Намрын шар навчис нэг нэгээр үзэгдэж эхлэх болсон аагим халуун ч аадар бороотой, аянга дуу цахилгаантай өдрүүд ээлжлэн буй энэ л өдрүүдийн мэндийг эрхэм уншигч танд дэвшүүлье. Байгаль хүртэл өөрчлөгдөн хувьсч бидний өмнө өөрийн “драм”-ыг харуулах шиг… Энэ удаагийн зочны маань хэлснээр амьдрал бол жүжиг гэж тодорхойлсончлон та бидний амьдрал болоод өөрчлөлт бүр оршил, эхлэл, өрнөл, зангилаа, тайлал, төгсгөлтэй бас нэгэн жүжиг аж. Гагцхүү ямар дүрд тоглохоо та өөрөө шийднэ.
Драмын эрдмийн театрын найрууулагч Б.Баатартай ярилцлаа.
-Та найруулагч болно гэж хэзээнээс эхлэн бодох болсон бэ?
-Огт бодоогүй. Арван жилийн сургуулиа төгсмөгц манай аав намайг ажилд оруулсан юм. Хуучин Теле-Кино үйлдвэрт хоёр жил ажиллах хугацаанд найруулагчийн ажил сонирхол татсан. Тухайн үед ажиллаагүй хүнийг аль ч газар найруулагчаар авдаггүй байсан үе. Дараа нь УДЭТ-т яваад очсон. Тэнд очтол найруулагч Доржсамбуу гуай байсан. Тэгээд би Украйнд Доржсамбуу агсны багш дээр очиж шавь нь болж байсан юм. Бид нэг багшийн шавь байгаа юм. Мөн манай сургуулийг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров төгссөн. Эрдэнэбулган мөн суралцаж байгаад Ленинград руу явсан.
-Найруулагчаар суралцаж байх хугацаандаа та их “омголон” оюутан байсан уу?
-Би хэзээд өөрийн байгаагаараа байдаг хүн л дээ. Найруулагч болно гэж бодож байгаагүй. Мундаг хүн ч болъё гэж боддоггүй байсан. Тухайн үед би найруулагч мэргэжлийг мэдэхгүй чигээрээ л төгссөн. Гэхдээ дипломоо онц дүнтэй хамгаалж байсан. Эхний дипломын ажлаа “Одессей” жүжгээр хамгаалсан. Ивановын нэрэмжит театрт очиж би гурван хүний жүжиг тавьж байлаа. Тэгээд л ирмэгц аан найруулагч гэж ийм ажлыг хэлдэг юм байна гэж бодож билээ. Сургуульд явахаасаа өмнө би зургаан найруулагчийн дунд ганцаараа туслах найруулагч хийдэг байв. Тийм учраас бүх юманд нь гүйнэ шүү дээ. Дараа нь энд ирээд жинхэнэ дипломын ажлаа УДЭТ-ын тайзнаа “Гургалдайн дуучин” гэдэг нэртэй жүжгээр хамгаалсан юм.
-Эх орондоо театрын тайзнаа найруулан тавьсан таны анхны жүжиг “Гургалдайн дуучин” хэмээх тэрхүү жүжиг тань байжээ.
-Тийм.1985 он байсан санагдана.
-Таны найруулсан жүжгүүдэд эх орон, үндэсний түүхэн сэдэв өнгө аяс мэдрэгдэх нь бага байдаг. Европ маягийн нэг л өөр уур амьсгалтай тавилт харагддаг. Та эх орон гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ?
-Европ тал руугаа гэлээ. Магадгүй миний найруулсан жүжгийн тавилтууд тийм байж болох юм. Гэвч би сургуулиа төгсч ирмэгцээ Монголын радиод ажилласан. 1991-1992 онд Чингисийн тухай дуугардаг хүмүүс ховор байлаа шүү дээ. Тэгтэл би Инжинашийн “Хөх судар” түүхэн романыг радиод тавьсан юм. Нийтдээ 40 цагийн бүтээл болсон. Түүний дараа Бүргэд найруулагчтай нийлж байгаад Монголын нууц товчоог 30 гаруй цагийн бүтээл болгон мөн тавьж байв. Одоо ч Монголын радиогийн алтан фондод байдаг юм. Радио жүжиг. Эх орон гэдгийг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Миний хувьд бол зарим зүйлийг ярихгүй байх ёстой гэж боддог.Тэр зүйл дотор чинь байж байх ёстой. Хайр гэдэг үгийн тухайд ч “хайраа” гээд хэлэх нь надад худлаа санагддаг. Хүний дотор энэ үг байж байх ёстой. Үүнтэй адил эх орон гэдэг үг ч сэтгэл дотор байж л байх ёстой. Үүнийг би үгээрээ хэлэх юм бол тэнэг харагдана эсвэл аугаа харагдана.
