Монголчуудын хувьд төдийлэн танил биш ч өрсөлдөөн ихтэй Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж яваа энэ залууг Буянхишигийн Билгүүтэй гэдэг.Тэрбээр Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 20-д шалгарсан.
Хамгийн сүүлд Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай болсон гээд олон сайхан мэдээг элэг нэгтнүүддээ дуулгасан билээ. Тэрбээр одоо тус улсын “Patrick & Co” компанид вэб дизайнер, дижитал маркетингаар ажиллаж байна. Бид түүнийг “Залуус” булангийнхаа зочноор урьж, онлайнаар холбогдон ярилцсан юм.
-Загварын ертөнцийнхөн ихэвчлэн өсвөр насандаа анх удаа тайзан дээр гарсан байдаг. Харин таны хувьд энэ салбарт хүч сорих болоод удаагүй гэж сонссон юм байна. Загварын ертөнцөд хэзээ, хэрхэн хөл тавьж байв даа?
-Тайландад суралцахаар ирсний дараа танилцсан нэлээд хэдэн хүн загвар өмсөх санал тавьсан ч тухайн үед эргэлздэг байлаа. Гэтэл усан спортын тайланд багш маань гэрэл зургийн студид давхар ажилладаг байсан юм. Тэгээд намайг студидээ урьж, зургийг маань авсан. Тэр зургаа загвар өмсөгчдийн сайтад байршуулаад удаагүй байтал мэргэжлийн хүмүүс холбоо барьснаар анх загварын ертөнцөд хөл тавьсан. Хамгийн анх “CPS Chaps” гэдэг хувцасны брэндийн шоунд оролцож байлаа.
-Гэвч “Manhunt international 2012” тэмцээнд оролцохоос өмнө таныг монголчууд мэддэггүй байжээ?
-Тийм ээ. Энэ тэмцээнд санаандгүй орсон л доо. Монголоос оролцох хүн хайж байна гэдгийг сонсоод зураг, танилцуулгаа явуулсан. Тэнцэнэ гэж огт бодоогүй явтал намайг сонгочихсон байсан. Өмнө нь би олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлж оролцоно гэж зүүдэлж ч байгаагүй. Энэ тэмцээн намайг хүмүүст бага ч болов таниулж өгсөн шүү.
-Өнгөрсөн жил Бангкокийн их сургуулийг вэб дизайнер мэргэжлээр төгссөн. Сурлагаараа дээгүүрт бичигддэг, сургуулиа онц дүнтэй төгссөн гэж сонссон? -Компьютер график, мултимедиа гэдэг мэргэжлээр суралцаж төгссөн л дөө. Сурч байх хугацаандаа вэб дизайн болон дижитал маркетинг хоёрыг түлхүү сонирхож суралцсан юм. Ангийнхаа 53 оюутнаас дөрөвдүгээр байрт жагсаж, “Honor” хэмээх цол авсан зургаан оюутны нэг болсон. Өмнө нь Бангкокийн их сургуульд суралцаж төгссөн монгол оюутнуудаас нэг л хүн энэ цолыг авч байсан юм билээ.
-Ер нь багаасаа л сурлага сайтай хүүхэд байсан уу?
-Сурлагаараа манлайлагч байсан гэж онгирохгүй ээ. Бусад хүүхдийн адил аав, ээжийнхээ итгэлийг алдахгүй, нэрийг нь хугалахгүй сайн суралцахыг хичээдэг байлаа. Юутай ч сургуулиа төлөөлж, олимпиадад их ордог байсан. Гэхдээ шагналт байрт шалгарч байсан удаа байхгүй л дээ.
-Намтрыг чинь уншиж байхад сурлага, олон нийтийн ажил, спорт гээд л нэлээд идэвхтэй, мэрийлттэй хүүхэд байсан нь илэрхий байна лээ?
-Аав, ээж хоёр минь намайг хичээлээр нэлээд шахдаг байсан. Яг үнэнийг хэлэхэд бага ангид байхдаа тийм ч сайн сурагч байгаагүй ээ. Бүх л эцэг, эх хүүхдээ онц сураасай, сайн хүн болоосой гэж хүсдэг шүү дээ. Тэр л жишгээр ээж минь миний хичээл сурлагад их анхаарч, Улаанбаатарт тухайн үедээ хамгийн “хүнд хэцүү” сургалттай гэгддэг “Сант” дунд сургуульд оруулсан юм. Харин аав миний бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд санаа тавьж, усан спортоор хичээллүүлэх болсон.
-Усан спортын улсын шигшээ багт багтаж байсан юм билээ. Чухам яагаад усан спортыг сонгов?
-Тийм ээ. Аав усан спортоор хичээллэдэг байсан болохоор хүүгээ ч бас хичээллүүлэхээр шийдсэн байх.
