“Playtime Festival 2026” дэлхийн хэмжээний фестиваль, тайзны урлаг, гэрэлтүүлэг, дүрслэлийн чиглэлээр ажилладаг олон улсын уран бүтээлчид болон продакшн багуудтай хамтран ажиллахаар болжээ. Энэ нь тус арга хэмжээний техник, визуал, тайзны гүйцэтгэлийг олон улсын түвшинд хүргэж, Монголын үзэгчдэд цоо шинэ өнгө төрхийг мэдрүүлэх чухал алхам болж буйг зохион байгуулагчид онцоллоо.
Тэд бол Японы архитектор, гэрэлтүүлгийн дизайнер Жиро Эндогийн үүсгэн байгуулсан “SOIHOUSE” студи болон уран бүтээлч Рене ван Дижкийн байгуулсан Амстердамд төвтэй rene.studio-ийн баг юм. Мөн системийн инженер Томас болон Роберт де Вриес нар нэгдэж техник, инженерчлэлийн түвшнийг шинэ шатанд гаргах хүлээлт үүсгэв.
Хур туршлагатай “SOIHOUSE”
Жиро Эндо болон түүний “SOIHOUSE” студийн тивдээ бий болгосон туршлагаас онцолбол хамгийн түрүүнд Азийн томоохон хөгжмийн фестивалиудын нэг, Тайландын “Big Mountain Music Festival” санаанд бууна. Тус фестивалийн дизайны удирдагчаар Эндо 10 жил ажиллажээ.
Мөн дэлхийд танигдсан “Wonderfruit Festival”-ийн “The Quarry” тайзны орон зай, гэрэлтүүлэг, дүрсний шийдэл, лазер болон дууны системийн концепцыг “мэндэлсэн” цагаас нь хөгжүүлж иржээ. Тус тайз олон улсын электрон хөгжмийн фестивалийн хамгийн өвөрмөц, шинэлэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.
Үүнээс гадна Кенийн “Kaleidoscope Festival”, Бангладешийн “Burningcrab Festival”, Вьетнамын “UNMUTE Hanoi” зэрэг фестиваль болон клубын төслүүд дээр ажиллаад байгаа юм. 2025 оны “Osaka-Kansai Expo”-ийн “Future of Life” павильоны архитектурын удирдагч, “Good Design Award 2025” шагнал эзэн гээд түүнийг тодотгох амжилт их.
Өвөрмөц RENE STUDIO
Тус студи дэлхийн хэмжээний хөгжмийн фестиваль, бүжгийн арга хэмжээний тайзны дүрслэл, орон зайн бүтээлүүдээрээ танигдсан баг юм. Олон улсын “Tomorrowland presents: CORE”, “Charlotte de Witte World Tour”, “Rave Rebels”, “Louis Vuitton Men’s FW24” зэрэг фестиваль, тоглолт, шоуны арын албанд ажилласан юм.

