Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоо 2014 оны 5-р сарын 3, 4-ний өдрүүдэд “UB Palace”-ийн концертийн их танхимд хийсэн. Хоёр үдэш битүү зрительтэй тоглогдсон тус тоглолтод сэтгэлд хоногшсон хийгээд шинэ залуу үеийн олон сайхан уран бүтээлүүд дуулагдсан нь үе үеийн үзэгч, сонсогчдыг нэгтгэж чадсан юм.
“Инээмсэглэл” хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн Ерөнхий захирал, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ И.Болоож, “Хөх тэнгэр” хамтлагийн даралтат хөгжимчин, Хилийн цэргийн дэд хурандаа, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Энхбаяр, “Хөх тэнгэр”, “Инээмсэглэл”, “Black & White” хамтлагийн даралтат хөгжимчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Пүрэвдорж, Рок попын Пентатоник Академийн ерөнхийлөгч, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Б.Долгион, “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч, аргил гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Г.Жаргалсайхан гэсэн рок поп урлагийн “акулууд” гэгддэг нэгэн үеийн төлөөлөл болсон алдартай хөгжмийн зохиолчид “Ахмадын золбоо” хамтлагийг байгуулсан байдаг.
Бидний аав ээжээс эхлээд, залуу үеийнхний аманд аялагдаж, сэтгэл хөдөлгөсөн олон мянган уран бүтээлийг бүтээснээс гадна өнөөдөрч залуучууд бидний дунд хит болсон, хит болж байгаа шинэ уран бүтээлийг “Ахмадын золбоо” хамтлагийн гишүүд тууривсаар байгаа нь тэдний сонсогч, шүтэн бишрэгчдийн тоог хязгааргүйд хүргэж байна. Иймд тоглолтын тухайд хоёр орой тоглоно гэдэг сонсогч, фенүүдэд чамлалтай байсан.
Харин “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтыг үзэж амжаагүй, үзэх хүсэлтэй олон мянган үзэгчдийн хүсэлтээр “Ахмадын золбоо” хамтлаг дахин тайзнаа гарахаар боллоо. Тэд энэ сарын 25-ны үдэш 19.00 цагаас Соёлын төв өргөөнд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан тоглолтоо дахин тоглохоор боллоо. “Нойргүй хоносон зургаан нот” дахин тоглогдох сургаар концертийн тасалбар аль хэдийнэ худалдаалагдаж дуусжээ.
Дуучид нь дуулж, сонсогчид нь чимээгүй сонсоод суудаг хэвшмэл байдлыг өөрчлөн, үзэгч сонсогчидтойгоо хамтран дуулж, хамтран дурсан, хамтран уярч, тэрч бүү хэл хөгжилтэй яриа өрнүүлэн зритель тэр чигтээ инээлдэх халуухан үдэш зөвхөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын үдэш тохиодог онцлогтой.
www.URLAG.mn