АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цахим сүлжээнд зураг оруулахдаа алдартай анимэ болон манганы дүрүүдийг ашиглах болсон нь япончуудыг эгдүүцлийг төрүүлээд байна. Трамп “Naruto”, “Pikachu”, “Yu-Gi-Oh!” зэрэг алдартай анимэ дүрүүдийн зургийг нийтлэлдээ ашиглаж, нэг удаад нь бүр өөрийнхөө царайтай эвлүүлсэн байсныг анимэ шүтэн бишрэгчид өнгөрсөн гуравдугаар сард анх анзаарчээ.
Шүтэн бишрэгчид Трампыг энэ дүрүүдийн үнэ цэнийг хуваалцах эрхгүй, тэднийг улс төрийн зорилгоор ашиглах нь зохиогчийн эрхэд харшилна гэж үзсэн тул цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тэрхүү өргөдөлд бараг 20 мянган хүн гарын үсэг зуржээ. Япончууд энэхүү өргөдлөөрөө дамжуулан манга соёлыг нь хүндэтгэхийг Трамп болон Цагаан ордноос хүсч байна.
Хамгийн их анхаарал татсан нэг нийтлэлийг Цагаан ордны албан ёсны “Х” хаягаар нийтэлжээ. Тус нийтлэл нь АНУ-ын цэргийнхэн Иранд цохилт өгч буй агуулгатай бөгөөд үүндээ “Yu-Gi-Oh!” болон “Dragon Ball”-ын бичлэгээс ашигласан байсан. Мөн өмнөх өдөр нь тус хаяг “Pokémon Pokopia” тоглоомын дэлгэц мэт харагдах нэгэн зураг нийтлээд, тайлбар хэсэгт нь “Америкийг дахин агуу болгоё” гэсэн үгээ бичсэн байв.
Трамп ингээд зогссонгүй өнгөрсөн Бямба гаригт /2026.06.06/ өөрийгөө “Naruto Uzumaki”-ийн дүрд хувиргасан бичлэгийг “Truth Social” хаягаараа нийтэлжээ. “Naruto Uzumaki”-ийн дүр нь шүтэн бишрэгчдэд зориг, нөхөрлөл, тууштай байдлын ач холбогдлыг ойлгуулдаг. Тиймээс Трамп энэ дүрийг ашиглах нь бүтээгчийн санаатай зөрчилдөнө гэж үзэж байна.
Үүнээс улбаалаад дээрх өргөдлийг дахин сэргээгээд байна. Канагавагийн оршин суугч Нана Сүзүки гэх хүн өргөдлийг анхлан эхлүүлжээ. “Yu-Gi-Oh!”-ийн бүтээгч Казүки Такахаши далайгаас хүн аврах гэж байгаад амь эрсэдсэн гэдэг. Гэтэл түүний бүтээлийг цэргийн утгатай зүйлд ашиглаж байгаа нь шүтэн бишрэгчдийг гуниглуулж буйг Сүзүки хэлжээ. Мөн Казүки Такахаши өөрөө босч ирээд үг хэлж чадахгүй гэдгийг тэр онцолсон байна.
Гэхдээ Трампын талд байгаа хүмүүс ч байна. Тухайлбал, “Х” сүлжээнд нэгэн хэрэглэгч “Инээдтэй юм. Харин ч ‘Naruto’-ийн нэр хүндийг олон улсад өсгөх бус уу. Дэлхийн хамгийн шилдэг үнэгүй сурталчилгаатай үүнийг зүйрлэж болох юм” гэжээ. Түүнчлэн өөр нэгэн хэрэглэгч “Энэ бичлэгийг шүүмжлэх гэхээсээ илүү харин бахархаж байна. Японы манга дэлхий дахинд эрчийг авчээ. АНУ-ын ерөнхийлөгч хүртэл ‘Naruto’-г мэдэж байна” гэжээ.

