-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээл өндөр үү? Сүүлийн үед олон жүжигт тоглоод зав муутай байгаа байх?
-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Хамгийн сүүлд “Тэнгэрийн аялгуу” гээд бүүвэйн дууны домгоор хийсэн сайхан зохиолыг жүжиг болгож тавилаа. Энэ миний мөрөөдөл байсан. Мөн өнгөрсөн жилийн яг өдийд “Едит Пиаф” гээд ганц хүний жүжиг тавьж байлаа. Францын бэлгэ тэмдэг болсон алдарт дуучин бүсгүйн амьдрал, уран бүтээлээр түүний хайр сэтгэл, уналт, сэргэлт гээд бүхий л зүйлийг нь багтаасан мюзикл жүжиг тоглосон. Түүнээс хойш үндэсний урлаг, хэв шинж, ухагдахууныг харуулсан нэг бүтээлтэй болъё гэж бодох болсон л доо. Гадаадад тоглоход манай ардын урлаг маш ихээр гайхагддаг шүү дээ. Иймээс энэ домгоор жүжиг бичиж өгөөч ээ гэсэн хүсэлтийг зохиолч Галааридад тавьснаар биелэлээ олж “Тэнгэрийн аялгуу” жүжиг маань маш амжилттай тавигдлаа.
-Энэ жүжигт “Эсрэг дурлал” жүжгийн уран бүтээлчдээс нэлээд олон хүн оролцжээ?
-Тийм ээ. Зохиолч, хөгжмийн зохиолч хоёр маань надтай хамтарч ажилласан. Хөгжмийн зохиолч, “Морин хуур” чуулгын удирдаач Д.Түвшинсайханы хувьд өнгөрсөн жилийн усны өдрөөр тоглогдсон уран бүтээл нь надад их таалагдаж, тэр үед би “Энэ ая дээр чинь ажиллаж, уран бүтээлдээ хэрэглэж болох уу” гэсэн саналыг хэлж байсан юм. Найруулагчаар нь харин яг одоо дэлгэцнээ гарч буй "Анирлагч" киног найруулсан залуу найруулагч Д.Сангибат зураачаар Ц.Энхтуяа эгч ажилласан. Энэ жүжиг маань эхнээсээ дуустал бүрэн хэмжээний мюзикл маягийн маш уянгалаг сайхан дуунуудыг Д.Түвшинсайхан маань надад зохиож өгсөн л дөө. Харин хөдөлгөөний найруулагчаар Даваахүү гээд бүжигчин залуу ажилласан байгаа. Менежерээр байнга хамтарч ажилладаг Нямсүрэн гээд найз маань, тайзны конструктор зураачаар манай театрын зураач Батбилэг эгч ажилласан. Ер нь бол жүжиг тоглоход маш олон хүн оролцон тоглодог. Манай жүжиг харин моно жүжиг гэдэг утгаараа харьцангуй цөөхөн баг бүрэлдэхүүн оролцсон. Иймээс бид нар энэ уран бүтээлээ аваад монголоо сурталчлан гадны орнуудаар явахаар Соёл спорт аялал жуулчлалын яаманд хүсэлтээ өгөхөд маш сайхан дэмжсэн. Мөн Соёл, спорт урлагийг дэмжих сан, УДЭТ-ынхандаа баярласан талархсанаа илэрхийлэх хэрэгтэй байх.
-Энэ жүжгээрээ ард түмэнд ямар мессэж, хандлагыг өгөхийг хүссэн бэ?
