“Дисней”-н алдарт “A Whole New World” болон “Beauty and the Beast” дууг дуулсан дуучин Пийбо Брайсон 75 насандаа таалал төгсжээ. Түүний гэр бүлийн мэдэгдсэнээр, Брайсон мягмар гараг /2026.06.02/-ийн орой гэр бүл, хайртай дотнын хүмүүсээрээ хүрээлүүлэн хорвоог орхижээ.
Нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа ч Брайсон өнгөрөгч амралтын өдрүүдэд харвалт өгч, эмнэлгийн тусламж авч байв. Тэрбээр 1970-2010 оны хооронд “Feel the Fire”, “I’m So Into You”, “Can You Stop the Rain”, “If Ever You’re In My Arms Again” болон “Reaching for the Sky” зэрэг дууг дуулж, хит болж чадсан.
“Таван арваны турш Пийбогийн ер бусын дуу хоолой хүмүүсийн амьдралын хамгийн чухал, нандин мөчүүдийн эгшиг болж байсан. Түүний дуунууд баяр баясгалан, агуу хайрын түүх, тайтгарал, урам зоригийн мөчүүдийг үе дамжин өвлүүлж, түүнд хайртай бүх хүний сэтгэлд үүрд мөнх орших болно. Тэр дуунуудаараа дамжуулан тоо томшгүй олон амьдралд нөлөөлж чадсан” гэж гэр бүлийнх нь гаргасан мэдэгдэлд онцолсон байв.
Брайсон 1992 болон 1993 онд “Дисней”-н алдартай кинонуудын дууг хамтран дуулснаараа хоёр удаа “Грэмми”-ийн шагнал хүртсэн. Тэрбээр Селин Дионтой хамт “Beauty and the Beast” дууг, мөн Регина Беллетэй хамт “A Whole New World” дууг “Aladdin” кинонд зориулж дуулсан бөгөөд эдгээр нь тухайн үеийн “Дисней”-н киноны бэлгэ тэмдэг болсон юм.
Түүний гэр бүлийнхэн “Бидний зүрх эмтэрч байгаа ч Пийбог хэчнээн олон хүн хайрлаж, түүний хоолой болон өгөөмөр зан чанар олон хүний амьдралд хүрч чадсаныг мэдэх нь бидэнд тайвшрал өгч байна. Түүний өв, хөгжмийн бүтээлүүд ирээдүйн үеийнхэнд мөнхөд үлдэх болно” хэмээн мэдэгджээ.
Брайсон өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Жоржиа мужид дуучин Жеффри Осборнтой хамтран тоглолт хийсэн. Мөн тэрээр хөгжмийн салбарт ажилласан 50 жилийн ойгоо тэмдэглэх хүрээнд энэ оны сүүлээр “Golden Touch” нэртэй хэд хэдэн тоглолт хийхээр төлөвлөж байжээ.

