Бүгд Найрамдах Франц Улсын хууль хяналтын байгууллагад 13 жил саатуулагдан хадгалагдаж байсан үлэг гүрвэлийн үнэт олдворуудыг Монгол Улс албан ёсоор эх орондоо хүлээн авлаа. Эдгээр олдворыг хүлээн авах ажиллагаа Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд өнөөдөр /2026.06.11/ болов.
Монголоос 20 жилийн өмнө хууль бусаар хил давуулан гаргасан эдгээр олдвор нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дипломат хүчин чармайлтын үр дүнд ийнхүү буцаан авчирч байгаа юм. Соёлын өвийн ажлын хэсэг Парис хотод энэ оны дөрөвдүгээр сард ажиллаж, олдворуудын хадгалалтын байдлыг шалган, баримтжуулж, олон улсын мэргэшсэн “Гроспирон” компанитай хамтран аюулгүй тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ.
Буцаан авчирсан олдворуудын дунд Монголын говиос олддог, ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан махчин үлэг гүрвэл Тарбозавр батаарын араг яс болон палеонтологийн бусад олдвор багтсан нь судалгааны ач холбогдолтойд тооцогдож байна.

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхуяг, “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олборлож, хил давуулан гаргасан байж болзошгүй асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайлбал, 2006 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн үлэг гүрвэлийн олдворыг улсын хилээр гаргаж, улмаар гадаад улсад худалдан борлуулсныг тогтоосон. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 25.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Франц Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, ЮНЕСКО дахь Байнгын төлөөлөгчийн газар, ССАЖЗЯ болон бусад байгууллага хамтран ажиллаж байна. Үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар худалдсан асуудалтай холбоотой Франц Улсад шүүхийн ажиллагаа явагдсан бөгөөд тухайн олдворыг Монгол Улсад буцаан авчирсан нь шинжлэх ухаан, соёлын өвийг хамгаалах чиглэлд чухал ач холбогдолтой” гэв.

ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Даваацэрэн, ”Палеонтологийн олдворуудыг хууль бусаар хил давуулан гаргаж, худалдсан асуудал нь соёлын өвийн хамгаалалттай шууд холбоотой. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу палеонтологийн олдворууд нь соёлын өвд хамаардаг. Тэдгээрийг хууль бусаар улсын хилээр гаргасан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэн, зохих арга хэмжээг авсан. Монгол Улс 1970 оны ЮНЕСКО-гийн “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх тухай” конвенцод нэгдэн орсон. Уг конвенцын үзэл санааны хүрээнд олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Мөн үндэсний хэмжээнд холбогдох байгууллагуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд эдгээр олдворыг эх оронд нь буцаан авчрах боломж бүрдсэн. Буцаан авчирсан олдворууд нийт 15 хайрцагт савлагдсан. Тэдгээрийн тоо хэмжээ, хадгалалтын байдал, шинжлэх ухааны үнэ цэнийг нарийвчлан тогтоох судалгааны ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Манчук, “Эдгээр олдворыг эх оронд нь буцаан авчирч байгаа нь зөвхөн соёлын өвөө хамгаалах төдийгүй боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Палеонтологийн олдворууд нь хүүхэд, залуучуудын шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлэх, судалгааны ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Ном, сурах бичгээс уншиж мэдэхээс гадна бодит олдворыг нүдээр үзэж, судлах боломж бүрдэж байна. Түүнчлэн эдгээр олдворыг Монгол Улсад авчирснаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хамтран судалгаа хийх боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлж, монгол орны палеонтологийн өвийг сонирхсон жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой” гэв.
Мөн ССАЖЗЯ-наас цаашид хууль бусаар гадаад улсад гаргаж, худалдсан соёлын өвийн дурсгалуудыг эх оронд нь буцаан авчрах чиглэлээр ажиллах юм. Энэ нь нэг байгууллага, эсвэл нэг улсын хүчин чармайлтаар шийдэгддэггүй. Харин олон улсын болон үндэсний түвшний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тухайн улсын өмчлөх эрх бүхий соёлын өвийг хууль ёсны дагуу эх оронд нь буцаан авчрах боломж бүрддэг байна.
Эдгээр ховор олдворыг шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн хэсэгт байрлуулж, олон нийт, судлаачдын хүртээл болгох юм.
Олдворуудыг хүлээн авах ажиллагаанд ССАЖЗЯ, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, МИАТ, “Туушин” компани оролцов.




