“Энэ л шагнал авах ёстой, тэр л гавьяатай хүн” гэж түмэн олон ярьдаг, хэзээ авах бол гэж хүлээдэг. Тийм хүмүүс шагналаа авдаг. Дуучдаас үлдсэн нь М.Бямбажав гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Авах ёстой шагналыг нь төр хэзээ өгөх бол… Хийсэн бүтээсэн нь түмний нүдэнд тусаж, сэтгэлд хоногшсон учир энэ хүлээлт бий болсон.
…Ай даа хүмүүс минь амьдрах сайхан
Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ… хэмээн дуулсаар 25 жилийг үджээ. Хүмүүс 25 жил дуулан Бямбажавыг төр нь яаж үнэлэхийг хүлээсээр…
Авьяас билиг, өвөрмөц хоолойгоороо тодорч байсан дуучин Бямбажав 1994 онд МУСТА болжээ. Түүнээс хойш 20 жил соёлын тэргүүнтэйгээ дуулж байна. Дуулсан дуу бүхнийг нь монголчууд аялан дагаж дуулдаг, түүнийг шимтэн сонсдог хэвээрээ байгааг “Хүмүүс минь амьдрах сайхан 25 жил” тоглолт харууллаа. Монгол бөхийн өргөөнд хүмүүс багтаж ядтал цугларч, дуулсан дуу бүхнийг нь даган аялж, хөгжин хөөрч нэг үдшийг өнгөрөөв. “…Ёстой сайхан…, сайхаан… үнэхээр сайхан тоглолт боллоо…” гэсээр тарж ядаж байгаа үзэгчид чухамхүү Бямбажав ямар дуучин бэ гэдийг тодотгож байна.
Төрийн сайд, жирийн малчин, жимсний наймаачин, чагнууртай эмч, харуулын цэрэг гээд хэн бүхэн М.Бямбажавын дууг сэтгэл гэгэлзүүлэн дуулсаар ирсэн. Дуулсаар ч байна. Хээр талд хатируулж яваа морьтон, хэцэн дээр угаасан хувцас хатааж зогсоо бүсгүй, нэрмэлд халамцсан баргил эр, нэхмэл сүлжсэн туяхан охид өөрийн мэдэлгүй аяланхан, баясанхан, дэврэнхэн, хөөрөнхөн дуулдаг юм.
“Намирын гол”, “Оройтсон бороо”, “Амьдрах сайхан”, “Yгvйлж явья нэгийгээ”, “Мартагдашгvй хайр”, “Дүүрэн зул”, “Хайрын совин”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ”, “Заллага”, “Баярлана даа”, “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”, “Хүмүүс минь амьдрах сайхан” гээд эдгээр дуунуудаас аль ч дууг нь монголчууд дуулах дуртай. Бүр зүрх сэтгэлд нь шингэтэл, өөрийн өвөрмөц хоолойгоор дуулан хоногшуулж чадсан гайхалтай дуучин бол М.Бямбажав. МУГЖ Явгаан багшийн удирдлага дор “Үлгэрийн далай” чуулгад магтаал хайлж, хөөмэйлдэг байв. Тэр үед гадаадын олон оронд Монголынхоо язгуур урлагийг сурталчлан таниулж, Гран при шагналыг эх орондоо авч ирж байсан юм. Ленинградад 4 метр өндөр бурхан бүтээхэд дэргэд нь магтаал хайлж, цам бүжиглэж байсан гэгээхэн дурсамжтай.
1992 онд “Эр хоёр загал”, 1995 онд “Соёолонгийн тоос”, 2002 онд “Амьдрах сайхан”, 2005 онд “Заллага” бие даасан, 2010 онд “Хүлээсэн, хүлээлгэсэн аялгуу 15 жил”, 2012 онд “Оройтсон борооноор хүрээ байшинд” зэрэг хамтарсан тоглолтууд хийж, 1000 гаруй тоглолтонд тэр оролцож. “Эр хоёр загал”, “Мартагдашгүй аялгуу”, “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Дүүрэн зул”, “Оройтсон бороо”, “Оройтсон борооноор хүрээ байшинд” зэрэг сиди хэвлүүлжээ.
