Энэ удаагийн редакцийн зочин буланд олноо реппер GEE хэмээн алдаршсан Т.Мөнх-Эрдэнэ уригдлаа.
-Би урлагийн хүн биш-
– Манай редакцийн зочин буланд уригдан ирсэн урлагийн салбарынхан нүдний шилээ ер авдаггүй юм. Тантай бас хар шилний цаанаас ярилцлага хийх нь ээ?
– Шилээ авч болно, болно. Би чинь хамгийн гол нь шилээ авахаар аягүй царай муутай ш тээ. Бас би урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн. Урлагийн хүмүүсийг анзаараад байхад их эмзэг, яриа хөөрөө сайтай, өөр түвшнийх юм шиг санагддаг. Гэтэл би чинь хар яриагаар л өөрийгөө бусдад ойлгуулна.
Нөгөө талаас урлагийн хүнийг дагаж явдаг уран бүтээл гэх ойлголт тань өөрөө асар том зүйл. Миний хувьд уран бүтээл гэхээр “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг “аймаар, аймаар” юмнууд санаанд орно. Яг энэ утгаараа би бол уран бүтээлч биш. Над мэт нь энэ үгийг зүүх нь хэтэрхий хайран, харамламаар зүйл. Хэдэн годгоносон охид гарч ирээд, хагас нүцгэн нэг клипэрхүү юм хийснээ, түүнийгээ уран бүтээл гээд зарлахаар бас л харамсмаар шүү.
– Тэгвэл хөгжмийн ертөнцийн хүн мөн үү?
– Хөгжийн ертөнцийн үү /инээв/. Би зүгээр л амьдралын хүн. Өөрийн сэтгүүлч мэргэжлийнхээ дагуу хип хопоо хийгээд явж байна. Амьдралаас мэдрэх хар бараан, гэрэл гэгээтэй өнгө бүрийг өөрийнхөөрөө бичиж, хүнд хүргэж байгаа нь сэтгүүлзүй юм. Гэхдээ дуу бүртээ сэтгүүлзүйн бичлэгийн өөр өөр төрлийг ашиглана. Тухайлбал, эссэ, эргэцүүлэл, шүүмж, эрэн сурвалжлах гээд л явж өгнө дөө.
Үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй сэтгүүлчдээс ялгаатай тал нь би өөрийн бичлэгүүдээ хөгжмийн аян дээр буулгаж, хүмүүс илүү сонирхож болох тал дээр нь ажиллаж байна. Ердөө л энэ.
– Сүүлийн үед сэтгүүлзүйн ямар ажил хийж байна?
– “Геометр” цомгоо гаргасан. Утга нь, амьдралыг геометртэй зүйрлэж, олон төрлийн хэлбэр дүрс, өнцөг булан бүрийг томьёолон гаргахыг зорьсон. Цомгийнхоо таван дууг дүрсжүүлэн нийтэд хүргэсэн. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө “СТА” дуугаа хийлгэлээ. Өөрөөр хэлбэл, миний сэтгүүлзүйн ажил амжилттай явж байна гэсэн үг.
– Таны дуунууд нийгмээ хурцаар шүүжилсэн, бухимдуу шинжтэй. Амьдрал дээр хэр бухимдуу хүн бэ?
-Наадах чинь их өрөөсгөл ойлголт. Би амьдралыг тэр чигээр нь хар гэж хэлэхгүй. Хар цагаан холилдсон саарал өнгөтэй амьдралыг би өөрөө бүтээж явна гэж ойлгодог. Надаас гарч буй тэдгээр дуунууд, сэтгүүлзүйн ажлууд ч бас саарал өнгөтэй.
Нийгэм одоогоор их бухимдалтай, хар байгаа учраас миний хийсэн бараан өнгөтэй дуунууд маань хүмүүст илүү их хүрдэг. Энэ утгаараа намайг үргэлж хар бараан дуу хийдэг гэж хүмүүс ойлгож байх шиг. Хамгийн гол нь хүрч, хүлээж байгаа өнцөг нь өөрөө бухимдалтай буйд л асуудал оршиж байх шиг санагддаг.
