөөд Баянцагаан сумын дуу хөгжмийн багш А.Мягмарсүрэн багшид энэ эрдмээ өвлүүлэн үлдээснээр бид эдүгээ цагт гаршуулан тоглох ажлыг эрчимжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
–Мартагдах шахаад байсан энэхүү чулуун царгилыг дахин хөгжүүлэх санаа та бүхэнд яаж төрөв?
-Засгийн газраас хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийн хүрээнд орон нутагт өөрийн гэсэн онцлогтой дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх боломж юу байна гэж судалсан юм. Манай аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Дуут чулуу”-тай Чандмана уул гэж байдаг. Тэгэхээр энэхүү байгалийн чулуун дээрээ түшиглээд, нутгийн брэнд гаргах боломжтой юм байна гэсэн санаачилгыг анх гаргасан юм л даа.
–Санаачилгын хүрээнд тодорхой зорилтот ажлуудыг эхлүүлсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. “Чулуун царгил миний бахархал” нэрийн дор цэцэрлэг, сургуулийн сурагчдад зориулсан сургалтуудыг СУИС, Хөгжим бүжгийн коллежийн багш нартай хамтран явуулсан. Өөрөөр хэлбэл, чулуун царгил хөгжмийн тухай мэддэг цөөн хүний мэдлэгийг түгээх, хүүхдүүдэд хөгжмийн талаарх суурь мэдлэгийг эхлээд олгохыг зорьсон гэсэн үг.
Сургалтуудынхаа дараа цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын концертын бүтцэд заавал “Чулуун царгил” хөгжмийг оруулсан байх шаардлага тавиад, аймгийн хэмжээнд “Урлагийн их наадам”-ыг зохион байгуулсан.
-“Урлагийн их наадам”-аас ямар дүр төрхийг ажиглаж болохоор байв?
-“Урлагийн их наадам” бидний санаснаас илүү үр дүн, нөөц бололцоо, тархац байгааг харуулсан. Нэг сумаас 15-70 хүүхдийн бүрэлдэхүүнтэй чулуун цариг хөгжмийн баг ирж тоглосон нь биднийг бараг л гайхашруулсан гэж болно. Гэтэл орон нутгуудад яагаад ийм өндөр хэмжээнд хөгжиж болох гарц байгааг судлахад дуут чулууны олдоц бас их нөлөө үзүүлдэг юм гэдгийг мэдсэн.
–Тэгэхээр дуут чулуу аймгийн тань сум бүрээс олдож байгаа гэсэн үг үү?
-Ер нь бол тийм. Бид чинь алт хайдаг нинжа нар шиг чулуу бүрийг тогшиж үзээд явдаг болсон /инээв/. Сум орныхоо газар нутгийн онцлогийг мэддэг хүмүүс нутгаасаа дуут чулуу олохдоо их сайн байдаг. Энэ утгаараа сум бүрээс дуут чулуу гарч ирсээр байгаа. Мөн хүн анхлан үүссэн гэгддэг Шинэжинст сумын Цагаан агуй, бичигт хадны ойролцоогоос дуут чулуу нэлээд сайн олддог юм билээ. Энэ нь эргээд чулуун цохивор хөгжим нь хүний үүсэл, хөгжлийн явцад, байгалийн шүтэлцээн дээр үүсэн хөгжиж байсан урлагийн нэгэн төрөл болохыг нь гэрчилж байгаа юм. Одоо тэгэхээр бидний хийх гол ажил энэхүү дуут чулууг урлагжуулах ажил байна.
–Урлагжуулах ажил гэдгээ тодорхой тайлбарлавал?
-Одоо бидэнд чулуун царгил тоглох хөгжмийн системтэй мэдлэг бүхий хүүхдүүд байна. Чулуу хангалттай сайн олдож байна. Чулуугаа хөглөж, багш нарт заах боловсон хүчин байна. Тэгэхээр энэ бүх боломжуудаа нэгтгээд урлагжуулах ажлыг эхлүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тухайлбал, хүүхдүүд маань урлагийн хувцас өмсөх, хөгжимдөө суурь хийх гэх мэт асуудлууд үүсээд байна.
– Чулуун царгил хөгжмийг Монгол Улсад хөгжүүлэх хамгийн гол зорилго нь юу юм бэ?
-Чулуун царгил хөгжмөөр сонирхогчийн түвшнээс мэргэжлийн хүрээнд дэлхийн сонгодгуудыг хүртэл эгшиглүүлэх бүрэн боломжтой. Бүхий л хөгжмийн зэмсэгтэй хоршин гайхалтай царигсан өнгө гаргаж чаддаг учраас мэргэжлийн түвшинд цаашид хөгжүүлснээр эдийн засгийн хувьд асар их хэмнэлт үүсгэнэ. Гаднаас үнэтэй хөгжмийн зэмсгүүд авах шаардлага бага болно гэсэн үг.
Хамгийн гол нь энэ чулуун царгил нь өөрөө Монгол Улсын бахархал юм. Үүнийгээ Диназоврын ясыг гаргаж ирсэнчлэн дэлхий дахинд таниулан, сурталчлах шаардлага үүсээд байгаа юм. Ажил бол нэгэнт эхэлсэн. Цаашдаа өргөн хэмжээнд хэрхэн ажиллаж болох вэ гэдгээ л судалж, боломжуудыг эрэлхийлж байна.
–Тухайлбал?
