ARA фестивалийн нэгдсэн хөтөлбөрийг албан ёсоор танилцууллаа. Хөтөлбөрийн онцлох хэсгүүдийн нэг нь Нала арслан бөгөөд тэрбээр Монгол дахь сүүлийн зунаа ARA фестивалийн үеэр өнгөрүүлэхээр болжээ.
Олон улсын стандартад нийцсэн зориулалтын задгай талбайд амьтдын байрших орчныг бүрэн ханган тохижуулсан бөгөөд байгаль, амьтан, хүн гурвын уялдаа холбоог мэдрүүлэх энэхүү орчин нь хүүхэд, гэр бүл, аялагчид болон амьтанд хайртай хүн бүрд мартагдашгүй дурсамж үлдээх зорилготой юм.
ARA фестиваль нь зөвхөн шоу, энтертайнмент шинжтэй бус, байгаль хамгаалал болон амьтдын сайн сайхны төлөөх олон улсын санаачилгын нэг хэсэг болон хэрэгжиж байна.
Долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх фестивалийн үеэр ирсэн зочид Нала болон өөр 20 гаруй амьтантай танилцаж, зураг даруулах боломжтой бөгөөд түүнийг Африк руу шилжүүлэн нутагшуулах ажилд хувь нэмрээ оруулах юм. Ирэх намар Налаг Африк тивийн зэрлэг байгальд буцаан нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн гол зорилго нь Налаг зэрлэг амьтан хамгаалах зориулалт бүхий парк болон тусгай хамгаалалттай бүсэд байгальд нь хамгийн ойр, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

