Манай энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар “Боролдойн Мягмар” гэдгээрээ олонд хүндлэгдсэн найруулагч С.Мягмар ажиллалаа.
Тэрбээр ярилцах хүнээрээ зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхийг сонгосон нь жирийн хэрэг биш аж. Тэд Монголын урлаг, тэр дундаа тайз дэлгэцийн урлагт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй эрхмүүд билээ.
-“Өнөөдөр” сонины уншигч сурвалжлагчаар ажиллах үүрэг аваад, Монголын чөлөөт сэтгэлгээний эрэлхийллийн том төлөөлөгч, кино найруулагч, сэтгүүлч Төрмөнх тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Бидний ярилцах сэдэв ерөнхийдөө ойлгомжтой. Хамгийн гол нь Монголын кино урлагт өөрчлөлт шинэчлэлт хийх зорилготой “Алтан хальс” олон улсын андерграунд наадам болж буй өдөр энэ тухай ярилцаж байгаа нь сайхан хэрэг гэж бэлгэшээж байна. Орчин цагийн кино урлагт шинэ салхи сэвэлзүүлэх эхлэлийг тавьсан та юуны учир энэ хэдэн залууг дэмжээд байдаг юм бэ?
-Миний бодлоор андерграунд чиглэлийн киног туршиж үзэхдээ шинэ сонин гэдэгт нь бус, гагцхүү энэ хэлбэрийг ашиглан Монголынхоо эртний өв уламжлал, зан заншил, ёс суртахууныг дэлхийд гаргах гэж оролдвол нэгэн шинэ орц нээгдэх юм. Элдвийн олон орцоор урлагийн төр өл зүйл оруулж ирэн “монголчилж” чадвал тэр нь буцаад гарахдаа жинхэнэ монгол кино болно гэсэн үг л дээ.
Тэгээд ч прагматик ухаанаар бодож үзвэл өнөөх хөгжих магадлалтай гээд байдаг түүхэн кино маань үнэтэй бүтдэг, дээрээс нь ашиггүй учраас продюсерлэх хүмүүс олддоггүй. Энэ талаас нь бодсон ч арай хямд төсөр бүтэхээр нь андерграунд киног дэлгэрүүлж байхад буруудах зүйлгүй. Ийм учраас би “Алтан хальс” холбооны залуучуудын зохиодог энэ наадмыг илүү бодитой оролдлого гэж бодоод анхнаас нь дэмжсэн.
Манайд олон жилийн турш зөвхөн ганцхан төрлийн кино хийдэг байлаа шүү дээ. Уг нь дэлхийн кино урлагийн үүслээс тийм ч их хойно эхлээгүй хэрнээ монголчууд 70 гаруй жил үзэл сурталжсан киногоор “бөмбөгдүүлсэн”. Ардчиллаас хойших 20 гаруй жилийн хугацаанд бас л өнөөх сэтгэлгээний хувьд баригдмал, нэг хэвийн байдлаасаа гарахгүй байна. Харин эдгээр залуу энэ байдлыг өөрчлөхийн тулд бор зүрхээрээ хичээж байгаа нь надад сайхан санагддаг.
Өнгөрсөн жил Андерграунд кино наадмыг анх удаа зохион байгуулахад нь би шүүгчээр ажилласан. Анхны наадам болохоор алдаа мадагтай, эргэж харахаар зүйл байсан ч аливаа оролдлогыг шууд шүүмжлээд байвал ир нь мохох аюултай учраас дүү нартаа зөвлөгөө өгөөд орхисон. Тэгээд энэ жилийнх нь ямар болохыг харахаар ирчихээд байгаа минь энэ.
-Сая та бидний үзсэн “Янзтай сайхан өдөр” гэдэг киног зүгээр л цагаан цаасан дээр хар харандаагаар зурчихсан их энгийн хийцтэй байлаа. Гэтэл тэр бүтээл дэлхийн шилдэг 16 бүтээлийн нэг гэж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь зохиолын санаа л юм даа, тийм үү? Энэ киног үзсэн чинь бидний энэ амьдрал ямар өчүүхэн хэрнээ яасан агуу юм бэ гэж бодогдлоо.