-Тэгвэл эх орон, гэр бүлээсээ хол явахаар хамгийн түрүүнд танд үгүйлэгддэг зүйл тань юу вэ?
-Сайхнаагаа л санана. /түүний гэргий/ Сүүлийн үед манай сэтгүүлчид ярилцаж байгаа хүнээсээ аугаа хариулт хүлээгээд байдаг болсон юм шиг. Санагдана гэдэг үгийг мэдрээд байдаг мөртлөө гаргаж болдоггүй зүйл байдаг. Гаргах гэхээр тэр нь худлаа болчих гээд нэг тийм зүйл. Нандин зүйл гэж хүнд байдаг шүү дээ. Түүнийг хэлж болдоггүй. Би Сайхнаатайгаа олон жил ханилахдаа хайртай гэж хэлэх гэхээр худлаа санагдаад байдаг юм. Гэвч миний цаана тэр үг байж л байдаг.
-Театрын тухай, найруулагчийн ажлын тухай танаас асуух зүйл байна.
-Ингэхэд та ер нь миний найруулсан ганц жүжгийг үзсэн үү?
-Үзэлгүй яахав.
-Нэг сэтгүүлч охин надтай ярилцлага хийе гээд утасдсан юм байна. “Баатар найруулагчаа тантай уулзаж, ярилцмаар байна” гэхэд нь би өө, тэгье , тэгье гэтэл өнөөх сэтгүүлч охин чинь өмнөөс “Драмын театр хаана байдаг билээ” гэдэг байгаа. Тэгэхээр нь би утсаа тасалчихсан. Жүжиг үзээгүй мөртлөө театрын тухай надтай ярилцаж болохгүй шүү дээ. Тэгээд л би танаас энэ асуултыг асууж байгаа юм.
-Эх орондоо хайртай гэж ярьж байгаа хүмүүс үү, ээ дээ мөн худлаа даа…-
-Үзэгчийн хэмжээнд, өөрийнхөө хэмжээнд таны найруулсан болоод бусад жүжгүүдийг үзэлгүй яахав.
-Мөнхдорж, Найдандорж, Наранбаатар гэх зэрэг олон найруулагчид бүгдээрээ жүжиг тавих нэг төрлийн ажлыг хийх боловч өөр өөрсдийн араншинтай байдаг юм. Яг үнэндээ үүнийг л би чухал гэж боддог. Бие биенээсээ ялгарахгүй юм бол жүжиг тавиад ч яах юм бэ. Би таны тухай танд өөрт тань хэлэх нэг өөр хэрэг. Кино жүжигт таны тухай ярих бас нэг өөр. Би таны өөдөөс харж сууж байгаад алдааг тань хэлбэл та хүлээж авахгүй. Харин жүжиг, кинонд таны алдаатай зүйлийг хэлж, харуулахад та түүнийг хүлээж аваад театраас гараад явахдаа ухаантай болно. Урлаг үүгээрээ аугаа. Яагаад жүжиг үзэж байгаа үзэгчид нам жим болдог юм бэ. Театраас гараад л явахад өөр, өөр амьдралтай хүмүүс тэнд цугларсан байдаг. Гэсэн мөртлөө театрт цуглахаараа тэд жүжигтэй ярилцдаг. Найруулагч мэргэжил нь өөрөө их залуухан настай 120 жил болж байгаа байх. Харин жүжигчний мэргэжил бол эртнийх. Грек, Ромын үед гудамжны жүжигчид тоглож байхдаа би болоод байна уу, болохгүй байна уу, та намайг нэг хажуугаас хараад өгөөч гэх тэр үеэс найруулагчийн мэргэжил үүссэн. Жүжигчдийг хажуугаас нь хардаг нэг хүнтэй болж найруулагч мэргэжил үүссэн түүхтэй. Хэрвээ та хэчнээн мундаг зүйл хийж байсан ч таныг хажуугаас тань харах хүн байхгүй бол яах вэ. Би найруулагчийн мэргэжлийг ингэж л ойлгодог. Зарим хүмүүс буруу ойлгоод бусдаас ухаантай гэх зэргээр ярьдаг. Тийм биш. Нарийн ярих юм бол найруулагч хүн бол жүжигчний зарц шүү дээ.