– Цаашид үглэх хэлбэрийн эрэн сурвалжлах, шүүмжүүдээс хальж, томоохон хэмжээний роман, яруу найргийн ном сэлт гаргах бодол бий юу?
– Сайн хэлж мэдэхгүй байна. Шударгаар хэлбэл, одоохондоо надад яруу найргийн ном гаргах, роман бичих ямар ч том зорилго байхгүй. Тийм зүйлс надаас гарах эсэх нь тэр үеийн тэнгэр, хувь хүний заяа мэдэх байлгүй. Яг одоо цагаар дүгнээд яривал би өөрийнхөө хэмжээнд, өөрөө илэрхийлэн гаргаж чадах байдлаар дуунуудынхаа үгийг бичсээр ирсэн. Би айхавтар уран хэллэгээр бичдэг, яруу найраг шиг яруу хүн биш.
Амьдрал дээр бид ямар хэллэгээр ярьдаг, гудамжинд ямар үг хэрэглэж өссөн яг тэр л үгсээрээ би бичдэг. Тэр нэг нийтийн хүсээд байдаг цензураар өөрийгөө би барьж хүлэх дургүй. Хүмүүс намайг Монгол реппер байж яагаад хараалаа гадаадаар хэлээд байгаа юм гэхчилэн шүүмжилдэг. Гэтэл миний дотор нутагшсан, хэрэглэж дадсан илэрхийлэлт үгс маань өөр. Өнөөгийн уран бүтээлдээ тэдгээр үгсээ хэрэглээд, бичээд л явж байна.
– Таныг өсвөр үе, залуучууд нэлээд сонсдог. Энэ нь нэг талаараа тэд танаас нийгмийг харж байна гэсэн үг. Та өөрөө эцэг хүний хувьд дуунууд тань гардаг хараал, зарим нэгэн гаж юм шиг илэрхийллүүдээсээ эмээх үе гардаг уу?
– Үгүй. Би харин нэг л зүйлд их эмзэглэдэг. Манай зарим эцэг эхчүүд хүүхдүүдээсээ тэнэг байгаад. Хүүхэд нь миний дууны хараал, хар барааныг биш, тэр л саарал өнгөний цаадах цагааныг шүүж сонсож чаддаг. Гэтэл эцэг эхчүүд нь өнгөцхөн харыг нь шүүж аваад байдаг. Та нар намайг сонсдог хүүхдүүд хэрвээ байвал “Gее-гийн дуунуудаас юуг нь сонсдог бэ” гэж асуугаад үзээрэй. Тэд хэзээ ч хараал сонсдог гэж хариулахгүй. Би үүнд итгэлтэй байна. Ер нь миний 100 үгтэй дуу байлаа гэхэд хоёр ширхэгт нь л хараалын үг байдаг. Бусад нь цагаан. Түүнийг нь шүүрч хардаг,сонсдог бол тэр өөрөө асуудалтай байна л гэсэн үг.
– Охин тань дууг нь сонсож байна уу?
– Миний охин дөнгөж гурван настай учраас хөгжмөөр төлөвших болоогүй ээ. Одоо рекламын дуу цээжилдэг үе нь шүү дээ.
-Уучлаарай, та сая реппер Куйза гэсэн үү?-
– Реппер Куйза яг л нэг иймэрхүү яриа хөөрөөтэй гарч ирсэн. Харин одоо дарга болчихсон. Gее-д яг энэ замналаар явах хүсэл төрдөг үү?
– Уучлаарай, та сая реппер Куйза гэсэн үү?
– Тийм ээ?
– Би тийм реппер мэдэхгүй ш тээ. Харин нам дагаж яваад дарга болчихсон Ц.Батцэнгэл гэж мэднэ. Тийм репперийг одоо залуус бараг мартчихсан байх. Би лав үүнтэй нэгэн адил хэзээ нэгэн цагт хэн нэгэнд мартагдах юм хийхгүй, эд хөрөнгө, улс төр мэтийг сонирхох бодол, хүсэл алга.