-Энэ төрлөөр чамлахааргүй амжилт гаргаж, олон улсын тавцанд ч эх орныхоо нэрийг гаргаад амжсан гэсэн байх аа?
-Усан спортоор анх 2003 онд Азийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэр цагаас хойш олон улсын нэлээд хэдэн тэмцээнд эх орноо төлөөлсөн. Олон улсын тэмцээнд гаргасан амжилтуудаас хамгийн том нь гэвэл 2005 онд Хятадын Хөх хотод болсон Монгол туургатны аварга шалгаруулах тэмцээнээс 50 м араар даллах сэлэлтээр хүртсэн хүрэл медаль.
-Мэргэжлээрээ ажиллана, усан спорт, фитнесээр хичээллэнэ. Бас загвар өмсөгч. Таны амьдралын өдөр хоногууд ч үнэхээр завгүй өнгөрдөг бололтой?
-Яг үнэнийг хэлэхэд 2007 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орсноос хойш усан спортоор тийм ч тууштай хичээллээгүй ээ. Яагаад гэвэл Тайландад суралцах болсноор хичээл сурлагадаа илүү анхаарах шаардлагатай. Харин 2009 оноос фитнесээр хичээллэж эхэлсэн. 2013 онд их сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Харин спортоор хичээллэх болон загвар өмсөгчийн ажлыг чөлөө заваараа хийдэг. Энэ ч утгаараа байнга л завгүй байдаг. Гэхдээ залуу байхдаа л хийе гэсэн бүхнээ амжуулж, түүнээсээ суралцаж амжихгүй бол хөгширсөн хойноо харамсах байлгүй. Тэгээд ч хүсэл мөрөөдлийнх өө төлөө бүхий л чадлаа дайчлан хичээж, зорилгодоо алхам алхмаар ойртохгүй бол хожим хүсээгүй зүйлээ хийж амьдрахаас өөр аргагүй болно шүү дээ. Энэ бол амьдралын бичигдээгүй хууль. Би нэг талаараа мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж, нөгөө талаараа өөрийнхөө ирээдүйг эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг.
-Гэхдээ залуу хүн л болсон хойно зугаа цэнгээнд цаг зав гаргадаг биз дээ?
-Мэдээж. Залуу насандаа үзэх ёстойгоо ч, үзэх ёсгүйгээ ч үзчих хэрэгтэй гэж боддог. Тэгээд ч цаг үргэлж ажил гэж гүйгээд, мөнгөж гэж тархиа гашилгаад байвал амьдрал дэндүү уйтгартай биз дээ. Тиймээс хааяа толгойгоо сэргэтэл шоудаж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай.
-Монголчууд бид аливаа зүйлийн тунг жаахан хэтрүүлчих гээд байдаг муу талтай. Тиймдээ ч сүүлийн үеийн залуус зугаа цэнгэлд хэтэрхий их автах боллоо гэсэн шүүмжлэлд багагүй өртөх болж. Харийн оронд сурч, амьдарч, басхүү олон салбарт хүч сорьж яваа хүний хувьд энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Залуу хүнд зугаа цэнгэл огт хэрэггүй гэж хэлэхгүй. Гэхдээ зарим хүн эхлээд амьдралаа цэгцэлж, нийгэмд хөлөө олчихоод насны эцэст зугаа цэнгэлийг эдлэх ёстой гэж үздэгийг ч бас буруутгахгүй. Гэхдээ залуу ч бай, хөгшин ч бай аливаа зүйлийг хэтрүүлж болохгүй. Эм хүртэл хэтрэхээрээ хор болдог биз дээ. Амжилтад хүрэхийн тулд төрөл бүрийн хүмүүстэй танилцаж, нийгэмтэйгээ харьцаж, зугаа цэнгэл, амьдрал, алдаа, оноо гээд сайн, муу бүх юмыг үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь бүх зүйлийнхээ тэнцвэрийг барьж, тунг нь тааруулж чаддаг хүн л хүссэн амжилтанд хүрч чаддаг гэж боддог.
-Загвар өмсөгчдийн талаар тэр дундаа гадаадад моделийн ажил хийж байгаа залуусын талаар сөрөг мэдээлэл их гардаг. Өнгөрсөн жил л гэхэд Тайландын алдарт дуучин Намчагийн “Би чамайг нүцгэлмээр байна” дууны клипэнд тоглосноор та ч бас багагүй дуулиан тарьлаа шүү дээ?