-Энэ жүжгийнхээ агуулга санаанд их сэтгэл хангалуун байгаа. Би анх Мөнхдорж найруулагчийн тавьсан “Шар тэнгисийн тарчлаан” жүжигт Сарнай гээд гол дүрд нь тоглож байсан. Үүнээс би “бид эх дэлхийгээ ижий шигээ хайрлах, хамгаалах хэрэгтэй юм байна. Ус гэдэг чинь үнэхээр чандмань эрдэнэ юм байна. Дусал ус бидэнд амьдрах ямар их эрч хүчийг өгч чаддаг билээ” гээд олон зүйлийг ойлгож мэдэрч байсан. Тийм болохоор хүмүүст, хүүхдүүдэд байгаль дэлхийн нэг ширхэг чулуу, нэг ширхэг өвсийг ч гэсэн хайрлаж хамгаалах хэрэгтэй гэдгийг ойлгож ухаараасай гэдэг үүднээс энэ жүжгийн тавилаа. Энэ л миний мөрөөдөж явсан утга санаа байсан болохоор мөрөөдөл минь биелсэнд их баяртай байгаа.
-Жүжигчин хүний бас нэгэн мөрөөдөл түүхэн кинонд томоохон дүр бүтээх байдаг гэлцдэг. Таны хувьд “Ану хатан” жүжигт гол дүрийг бүтээсэн гэхээр бас нэгэн мөрөөдөл тань биелсэн байх?
-/Инээв/Ер нь миний мөрөөдөл биелээд л яваад байгаа. Мэдээж эмэгтэй жүжигчин бүр л хатны дүрд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд үзэгчдэдээ намайг Ану хатнаар хүлээж авдаг болоосой гэдэг үүднээс анх энэ зохиолыг жүжиг болгох саналыг тавьж ивээн тэтгэлгийг нь хөөцөлдөж эхэлсэн. Цааш зохиолчтойгоо хамтраад кино болгохоор хэсэг хугацаанд нэлээд явсан ч замын дундаас арчигдсан. Сүүлдээ ээжийнх нь дүрд тоглооч гэсэн санал тавихаар нь би татгалзаад больсон л доо. Ядаж тайзныхаа Ану хатнаар үлдье дээ гэж бодоод гараад явсан. Хэдийгээр түүхэн жүжигт тоглосон ч гэсэн миний кинонд тоглох гэсэн мөрөөдөл биелэлээ олоогүй. Тухайн үед энэ моно жүжиг гэдгийг мэддэг ч үгүй явсан. Аз болж Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс олон сайхан зохиолуудыг орчуулж нэг хүний жүжгийн төрөл зүйлийг оруулж ирэн жүжигчдэд санал тавьсан юм. Эндээс би “Эдит Пиаф”-ыг сонгож авч өөрийн гэсэн жүжигтэй болсон доо.
-Та дуулалт жүжиг мюзиклээрээ олны анхаарлыг татаад байгаа. Та мэргэжлийн дуучин уу?
-Үгүй ээ. Дуулах гэдэг миний бусдаас ялгарах арай дөнгүүр чадвар юм болов уу. Энэ чадвар дээрээ тулгуурлаад л хүмүүсийн урмаар уран бүтээлээ хийж явна. Жүжгийн дундуур дуу дуулахаар арай илүү наалдацтай, сонирхолтой байдаг. Ялангуяа нэг хүний жүжиг дээр бүтэн цагийн турш яриад л байвал уйтгартай шүү дээ. Өмнө нь бас дуулалт жүжгүүдэд дуулж байсан маань түлхэц болсон байх.
-Моно жүжгийн давуу тал, онцлог нь юу юм бол? Яагаад энэ төрлийг сонгож тоглох болов?
-Ерөнхийдөө манай жүжгүүд их нүсэр хэрэглэгдэхүүнтэй, олон жүжигчид уран бүтээлчид оролцсон байдаг болохоор ийш тийш авч явахад хүндрэлтэй. Моно жүжгийн хувьд гадагшаа аваад явахад хамаагүй амар хэдхэн хүний бүрэлдэхүүнтэй. Миний жүжгийн тайзны хувьд ч тэр авсаархан жижигхэн эвтэйхэн. Ер нь л олон давуу талууд нь намайг маш их татсан даа.
-Удахгүй гадагшаа фестивальд явах гэж байгаа гэж сонссон. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах вэ? Аль жүжгээрээ оролцох гэж байна?