– Улс төр гэгч хүссэн ч, хүсээгүй миний ч, таны ч амьдрал оршиж л байдаг зүйл юм биш үү?
– Тийм ээ. Гэхдээ сонгуулиар мөнгө олох гэж дуу зохиодог нь би биш. Зүгээр л өөрийн санаа, үзэл бодлоо дуу болгодог болохоос биш хэн нэгний мөрийн хөтөлбөрт хэрэглүүлэх гэж үзэг цаас нийлүүлдэггүй.
Уг нь тоог нь хэлбэл илүү сонирхолтой байх. Гэхдээ дэмий биз дээ. Сонгуулиар миний мөрийн хөтөлбөрийг дэмжээд өг, энэ дууг тань мөрийн хөтөлбөрийнхөө уриа болгочихьё гэсэн саналууд нэлээд ирсэн. Татгалзсан хариуг өгсөөр ирлээ. Учир нь, надад тухайн нэр дэвшигчтэй хамтраад сонгогчдын саналыг луйвардаж байгаа юм шиг санагддаг.
Сонгогч тэнэг биш. Тэр хүнд надаар дамжуулж нөлөөлөл үзүүлэх гэж байгаа нь өөрөө зохисгүй үйлдэл. Хип хоп чинь нөлөөлөл өндөртэй, зэвсэг шиг зүйл. Түүнийг зөв зүйлд ашиглах хэрэгтэй. Энэ утгаараа хувь хүн өөрөө дархлаа сайтай байгаасай гэсэн санаагаар би сонгуулийн шоу, улс төрийн зорилтот ажлаас татгалздаг. Бас нэг талаараа соёл байгаа биз дээ/инээв/.
– Миний сонссоноор, нэг клип л гэхэд 5-10 мянган доллараар бүтдэг гэдэг. Энэ бүх зардлаа яг өөрийнхөөрөө дуугаа бүтээж байгаа өнөөгийн нөхцөлд яаж зохицуулж байна бэ?
– Тийм үү, тэд чинь ямар аймаар баян хүмүүс бэ. Би тэгвэл тэднээс хамаагүй төсөв багатай ажилладаг юм байна. Дууныхаа үг, аяыг өөрөө хийнэ, найзууд заримдаа зүгээр өгчихнө. Дуу бичлэгийн студийн тухайд нэг найзтайгаа ярьж үнэ хөлсөө тохирчихно. Клипээ мөн л студитэй найзууддаа хандаж, хийлгэдэг. Мэдээж, мундаг өндөр үнэтэй студийг бол би барахгүй ш тээ. Энэ мэтээр хэмжээндээ тохируулж, раамандаа жайжигнаад л, бараг л нэг сая орчимд багтаачихна шүү.
– Нэг л итгэлгүй сонсогдож байна даа?
– Тэрнээс ч бага мөнгө гаргаж болно.Тэр сая төгрөгөө би намайг сонсдог хүмүүсийн цугларалт бүхий үдэшлэг, хонхны баяр, шинэ жилийн цэнгүүн дээр дуулж олно. Би мөнгө олчихоод зүгээр суухгүй. Тэдэнд зориулж дуу хийнэ. Дуунууд маань ингэж л төрдөг гэж ойлгож болно. Гэхдээ би нэг их орлоготой хүн биш. Хүмүүс шиг өдрийн хэд хэдэн байгууллага дамжиж дуулна гэсэн юм байхгүй. Өдөр бүр цалин авдаггүй л гэсэн үг/инээв/. Жижигхэн зах зээл дээр хэмжээндээ тааруулж, хөлөө жийгээд л явж байна. Таны асуугаад тэр 10 мянган доллар бол миний хувьд бүхэл бүтэн цомог, тоглолтын зардлын төсөв. Би тийм их мөнгө ордог гэж төсөөлөхгүй ч үгүй байна. Гэхдээ бас олдог байж болно л доо. Тэд нар чинь 70 мянган долларын цүнх сугандаа хавчуулчихсан явж байдаг биз дээ/инээв/.
– Гайхмаар их тоо хэлчихэв үү?
