Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Дэмидийн Хишигт таалал төгслөө
Кино

Найруулагч Дэмидийн Хишигт таалал төгслөө

Урлаг Урлаг08/07/2026Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМГЭНЭЛ

Дэмидийн ХИШИГТ /1931–2026/

Соёл Урлагийн Их Сургуулийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн ахмад багш, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор, “Анхны бүтээл” олон улсын оюутны наадмын Хүндэт ерөнхийлөгч, Монголын кино, телевизийн урлагийн нэрт найруулагч, сурган хүмүүжүүлэгч Дэмидийн Хишигт 2026 оны долдугаар сарын 6-ны өдөр таалал төгсөж, Монголын соёл, урлаг, боловсролын салбарт хүнд гарз тохиолоо.

Д.Хишигт багш маань 95 насыг хүрч, амьдралынхаа бүхий л он жилүүдийг театр, кино, телевизийн урлагийн хөгжилд зориулж, энэ салбарын хүний нөөцийг бэлдэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн билээ.

Дэмидийн Хишигт 1931 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төржээ. 1947–1950 онд Урлагийн сургуульд жүжигчний мэргэжил эзэмшиж, 1957–1959 онд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд найруулагчийн мэргэжлээр суралцан, 1966–1967 онд ЗХУ-ын Төв телевизэд мэргэжил дээшлүүлж, 1975 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг төгссөн.

1950 онд Улсын хөгжимт драмын театрт жүжигчнээр, дараа жил нь Улсын Хүүхдийн төв театр байгуулагдахад анхны уран бүтээлчдийн нэгээр ажилласан тэрээр Д.Намдаг, Ч.Лодойдамба нарын “Нэг ангийхан”, Л.Ванганы “Эмч нар”, “Цагаан хүзүүт майга бор”, “Урагшлах замд”, Д.Пүрэвдоржийн “Зоригтын зориг” зэрэг үндэсний жүжиг, мөн “Үнэт үр”, “Би гэртээ харихсан”, “Цасан хүү”, “Воровьевын ууланд”, “Санасан ёсоор бүтэх болтугай” зэрэг гадаадын жүжиг, “Цэргийн хүү” “Шинэ жил”, “Манай аялгуу” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ.

1956 онд найруулагчийн уран бүтээлийн замналаа эхлүүлж, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч, улмаар 1959 онд Хөвсгөл аймгийн Соёлын ордны ерөнхий найруулагчаар ажиллахдаа Б.Бат-Очирын “Нууц товч”, А.Штейний “Хувийн хэрэг”, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой” дуурь, К.Жактошивийн “Алтан ай”, Р.Сандагжавын “Гэнэн сэтгэл” зэрэг бүтээлийг найруулжээ. Эдгээр он жилүүдэд тэрээр орон нутгийн театрын урын санг баяжуулж, уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэхэд манлайлан ажиллаж, Монголын орон нутгийн театрын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан юм.

1960-1966 онд Дэмидийн Хишигт Монгол кино үйлдвэрт ассистент найруулагч, найруулагчаар, 1967-1991 онд Монгол телевиз, Телекино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж, Монголын кино, телевизийн урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ. Монгол кино үйлдвэрт ажиллах хугацаандаа найруулагч Р.Доржпаламын “Салхины амт”, БНАГУ-тай хамтарсан “Алтан өргөө” уран сайхны кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаж, “Баясгалан” (1961), “Тус биш ус” (1964), “Кино мэдээ”, “Киевийн охин”, “Хойч үеийнхэн” зэрэг бүтээлийг найруулан, “Монголын төмөр зам”, “Бүхнийг ялалтад”, “Монголын барилга, барилгын урлал” зэрэг баримтат кино бүтээж, анхны кино зохиол болох “Нөмрөг хадны цуурай”-гаа туурвижээ.

Монгол телевизийн мэргэжлийн анхны уран бүтээлчид, анхны найруулагчдын нэгийн хувьд “С.М.Эйзенштейн”, “И.Хейфиц”, “Э.Рязанов” зэрэг теле хөрөг, “Цэнхэр дэлгэц”, “Баярын мишээл”, “АСК”, “Изучайте русский язык” зэрэг танин мэдэхүйн цуврал нэвтрүүлгийг санаачлан найруулж, Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монголын үзэгчдэд шууд дамжуулан хүргэсэн томоохон телевизийн бүтээлийг найруулсан юм. Мөн “Кино, телевиз”, “Соёл урлаг”, “Залуучууд, спорт” зэрэг редакцын нэвтрүүлгийг хөгжүүлэхэд манлайлан оролцож, Монгол телевизийн уран бүтээлийн бодлого, мэргэжлийн найруулгын арга барил төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэжээ. 1970-аад оны дунд үе гэхэд тэрээр баримтат, уран сайхны болон хүүхэлдэйн киноны төрөлд олон арван бүтээл туурвисан байна. Түүний “Монгол үнэн”, “Эртний монгол нутаг”, “Өргөн алаг Шишгэд”, “Үзэсгэлэнт нутаг Хорго” зэрэг 80 гаруй баримтат кино, эрийн гурван наадмын сэдэвт “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, мөн “Эрх цагаан”, “Тус” зэрэг хүүхэлдэйн кино нь Монголын кино урлагийн алтан санд мөнхөрсөн сор бүтээлүүдийн нэг болсон юм. Ялангуяа монголын кино урлагийн сонгодог бүтээлүүдийн эгнээнд зүй ёсоор багтдаг, үндэсний бөхийн ёс уламжлал, хурдан морины соёл, үндэсний сурын харваа, монгол хүний ахуй, ёс заншлыг уран сайхны өндөр түвшинд мөнхөлсөн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кинонууд нь түүний уран бүтээлийн оргил бүтээлүүдийн нэг болж, үндэсний дэлгэцийн урлагийн үнэт өв болон үлдлээ.

