Монгол улсад анх удаагаа Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU)ныУдирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо 2014 оны 8 дугаар сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулагдаж эхлэв. Хурлын бэлтгэл үйл ажиллагааг ОУОСХ-ны албан ёсны гишүүн Монголын оюутны спортын холбоо хариуцсан ажээ.
Энэхүү хуралд оролцохоор ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын зэрэг хүндэт зочид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн байна.
Хурлаар олон улсын оюутны спортын стратеги, бодлого үйл ажиллагааны асуудал, зохиогдсон наадам, тэмцээнүүд ялангуяа ирэх 2015 оны Универсиад наадмуудын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын ажиллагаа, холбооны санхүүгийн асуудал, ХЭГ-ын үйл ажиллагаа, тулгарч байгаа асуудыг шийдвэрлэх арга зам, дараагийн Гүйцэтгэх хорооны хэлэлцэх ажил, түүний дараалал зэрэг олон талт асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын нээлтийн ёслолын ажиллагаа 8 сарын 26 нд болж УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцон үг хэллээ. Тэрээр олон улсын спортын холбоодуудаас анх түрүүнд дээд байгууллагынхаа хурлыг Монголд оронд хийж байгаад гүн талархал илэрхийлэв. Энэ хурал бол Монголын спортын гадаад харилцаа өргөжин тэлж байгаагийн нэгэн тод жишээ болж байна. Олон улсын оюутны спортын холбоо нь дэлхийн дахинд албан бусаар “Бага олимпийн наадам” гэгддэг Универсиадыг эрхлэн явуулдаг спортын томоохон, нэр хүндтэй байгууллага болохыг тэрээр цохон тэмдэглэв.
Монгол улс дэлхийн оюутны спортын “Универсиад-2033” наадмыг өөрийн эх орондоо хүлээн авч явуулахаар хүсэлттэй байгааг тэр дурдсан. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2040 онд Улаанбаатар хотноо зуны Олимпийн наадам зохион байгуулах тухай уриалга гаргасан ба энэ хүрээнд “Универсиад” ыг зайлшгүй хийх шаардлагатай болсон юм. Иймд Монголын спортын удирдлага болон боловсролын төв байгууллага, хотын захиргаа нь ОУОСХолбоо, Универсиадыг зохион байгуулагч нартай Удирдах зөвлөлийн хурлын үеэр уулзан эртнээс хамтран ажиллах, туршлага судлах, наадамд бэлтгэх, хэтийн зорилго, төлөвлөлтөө тогтоон ажиллах саналтай байгаа ажээ. Түүнчлэн орйын ирээдүйд Улаанбаатар хотноо зарим төрлөөр оюутны ДАШТэмцээн, Азийн оюутны спортын наадам, аварга шалгаруулах тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулах ба 2016 онд байт харвааны дэлхийн оюутны аваргын тэмцээнийг Улаанбаатар хотноо явуулах эрхийг авсан байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нь ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльен тэргүүтэй зочидыг хүлээн авч Универсиад-33 наадмын хүрээний асуудлаар ярилцахаар болжээ.
Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны Универсиадыг зохион байгуулж “шалгалтаа өгөөд” дараа нь олимпийн наадам явуулах эрхээ авдаг тогтсон жишигтэй гэнэ. Хөрш хоёр орны тухайд гэхэд: Орос улс 1973 онд Москва хотноо зуны Универсиадыг явуулан 1980 онд зуны олимпийн эрхийг авч зохиосон бол БНХАУ нь 2001 онд Бээжин хотноо оюутны Универсиадыг явуулан 2008 онд зуны Олимпийн наадмыг амжилттай хийж байжээ. Тиймээс дэлхийн оюутны “Универсиад” нь олимпийн наадмыг зохиох хотын хувьд томоохон сорилт, шалгалт болж, олон улсын спортын хамтын нийгэмлэгийн өмнө олимпийн наадмыг явуулж чадах бэлтгэлтэй болохыг харуулан, итгэлийг дэлхий нийтэд төрүүлдэг арга хэмжээ юм. Ийнхүү Монголчууд ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо хуралдахтай зэрэгцэн 2033 оны Универсиадын бэлтгэл ажлаа хангаж эхлэсэн гэж хэлэхэд болно.
ОУОСХолбоо нь 1949 онд байгуулагдаж, дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хойш зохион байгуулан 200 орчим орны 12,500 оюутан залуучуудыг оролцуулдаг, оюутны ДАШТэмцээнийг 2 жилд нэг удаа спортын 30 төрлөөр явуулан 100 орны 6000 оюутан тамирчидыг хамруулдаг олон улсын спортын нөлөө бүх том байгууллага юм. ОУОСХолбооны төв нь Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо тус тус байрладаг.
ОУОСХолбоонд Монголын Оюутны спортын холбоо улсаа төлөөлөн гишүүнээр ажилладаг бөгөөд Монголын иргэн Д.Баясгалан 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш 8 дах жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Монголын оюутан залуучууд 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын IVдүгээр Универсиадад наадмаас эхлэн баг тамирчидаа оролцуулснаас хойш 50 жилийн хугацаанд энэ 2 байгууллага харилцан, хамтран ажиллажээ. Монголын оюутан тамирчид одоогоор дэлхийн оюутны спортын зуны 18, өвлийн 11 Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр 5-10 төрөлд баг тамирчидаа тогтмол амжилттай оролцуулж байна. Ийнхүү Универсиад наадмаас Монголчууд алт 9, мөнгө 13, хүрэл 23 нийт 45 медаль, оюутны ДАШТ- нээс алт 21, мөнгө 10, хүрэл 28 нийтдээ 59 медаль хүртсэн билээ.