– Тийм ээ. Гайхмаар их. Гэхдээ манайд үнэхээр мөнгөтэй хүмүүс бий. Дэлхийн сүүлийн үеийн загвар бүхий 20 машиныг граждаа хийчихээд, дээр нь унтаж байдаг хүмүүс зөндөө гэсэн. Би тэр хүмүүсийг гайхдаг юм. Би өнгөрсөн шинэ жилээр Чингэлтэй дүүргийн хаяггүй, захын айлуудаар өөрөө өвгөн аав болж бэлэг түгээсэн. Тэнд гуталгүй, куртикгүй өвөлжиж байгаа хүүхдүүд зөндөө. Зарим айл нь эзэнгүй. Хаачсан юмбол гэхээр “сүм рүү дулаацахаар явсан” гэнэ.
Тэр сүмүүд Монголын ядарсан иргэд, ирээдүйн хойчийн гэрэл гэгээ болсон хүүхдүүдийн тархинд юу суулгаж байгаа бол. Бодохоос ч аймаар. Би лав хонгилдоо хорин машин хийчихээд, ходоодоо дүүртэл амттан чихсэн тэдгээр хүмүүсийн оронд байсан бол даарч, өлсөж яваа хүүхдүүдээс ичиж үхэх байсан. За за. Тэр хүмүүсийн л сонирхол байх даа.
-“Өнөөх Gee тань аймаар ядуу амьдарч байсан”-
– Тийм дээ, хүн хүний амьдралын онцлог юм. Ингэхэд та өөрөө хэр хэрэглээ өндөртэй хүн бэ?
– Гэдэс цатгалан, мөр бүтэн байвал болно гэсэн үзэлтэй. Айхавтар өндөр хэрэглээ гэж юу байхав. Манай гэрээс миний охин л хамгийн хэрэглээ өндөртэй нь. Одоохондоо бага болохоор өөрийн нүдэнд туссан өнгөтэй зүйлсийг л авахыг хүснэ. Боломжтой бол хүссэн бүхнийг нь аваад өгчихье л гэж боддог. Гэхдээ заримдаа халаасандаа захирагдаж уйлуулаад аваад гарах үе ч тохионо оо. Дотороо зураад л, “Аав нь чадалтай байсан бол” гэж бодох үе бий бий /инээв/. Түүнээс биш брэнд хувцас өмссөнөөрөө хүн од болчихгүй. Т.Мөнх-Эрдэнэ өөрөө брэнд байх ёстой.
– Та Монголын брэнд мөн үү?
– Мөн. Миний дуунуудыг сонсоод үз. Энэ шивээсийг хар /зүүн нүдэн дорх “Монгол” гэсэн шивээсээ заав/.
– Эдгээр нь таны сэтгэлийн илэрхийлэл болж чадах уу?
– Чадна. Би бодлоо л дуулдаг. Үгээ Гүрээ ахаас, аяа Балхаа ахаас авахгүй, өөрөө хамаг юмаа хийдэг болохоор, тэр л жинхэнэ миний илэрхийлэл болж таарна биз дээ. Надад ямар ч жүжиглэх шаардлага алга. Дотроо байгаа зүйлсээ гаргаж байна. Тэр нь ямар нэгэн байдлаар намайг Монголын брэнд гэдгийг батлаад өгнө. Монгол хүн өөрөө Монголын баялаг гэдэг утгаараа шүү дээ.
– Тэгвэл үндсэрхэг үзэл гэж юу бэ?
– Би үг, үгийн үндэс судалдаг хүн биш болохоор яг оноогоод хэлж чадахгүй юм. Хүмүүс би үндсэрхэг үзэлтэй гэж яриад л байдаг. Гэтэл түүнийхээ утгыг мэдэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу, хэлж мэдэхгүй юм. Би үндсэрхэг үзэлтэн гэж хэлээд л гадныхныг зодох юм уу, гадаад хүнтэй гэр бүл болсон иргэдийг үсийг хусна гэж айлгах ч юм уу. Энэ бол үндсэрхэг үзэл биш. Үндсэрхэг үзэл гэх үгний эх орондоо хайртай хүн гэсэн нэршил бараг илүү зохимжтой сонсогдоно. Тэр нь их энгийн, гудамжинд бохь, ундааны саваа хаяхгүй байхаас эхэлнэ. Миний хувьд хүмүүсийг эх орондоо хайртай байгаасай гэх үүднээс дуугаараа тэдний тархи толгойнд эерэг цэнэг өгөх зорилгоор ажилладаг гэж өөрийгөө ойлгож байгаа. Гадаад хүмүүстэй гэр бүл бологсдод хандаж “Та бүхэн үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжээрэй” л гэж хэлмээр санагддаг /инээв/.