-Хамгийн гол нь санаа гэдэг үнэн л дээ. Дэлхийн киног үндсэнд нь хоёр хуваадаг. Нэгдүгээрт бидний амьдралыг, бидний нүдэнд ил харагдаж байгаа бүхнийг үзүүлдэг кино. Энэ төрлийн киног хамгийн сайн хийдэг газар бол мэдээж Холливуд. Холливудын бүх киног үгүйсгээд, андерграунд кино л мундаг гэж болохгүй. Яагаад гэвэл тэнд асар том үйлдвэрлэл явж байна. Хүмүүсийг зугаацуулж баясгахын төлөө тэнд бидний адил хэсэг нөхөд олз, гарз, эрсдэл гээд бүх зүйлээ өөрсдөө үүрээд кино урлагт асар их хөрөнгө хүч хаяж байна. Сайн хийж чадвал эргүүлээд түүнийгээ хэд дахин нугалж ашиг олдог. Харин манайд тэгж чадахгүй. Яагаад гэвэл социализмын үед үзэл суртлын маш том зэвсэг байсан кино урлаг ардчиллаас хойш гудамжинд гарсан. Нөгөө нь андерграунд, арт хаус чиглэлийн иймэрхүү кинонууд. Энэ кинонуудыг үзэхээр тухайн үедээ ойлгомжгүй ч юм шиг хэрнээ хоёр гурван сарын дараа ч байсан “Нээрээ тэр нь ямар учиртай юм бол” гэж бодогдох жишээтэй. Өөрөөр хэлбэл, хүний тархи, оюун санааны гүнд нь хүрч үлддэг.
Жишээлбэл, А.Тарковскийн кинонуудад айхтар олон үйл явдал өрнөөд байхгүй, энгийн хэрнээ хүний сэтгэл зүрхэнд хүрч чаддаг. Харин нэгдүгээр ангиллын кинонууд бол театртаа үлддэг. Үзэж суухдаа инээж хөхрөөд, эсвэл айж түгшээд л, кинон дотроо орчихсон сайхан байдаг хэрнээ гарангуутаа мартчихдаг. Тэгэхээр тэр кино дараагийн үзэгчээ зугаацуулахаар театртаа үлдсэн гэсэн үг. Гэхдээ энэ хоёр чиглэлийн киног аль нэгийг нь хэт үгүйсгэхгүй, зэрэгцэн хөгжүүлэх хэрэгтэй юм.
-Бид 1990 оны ардчиллын ачаар үзэл бодлоо хэнээс ч айлг үй илэрхийлэхээс эхлээд эдийн засгийн хувьд ч эрх чөлөөтэй болсон. Тэгсэн хэрнээ энэ 20 гаруй жилийн хугацаанд сэтгэлгээний эрх чөлөөгөө олж авсангүй. Социализмын үеийн, бүх зүйлийг ямар ч сонголтгүй нэг цонхоор хардаг байсан “сохор” зангаасаа салахгүй байна. Салахын тулд яах ёстой юм бэ?
-Сэтгэлгээний эрх чөлөөг олж авахын тулд эхлээд би хэн билээ, бид хэн билээ гэдгээ таньж мэдэх ёстой болов уу. Монголчуудын ардын аман зохиолд ямар их гүн гүнзгий сэтгэлгээ агуулагдаж байсныг бид мэддэггүй. Бид л анзаардаггүй болохоос “Байхгүй байна” гэдэг хоёрхон үг хүртэл маш том философи. Байх, байхгүйн завсарт орчлон ертөнц оршдог шүү дээ. Хуульч Сандаг хэмээх мундаг хүний “Үг” зохиол байна. Энэ мэтээр манай уламжлалт өв соёл чинь тэр чигээрээ абсурд. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр бидэнд өвөг дээдсийнхээ уламжлалаас авах зүйл асар их байна. Гэтэл хаа холоос өөр зүйл хайгаад л байдаг. Би Нью-Йоркт хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Нью-Йоркийг дэлхийн урлаг соёлын төв гэдэг болсон шүү дээ. Уг нь Франц байсан, одоо тийм биш.
-Нэг үндэстний бус олон улс орны соёл иргэншлийн төв гэдгээрээ тийм байх л даа?