-Энэ клипэнд тоглох саналыг надад анх Тайландын “Attitude” сэтгүүлийн газар тавьсан юм. Би кинонд тоглохыг их хүсдэг. Тиймээс энэ бол миний хувьд мөрөөдөлдөө ойртох нэг алхам байсан учраас дуртайяа зөвшөөрсөн. Намча Тайланддаа их алдартай дуучин. Энэ ч утгаараа клипийг Youtube-д байршуулсан эхний өдөр л гэхэд 50 мянган хүн үзсэн. Үүний дараа намайг таньдаг хүмүүс миний тоглосон хэсгийг цахим хуудсандаа нийтэлж “Халуухан байна шүү” гээд л их хөөргөж байсан. Энэ нь ч санамсаргүйгээр их сурталчилгаа болсон байх. Тайландын сонин, сэтгүүлүүдээр нэлээд дуулиан дэгдээсэн. Монголын цахим хуудсуудаар ч бас янз бүрийн л мэдээлэл гарсан байсан. Энэ бол олны танил болох гэж байгаа хүний туулах ёстой замын л нэг хэсэг. Тиймээс би энэ бүхнийг тийм ч сүржин хүлээж авдаггүй.
-Сэтгүүлч хүний сониуч зан хөдлөөд болдоггүй ээ. Уучлаарай, ингэхэд бодит амьдрал дээр таныг нүцгэлүүлэхийг хүссэн санал ирж байсан уу?
-Үнэнийг хэлэхэд тийм санал байнга ирдэг. Тайландад гей хүн их олон. Энэ ч утгаараа гей сэтгүүл, гей шоу маш их хөгжсөн. Гэтэл л тэд өөрсдөө үүнийгээ Тайланд улсын соёлын нэг хэсэг гэж үздэг. Гей сэтгүүлүүдээс бүрэн нүцгэлэх санал хэд хэдэн удаа ирж байсан. Мэдээж их хэмжээний мөнгөөр шүү дээ. Миний хувьд цээж нүцгэн зураг нэлээд авахуулж байсан. Гэхдээ бүрэн нүцгэлж байгаагүй. Цаашид ч тийм зүйл хийхгүй л гэж боддог.
-Хараа булаасан бүсгүйчүүдэд нүд унагадаггүй эр хүн байхгүйтэй адил эмэгтэйчүүд ч бас сайхан залуугаас нүдээ нуудаггүй. Тантай танилцах, улмаар дотно харилцаа тогтоох хүсэлтэй бүсгүйчүүдийн асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Тайландад ирсний дараахан тай охидын дунд нэлээд алдартай байсан шүү инээв. Сурв. Хүмүүсээр дамжуулж захиа ирнэ. Номын санд сууж байгаад түр гараад ирэх хооронд ширээн дээр зурвас тавьчихсан байдаг. Тухайн үед дунд сургуулиа дөнгөж төгсөөд, хүнтэй ч үерхэж үзээгүй байсан болохоор их ичдэг байж билээ. Тиймээс огт хариу өгдөггүй байсан. Харин одоо бол олон нийттэй харилцаж, нэг ёсондоо нүүр хагарсан учраас тиймэрхүү байдлаас өөрийгөө хэрхэн эвтэйхэн авч гарахаа мэддэг болсон. Уг нь эр хүн л эмэгтэй хүний араас гүйдэг жамтай шүү дээ. Тиймээс эр хүний араас гүйгээд байдаг охид тийм ч таатай санагддаггүй.
-Тайландын загварын ертөнц тун өрсөлдөөнтэй бөгөөд нэрд гарахад тийм ч хялбар биш. Харин Монголд бол эсрэгээрээ. Магадгүй, Монголд загвар өмсөж байсан бол хамаагүй амар хялбар байж дээ гэж бодох үе байв уу?
-Хэзээ ч тэгж бодож байгаагүй юм байна. Загварын ертөнц бол дайны талбар л гэсэн үг. Энэ их өрсөлдөөн дундаас цойлж чадсан нь мөрөөдлөө биелүүлнэ. Замаасаа шантарсан нь “шархдаад” энэхүү цусгүй тулаанаас хасагддаг. Ганцхан секундын рекламанд тоглохын төлөө хэдэн мянган хүнтэй өрсөлдөх шаардлагатай болдог. Энэ нь ч тухайн ажлыг илүү амттай болгож, урам зориг, эрч хүч өгдөг. Тийм их өрсөлдөөн дундаас шалгарсан л бол тухайн ажлыг дээд зэргээр сайн хийхээс өөр аргагүй. Харин Монголын загварын ертөнцийн талаар үнэнийг хэлэхэд мэдлэг тун бага. Тиймээс сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ тухайн хүн өөрөө л хичээвэл дэлхийн аль ч оронд мөрөөдлөө биелүүлж, амжилтад хүрэх боломж нээлттэй байдаг.
–
Тоглосон реклам сурталчилгаануудыг чинь харж байхад тайланд төдийгүй хятад, солонгос моделиудтай хамтарч ажилласан байна лээ. Монгол загвар өмсөгчидтэй хамтарч байв уу?