– Та өөрөө үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж байна?
– Би байнга дэмжсээр ирсэн. Аль ч утгаараа шүү. Хамгийн сүүлд л гэхэд “Витсамо”-той гэрээ хийж “370” ундааг сурталчилсан. Хариуд нь “Геометр” цомгийн зардлыг гаргуулсан, их үр дүнтэй ажил болсон байгаа.
Гэхдээ манайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг чинь хоосон лоозон төдий ойлголт явдаг юм билээ. Би “Урбан” жийнстэй хамтран өмдний бяцхан бизнес эхлүүлж байхдаа үүнийг мэдэрсэн. Яг үнэндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь дээрээс нэг их хамааралгүйгээр, бид л нэг нэгнээ дэмжих ойлголт юм.
Манайд цэвэрхэн, өмсөж болохоор хийгдэж байгаа хувцаснууд гарсаар л байгаа. Тухайлбал, миний энэ өмссөн жийнс байна. Та нар хар л даа. Гадныхны үйдвэрлэсэн жийнснээс ялгарах юм алга л байгаа биз дээ. Хувийн энэ бизнес маань миний санасанд хүрэхгүй байгаа хэдий ч одоо хуучин загваруудаа зараад дууссан. Шинэ загваруудаа гаргахаар ажиллаж байна.
– Дуунаас өөрөөр орлого олдог бизнесүүд байдаг байх нь?
– Байлгүй яахав. Жийнс, хувцас, фитнесс клуб байна. Жийнснийхээ материалыг Солонгосоос авдаг. Уг нь Монголоосоо авдаг байсан бол сайхан тийм ээ. Хамгийн гол нь энэ бүгдийг эхэлчихсэн нь өөрөө том ажил хэрэг. Цаашид шантрахгүй явна. Унасан ч дахиад л босно. Би ер нь жаахан байхаасаа зүгээр сууж чаддаггүй, байнга ажил хийдэг хүүхэд байсан.
– Ямар ажил хийж байв?
– Жаахан хүүхдэд амархан ажил олдохгүй ш тээ. Ачигч хийж, ундаа зарах мэтээр л мөнгө олно. Ундааг цехээс нь 50 төгрөгөөр аваад, зуун төгрөгөөр зарах жишээтэй. Тэр үеийн хүүхдүүд нэлэнхүйдээ иймэрхүү маягаар мөнгө олж, эцэг эхдээ тусладаг байсан. Би картын барааны үе, талханд оочерны үеийг маш сайн санадаг. Оюутан байхдаа МҮОНТ-д эвлүүлэгч хийдэг байлаа. Гэтэл ээж Бөмбөгөрт ундааны лангуу түрээслээд ажлаасаа гарч ээждээ тусалж эхэлсэн.
Таксинд хүртэл явж л байлаа. Такси чинь цагаан сараар бол бузгай хийнэ. 2005 онд шинийн нэгний 10 цагт гараад, өдрийн хоёр цагт 50 мянган төгрөгтэй. Бинзенээсээ гадна шүү. Эксельтэй халтуур хийгээд л явдаг байлаа. Энэ бүхнээ ярихаар “өнөөх Gee тань аймаар ядуу амьдарч байсан” энэ тэр бичээд эхэлдэг юм. Нуулгүй ярьдаг нь би болохоос тэр үеийнхэн ер нь хэцүүхэн амьдралыг туулсан, тийм биз дээ.