-Яг тийм. Нью-Йоркт өдөр бүр маш олон улс үндэстнүүдийн төрөл бүрийн арга хэмжээ хаа сайгүй болж байдаг. Үүнтэй адил манай Улаанбаатар хотод ч гэсэн өдөр бүр хаа сайгүй ямар нэгэн арга хэмжээ зохиогдож байна. Нэг үеэ бодоход залуус ч их идэвхтэй амьдардаг болж. Тэнд ч үзэсгэлэн, энд ч тоглолт, кино, жүжиг, амьд хөгжмийн шоу, сонгодог урлаг гээд тэр болгонд залуус өөрсдийнхөө дур сонирхлоор хуваагдан очдог. Монголчуудын сэргэн мандалтын үе ч гэж тодорхойлж болохоор.
“Үнэн хаана байдаг юм бэ” гэсэн асуултад үнэн бол хүний дотор оршдог юм аа гэсэн байдаг. Гэтэл бид нийтээрээ нэг үнэний төлөө яваад, тэр үнэнийг олох гэж олон жил мунхарсан.
Харин үүнийг манай төрийн өндөрлөгт байгаа дээдсүүд анзаарч хардаггүй. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө л хамгийн мундаг ухаантай нь гэж бодож байгаа. Тиймээс “Аан, энэ залуус шоудаад байна” гэж л хардаг. Тэдэнд ийм зүйлийг ялгаж салгах хэмжээний тийм “эрхтэн” ч байхгүй (инээв). Гагцхүү энэ залуус одоо зүгээр гаднаас нь хараад хэлбэрдээд байхгүй, Монголынх гэсэн өвөрмөц зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй байна.
Андерграунд, арт хаус чиглэлийн киног Монголд хөгжүүлэхийг зорьж буй залууст ч энэ хамаатай. Гадаадын хэдэн найруулагчийн нэрийг хоосон цээжилчихээд, тэгдэг ингэдэг гээд суугаад байвал энэ бол өөрчлөлт, шинэчлэл биш. Хөлбөмбөг сонирхогчид л тэгдэг шүү дээ. Хөлбөмбөгчдийн намтар, гэр бүлийн асуудлыг нь хүртэл гаргаадаггүй мэдэх хэрнээ яг цагаа тулахаар өөрсдөө талбайд гарч тоглох чадваргүй байдаг шүү дээ.
-Хаалган дээр зогсох нь байтугай бараг бөмбөг ч барьж үзээгүй юү?
-Тийм (инээв).
-Монголчуудад уг нь чөлөөт сэтгэлгээ гэдэг зүйл байсан л баймаар. Гэхдээ тэр нь яаж илэрдэг байсан юм бэ?
-“Үнэн хаана байдаг юм бэ” гэсэн асуултад үнэн бол хүний дотор оршдог юм аа гэсэн байдаг. Гэтэл бид нийтээрээ нэг үнэний төлөө яваад, тэр үнэнийг олох гэж олон жил мунхарсан. Уран зураг, уран зохиол хөгжсөн газарт кино урлаг хөгждөг гэсэн үг байдаг. Манайд уг нь аль аль нь хөгжсөн. Уран зохиол ихэнхдээ соцреалист хэлбэртэй ч аман зохиол, хуучны судар ном бол олон урсгалд хамаарна. Манай ардын зүйр цэцэн үг бол жинхэнэ монгол ухаан. Уран зурагт харин Соосой ах, “Орос” Баяраа, тэр бүү хэл ардын зураач Цэвэгжав хүртэл симболист бүтээл туурвиж байсан. Эрт цагт манайд бараг л шашин болгоны сүм байсан гэдэг. Сүм байсан бол сүсэгтэн ч байж таараа. Шашин болгоноос багахан хэсгийг аваад, шашингүй үзлээр ихэнхийг нь бүрдүүлсэн, тэгш амгалангаар ажиглах ухаан бол монголчуудынх юм байна гэж бодож сууна. Хөөж биш хүлээж гүйцэх ухаан нүүдэлчдэд л байдаг болов уу. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэхээр зарим хүн шоолдог. Үхэр тэрэг муруй ч гэсэн замаар гэлдэрнэ. Харин туулайд ямар зам байх билээ дээ.
