“Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Британид хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэсэн “Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлтийн ёслол Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд энэ сарын 23-нд боллоо.
Монголчуудын олон үеийн түүх, соёлын холбоотой эд өлгийн зүйл дэлхийн олон орны архив, номын сан, музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэдгээрийг эрж хайх, эрдэм шинжилгээний тодорхойлолт үйлдэж хэвлэн нийтлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2014 оноос эхлүүлсэн “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд энэхүү 13 дахь цуврал хэвлэгдэж Британид хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвүүдийг цогцоор нь дээжлэн сонгож хэвлүүлсэн анхны бүтээл болж буйгаараа онцлог юм.
Тус бүтээлд нийтлэгдсэн монголын түүх, соёлын дурсгалын 90 орчим хувь нь өмнө нийтлэгдэж байгаагүй бөгөөд эдгээрт Өндөр гэгээн Занабазарын бүтээл Дэмчог Мандал бурхан, Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, дуулга, Иль хант улсын түүхэнд холбогдох Монгол хатны цүнх, Судрын чуулганы чимэглэл зураг, Хар хотоос олдсон бичгийн дурсгалууд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Их Британийн хаан тавдугаар Жоржид илгээсэн захидал зэрэг нэн сонирхолтой бичгийн болон эд өлгийн дурсгалууд багтжээ.
Энэхүү бүтээлийн Ерөнхий редактораар тус төслийн удирдагч, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун ажиллаж, Британийн талаас Ерөнхий удирдагчаар судлаач, доктор Сью Бөрн, хамтран зохиогчоор Британийн Эзэн хааны Азийн нийгэмлэг, Кембриж, Оксфорд, Эдинбургийн их сургууль, Британийн Эзэн хааны Газарзүйн нийгэмлэг, Британийн номын сан, Британийн Эзэн хааны Зэвсгийн музей, Британийн Үндэсний архив, Британийн музей зэрэг томоохон байгууллагын судлаачид хамтран оролцсон юм.
Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх ёслолыг нээж, тус номыг бүтээхэд оролцсон төслийн удирдагч, ерөнхий редактор болон нийт эрдэмтэн судлаач, төслийн баг хамт олонд баяр хүргэн Монголын түүх, соёлын нандин өвийг эрэн сурвалжилж, урт хугацаанд мэргэжлийн түвшинд нарийн судлан нийтлэн хэвлүүлсэн нь Монголын ирээдүй хойч үе болон олон улсад түүх, соёлоо сурталчлан таниулах төдийгүй Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй чухал алхам болохыг онцлон тэмдэглэж талархал дэвшүүллээ.
Төслийн удирдагч, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээлтэд биечлэн оролцож энэхүү номыг хамтран бичсэн нийт судлаачид болон байгууллагуудад талархал илэрхийлээд уг төслийн ач холбогдол, онцлогийн талаар товч танилцуулан номын дээжийг гардуулав. Мөн номын ерөнхий редактор Сью Бөрн тус бүтээлийг эхлүүлсэн түүх, судалгааны үйл ажиллагаа, онцлог, номд орсон соёлын нандин өвүүдийг танилцуулав.
Нээлтийн ёслолд төслийн баг хамт олон, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Фиона Блайт, Британийн хамтран ажилладаг байгууллага болон Монголчуудын төлөөлөл хүндэт зочноор оролцлоо гэж ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.



