Монголын уламжлалт урлаг, соёлын өвийг орчин үеийн тайзны нэг хэлээр шинээр илэрхийлэх “Аясахуй” тоглолт 2026 оны долдугаар сарын 7-ны өдөр 18:00 цагт Чойжин ламын сүм музейн задгай талбайд болно.
Тус тоглолтоор монголын шашин, соёлын үнэт өв болох “Хүрээ Цам-108”-ын сүр жавхлант дүрүүд, тайзны өвөрмөц шийдлийг үндэсний хөгжим, сонгодог урлагтай хослуулан үзэгчдэд хүргэнэ.
Ятгын намуухан эгшиг, төгөлдөр хуурын уянгат аялгуу, цамын бэлгэдэлт хөдөлгөөн нэгдэн үзэгчдэд монголын өв соёлыг шинэ өнгө төрхөөр мэдрүүлэх юм.
Тоглолтод төгөлдөр хуурч Г.Сэлэнгэ, МУСТА, ятгач Г.Солонго нар хамтран оролцож, үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн шилдэг бүтээлүүдийг толилуулна. Мөн Монголын соёлын өвийг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч Нацагийн Ганхуягийн санаачлан бүтээсэн “Хүрээ Цам-108” үзэсгэлэн тоглолтын онцлох хэсэг байх болно.
Үзэгчид “Торгоны хээ”, “Алсын газрын зэрэглээ”, “Сэтгэлийн эгшиг”, “Үлэмжийн чанар”, “Жалам хар”, “Монголын их амар амгалан” зэрэг үндэсний бүтээлүүдээс гадна “Claude Debussy“-ийн “Arabesque“, “La La Land“, “Summer Breeze“ зэрэг дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийн бүтээлүүдийг нэгэн үдэш сонсох боломжтой.
Өнгөрсөн ба одоо цагийг холбож, уламжлал ба шинэчлэлийг нэгэн тайзнаа уулзуулсан “Аясахуй” тоглолт нь монголын соёлын өвийг шинэ өнцгөөс мэдрүүлэх онцгой урлагийн бүтээл болох юм.
Тоглолтын мэдээлэл
- Тоглолтын нэр: Аясахуй
- Хэзээ: 2026 оны 7 дугаар сарын 7
- Цаг: 18:00–23:00
- Хаана: Чойжин ламын сүм музей
- Зохион байгуулагч: “Ай Лаб Эвэнтс” ХХК
- Холбоо барих: 9402-0808, 9480-1212