-Шоргоолж чернильд дүрээд дэвтэр дээр тавьчихсан юм шиг л-
– Бизнес гэснээс Gee яаж яваад жийнсэн өмд хийх санаа олов?
– “Урбан” жийнс анх надад өмдөө рекламдаад өгөөч гэж хандсан. Тэгээд би зөрүүлээд хэдүүлээ нийлээд Монгол брэнд гаргая гээд л, тэдний дизайнер, оёдолчидтой хамтарч ажиллаж эхэлсэн. Би зөвхөн өөрийнхөө санааг хэлэх төдий, бусад ажлыг мэргэжлийн баг гүйцэтгэдэг гэсэн үг.
– Gee гэсэн шошго хаддаг уу?
– Ер нь бол шошго хадна л даа.
– Харин наад өмд тань шошгогүй юм?
– Тийм ээ. Энэ өмд туршилтынх /инээв/. Ингээд хүн ичээгэээд хаячихдаг юм. Гэхдээ ямар ч “но” байхгүй. Зүгээр л өмсөж үзээд, би шууд гараад явчихгүй юу. Ийм юм хүртэл яриулж байдаг. Одоо өнөөх хэдэн сэтгүүлч нар нь ядарсан, зүдэрсэн гээд бичээд эхэлнэ дээ.
– Өөрөө сэтгүүлч байж, сэтгүүлчдээс эмээгээд байх юм?
– Айгаад байх ч юу байхав. Гэхдээ сэтгүүлч гэхээр зарим үед өөрийн эрхгүй өмнөөс нь харамсах үе гардаг. Нэлэнхүйдээ хэт шарлачихсан. Хөгжмийн нэвтрүлгийн сэтгүүлч яриа авахаараа ихэвчлэн “шарласан” асуулт асууна. Яг үнэндээ “ХИТ”-ийн Д.Давааням ахаас хойш, түүнийг давсан хөгжмийн сэтгүүлч гарч ирсэн үү. Би лав хувьдаа “Үгүй” л гэж хэлнэ. Одоо бол гарын таван хуруунд багтах хөгжмийн сэтгүүлч байна.
– Реппер Gee-г хүн бүр мэднэ. Тэгэхээр арай л өөр хүрээнд хүмүүсийн мэдэхгүй талаас нь хармаар байна. Ингэхэд зөв бичгийн дүрэм хэр сайн мэдэх вэ. Бас Монгол бичгээ мэдэх үү?
– Тэр нь илүү сонирхолтой байх. Нээрээ Монгол хэлний дүрэм өөрчлөгдсөн юм байна. Саяхан нэг хүнтэй үг зөв бичих талаар маргаад, улаан хэрүүл болсон. Өнөөх чинь намайг тэнэг мангараар дуудаад. Би болохоор миний үед ингэж бичдэг байсан гэж гүрийгээд. Ер нь бол монгол үгсээ аль болохоор зөв бичихийг хичээнэ. Бичгийн хэвний тухайд авах юм байхгүй. Шоргоолж чернильд дүрээд дэвтэр дээр тавьчихсан юм шиг л /инээв/. Би 1990 онд нэгдүгээр ангид орсон. Монгол бичиг, крилл хоёрыг хольж хутган туршиж байсан үе. Үүний тусаар монгол бичгээрээ уншиж, бичиж чаддаг болсон.
– Хэдэн наснаасаа шүлэг бичив?
– Бүр багаасаа крилл үсгээ сурсан болохоор хоёрдугаар ангиасаа эхлэн шүлэг бичиж байсан. Крилл үсэг сурсан түүх нь их инээдтэй. Би цэцэрлэгээсээ их оргодог хүүхэд байсан тул “Танай хүүхдийг авахгүй ээ” гээд хөөчихсөн. Гэрийн хорионд байгаа хүн тань уйдахдаа ахаараа крилл үсэг заалгадаг юм байгаа биз дээ. Гэхдээ сургуульд орохоосоо өмнө зөвхөн дарамлаар бичдэг байлаа.
Манай өвөө сэтгүүлч хүн байсан болохоор бас их нөлөөлсөн байх. Монгол бичгээр үлгэр их уншуулдаг байв.