-Тийм гэж үү?
-Тийм шүү дээ. Тайзан дээр байгаа жүжигчний алдааг би хэлнэ. Тухайн жүжигчнийг үзэгчдийн өмнө шившигтэй харагдуулахгүйн тулд л найруулагч хажууд нь байна. Тэгэхээр зарц л байгаа биз дээ.
-Жүжигчин аугаа юу, найруулагч аугаа юу гэхээр найруулагч гэдэгтэй нь олон хүн санал нийлнэ. Тэд ертөнцийн аливаа юмсыг өөрийнхөөрөө тунгаасан үзэл бодолтой, жүжигчид болоод дүрийг нээдэг хүмүүс байдаг гэдэг. Харин танаас л найруулагч бол “боол, зарц” гэдэг үгийг анх удаагаа сонсч байна.
-Би тэр жүжигчнийг орилж чарлаад загнаад байгаа ч түүнийг буруу жүжиглэхээс л хамгаалж байгаа хэрэг. Яг үнэндээ жүжиг дуусахад тэд ёслоно. Жүжигчин л мундаг харагддаг биз дээ. Загнах бол өөр асуудал. Хүмүүс их олон янз. Зарим хүний шарыг малтаж, уурыг нь хүргэж байж дүр бүтээдэг хүн байна. Зарим жүжигчин бол тайзан дээр магтуулах их дуртай. Болохгүй байхад нь ч “үгүй, чи мөн алж өгч байна шүү” гэж хэлээд л тоглуулна. Тийм учраас найруулагч гэдэг нь өөрөө нэг хүн учраас олон хүнд таалагдах гэж маяглаж болохгүй. Эцсийн эцэст жүжиг л сайн гарах ёстой. Үүний төлөө л орилж чарлаж байгаа шүү дээ. Түүнээс биш өөрийгөө магтан дуулах гэж найруулагч чарладаггүй. Тийм бол найруулагч хийгээд хэрэггүй. Жүжигчид өөрсдөө аугаа хүмүүс байдаг. Хэн нь худлаа, үнэн загнаж байгааг мэднэ.
-Сайн жүжигчнийг найруулагч л төрүүлдэг гэдэг.
-Зохиолыг найруулагч сонгодог. “Дон Кихот” тавьлаа гэхэд тэр сонголтыг би хийж байгаа юм. Дараа нь энэ дүрд энэ л жүжигчин тоглоно гэдэг бүх л сонголтыг найруулагч хийнэ. Би бодож байна, би тэгж харж байна гэдэг хувь хүн байх хэрэгтэй. Тийм биш олонд таалагдсан найруулагч байвал түүнийг хэн ч таалахгүй.
-Жүжигчин хүн олон дүрд хувирдаг. Тэгвэл амьдралд хүний үзэл бодол хэр олон хувирдаг юм бол оо. Та энэ тухай юу гэж бодож байна?
-Хүний үзэл бодол өөрчлөгдөнө гэдэг их ховор. Өөрт нь ямар нэгэн цохилт ирмэгц хүний үзэл бодол өөрчлөгддөг. Манайхан капитализм байгуулж байна гэсэн мөртлөө мөнгөтэй хүнд их дургүй болчихсон. Гэтэл мөнгөтэй хүн гэдэг нь ажил хийдэг хүн байгаа шүү дээ. Бүх кино, жүжгийг хар л даа. Урьд нь муу байсан хүн жүжиг дуусахад өөр хүн болон хувирдаг биз дээ. Өөрчлөлтийг л драм гэдэг юм. Хэрвээ дүр өөрчлөгдөхгүй бол түүнийг драм гэж огт хэлэхгүй. Таны үзэл бодол өөрчлөгдөхийг л драм гээд байгаа юм шүү дээ. Муу зохиол гэж юуг хэлдэг гэж санана. Драмгүй зохиолыг л хэлдэг байхгүй юү.
-Би өөрчлөгдөөд хэн болох юм бэ…-
-У.Шекспирийн “Амьдрал бол театр” гэдэг үг санаанд орж байна. Театр гэдэг үгийг нь таны хэлснээр ойлговол амьдрал бол өөрчлөлт болж таарлаа.
-Тийм. Хэрвээ тогтмол ус шиг байвал утгагүй шүү дээ. Жишээлбэл таны бүтэн нэр хэн билээ?
