Амбагай хаан модон илжигэнд
Амьдаараа хадуулж байхдаа харамласан
Газар шороо
Есүхэй эцэг өстний хоронд
Ертөнцөөс халихдаа шивнэж үлдээсэн
Газар шороо
Жамух андын андгайдаа үнэнч
Цусан дотроо хадгалж хальсан
Газар шороо
Чингүнжав зоосны нүхээр махаа
Цувиулж хайчаар хяргуулахдаа өмөөрсөн
Газар шороо
Чин ван хүүгийнхээ хуйхалсан толгойг
Царанд тосож авахдаа тангарагласан
Газар шороо
Манлайбаатар шоронд зогсоо нөгчөхдөө
Зүрхээ хөвчилж зорилгоо болгосон
Газар шороо
Дэ ван дээлтэйгээ хатаж амьдрахдаа
Дээс татаж хуваагдахад харамссан
Газар шороо
Эзэн Чингис хаан эвлүүлж зангидсан
Эх орон
Үе үеийн баатрууд үхэж хамгаалсан
Эх орон
Зорьсон шувууд үүрээ засч өндөглөсөн
Зоргоор хулан зоогоо тэнийлгэж хөрвөөсөн
Жаахан ангаахай цэлмэг тэнгэрт жигүүрлэсэн
Замагтай голуудад загас жараахай цэнгэсэн
Өргөн талууд үдийн наранд дунайртсан
Өндөр уулсууд өвгөдийн хөшөөгөөр тамгалагдсан
Өтгөс буурлууд үлгэр хуучилж налайсан
Өсгөлүүн унага наадам зүүдэлж өндөлзсөн
Үеийн залуус өлчрөө гайхуулж барилдсан
Үзэсгэлэнтэй охидууд царайгаа тольдоод мишээсэн
Шандаст хүлгүүд самсаагаа тачигнуулж янцгаасан
Шөрмөслөг эрчүүд шүүдэр үсчүүлж давхилдсан
Саалийн хувин сүүгээр дүүрч цалигсан
Сайхан бүсгүйчүүд цайгаа чанаад хүлээсэн
Аргал, янгир асга дамжин аарцагласан
Аяны шувууд алжаал тайлж амарсан
Аянчин гийчид амаа ангайн гайхсан
Ашид амгалан амьнаас үнэтэй эх орон
Сарны туяанд санаа алдуулж зүүдлэгдсэн
Саруул ухаантан онгод ороод шүлэглэсэн
Өглөөний сэрүүнд өвс хийсгэн дарцагласан
Өндөр тэнгэрт болжмор дагаж жиргэсэн
Өнгийн цэцэгс үзэмж төгөлдөр алагласан
Үнэр тансаг агаар анхилж сэнгэнэсэн
Үнэт эрдэнэсээс үнэтэй эх орон
Амбагай хаан модон илжигэнд
Амьдаараа хадуулж байхдаа харамласан
Газар шороо
Есүхэй эцэг өстний хоронд
Ертөнцөөс халихдаа шивнэж үлдээсэн
Газар шороо
Жамух андын андгайдаа үнэнч
Цусан дотроо хадгалж хальсан
Газар шороо
Чингүнжав зоосны нүхээр махаа
Цувиулж хайчаар хяргуулахдаа өмөөрсөн
Газар шороо
Чин ван хүүгийнхээ хуйхалсан толгойг
Царанд тосож авахдаа тангарагласан
Газар шороо
Манлайбаатар шоронд зогсоо нөгчөхдөө
Зүрхээ хөвчилж зорилгоо болгосон
Газар шороо
Дэ ван дээлтэйгээ хатаж амьдрахдаа
Дээс татаж хуваагдахад харамссан
Газар шороо
Эзэн Чингис хаан эвлүүлж зангидсан
Эх орон
Үе үеийн баатрууд үхэж хамгаалсан
Эх орон
Зоосон нүдтэй харийнхан олз хайсан
Золбин ноход шиг тэнүүчилж холхисон
Зогссон газрын хөрсөө ухаж төнхсөн
Зогсоох төр хүчгүй зоргоороо зоолсон
Орхон голоос тороор загас шүүсэн
Олсон загасаа тосонд шарж болгосон
Олз хайж тэд зарж мөнгөжсөн
Олон мөнгөөрөө ор дэр зассан
Охид хүүхнүүдийг өвөртөлж үрээ цацсан
Хотны нохой хээрийн чонотой ханьссан
Хоноцын сэтгэхүйгээр хонин сүрэгт халдсан
Хонгоны махыг ховхой шулж сүйтгэсэн
Хоймортоо дээдэлж ууц таллуулж ёс алдсан
Өрөөлийн зочдод үүдээ дэлгэж бөхөлзсөн
Өөрийн борчуулд өөдөөс хаалгаа савсан
Өшөө санаж өвгөдийн булшийг онгичсон
Өнөөгийн түшмэдийн үнэн төрх гийсэн
Тогоо шанагаа харь хүнээр бариулсан
Төмс ногоогоо хил давж зөөсөн
Хоол хүнсэндээ хайш яйш хандсан
Хорт хавдраар хорвоог орхин одоцгоосон
Газар шороо минь бохирдож байна
Охид хүүхнүүд минь бузартаж байна
Эр эмгүй эх захгүй архидаж байна
Ирээдүй хойч үтрээндээ үхэж байна
Уух ус минь цэвэр байг
Уушиглах агаар минь цэнгэг байг
Идэх хоол минь эрүүл байг
Эдлэх өв минь онгоноороо байг
Ариун дагшин гол мөрөн минь
Рашаан булгийн хүйтэн усаараа
Хорхой идсэн шүдийг нь хага таш
Хомхой долоосон ходоодыг нь цоо цохь
Номхон эрчүүд минь догшир, догшир
Өвөг дээдсийн минь сүнс өндөлз, өндөлз
Үхлээс үнэтэй газар шороо шилгээ, шилгээ
Мөнх тэнгэр минь мэдтүгэй , мэдүүлтүгэй, мэдэрүүлтүгэй
Амбагай хаан модон илжигэнд
Амьдаараа хадуулж байхдаа харамласан
Газар шороо
Есүхэй эцэг өстний хоронд
Ертөнцөөс халихдаа шивнэж үлдээсэн
Газар шороо
Жамух андын андгайдаа үнэнч
Цусан дотроо хадгалж хальсан
Газар шороо
Чингүнжав зоосны нүхээр махаа
Цувиулж хайчаар хяргуулахдаа өмөөрсөн
Газар шороо
Чин ван хүүгийнхээ хуйхалсан толгойг
Царанд тосож авахдаа тангарагласан
Газар шороо
Манлайбаатар шоронд зогсоо нөгчөхдөө
Зүрхээ хөвчилж зорилгоо болгосон
Газар шороо
Дэ ван дээлтэйгээ хатаж амьдрахдаа
Дээс татаж хуваагдахад харамссан
Газар шороо
Эзэн Чингис хаан эвлүүлж зангидсан
Эх орон
Үе үеийн баатрууд үхэж хамгаалсан
Эх орон
www.URLAG.mn