-Уучлаарай, Төрмөнх өө. Үүн дээр нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй санагдана. Манай утга уран зохиолын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан зүйл бол дэлхийн сонгомол бүтээлүүдийг эх хэлээрээ орчуулсан явдал. Энэ бол аврал. Аюурзанын орчуулсан тэр бүтээлүүд залуусын нүдийг тайлах болно гэдэгт итгэдэг. Дэлхийн утга зохиол бол бидний бүгдийнх нь өмч. Эдгээрээс залуус маань олж уншаад кино хийчихэд л дэлхийд гарлаа. Заавал “Төрөө ах надад зохиол өгөх болов уу” гэж хүлээсээр турж үхэх шаардлагагүй болсон, энэ цагт.
-Тийм ээ. Урлаг бол бүх нийтээрээ өмчилж болдог цорын ганц зүйл. “Битлз”-ийг дэлхийн хаана ч “Минийх” гэж шүтэн бишрэгчид нь өмчилж болдог шүү дээ.
-“Нохойн орон” киног хийгээд та магтуулах нь байтугай харин ч “Гаднынханд монголчуудыг ингэж харуулаад байхдаа яадаг юм” гэж баахан зэмлүүлж баалуулсан биз дээ. Тухайн үед ямар байсан бэ?
-Торонто, Венецийн кино наадамд шалгаран оролцож, Швейцарийн “Visions du Rйel” хэмээх нэр хүндтэй баримтат киноны фестивалийн Гран при шагнал хүртсэн бүтээл хийсний минь төлөө намайг харааж байсан шүү дээ. Одоо ч гэсэн би ямар нэг их сайн нэртэй биш дээ. Гэхдээ харин “Нохойн орон” киног минь өнөө цагийн залуус “Монголын андерграунд чиглэлийн бүтээлүүдийн түүчээ байсан” гэж үнэлж байна. “Нохойн орон” кинонд нохой үхээд дараа төрөлдөө хүн болдог гэдэг буддын шашны элементийг л оруулсан. Үүнийг монголчууд мэднэ. Тийм ч учраас нохой үхэхээр сүүлийг нь таслаад аманд нь хавчуулж, толгойг нь газрын өөд харуулж чулуун дээр тавьдаг. Харин үүнийг гаднынхан мэдэхгүй учраас тэдний сонирхлыг татсан хэрэг л дээ.
-Ингэхэд кино урлагийн хөгжилд төр, засгийн дэмжлэг, үүрэг ер нь байх ёстой юм уу?
-Кино урлагт төр засгийн оролцоо бус, зохицуулалт хэрэгтэй байна. Монголд мэргэжлийн хэмжээний кино хийдэг хэдхэн хүн л бий. Тэдэн рүү чиглэсэн зохицуулалт хэрэгтэй юм. “Би чамд мөнгө өгнө, чи ардчиллынхныг магтан дуулсан, ардын намынхныг муулсан кино хий” гэвэл энэ бол оролцоо. Үүний оронд “Ерөнхийд нь ийм зүйл хиймээр байна, гэхдээ амьдралд үнэн байх ёстой” гэж зохицуулж болно. Энэ зохицуулалтыг Америк Холливудын кинондоо хамгийн сайн хийдэг. Тухайлбал, Холливудын нэг найруулагч эх орны тухай кино хийхээр төр, засгаасаа тусламж хүсвэл “Та кинондоо санаатай болон санамсаргүй байдлаар АНУ-ын далбааг гурван удаа оруулаарай” гээд гурван сая ам.доллар өгдөг байна. Энэ бол зохицуулалт. Энэ бол эх оронч үзлийг бадрааж байгаа хэрэг.
-Дээр нь бас нэг далд санаа байдаг шүү дээ. Америкчууд хийсэн кино болгондоо дэлхийг аврах баатар нь америк хүн гэж харуулдаг. Эцсийн дүнд энэ санаа л АНУ-д хэрэгтэй болохоос тэр киноныхонд хэдэн төгрөг өгөх нь чухал бус. Пуужин дотроо Барак Обамаг суулгаад нисгэсэн ч хамаа алга.