-Энэ жил Баянхонгор аймагт зохион байгуулагдах ламын гэгээний 375 жилийн ой, “Говийн бүсийн их хурд 2014” наадмын үеэр Чулуун царгил хөгжим эгшиглүүлэхээр Хонгор нутгийн 375 хүүхэд багачууд бэлтгэлдээ гараад байна. Мөн ирэх аравдугаар сарын 1-ний өдөр тохиох нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойгоор Их эзэн Чингис хааны талбайд мөн тооны хүүхэд тоглох юм.
–Чулуун царгил хөгжим хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж байна?
-Санаснаас илүү эерэг нөлөөллийг үзүүлдэг юм байна. Хүүхдүүд маань элсний нэг ширхэгийг ч боловч хайрлах сэтгэлгээ нь улам гүн болж байна. Байгалийн чулуу руу шүлсээ хаяхаас ч хайран санагдаад байна гэж ярьж байгаа. Энэ нь эх оронч сэтгэглгээг төлөвшүүлэх, сэтгэн бодох чадваргы сайжруулах онцгой үр дүнгийн илрэл юм.
Баянхонгорчууд чулуун цохивор хөгжмийн чулуугаа түүх, сургагч багш нарыг бэлтгэн гаргах, хөглөх зэрэг ажлуудаа өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байгаа юм. Чулуун цохивор хөгжмийг хөглөдөг, нот тогтоодог зэрэг ойлголтуудын талаар Баянцагаан сумын дуу хөгжмийн багш СТА, А.Мягмарсүрэн ийн ярилаа.
А.Мягмарсүрэн: Манай сумаас 70 хүүхдийн бүрэлдэхүүнтэй чулуун царгил хөгжмийн баг гардаг
–Чулуун царгил хөгжмийг аймгийн брэнд болгохын тулд та нэлээдгүй ажлыг эхлүүлсэн бололтой?
-Тийм ээ. Энэ бол миний багшийн мөрөөдөл байсан юм. Чулуун царгил хөгжмийн талаар надад анхны мэдэгдэхүүнийг манай багш н.Чойдорж өгч байсан. Тухайн үед Түйн голоос түүсэн гэх чулуугаар багш маань ая тоглож, бас бус хүүхдүүдэд заадаг байлаа. “Миний шавь үүнийг уламжлал болгон хөгжүүлээрэй” гэсэн багшийнхаа хүсэлтээр би өдийг хүртэл чулуун царгил хөгжмийг сумынхаа концертын бүтцэд байлгасаар ирсэн.
–Тэгэхээр Баянцагаан сум чулуун царгил хөгжмийн тал дээр илүү туршлагатай байх нь?
-Манай сумын П.Даваахүү багштай бага ангийнхан ангиараа энэ хөгжмийг сурсан гээд бодохоор бас бахархууштай. Энэ жил аймгаас зарлагдсан “Урлагийн их наадам”-д манай сумаас 70 хүүхдийн бүрэлдэхүүнтэй чулуун царгил хөгжмийн баг гарч, үлгэр жишээг үзүүлсэн байгаа.
Мөн өөрийн чулуун царгил хөгжмийн талаарх туршлагадаа үндэслэн бусад сумын багш нарт сургалт явуулах, хөгжмийг нь бэлтгэж, өнгө тогтоож өгөх, чулуугаа олох тал дээр туслан, хамтран ажиллаж байгаа. Монголчууд бид чинь асар их буянтай ард түмэн. Байгалийнхаа чулуугаар дэлхийн сонгодогуудыг эгшиглүүлнэ гэдэг бол үндэсний бахархал юм. Энэхүү ажлыг цаашид түгээн сурталчлах, төр засгийн зүгээс урлагжуулах тал дээр анхаарах зэрэг нь дэлхийн түвшинд Монгол Улсыг сурталчлах бас нэгэн брэндээ дэмжиж байна л гэсэн үг. Тэр ч утгаараа холбогдох газрууд биднийг дэмжин ажиллахаа илэрхийлж байгаад баярлаж л сууна.
–Сумдаас олдож буй дуут чулуу бүр харилцан адилгүй байх уу?
-Тийм ээ. Дуут чулуу сум бүрт олдож байгаа хэдий ч янз бүрээр засаж, нот хөгийг нь тааруулах шаардлага үүсч байгаа. Харин Чандмань уулын чулуу хөг сайтай, байгалиас аваад шууд тогших төдий л нотууд нь “ориг”-оороо байж байдаг. Тодруулж хэлбэл, До, ре ноттой чулуу шууд олдог гэсэн үг. Бусад сумаас олдож байгаа чулуунуудыг энэ, тэндээс нь эмтлэх, бага зэрэг цуулж байж үндсэн хөгийг нь үүсгэх жишээтэй.
–Ямар хөгжмийн зэмсгээр хөгөө тааруулж байна?
-Миний хувьд Баянхуур хөгжмөөр хөгөө тааруулдаг. Чулуун царгил хөгжмийн гол онцлог нь нэг хөглөөд л хөг нь тэр чигтээ тогтдог явдал. Дахин хэзээ ч хөглөх шаардлага үүсэхгүй. Хөглөснөөс хойш чулуугаа эвдэлж, гэмтээхгүй байхад л хангалттай. Тиймээс одоо хүүхдүүд маань чулуугаа тохирсон уутанд хийж, гэмтээхгүй байх тал дээр анхаардаг.
Баянхонгор аймгийн Тэмүжин театрын санаачилгаар чулуун цохивор хөгжмийн багийнхан Нийслэл хотноо хүрэлцэн ирж, МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлэгт оролцсон бичлэгийг бид тун удахгүй нийтлэх болно.
Эх сурвалж: mnb.mn