-Одгэрэл
-Одгэрэл таны амьдралаар жүжиг найруулах болбол, таны торгон мөчийг л авч зохиолч зохиолоо бичнэ. Найруулагч найруулна. Бусад үед үргэлжилсэн таны амьдрал бол жамаараа л явна. Яг л таны амьдралын өөрчлөлт гарсан тэр мөчийг сайн бичиж, зөв найруулж, зөв тоглох нь чухал. Тэр жүжиг бол Одгэрэлийн өөрчлөлт байх болно. Өөрчлөлт, жүжиг гэдэг бол ерөөсөө ийм л зүйл. Урлагийг хэзээ ч сүртэй томоор ойлгох хэрэггүй дээ.
-Тэгвэл та өөрөө хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ?
-Би ерөөсөө өөрчлөгдөөгүй. Гэвч миний ажил онцлогтой. Би Чеховын жүжгийг найруулах болоход би огт өөр хүн болж өөрчлөлтөд ордог. Миний амьдрал өөрчлөгдөнө гэсэн үг биш. “Атга нөж” жүжгийг тавих болоход би баатар болж хувираад XIII зуунд очоод амьдарчихна. Тэгээд ажил дуусаад гэртээ очиход одоо тантай ярилцаад суух Баатар хэвээрээ. “Кармен хүүхэн” жүжгийг тавьж байхдаа би гитарын хурдан хэмнэлийг сонсоод би өөрөө тийм темпраменттэй болчихоод жүжигчиндээ “ хурдлаач, яагаад хөдөлж ядаад байгаа юм бэ, гитар дуугарч байна шүү дээ” гэж хэлж зогсох мөчид би өөрчлөгдсөн байсан байгаа биз дээ. Харин яг л чанддаа Баатар өөрчлөгдөж чадахгүй байгаа юм. Өөрчлөгдөөд би хэн болох юм бэ, жишээлбэл би эхнэртээ чи жаргалтай бүсгүй гэж хэлдэг юм. Би бусад эрчүүдтэй адил хуруундаа бөгж зүүж үзээгүй. Шүхэр, дипломат цүнх барьж үзээгүй. Би их хэмнэлттэй нөхөр байгаа биз дээ. /Инээв/ Би бас хэзээ ч зангиа зүүж үзээгүй. Хоолой боочихоод байгаа юм шиг санагддаг юм.
-Та бол найруулагч хүн. Жүжигчдэд жүжиглэхийг нь заадаг хүн. Амьдрал дээр та өөрөө жүжиглэх тохиолдол гардаг уу, бусдад таалагдахын тулд тийм шаардлага танд гарч байв уу?
-Тийм үе байдаг юм. Манай гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс маань намайг “та хүмүүст битгий ёдор зан гаргаад бай” гэж хэлдэг. Тэгээд л би олон хүмүүсийн дунд очно. Их дөлгөөн хүн болох гэж үзнэ шүү дээ. Гэхдээ нэг л мэдэхэд буцаад Баатартаа орчихсон байдаг. Дөлгөөн байх гэсэн нь нэг их удаан үргэлжлэхгүй. Нэг л мэдэхэд нөгөө тэнэгтдэгээрээ тэнэгтээд л зогсч байдаг. Хүний төрөлх чанар гэж байдаг. Миний хувьд тэр төрөлх чанар хэзээ ч засрахгүй юм билээ. Би хэзээ ч хүнд муу санадаггүй. Найруулагч хүн өөртөө хүнийг автуулж чаддаг байх ёстой. Худлаа автуулж болохгүй. Үнэнээсээ хүн автаж байвал надад нэг юм байнаа даа. Төрөлхийн нэг юм байна. Хэрвээ би худлаа яривал гучин минут л худлаа ярина. 31 дэх минутад нь баригдана даа.
-Таны бухимдлыг ихээр төрүүлдэг энэ нийгмийн ямар асуудал байдаг вэ?