-Энэ сарын 15-24-ний өдрүүдэд Косовод 13 орны жүжигчдын оролцсон маш том фестивальд оролцох гээд бэлтгэлээ хангаад “Едит Пиаф” аа аваад явах гэж байна. Монгол орноо сурталчлах дэлхийд таниулах том боломж олдсонд их баяртай байгаа. Өөрсдийгөө тэр мундаг жүжигчдээс нэг их дутахгүй гэж найдаж байна. Ямар ч гэсэн өөрсдийн дэлхийн урлагийн хаахна нь яваагаа мэдэж авъя. Үүнээс гадна 12 орны нэг хүний жүжиг үзнэ гэхээр надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Тэндээс би маш их зүйлийг мэдэж, сурч авна шүү дээ. Тэгэхээр надад их амжилт, том боломжийг өгч байна гэсэн үг. “Едит Пиаф”-аас гадна үндэсний урлагаа харуулсан бүтээлтэй болсон болохоор цаашдаа олон тэмцээн уралдаанд оролцох боломж нээгдэж байна. Энэ фестивальд шумны техникчээр манай менежер Нямсүрэн, тайз хийсэн Батбилэг эгчтэйгээ нийлээд гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
-Ганц хүний жүжгийн төрлөөр та өөрийгөө нээж харуулж чадсан. Зохиолчдоос ч танд зориулсан жүжгүүд гарч эхэлж байна. Нэг хүний жүжгийг монголд хөгжүүлэх үүрэг хариуцлага тань дээр ноогдож байна гэж ойлгож болох уу?
-Энэ чиглэлийг хөгжүүлэх хүсэл маш их байна. Сая “Тэнгэрийн аялгуу” жүжгийг гурван өдөр тоглоход нэг зүйл надад ажиглагдсан. Манайханд драмын жүжгээс гадна сонирхох маш олон төрлийн урлаг уран сайхны зүйлс байдаг. Уран бүтээлчид багаараа тоглосон драмын жүжгийг сонирхож үзэхгүй байгаа хүмүүс их байхад нэг хүний жүжгийг бол бүр ч мэдэхгүй байсан. Ийм болохоор үзэгчид яаж хүлээж авах бол гэсэн түгшүүртай байлаа. Гэхдээ сонирхоод ирсэн хүмүүс нь маш өндөр сэтгэгдэлтэй, эрчүүд хүртэл уйлаад сэтгэл нь хөдлөөд гарсанд би их баяртай байгаа. Энэ чинь л миний зорьсон зүйл шүү дээ. Дараа нь би өөртөө “би чадсан” гэх тэр сайхан урмыг авсан. Эхнээсээ үзэгчид ганц хүний жүжгийг ойлгож эхэлж байгаад сэтгэл хангалуун байна.
-Таныг өмнө нь нэгэн фестивальд шөнө нь дүрээ аваад маргааш нь хятад жүжигчинтэй хамтраад маш амжилттай жүжиг тавьж байсан гэдэг юм билээ?
-Тийм ээ. 2005 онд Чеховын фестиваль болоод олон улсын жүжигчид ирж байсан юм. Хятадаас ирэх ёстой хоёр жүжигчний эмэгтэй нь өвөрмонгол хүн байж таараад төрийн бодлогоороо монгол руу явахыг зөвшөөрөөгүй болж таарсан. Тэгээд монголд ирээд жүжигчид хайгаад Мөнхөө багш маань намайг санал болгоод шөнийн хоёр цаг болж байхад дуудаад Чеховын “Баавгай” жүжигт “Чи чадна, тогло” гэсэн. Ядаж байхад нөгөө жүжигчин маань хятадаар л яриад би хэл мэдэхгүй болохоор “Маргааш ар гэрт ийм тийм ажилтай, амжихгүй” гээд баахан зовлон ярьсан чинь манай Тунгаа эгч “бүх ажлыг чинь би хийе” гээд бүр хааш нь ч бултах аргагүй болгочихдог байгаа. Эхлээд сургуулилт хийгээд үзсэн чинь хоёр өөр хэлээр огт болдоггүй. Уг нь бол хоёр хүн нэг нэгнийхээ хэлсэн үгийг ойлгоод, ойлголцоод цааш харилцан яриа жүжиг явах ёстой байтал огт мэдэхгүй юм өөдөөс хэлээд байхаар ёстой эвгүй юм билээ.
