Их Британийн шүүх өчигдөр /2026.05.18/ Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцсыг тээвэрлэхдээ дотор нь кокаин нуусан жолоочид 13.5 жилийн хорих ял оноожээ.
Польшийн иргэн, 40 настай Якуб Ян Конкел өнгөрсөн оны есдүгээр сард Нидерландаас “Skims” брэндийн 28 багц ачааг тээвэрлэн Их Британийн Эссекс боомтод ирээд гаалийн байцаагч нарт саатуулагдсан юм байна. Тэрбээр замдаа 90 кг кокаиныг гуравдагч этгээдээс хүлээн авч, ачаа болон автомашиныхаа хэсгүүдэд нуугаад цааш хөдөлснийг Их Британийн цагдаа нар илрүүлжээ.
Хууль ёсны ачааны илгээгч болон хүлээн авагч талууд уг хэрэгт ямар ч оролцоогүйг мөрдлөгийн явцад тогтоосон байна. Харин жолооч уг хууль бус ачааг тээвэрлэж, хилээр нэвтрүүлснийхээ төлөө 4,500 евро авахаар гэмт хэрэгтнүүдтэй тохиролцсон байжээ.
“Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд Конкел мэтийн жолооч нарыг ашиглан А ангиллын мансууруулах бодисыг хууль ёсны ачаанд нуун тээвэрлэх явдал гардаг. Мөрдөн байцаалтын үр дүнд их хэмжээний кокаин илрүүлсэн нь гэмт хэргийн бүлэглэлд ихээхэн хохирол учруулж, Конкел шиг чухал хамтрагчаа алдахад хүргэж байгаа юм” гэж хэргийг илрүүлсэн мөрдөгчдийн ахлагч Пол Орчард мэдэгджээ.