-Би өдий наслахдаа нэг зүйлийг олж харсан нь монголчуудыг хэзээ ч хятадууд доромжилж байгаагүй. Монголчуудыг хэзээ ч гаднын хүн хорлож байгаагүй. Монголчууд монголоо л алдаг. Таван толгой, Оюу-толгой гээд л яриад байна. Монголчууд л бие биенээ алж байгаа юм. Би нэг удаа жүжгийн уралдааны шүүгчээр явж байхад нэг зохиол дээр бичсэнээр Өгөөдэй хаан болно гэж Чингисийг хэлэхэд Тулуй хоёр жил шахам хаан ширээнд суусан гэдэг. Өгөөдэй явсаар ирэхэд нь Тулуй ахдаа “Монголыг захирах шиг ял байдаггүй юм байна” гэж хэлсэн байдаг. Үргэлж л хоорондоо алалцаад байдаг. Гаднын 30-40 сая хүмүүсийг татвараа өг гээд өгөхгүй бол байлдаж очоод авчихдаг. Харин монгол хүнийг удирдана гэдэг бол там гэсэн байдаг. XIII зуунд Хятад 80 сая хүн амтай байсан гэдэг. Тэгвэл одоо хэд болсон билээ. Түүх судраас харж байхад Манжийн үед Монголыг манж дарлаагүй юм байна билээ. Манайхан Бээжинд очоод л нэг нэгнийгээ матаж байсан. Энэ бол мөнхийн сэдэв. Би үүнд л бачимдаж явдаг.
-Нээрэн л бие биенээ матдаг байдал бидний дунд одоо ч хаа сайгүй л байдаг шүү дээ.
-Монголчууд үүгээрээ тодорч байна. Цусанд нь байдаг. Дээр үед айлууд хоорондоо их хол зайтай буудаг шүү дээ. Цагаан сараар нэг уулзана. Уулзахаараа хэрэлдэнэ. Энэ бол монголчуудын мөнхийн сэдэв. Устгаж болдоггүй, хайрлаж болдоггүй их сонин ард түмэн шүү дээ. Түүхэн архивыг үз л дээ. Дандаа л монголчууд монголчуудаа матсан байдаг.. Аймар байгаа биз. Түүнийг нь гадныхан хараад танд нэг цол хэргэм өгчихдөг. Дараа нь надад нэгийг өгчихдөг. Та бид хоёр үргэлж нэг нэгнээ давах гэж үзэлцдэг. Түүнээс биш хэзээ ч монголчуудтай харийнхан дайтна гэж байгаагүй. Хятадуудыг бид муулаад байдаг ч хэзээ хятадууд Монголыг эзлэж байсан юм бэ. Үргэлж хоорондоо л байлдсан. Тиймээс бид маш аугаа ард түмэн. Нөгөө талаасаа маш тэнэг ард түмэн.
-Та ингэхэд аль нутгаас гаралтай хүн бэ?
-Би Улаанбаатарын хүн. Нэгдүгээр төрөхөд төрсөн. Би ч бие жаахан өвдвөл тэнд очиж карантны ус уугаад л болчих юм шиг байгаа юм. Сосорбарам Баянхонгорт очиж хөрвөөдөг юм гэсэн. Харин би бол тэгэхгүй. Энэ хавьд л байна даа.
-Эмэгтэйчүүдийг бодвол эр хүмүүс найзлаж, нөхөрлөж чаддаг хүмүүс гэлцдэг. Та ер нь хэр олон найзтай хүн бэ?
-Жаахан буруу сонсогдож магадгүй. Бүх хүн миний найз. Гэхдээ би ойртож чаддаггүй. Өөртөө ч ойртуулдаггүй. Зарим хүмүүс арван жилийн сургуулиасаа эхлээд найзласан үүрд миний найз гэж ярьдаг. Ингэх нь сайхан л байна. Харин би бол ярина, найзална, уулзвал зодолдоно. Хайрлавал хайрлана. Өвчин зовлон тохиолдвол туслана. Гэсэн мөртөө тэврэлдсэн найз байдаггүй. Та их сонин асуулт асуулаа. Нээрэн бодоход надад өвөр түрийдээ ороод, тэврэлдэж үнсдэг найз байдаггүй. Би тэгэхээр жаахан муу хүн байх.
-Найз нөхөд хоорондоо ижил төстэй олон зүйлээрээ санаа,сэтгэл нийлдэг. Магадгүй таны үзэл бодол, таны сонирхолтой адилхан хүнийг та хайгаад, тань шиг хүмүүс ховорхон байдаг юм болов уу?