-Тэгээд л маргааш нь тайзан дээр гарсан хэрэг үү?
-Тэгсэн. Тоглолт эхлэхээс хэдэн цагийн өмнө бэлдээд нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөл, биеийн хөдөлгөөнийг хараад байсан чинь харин арай дээр үг маань суугаад ирсэн. Ингээд л нэг нь монголоор нөгөө нь хятадаар ярьсан жүжиг маань тайзан дээр амилж хүмүүст бүр ч сонирхолтой болсон. Хятад тавилтыг нь бүр орвонгоор нь өөрчлөөд тавьсан л даа. Хоёр өөр хэлээр ярьж байсан ч гэсэн үзэгчид бүр нурж унаад ойлгоод их сайхан хүлээж авсан шүү. Тоглолтын дараа Мөнхөө багш “Чи нээрээ, чи” гээд л намайг тэврээд баяр хүргэж байсан. Тэр үед Оросын бас нэг найруулагч намайг “Ты богатырь” /Чи баатар/ гээд баяр хүргэсэн. За тэгээд ер нь тэр үе үнэхээр мартагдашгүй сайхан байсан. Тэр агшинд л би өөрөөрөө бахархаж маш их урам зориг, өөртөө итгэх итгэлийг олж авч “хөөх би чадчихлаа, би чадах юм байна” гэсэн зүйлийг мэдэрсэн л дээ. Тэрнээс өмнө би жижиг дүрүүдэд тоглоод нэг хэвийн овойж оцойх зүйлгүй явдаг байсан. Гэхдээ би мундаг амжилтад хүрэх ёстой, сайн уран бүтээл хийх ёстой гэсэн бодлоо хэзээ ч орхиж байгаагүй. Эргээд бодоход чимээгүйхэн, дорвитой зүйл хийхгүй явсан тэр он жилүүд маань надад маш их хор шарыг, эрч хүч, дадлага туршлагыг авч ирсэн юм билээ.
-Та яагаад драмын урлагийг сонгосон юм бэ? Таныг драмд барьж тогтоож байдаг зүйл юу юм бол?
-Драмд байсан хүмүүс хошин урлаг руу их орсон л доо. Зарим хүмүүс надад “чиний үеийнхэн чамайг орхиод гараад явчихлаа” гээд бөөрлөхөөд ярьдаг. Тэглээ гээд би хог шаар болчихно гэсэн үг биш шүү дээ. Намайг “Хамт гаръя, манай продакшинд хүрээд ирээч, бид нартай нэгдээч” гэсэн саналууд ирж байсан. Анх хамт хошин шог тоглоод явдаг л байсан. Гэхдээ яагаад ч юм би драмын жүжигт л тоглох хүсэл мөрөөдөлтэй. Ардын жүжигчин Гантөмөр, Урлагийн гавьяат зүтгэлсэн Уртнасан гээд багш нар маань ч “Баясаа чи маш их юм хийх ёстой хүн шүү” гэж их хэлдэг байсан. Надад нэг юмыг үнэхээр зөв гээд бодчихвол чин үнэнч байж чаддаг тийм зан байдаг. Тэр зангаараа л өдийг хүрч драмын урлагт зүтгэх ёстой гэсэн бодол надаас хэзээ ч салж байгаагүй.
-Та дэлгэцийн уран бүтээл дээр ч амжилттай яваа нэгэн. Тайз болон дэлгэцийн урлагийн ялгаа юу юм бол? Тайзыг амьд урлаг гэж ярьдаг л даа.
