Хаан хуурын тансаг аялгууг сонордож, суут хөгжмийн зохиолчдын ертөнцөөр аялах юутай сайхан.
Энэ аяллын зам дардан бөгөөд, илүү уянгалаг, яруу тансаг байх учиртай. Тиймдээ ч хөгжмийн тань аялгууг илүү уянгалаг байлгахын тулд хөгжим хөглөгч нар ажилладаг. Харамсалтай нь манай улсад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн тун ховор. 1990-ээд оноос өмнө Оросын мэргэжилтнүүд л төгөлдөр хуур хөглөдөг байсан гэх.
Өнөө цагт хөгжимчид болон сонирхлоороо энэ зам руу тэмүүлсэн хүмүүс л гал алдуулчихалгүй энэ ажлыг залгуулж явна. Хөгжим бүжгийн коллеж л гэхэд 120 гаруй төгөлдөр хууртай. Гэхдээ эдгээр хөгжмийн арчилгааг хоёрхон хүн л хийдэг.
Тэд хоёул “Ямаха”-гийн хөгжмийн академийн Тайвань дахь салбарт хөгжим хөглөгч, техникч мэргэжил эзэмшсэн. Улмаар ХБК-ийн хөгжим хөглөгч Б.Амарзаяа Япон дахь “Ямаха”-гийн төгөлдөр хуурын техникийн академийг дүүргэж, энэ намраас мэргэжил нэгтнүүд болоод энэ мэргэжлээр сонгон суралцах хүсэлтэй хөгжимчдөд хичээл зааж эхлэхээр болжээ.
Түүнийг Япон улсын Кагегава хотноо “Ямаха”-гийн үйлдвэрийн дэргэдэх академид суралцах зардлыг БШУЯ, ХБК, “Протек” компани хамтран төсөл хэрэгжүүлснээр бүрдүүлсэн юм билээ. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн төгөлдөр хуур хөглөгч Б.Амарзаяатай ярилцсанаа хүргэе.
-“Ямаха”-гийн академид хэдэн жилийн хугацаатай суралцаж, энэ мэргэжлийг эзэмшдэг юм бэ?
-Хоёр жил сурдаг. Би өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан учраас шалгалт өгч тэнцээд сүүлийн шатны сургалтад хамрагдан энэ зун төгсөөд ирлээ. Энэ академийг төгссөн хүн “Ямаха” системийн олон улсын стандарт хангах шалгалт өгдөг юм.
Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд жил ирэх тусам өндөр чанартай мэргэжлийн хөгжмийн зэмсэгтэй болж байгаа ч тэдгээрийг хөглөх мэргэжилтэн алга.
Японы “Ямаха” корпорацийг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Олон төрлийн хөгжмийн зэмсгээс гадна өөр төрлийн үйлдвэрлэлээрээ ч дэлхий дахинаа алдаршсан байгууллага. Түүнээс гадна борлуулалтын маш том систем үүсгэж чадсан учраас улс болгонд “Ямаха”-гийн албан ёсны дистрибьютер байдаг. “Ямаха”-гийн техникийн академи Тайвань болон Кагегава хотод л бий. Кагегава хотынх нь үйлдвэрийнхээ дэргэд байрладаг юм.
-Олон улсын хэмжээний академийг төгөлдөр хуур хөглөөч мэргэжлээр Монголоос анх удаа хүн төгссөн гэхээр сайхан санагдаж байна.
-Монголоос мэргэжлийн хөгжим хөгл өөч бэлтгэсэн анхны тохиолдол боллоо. Намайг энэ академид сургахын тулд БШУЯ, ХБК, “Протек” компани хамтран төсөл хэрэгжүүлсэн. “Протек” компани бол Монголын “Ямаха” шүү дээ.
-“Тотал мюзик” дэлгүүрийг нь л мэдэх юм.
-Дэлгүүрийнх нь нэр “Тотал мюзик”, компанийнх нь нэр “Протек”. Энхтайваны гүүрний цаана “Ямаха” дэлгүүр бий. “Ямаха” компани улс болгонд 100 хувь эрхтэй төлөөлөгч компаниа байгуулсан байдаг. Монголынх нь “Протек”.