-Магадгүй. Учир нь миний нэг том дутагдал бол бүх хүнийг өөр шигээ байлгах гээд байдаг талтай. Эсвэл нэг идеалны алдаа, дутагдалгүй хүн хайгаад байдаг юм шиг байгаа юм. Сайхан найзлаж байтал тэр хүн гэнэт дургүй хүрмээр харагддаг. Зүгээр байж байгаад мөнгө харахаараа нүд нь хачин болоод ирмэгц л би ” зайл чи” гээд хэлчихдэг. Эргээд харахад би ч гэсэн сайхан хүн биш. Надтай удаан найз байж болохгүй ёдор аашнаас авахуулаад янз бүрийн зүйл байдаг байх. Тиймээс надад таны асуулт шиг сонгодог найз байхгүй. Гэсэн мөртлөө найз надад олон бий. Саяхан намайг бие муудаад эхлэхэд эхнээсээ гүйгээд л ирж байна. Хэдэн талаас яг л зөгий шиг шаваад л,тэгэхээр би бас найз нөхөдгүй биш. Гэхдээ би янаг найз биш. /инээв/
-Хүн ярьж байгаагийнхаа яг эсрэг мөн чанарт байдаг-
-Шударга хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?
-Эх орон гэдэг үгийг дотроо хадгалахтай адилхан. Хайртай, хайртай гэж ярих ч цаанаа хайргүй л байдаг шүү дээ. Үүнтэй адил шударга зүйл цаанаасаа илэрдэг. Шударга байна, ил тод ярина гэх шиг худлаа зүйл байхгүй. Хүн ярьж байгаагийнхаа яг эсрэг мөн чанарт байдаг. Эх орондоо хайртай даа гэж ярих хүмүүс, ээ дээ мөн худлаа даа.
-Та гавьяат цол тэмдгийг авалгүй буцаасан хүн. Гавьяа шагналд дүргүй хүн үү?
-Гавьяа шагналд дургүй гэж мушгиж болохгүй. Буцаах болсон шалтгаан маань Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед нэг өдөр 21 хүнд гавьяат цолыг өгсөн. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн тухайн үедээ шагнал авах явдлыг таашааж байгаагүй мөртлөө хэчнээн хүн шагнав…
Арын хаалгаар худлаа авч байгаа шагналыг би үзэн ядсан болохоос биш би төрийн өгсөн шагналыг буцаах эрхгүй. Яг үнэндээ хараарай. Нэг орилоод л гаргаад ирэхэд Монголд тэмдэггүй хүн байна уу. Улс нь хөгжихгүй мөртлөө шагналтнууд олширохоор утгагүй болж хувирна. Ерөнхийлөгч нь өөрөө тэр цолыг энгэрт зүүж өгөхгүйгээр Засаг дарга болон бусад хүмүүсээр тэр шагналыг нь өгүүлэхээр түүнд ямар хүндлэл байгаа юм бэ. Доромжлол шүү дээ.
-Шагнал ч мөн нандин зүйлийн нэг байх.
-Хүн чанараа алдахад хүргэдэг зүйл болсон. Хүн чанараа алдахад явдаг, ярьдаг, хоол иддэг л амьтан болж хувирна шүү дээ. Хайрлах зүйл байхгүй болно. Намайг энэ шагналыг буцаахад олон хүн хэлж байсан гэвч миний шижиг хүрч байсан. Та бод доо. Дөрвөн дуу дуулаад нэг даргын сонгуулийн ажилд явчихаад гавьяат авсан хүмүүсийг надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ.
-Ингэхэд хамгийн сайхан үг гэж ямар үгийг хэлэх бол, та бас тэр сайхан үгээ хэлж болно.
-Хамгийн сайхан үг хүний дотор л байна. Тиймээс хамгийн сайхан үг гэдэг бол чимээгүй байхыг хэлнэ.
-Ингэхэд таны өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл хэзээ, юунаас анхлан бий болсон гэж та боддог вэ?
-Би эмээ, өвөө хоёр дээрээ өссөн хүүхэд. Эмээ маань цэвэрлэгч, өвөө маань жижүүр хүн байсан. Нэгэн удаа гудамжинд эмээ маань хогоо шүүрдэж байтал нэг дарга хажуугаар нь явахдаа хогоо хаяхыг нь хараад би “новш минь хогоо ав” гээд л хэлчихсэн. Эмээ маань “хүүе, миний хүү том даргын өөдөөс ингэж хэлж болдоггүй юм” гэж билээ. Харин өнөөх дарга нь намайг ихэд өхөөрдөж байсныг одоо ч санадаг юм. Ихэд ажилласаг, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Надад олон юм хэлж сургаж байгаагүй ч тэр хоёр хүний дэргэдээс л үзэл бодол маань бий болсон байх даа.
Э.ОДГЭРЭЛ
Эх сурвалж: www.eagle.mn