Тэгж яваад 1996 онд Хип хоп гэдэг юмыг анх сонсоод бодсон. Би шүлгээ хөгжмийн аян дээр үглэж, хүмүүст хүргэж болох юм байна гэж. Түүнээс хойш хип хоп урлаг Монголд хөгжин, би ч энэ урлагийг сонирхох болсон.
– Хүмүүс эхэндээ янз бүрээр л хүлээж авсан байх?
– Янз бүрээр. Бөмбөгөр дээр ээждээ ундааг зөөж өгдөг тэр үед миний клип гарчихсан байсан. Тэгээд хүмүүс “Энэ Gee ямар золбин юм бэ” гэсэн харцаар харна. Дотороо инээд хүрч “Чи бид хоёрын хэн нь арчаатай бол” гэж боддог байлаа.
Анх дуунуудаа FM-д өгөхөөр ороход “Ийм дуу байдаг юм уу” гээд буцаадаг байсан. Харин дараа нь “Дуугаа авч ирээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “хо хо хо ийм FM байдаг юмуу” л гэсэн. Ер нь би басамжлаад байсан хүмүүс руу “хо хо хо” гэх дуртай.
– Ээжийн тань эхлээд яаж хүлээж авав?
– Ээж анх дургүй байсан. Яваандаа хүлээн зөвшөөрч эхэлсэн. Яагаад гэвэл би ээжийнхээ нүдэн дээр зөв яваагаа, энэ урлаг байж болох талаар ойлгуулсан. Одоо ээж минь намайг зөв зүйлийн төлөө амьдарч, бусдад мөн тийм нөлөөлөл үзүүлж байгаад сэтгэл хангалуун байдаг. Миний эхнэр, хадам тал ч гэсэн. Бид тусын ажлаа хийгээд, тодорхой үүрэг хариуцлага хүлээгээд, нэгэндээ тус дэм болсоор амьдарч байна. Тэртэй тэргүй хип хоп амьдралын минь нэгэн хэсэг учраас миний хайртай хүмүүс ч үүнийг аажимдаа хүлээн зөвшөөрсөн.
– Та шивээснүүдээсээ тайлбарлаж өгөөч?
– Шивээс өнөө үед урлаг болтлоо хөгжсөн. Шивээс хийлгэсний дараа 14 хоног гам барина. Тэгээд л сайхан эдгээд, хөгширсөн ч яах ч үгүй. Миний эдгээр шивээснүүд намайг тавин нас хүрсэн ч хэвээрээ, реппер байх хүсэлтэй хамт оршсоор л байх болно. Энэ баруун гарын шуун дээрх шивээсээ тайлбарлая. Cash refes every thing Around me гэсэн үгтэй шивээс. Энэ нь “миний эргэн тойрон дахь бүх зүйлийг бэлэн мөнгө удирддаг” гэсэн үг. Удирддаг зүйлс нь тоглоом, наргиан, зугаа цэнгэл. Энэ бүхнээс би ангид байна гэсэн санаа юм.
Тэр ч утгаараа би мөрийтэй тоглоом тоглодоггүй. Мөнгө олохоор хэмжээнд тоглох чадвартай хүн ч биш. Мөн сүүлийн дөрвөн жил нэг шил ч пиво уугаагүй. Цаашид ч мөн тийм байх болно. Эргэн тойронд архидалтын улмаас хар толбо үүсч, хүмүүс алдаж сөнөж байхад би архинаас зугтана биз дээ. Амьдрал, тэр дундаа хөгжмөөс би хангалттай таашаал авч байгаа болохоор ямар нэгэн байдлаар согтуурах, өөр төрлийн зугаа цэнгэл хөөх хүсэл төрөхгүй байна.
-Яг л дундаж амьдрал-
– Gee-гийн өнөөдрийн амьдрал?