-Тайландад гадаадын загвар өмсөгч олон. Ажлын шугамаар ази, европ моделиудтай хамтарч ажиллаж байсан. Тэднээс их зүйл сурдаг. Харин монгол загвар өмсөгчидтэй моделийн ажлаар хамтарч байгаагүй. Зөвхөн энд ирж, тэмцээнд оролцоход нь орчуулагчаар л явж байсан.
-”Samsung 5s” гар утасны рекламны гол дүрийг авчихаад цахим хуудсандаа “Миний мөрөөдөл биелж эхэлж байна” гэж бичиж байсан. Дараагийн мөрөөдлөө мөрөөдөөд эхэлчихсэн биз дээ?
-Энд рекламны гол дүр авна гэдэг маш хэцүү. Энэ бол миний анхны гол дүр байсан. Өмнө нь дандаа л арын фон болдог байлаа шүү дээ. Энэ реклам надад маш том үүд хаалга нээж өгсөн. Би өмнөө маш том зорилт тавьсан. Цаашид “Mister World”-д эх орноо төлөөлөн оролцож, амжилт гаргахыг хүсэж байна. Миний одоо хийж байгаа ажлууд бол энэ зорилгод маань хүргэх алхмууд л юм даа.
-Билгүүтэй одоо 23-тай. Дөнгөж л амьдралд хөл тавьж байна. Ажил, амьдралдаа алдах вий, эндэх вий гэж эмээдэг үү, эсвэл залуу насны аагаар “юу ч болбол болог” гээд л гүйж явна уу?
-Надад зорьсон зорилго бий. Бүр бүгдийг нь тодорхой хугацаа заагаад төлөвлөчихсөн. Энд төгссөн монгол оюутнуудын бараг 90 хувь нь ажил олж чадалгүй, эх орон руугаа буцдаг. Гадныхан ер нь монгол гэхээр л морь унасан, улаан хацартнууд гэж төсөөлдөг шүү дээ. Бас монголчууд тай хэлэндээ тийм ч сайн биш учраас ажил олж чадахгүй нэг шалтгаан нь болдог. Гэвч хүн аливаа бэрхшээлийг сөрж зогсох, даван туулах сэтгэлийн хаттай байх ёстой. Нэг бэрхшээлийг давбал цаана нь маш том үүд хаалга нээлттэй байгаа. Мэдээж тэр хаалганы цаана дахиад л бэрхшээл. Бэрхшээлээс зүрхшээгээд байвал бид юунд ч хүрэхгүй. Ёстой л өлгийдөө өтөлнө гэгч болно шүү дээ. Тиймээс залуу хүн болохоор аливаа бэрхшээлтэй шууд л нүүр тулдаг. Учир нь замын голоос шантарч ухарч болохгүй.
-Анх загварын ертөнцөд хөл тавихдаа ямар зорилго тавьж байв. Одоо тэр зорилгынхоо хаана нь явна вэ?
-Их сургуулийн хоёрдугаар дамжаанд байхдаа энд цагийн ажил хийхийг хүссэн. Гэвч яаж олох учраа сайн олоогүй. Тэр үед бассейны багш маань надад цагийн ажил олж өгсөн юм. Одоо эргээд бодоход тухайн үед зөвхөн мөнгөний төлөө л эхэлж байжээ. Харин одоо би Тайланддаа тэргүүлдэг компанийн нүүр царай болтлоо дээшилсэн. Тэгэхээр анхны зорилтоосоо аль хэдийнэ давчихжээ. Одоо илүү ихийг мөрөөдөж, түүндээ хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Монголд тун ховорхон байдаг вэб дизайнерын мэргэжлээр хилийн чанадад амжилттай ажиллаж байна. Мэдээллийн технологийн ертөнцөд ч бас хийхээр төлөвлөсөн ажил их байгаа биз дээ?
-Би энэ чиглэлээр ажиллаад бараг хоёр жил болчихлоо. Загвар өмсөгчийн хувьд ч, мэргэжлийнхээ хувьд ч маш том зорилго тавьсан. Яваандаа энэ чиглэлээр компани байгуулж, өөрийнхөө сурч мэдсэн бүхнийг монгол залуустаа зааж өгнө гэж боддог. Одоогоор мөрөөдөж л байна. Хүн өөрөө л хүсвэл мөрөөдөл бүхэн биелдэг гэдэгт итгэдэг шүү.
-Цаашид Тайландад амьдрах уу, эсвэл эх орондоо ирэх үү?
-Эх орондоо амьдарна аа. Би Монголд төрсөн. Тиймээс Монголдоо л амьдрахыг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
Ж.Солонго