Түүний уран бүтээл олон улсад өндрөөр үнэлэгдэж, “Нэгдлийн намар” (1972), Германтай хамтран бүтээсэн “Говь” (1975) баримтат кинонууд БНАГУ-ын Лейпцигийн Олон улсын баримтат киноны наадмаас Хүндэт диплом хүртсэн бол, “Туулсан зам” (1981) Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд II байр, ЗХУ-ын Төв телевизийн “Солонго” олон улсын их наадмаас “Монгол хөөмий” (1983), “Ингэн эгшиг” (1987), “Дэмбээ маньдаа хө” (1991) бүтээлүүдээрээ тэргүүн шагнал хүртжээ. Мөн 2000 онд ОХУ-д болсон хүүхдийн киноны олон улсын наадмаас “Өнчин ишигний дууль” киногоороо тэргүүн шагнал хүртсэн нь Монголын кино, телевизийн урлагийг олон улсын тавцанд таниулахад оруулсан түүний гавьяаны тод илэрхийлэл болсон юм.

2004 оноос Дэмидийн Хишигтийн уран бүтээлийн замнал ирээдүйн кино, телевизийн найруулагчдыг сурган бэлтгэх эрхэм үйлстэй салшгүй холбогдсон юм. Тэрээр Соёл Урлагийн Их Сургуулийн Кино, телевиз, медиа урлагийн сургуульд уран чадварын болон зөвлөх багшаар ажиллаж, арвин мэдлэг, бүтээлч туршлагаа олон үеийн шавь нартаа өвлүүлэн, Монголын дэлгэцийн урлагийн залгамж халааг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн мөч хүртэл уран бүтээл, эрдэм судлалын ажлаа тасралтгүй үргэлжлүүлж өөрийн хамтран санаачилж, зохион байгуулсан Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” олон улсын оюутны наадмын Хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж, шавь нартаа мэргэжлийн зөвлөгөө өгч, сургуулийнхаа эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байлаа. Түүнчлэн “Зурагт зулын хойморт заларсан нь” бүтээлийг М.Чойжил, Б.Дожоодорж нартай хамтран туурвиж, “Дамжуулах үг” (2011), “Гарьд магнай” (2014) бүтээлүүдийг хэвлүүлэн, кино, телевизийн найруулагч бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, цаг үеийн шаардлагад нийцүүлэн удаа дараа шинэчилсэн нь түүнийг авьяаслаг уран бүтээлч төдийгүй алсын хараатай сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэнэ.

Дэмидийн Хишигтийн олон арван жилийн хөдөлмөр, бүтээлч үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1956 онд Засгийн газрын Хүндэт үнэмлэх, 1971, 1977 онуудад Хөдөлмөрийн хүндэт медаль, 1986 онд Алтан гадас одон, 1991 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор шагнаж, 2017 онд СУИС-ийн Хүндэт профессор цол хүртээсэн билээ.

Монголын кино, телевизийн урлагийн нэрт найруулагч, эрхэм сурган хүмүүжүүлэгч Дэмидийн Хишигт нь хот, хөдөөгийн соёл, урлагийн байгууллагын хөгжил, дэд бүтцийг бэхжүүлэх, эх орныхоо соёл, урлаг, түүх, байгалийн өвийг дэлгэцийн бүтээлээр баримтжуулан мөнхжүүлэх, залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэх, үе үеийн уран бүтээлчдийн залгамж холбоог бэхжүүлэх үйлсэд үнэтэй өв үлдээсэн эрхэм хүн байлаа.

Багшийн маань эгэл даруу зан чанар, инээмсэглэл, өргөн мэдлэг, шавь нартаа харамгүй түгээдэг их ухаан, бүтээлч авьяас билиг Монголын кино, телевизийн урлагийн түүхэнд төдийгүй гэр бүл, олон үеийн шавь, хамтран зүтгэгч, анд нөхдийнх нь зүрх сэтгэлд үүрд мөнхөд гэрэлтэн дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл садан, шавь нар, хамтран зүтгэгчид, анд нөхдөд нь Соёл Урлагийн Их Сургууль, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн эрдмийн хамт олон, “Анхны бүтээл” олон улсын оюутны наадмын зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Соёл урлагийн их сургуулийн эрдмийн хамт олон

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

08/07/2026
Кино Урлаг

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

08/07/2026
Кино Урлаг

“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

07/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

08/07/2026

Наадмын нээлт, хаалтыг Төв талбайн LED дэлгэцээр болон YouTube сувгаар шууд дамжуулна

08/07/2026

Найруулагч Дэмидийн Хишигт таалал төгслөө

08/07/2026

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн

08/07/2026

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.