– Яг л дундаж амьдрал. Надад үнэтэй хөөрөг, адуу мал худалдаж авах мөнгө байхгүй. Нэг эртний бензтэй. Эхнэр болон өөрийнхөө нөөтбүүкийг ломбарданд тавьж, дээр нь 200 мянган төгрөг нэмж авсан. Ирээдүйд төрүүлэх хүүдээ хадгалсан. Үүнийг эс тооцбол унасан ганц унаатай амьдраад л явж байна. Олсон хэдээ өдөр тутмын амьдралдаа зарцуулаад явж байдаг залуусын нэгэн төлөөлөл. Гэхдээ хамгийн гол нь өнөөдөр би мөрөөдлийн амьдралаараа амьдарч байгаа. Энэ л хамгийн том амжилт.
– Таны нэгэн цагт мөрөөдөж байсан хүсэл биеллээ олсон гэсэн үг үү?
– Тийм ээ. Би тавин хүнтэй ч хамаагүй тоглолт хийнэ гэсэн репперийн мөрөөдөлтэй байлаа. Түүнийгээ хэд давуулан биелүүлсэн. Одоогийн хийж байгаа ажил маань надад хамгийн ихээр таашаал өгч байна. Тэгэхээр бүр илүү том зүйл хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм билээ. Миний тэр нэгэн хүсэл нийт Монгол түмэнд өгөөжөө өгсөн үйл байх болно.
Ямар ч хүнд зүтгэл байхад мөрөөдөл биелдэг. Би одоо захын гэр хороололд номын сан барих юм сан гэж боддог болсон. Тэгвэл тэр хүүхдүүд дулаахан орчинд ном уншиж, оюунлаг хүмүүс болох төдийгүй, гадны ямар нэгэн сүм рүү дулаацахаар явахгүй шүү дээ. Энэ бол хувь хүнийг оюун санааны хувьд асар сайн дархлаатай болгох төдийгүй өөрөө буяны үйлс юм.
– Gee шашин шүтдэг үү?
– Итгэл үнэмшил л юм. Хүнийг тодорхой нэг хязгаарт барьж, хайрцагт оруулж байдаг зүйл. Хүмүүс намайг бөө гэж ярих нь бий. Би эсрэгээрээ ярилцлага болгондоо би бөө биш гэж хэлдэг/инээв/. Би өөрийнхөө дотор байдаг хүнтэй л ярилцаад явдаг.
Ер нь шашин, гадны соёлуудыг Монголчууд асар сайн шүүн, тунгааж, авахаа авч, хаяхаа хаяж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Тухалбал, Солонгос улс соёлын сурталчилгаандаа ямар их мөнгө хаяж байна. Тэр нөлөөнд манай арилжааны бүхий л телевизүүд автаж, тусгай нэвтрүүлгүүдийг хүртэл гаргасаар байна. Гэхдээ үүнийг шүүн тунгаадаг ухаантай хүн нь би биш шүү.
– Монгол залуусын бадрангуй үзлийг шашнууд тодорхой хэмжээгээр бөхөөгөөд байх шиг?
– Монгол залуус угаасаа л бадрангуй. Тэд бага зэрэг гацсан, түр сатаарсан байж болно. Залуусыг овоолсон түүдэг гэж төсөөлбөл түүнийг асаах шүдэнз л хэрэгтэй. Гэхдээ тэрхүү ассан түүдгийг цаашид үргэлжлүүлэн зохистой асаах нь л чухал. Бид чинь чонын удам учраас нэг асвал хэцүү ш тээ бас. Тэнд л жинхэнэ зэвүүн санааг ашиглах хэрэгтэй.
Мэдээж, бид үндэсний уламжлалаа хадгалж байна гээд арван гуравдугаар зууны үеэрээ амьдарна гэж юу байхав. Энэ олон мэдээллийн хэрэгсэл, шашны урсгалууд, тоглоом, наргиан цэнгээний дундуур бага ч гэсэн цаг гаргаад түүхээ уншаасай. Өнөөдөр олж байгаа хэддээ санаа зовохоос илүүтэйгээр энэ үрс тань бидний хойч үе гэдгийг ухамсарлаж, үр хүүхдүүдийнхээ толгойнд зөв бодлын үр тариасай л гэж боддог.
–Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.mnb.mn