-“Ямаха”-гийн үйлдвэр ямар ямар улсад байдаг юм бэ?
-Өмнө нь Англи, АНУ, Япон, Индонез, Тайваньд үйлдвэртэй байсан. Одоогийн байдлаар Япон, Хятад, Инпонезид төгөлдөр хуураа үйлдвэрлэж байна. Эдгээр үйлдвэрт гранд болон апрайт (upright) пиано үйлдвэрлэдэг. Манайхан хананд байрлуулдгийг нь пианин, тайзан дээр тоглодгийг нь роял гэдэг.
-Танай ангид хэдэн хүн суралцаж, техникч, хөглөгч болж төгсөв?
-Гуравдугаар сард элсэлтээ авдаг. Нэг удаагийн элсэлтээр 20-30 хүн авч, сургадаг.
-Хэдэн оноос хойш ажиллаж байгаа академи бэ?
-1950-иад онд байгуулагдсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үйлдвэрлэлийн үйл явцад нэлээд өөрчлөлт гарч, эрчимжиж эхэлснээр техникчээ бэлтгэхийн тулд академи байгуулсан юм билээ.
-Сургуульд сураад л хөгжим хөглөгч болдоггүй байх. Өмнө нь хөгжмийн мэргэжил эзэмшиж, дараа нь туршлагажих хэрэгтэй юм шиг ээ.
-Би найман настайдаа ХБК-ийн төгөлдөр хуурын ангид элсэж, 12 жил сураад сургуульдаа багшилсан. Хоёр жил ажиллаад техникчийн ажлыг сонирхож Батсайхан, Банзрагч нарын хөглөөчдийг дагалдаж багагүй зүйл сурсан. Ингэж ажиллаж яваад академид суралцаж, мэргэжил эзэмшлээ. Хөгжмийн суурь мэдлэггүйгээр хөгжим хөглөөч болох боломжгүй. Мөн хөгжим тоглодог хүн бүр хөглөөд байхгүй. Мэргэжил эзэмших хэрэгтэй.
-Монголд ажиллаж байгаа төгөлдөр хуур хөглөөчид бүгд л сонирхлоороо дадлагажиж суралцсан байдаг байх аа.
-1990-ээд оноос өмнө оросууд, түүнээс хойш хөгжмийн боловсролдоо түшиглэн дадлагажиж сурсан хөгжимчид л хөглөх ажил хийж байна. Би ч ижил.
-Академи төгссөн учраас давуу тал бий болж байгаа байх. Хөглөөчийн ур чадварын хэмжүүр нь юу юм бол?
-Төгөлдөр хуур 88 даруултай, хамгийн багадаа 220-240 ширхэг утастай. Тэр олон утаснуудын хамгийн бүдүүн нь секундэд 27.5 удаа чичирдэг. Хамгийн нарийн нь секундэд 3500 гаруй удаа дуугардаг. 4000-аас дээш дуугарах нь ч байна. Тэр болгоныг нарийвчлан сонсож, дээш доош болгон хөглөнө. Ноот болгон өөр дуугардаг. Хэлбэлзлийг нарийн мэдэхийн тулд хөгжимчнөөс илүү сонсголтой байх ёстой.
Мөн хөгжим хөглөхөд гар ажиллагаа их шаарддаг учраас ур дүйтэй байх нь чухал. Дэлхийн хэмжээний алдартай төгөлдөр хуурын үйлдвэр, брэндүүд өөрийн гэсэн системтэй. Тэдгээр нь хол зөрөхгүй ч гэсэн ялгаатай. “Ямаха”-гийн техникийн академийн төгсөгч олон улсын стандартын шаардлага хангах шалгалт өгдөг. Ингэснээр бүх улсад “Ямаха” төгөлдөр хуур хөглөх эрхтэй болно. Дэлхийд маш өргөн тархсан борлуулалтын системээрээ “Ямаха” ялгардаг.
Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд жил ирэх тусам өндөр чанартай мэргэжлийн хөгжмийн зэмсэгтэй болж байгаа ч тэдгээрийг хөглөх мэргэжилтэн алга. Тиймээс л яам болон сургууль, албан ёсны борлуулагч нь хамтран мэргэжлийн хөглөгчийг Японд бэлтгэх төсөл хэрэгжүүлсэн. “Ямаха”-гийн хамгийн үнэтэй CFX, дэлхийн алдарт “Стэйнвэй энд сонс”-ын “ди” загвар манай байна. Энэ төгөлдөр хуурууд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй.
Тэгэхээр хойшид Японд сурснаа эндээ зааж сургана. Есдүгээр сарын 1-нээс сургаж эхлэхээр зориулалтын төгөлдөр хуур, анги танхимаа ХБК-д бэлдэж байгаа. Хөгжим хөглөөчдийнхөө дадлагаар сурсан мэдлэгийг ахиулж, олон улсын стандартад хүргэх боломжийг нээх хүсэлтэй байна. Мэргэжилтнүүдийн тоо ч хангалтгүй байгаа. Би сурснаа тэдэнд заачихвал цаашид үргэлжлүүлэн ур чадвараа ахиулах боломж бүрдэнэ.
Мөн хөгжим хөглөөч техникч болох хүн 24 наснаасаа сурч эхэлсэн байх ёстой. “Ямаха”-гийн академид энэ насыг босго болгон элсүүлдэг. Би өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан учраас саадгүй элссэн. Магадгүй энэ нь хүн мэргэжлийн хөгжимчин болоход 22 нас хүрчихдэг учраас энэ мэргэжлийг эзэмшсэний дараа, бас хэт оройтохоосоо өмнө сурах ёстойг заасан байх. Учир нь зөвхөн сургуульд сураад хөгжим хөглөөч болохгүй, олон жилийн турш тасралтгүй сурдаг нарийн мэргэжил юм.
Хөгжмийн зэмсгүүд яг ижилхэн хэдий ч өөр өөр дуугаралттай байдаг. Мэргэжлийн хөгжим урлаачдын яг ижил модоор, ижил хугацаанд, зэрэгцүүлэн хийсэн хоёр хийл ч ялгаатай дуугардаг. Төгөлдөр хуур ч ижил.
-Төгөлдөр хуур хөглөөч мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байсан бэ. Бэрхшээлээс болов уу, эсвэл сонирхол уу?
-Төгөлдөр хуурчаар төгсөөд сургуульдаа багшилж байгаад сонирхлоороо хөглөж эхэлсэн. Мэргэжлийн урлагийн байгууллага болон сургуулийн удирдлагууд бүгд л хөглөөч дутмаг байдгийг мэднэ. Бас Монголд сургалт байхгүй. Тэгэхээр сонирхож сурснаас гаднаа хэрэгцээ шаардлага ч байсан байна.
-Монголд хуучны төгөлдөр хуур олон бий. Зарим хүн төгөлдөр хуурыг машины болон барилгын төрөл бүрийн будгаар сэргээн засварладаг лгэсэн. Та бүхэн ийм зүйл хийх боломжтой юу?
-Төгөлдөр хуурын гадна талын өнгийг хэрхэн сэргээх тухай хүмүүс асуудаг. Гэхдээ ийм ажиллагааг үйлдвэрлэлийн нөхцөлд хийх ёстой. Огт өөр будаг лак хэрэглэдэг. Төгөлдөр хуурын утас нь чичирснээр л зөвхөн дуугарчихдаггүй. Гадна талын хайрцаг, зохион байгуулалт бүгд нөлөөлнө. Өнгө будаг сайхан харагдахдаа биш зөв дуугарах нь чухал. Дуугаралтад энэ бүх зүйл нөлөөлнө.
-Японоос сурсан чухал эрдмээсээ хуваалцаач. Сонин содон зүйл олон байсан байх аа?