-Яг үнэн. Энэ л зохицуулалт байхгүй юү. Кино бүх урлагийн дотроос хамгийн чухал нь боловч бас хамгийн үнэтэй нь. А.Тарковский ч хэлсэн байдаг. “Кино бол хамгийн азгүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай байдаг” гэж. Үнэн байхгүй юу даа. Би яагаад Баабарын Шилдэг нийтлэлчдийн клубт долоо хоног болгон юм бичдэг вэ гэхээр тэрэнд мөнгө хэрэг болохгүй. Кино болгочихмоор санаануудаа тэнд бичдэг. Энэ нэг хүн хөөрхий минь залуусын сэтгэлгээг задлахын тулд театр байгуулчих гээд “модон амбаар” барьчихсан үйлээ үзээд байдаг. Үгүй ядаж л Чингис хааныхаа нэрийг зээлдэж авсан мөнгөнөөсөө “Май, энэ мөнгөөр та нар гайгүйхэн кино хийгээрэй. Хамгийн гол нь монгол гэдэг зүйлийг харуулах ёстой шүү” гэх ухаан манайханд алга.
“Мөнгө л байвал би ёстой агуу бүтээл хийх гээд байна” хэмээн худлаа томордог хүмүүст “Уучлаарай, та мэргэжлээ буруу сонгочихож” гэж хэлмээр санагддаг юм. Тэр хүмүүсийн толгойд мөнгөнөөс өөр зүйл бодогдохгүй байгаа бол Оюутолгойд очиж ажиллах хэрэгтэй болов уу.
Х.Баттулга гэхэд л өөрийнхөө мөнгөөр Төв аймагт Чингис хааны хөшөө босгосон. Тэр том байгууламжийг бүтээхийн тулд өр тавьсан бололтой. Дээр уулзахад “Би үүнийхээ өрнөөс ч гараагүй байгаа” гэж байсан. Нөгөө Чингисээр овоглох дуртай төр нь хаачсан юм бэ. Дээр үед “Тэмцэл”, “Өглөө” хэмээх хоёр цуврал кино хийхэд улсаас хэдэн төгрөг өгснийг найруулагч Золбаяр олж судалсан юм билээ. Олон сая төгрөг байсан ч одоогийн ханшаар хэд байх бол гэдгийг мэдэхээр судалжээ. Тэр үед талх нэг төгрөг 20 мөнгө, мах кг нь долоон төгрөг 20 мөнгө байсантай жишихэд одоогийн Холливудын киноны төсөв гарсан гэдэг. Ийм хэмжээний мөнгийг одоо улс гаргаад өгдөг бол бид өөрсдийнхөө түүхээр хэчнээн гоё кинонууд хийж болох вэ.
Эрдэнэбулган найруулагч “Үхэж үл болно Чингис хаан” нэртэй гурван ангит кино хийх гэж яаж “шар махтайгаа хатаад” эцэст нь ганц ангид бүх үйл явдлаа чихээд дуусгалаа даа. Гэтэл Хятадууд ямар их хөрөнгө зарцуулан байж Монголын Чингис хаанаар кино хийгээд амжилтад хүрч, одоо Хубилай хааныг “бариад авлаа”. Сергей Бодровыг бидний түүхээр кино хийх гээд ирэхэд хөөгөөд явуулчихсан. Гэтэл түүний “Монгол” нэртэй кино олон улсад өндөр амжилт үзүүлсэн шүү дээ.
-Гэхдээ миний бодлоор улс харж үзэхгүй байна, хэн нэгэн биднийг дэмжсэнгүй гэхийн оронд өөрсдөө болгохын төлөө толгойгоо ажиллуулах хэрэгтэй байх. Киноны зураач Цогзол гуай надад “Мягмар аа, хүүхэлдэйн кино хийе гэвэл гөлмөн төмөр дээр ч амилуулж болно” гэж билээ. Үнэхээр тийм л байхгүй юу. Мөнгө төгрөг нь бэлэн байх тусам уран бүтээлч хойш суух гээд байдаг талтай. Улсын мөнгө “ёо” гэдэггүй учраас юунд ч санаа зовохгүй дур зоргоороо зарцуулж болдог. Жишээ нь, бид театртаа нэг жүжиг тавихын тулд өмнөх хувцас, хэрэгслээсээ юуг нь яаж ашиглаж болох вэ гэж байнга боддог. Тиймээс мөнгөгүй байна гэдэг нөгөө талаараа сэтгэх эрх чөлөөг олгодог гэлтэй. Гэтэл улсын театруудад тавьж байгаа жүжигт хэдэн ч төрлийн хувцас сольдог юм, тайз энэ тэр нь ямар ч нүсэр байдаг юм. Агуу бүтээл хийхэд заавал мөнгө хэрэггүй гэдгийг Солонгосын Ким Ки Дук харуулсан шүү дээ.