М.Бямбажав “Монголын язгуур урлаг”-ийг дэлхийн 20 гаруй оронд сурталчилж, Азийн язгуур урлагийн наадмаас 1992 онд Гранпри шагналыг нь эх орондоо авч ирж, Монгол улсыг мандуулж явсан нэгэн гавьяа бий.
1990 он гарч нийгэм тэр чигээр савлаж, Драмын театр, Дуурь, Чуулга үзэгчгүй болж, ямар ч сайн кино хийгээд гэр бүл, танил талдаа үнэгүй үзүүлэхээс хэтрэхгүй, хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөж байх тэр үед М.Бямбажав, багш Н.Чулуунхүүтэйгээ хамтран дуулсаар уран бүтээлдээ үнэнч үлдсэн нэгэн гавьяа бий.
Монголчууд морин дэл дээр эрх чөлөөтэй хашгирч явсан ардын дууг мэргэжлийн болгож, 1960, 1970-аад онд хүчээ авсан, олны хэллэгээр “нийтийн, зохиолын дуу” гэх энэ урлагийн буухиаг хуучин зуунаас шинэ зууны дуучид болох С.Жавхлан тэргүүтэнд дамжуулж өгсөн нэгэн гавьяа түүнд бий. Хоёр мянган, хоёр зуун, хоёр нийгэм дамнуулан 25 жил дуулж, түмний зүрх сэтгэлийг хөглөн уярааж ирсэн гавьяатай дуучин бол яах аргагүй мөн.
Ард түмний сонсох, дуулах, аялах дуртай 40 гаруй дууны аяыг зохиож, урын сандаа 200 гаруй дуутай уран бүтээлч юм.
“Морин хуур-1990” уралдаанд оролцож “Хүмуүс минь амьдрах сайхан” дуугаараа үзэгчдийн Тэргүүн байрын шагналыг хүртсэн нь түүнийг олноо алдартай дуучин болгосон билээ. Мөн “Цагаан лавай” хөгжмийн наадмын тусгай байр, М.Цэрэндоржийн нэрэмжит дууны наадамд 2-р байр, “Хонгор зул” сонины Хайрын дууны наадамд тусгай байр, Морины тухай дууны наадамд тусгай байр зэрэг олон шагналуудыг тус тус хуртэж байлаа. Монгол улсын 21 аймаг, 331 суманд аялан тоглолт хийж, өөрийн зохиосон болон ардын аман зохиол ерөөл магтаал, дуу хуурыг ард түмэндээ хүргэж Монголын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
-Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан -1994 он
-Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” -2007 он
-Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас одон” -2010он
Улсад хаана хэзээ, ямар ажил хийж байсан, одоо хаана ямар ажилтай
-1978-1985 он ерөнхий боловсролын сургууль
-1986-1987 он Увс аймгийн театрт дуучин
-1987-1989 он хугацаат цэргийн алба
-1990-1994 он Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны дэргэдэх “Үлгэрийн далай” чуулгад дуучин, ерөөлч магтаалч
-1994-1998 он Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх “Тэмүүжин” чуулгад дуучин, ерөөлч магтаалч, Монголын ардчилсан Холбооны дэргэдэх “Дүнжингарав” чуулгад дуучин
-Улсад ажилласан нийт хугацаа: Соёл урлагийн салбарт 26 жил
-Бусад ямар шагналаар хэзээ шагнагдсан/салбарын болон аймаг, нийслэпийн шагналын нэр/
-МЗХ-ны “Тэргүүний ажилчин” залуу алтан медаль
-Нийслэлийн Соёлын газрын Хүндэт тэмдэг
-МоАХ-ны хүндэт тэмдэг
-Хүний төлөө ТББ-ын Хөдөлмөрийн хүндэт тэмдэг
-Эрх чөлөөний одон, Ард түмний гавьяат дуучин зэрэг олон шагнал хүртсэн ч гэсэн түүнийг Монгол Улсын гавьяат болохыг хүлээсээр л байна.
Тал бичээч: Да.Жаргалсайхан