-Сайлент болон дискловер төгөлдөр хуурын системийг хэрхэн хийх талаар сурлаа. Энгийн төгөлдөр хуурыг чихэвч хийгээд тоглодог болгохыг сайлент, хөгжимчинг үйгээр өөрөө тоглодог болгосныг дискловер гэж байгаа юм. Монголд байгаа төгөлдөр хууруудыг ч тийм болгож болно. Мөн “Ямаха”-гаас нь ийм хууруудыг авч болно. Энэ системийг “Ямаха” их сайн хөгжүүлсэн юм билээ.
-Суралцах явцтай “Ямаха”-гийн үйлдвэртэй танилцсан уу?
-Тийм ээ. Бид үйлдвэрийн аялал хийж, бүх үйл явцтай нь танилцдаг. Хийц нэг бүрийг хэрхэн хийдгийг үзэж, судалдаг. Учир нь дараа нь төгөлдөр хуураа хөглөж, засахын тулд энэ бүхнийг нарийн мэдэж байх ёстой. Шат дамжлага бүрийг ажигладаг. Хаана доголдол гарч магадгүйг шалгаж байгаа хэрэг. Үйлдвэрийн чанар шалгагч шиг л мэдэх ёстой юм.
-Төгөлдөр хуур үйлдвэрлэх ажилд гар ажиллагаа чухал уу?
-Хэсэг нэг бүрийг үйлдвэрийн орчинд хийж, тусгай мэргэжилтнүүд механик аргаар угсарна. “Ямаха”-гийн хамгийн үнэтэй загвар болох CFX-ийн бүх зүйлийг гараар хийдэг. Үйлдвэрлэлийн үйл явц нь нууц байдаг. Тэр төгөлдөр хуурыг 35 хүний бүрэлдэхүүнтэй жижиг үйлдвэрт нэг бүрчлэн хийнэ. 50-60-аас дээш настай, олон жилийн туршлагатай хөгжмийн мэргэжилтн үүд, математикчид, физикийн эрдэмтэд энд ажилладаг юм билээ.
-Та нарт тэдгээр мэргэжилтнээс багшилсан уу?
-Шинэ хичээл орох болгонд түүнтэй холбоотой эд ангийг хийдэг эсвэл зохион бүтээсэн хүн ирж багшилдаг байсан. Демперийг л гэхэд насаараа хийсэн 70 настай өвгөн бидэнд лекц уншиж байсан.
-Та ХБК-ийн 120 гаруй төгөлдөр хуурыг хөглөдөг гэсэн. Тэр дундаас занг нь мэддэг болсон хөгжмийн зэмсэг байна уу?
-Хөгжмийн зэмсгүүд яг ижилхэн хэдий ч өөр өөр дуугаралттай байдаг. Мэргэжлийн хөгжим урлаачдын яг ижил модоор, ижил хугацаанд, зэрэгцүүлэн хийсэн хоёр хийл ч ялгаатай дуугардаг. Төгөлдөр хуур ч ижил.
Мэргэжлийн хөгжимчид болон хөглөөчид төгөлдөр хуур болгоны онцлогийг мэддэг болчихдог. Ямар улиралд, хэдэн настай хүн тоглосноос арчилгаа нь хамаарна. “Ямаха”-гийн худалдаа бол илүү нарийн юм билээ. Ижил загварын төгөлдөр хуурнаас олон янзын өрөөнд тус бүрт нь гурвыг байрлуулан тоглуулж үзүүлдэг. Тайзан дээр тоглох хөгжмийг тайзан дээр, гэртээ тавихыг нь яг гэрийнх нь өрөөтэй ижил орчин бүрдүүлэн тоглуулдаг.
Мөн төгөлдөр хуурыг хулдаас, мод, хивсэнцэр шалтай өрөөнд тоглоход өөр дуугардаг учраас “Ямаха” төгөлдөр хуураа худалдахдаа хивсэнцэр болон модон шалтай хоёр танхимд тус бүр гурвыг тавьж, үзүүлдэг. Мэргэжлийн хөгжимчид таалагдах хөгжмөө тэр дундаас сонгодог.
Ж.Солонго