-Бас тийм тал бий. Энэ залуус ч ялгаагүй өөрсдөө л гүрийгээд байна шүү дээ. Ким Ки Дукийн гар утсаараа бичсэн кино дэлхий нийтийг яаж шуугиуллаа. “Мөнгө л байвал би ёстой агуу бүтээл хийх гээд байна” хэмээн худлаа томордог хүмүүст “Уучлаарай, та мэргэжлээ буруу сонгочихож” гэж хэлмээр санагддаг юм. Тэр хүмүүсийн толгойд мөнгөнөөс өөр зүйл бодогдохгүй байгаа бол Оюутолгойд очиж ажиллах хэрэгтэй болов уу. Гэхдээ үнэхээр кино урлагийн төлөөх сэтгэл зүтгэл тэр хүнд байвал бусад нь ойлгоод дэмжихийг буруутгах гээгүй юм шүү.
Петер Бронсес бид хоёр “Нохойн орон”-оос өмнө өмнө нь “Талын дуу” нэртэй баримтат кино хийж байсан. “Талын дуу” мөн л чамлахааргүй амжилт үзүүлсэн. Харин хүмүүс нэг их мэддэггүй юм. Тэгэхэд Петер Бронсес халаасандаа 1000 хүрэхгүй доллартай ирээд, одоо бодоход инээдэмтэй хальсны аппаратаар тэр киног хийж билээ. Кино бүтээх төсвийг олон улсад “high budget”, “low budget” гэж ангилдаг. Харин бид хоёрын хийсэн “Талын дуу” кино бол “no budget” буюу ямар ч төсөвгүй бүтсэн гэж болно.
-Бид хоёулаа зураач мэргэжилтэй. Дээрээс нь Х.Баттулга гэж бас нэг сайхан зураач байна. Хаана ажиллахаас үл хамааран зураач нар дандаа этгээд сонин зүйлийг олж хардаг, сэтгэлгээний задгай ертөнцөд байдаг. Магадгүй хийх зүйлээ урьдчилаад харчихдаг байх. Х.Баттулга гэхэд л Сайншандын агуу том бүтээн байгуулалтыг зураач хүний нүдээр харчихсан учраас түүнийхээ төлөө ямар ч саад бэрхшээлийг өшигчин гарахаар үхэн хатан яваад байх шиг. Гэтэл уран бүтээлч хүний чөлөөт сэтгэлгээний нисэлтээр бүтсэн тэр зүйлийг нь социалист реализмд олон жил гүн шигдсэн хүмүүс тоодоггүй. Дэмжих нь байтугай ойлгох ч үгүй. Өнөөдрийн манай төр, засгийн түшээдэд сонгодог бүтээл үүдээс арай энгийн нь болох Мүнкийн “Хашгираан” зургийг харуулбал “Чихээ тагласан энэ хүн чинь яагаад хашгираад байгаа юм бэ” л гэнэ. Пикассо, Далигийн зургуудыг бол бүр ч ойлгохгүй.
-Далигийн зургийг хараад аягүй бол “Цаг нь яахаараа ямбийгаад далийчихав. Даавуу шиг цаг байдаг юм уу” гэнэ биз.
Урлагийг хүний сэтгэл гэж бодоход ямар нэгэн аргаар заавал тэсэрч ил гарах нүхээ үргэлж хайж байдаг эд юм байна. Энд, тэндгүй цухалзаад байгаа эдгээр үрийг цааш цэцэг болгож ургуулахын тулд услах хэрэгтэй.
-Даавуу шиг урсамтгай цаг байна гэдэг бол амьдрал гүн уйтгартай болоод ирнэ биз дээ. Уг нь хүн бол энэ амьдралд гунидаг, баярладаг, ганцаарддаг, дурладаг, уйддаг амьтан. Гэтэл зөвхөн баярлаж хөөр, магтан дуул гэсэн лоозонгоор биднийг олон жил хүлсэн. Жишээ нь, “Намын магтуу” гэдэг дуу бол үнэхээр гоё дүрслэлтэй бүтээл. Тэндээс энхрий хайрт намаа магтан дуулна гэдэг хэсгийг л хасчих юм бол агуу мундаг зураглал.
-Тэр чигтээ уран зураг. Тийм сайхан дүрслэлийг өндрөөс нисэлттэй авч чадвал гайхалтай кино зураг болно доо. Энд нэг зүйлийг тодотгоё. Өөр өнцгөөр харах гэж юуг хэлээд байна вэ гэхээр миний урд байгаа аяганы сэнж чамд харагдахгүй байгаа биз. Үүнийг тойруулж харахаас нааш чи мэдэхгүй учраас сэнжгүй аяга л гэж хэлнэ. Аль талаас нь харахаас шалтгаалдаг энэ зүйлийг л өөр өнцөг гээд байгаа юм. Гэхдээ харин ч сүүлийн үед би монголчуудыгаа оюунлаг ард түмэн болж байгаа юм байна гэж бодох болсон. Яагаад гэхээр Орост өдөр тутмын сонин хамгийн дээд тал нь 100 мянган хувь л борлогддог юм байна. Хаант Оросын үед нийгмийн пирамид гэж хийхэд хамгийн дээд давхаргын хүмүүсийнх нь тоо 100 мянга буюу одоогийн сонин захиалагчидтай тэнцдэг. Гэтэл Орос 146 сая хүнтэй ард түмэн шүү дээ. Харин гурван сая хүрэхг үй хүн амтай монголчуудаас дор хаяж 100-200 мянга нь өнөөдөр baabar.mn цахим хуудас дахь шилдэг нийтлэлчдийн клубийнхний бичсэн зүйлийг уншиж байна. Энэ бол баярламаар үзүүлэлт шүү.
-Тийм ээ. Нэг үеэ бодоход залуус өөр өнцгөөр аливааг харахаар хичээдэг болсон байна. Энэ бол хонгилын үзүүр дэх нэг биш, нэлээд хэдэн гэрэл гэж би хувьдаа баярладаг. Ний нуугүй хэлэхэд, ардчилсан нийгэмд шилжихээр жагсаж байсан би хүртэл 1990 онд бүх зүйл хүссэнээр болоход хаашаа явахаа мэдэхгүй хачин байдалд орсон. Тэгээд л өөрийгөө дахин цэнэглэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Одоо харин тэдгээр гэрлийн төгсгөлд юу байгаа бол гэж зорих тэмүүлэлтэй боллоо. Беккэтийн “Годо-г хүлээхүй” бол тэр бүр хүн үздэггүй хэцүү жүжиг. Гэтэл үүнийг кино болгосныг манай театрт хоёр өдөр толилуулахад дүүрэн үзэгчтэй байсан. Энэ бол бахархал.
-Урлагийг хүний сэтгэл гэж бодоход ямар нэгэн аргаар заавал тэсэрч ил гарах нүхээ үргэлж хайж байдаг эд юм байна. Энд, тэндгүй цухалзаад байгаа эдгээр үрийг цааш цэцэг болгож ургуулахын тулд услах хэрэгтэй. Бас дарсан чулууг нь авчихъя гэвэл энэ бол төр, засгийн зохицуулалт юм. Тэгэхгүй бол үр хэвээрээ байсаар дуусна. Түүнээс биш улаан цэцэг л гоё, түүнийг усал. Шар цэцэг ёстой ургуулж болохгүй гэвэл энэ ёстой нөгөө төр засгийн оролцоо гээч нь болчихно. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг ардын сайхан үгээр хоёр эрхэм маань яриагаа өндөрлөв.
Авдар дотор алт ч бий, мөнгө ч бий. Тиймээс хэн нэгнээс илүү харалгүй өөр өөрсдийнх өө “авдар”-ыг уудалж, хэрэгтэй зүйлсээ ашигла, хэрэггүйг нь гарган хаяж бай хэмээн зөвлөлөө.
Тэмдэглэсэн Л.Ганчимэг