-Тийм ээ. Дэлгэцийн урлагаас тайзны урлаг арай илүү далайцтай байдаг л даа. Камер руу эргээд харах, тайзан дээр жүжиг тоглож байгаад үзэгчид рүү эргэж харах хоёр шал өөр. Тайзан дээр бол хамгийн арын суудалд сууж байгаа хүнд ч мэдрэмж төрүүлэхээр далайцтай харах хэрэгтэй. Ер нь драмын урлаг амаргүй шүү.
-Болъё, байя гээд шантрах үе байсан байлгүй?
-Өө байлгүй яах вэ. Бидний үеийнхэнд одоогийнх шиг ганц клипэнд тоглоод, ганц рекламанд тоглоод од болчих боломж байгаагүй. Ганц телевиз, ганц радиотой. Тэгээд ч нэг их “би, би” гээд байдаггүй байж. Гэхдээ олигтой юм хийж чадахгүй, яагаад би ийм зүйл хийж чадахгүй гэж гээд хэтэрхий их хүсч байсан болоод ч тэр үү би одоо хүртэл хайр дурлалтай жүжгүүдийн 18, 20 настай охины дүрд тоглодог. Бодохоор инээдтэй ч юм шиг. Хэрвээ тухайн цаг үед хүссэн дүрдээ тоглож байсан бол одоо арай өөр дүр авах байсан байж магадгүй. Найруулагчид маань чи тогло, хойш суух болоогүй гээд л тоглуулдаг юм.
-Цаашдаа ямар төрлийн уран бүтээл дээр голчлон ажиллая гэж бодож байна?
-Надад санал тавьсан олон хүн байгаа. Гэхдээ ойрын хоёр гурван жилдээ ганцаараа уран бүтээлээ хийгээд гүйгээд байх сонирхол алга. Одоо ийм сайхан хоёр бүтээлтэй болчихсон юм чинь үүнийгээ ард түмэнд таниулах, илүү сайжруулах тал дээр ажиллана даа. Кино, жүжгийн уран бүтээлүүд бол төлөвлөгөөнд байгаа.
-Киноны санал их ирж байна уу?
-Ирж байгаа хоёр ч кинон дээр ажиллахаар болж байна. “Тэнгэрийн аялгуу” маань бас кино болно. Дэлгэцийн бүтээлүүдийг зохиолыг нь уншиж байж шийдээ гаргана. Чанартай сайн кинонд тоглохыг бодно шүү дээ. Сайн уран бүтээлийг хүсч мөрөөдөж байна.
-Таныг ажаад байхад “Би”-гийн өвчин бага юм шиг санагддаг? Үүнийг та юутай холбож тайлбарлах вэ?
-Магадгүй ээ. Манай аав шугам зургийн багш, ээж маань орос хэлний багш байсан болохоор нэлээн диктатуртай өссөн. Хоёрын хоёр багшийн сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг бөөн л “болохгүй” дунд өссөн шүү. Одоо болтол ээж маань бэлтгэл, киноны зураг авалт дээр оройтоод ороод ирэхээр “Хөөе хэдэн цаг болж байна. Ингэж болохгүй шүү” гэдэг. Тэгээд л надад өдий наслачихаад ийм олон болохгүйн дундаас хэзээ гарах вэ гэсэн бодол толгойд орж ирдэг. Гэхдээ ээжтэйгээ хамт амьдрах шиг сайхан юм хаана ч байхгүй ээ. Миний бат бөх ар тал болж үр хүүхэд өсгөж, миний эхнэр шиг л байдаг. Би гэдэг хүн гэртээ ойртохгүй, уран бүтээл, ажил гээд л хамаг ажлаа ээждээ даалгачихсан. Үнэхээр миний биений тал болж явдаг болохоор миний төлөө зүтгэх ёстой байсан юм байх даа гэж бодогддог шүү. Энэ завшааныг ашиглаад ээждээ дэндүү их баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
-Хүү чинь одоо их том эр болсон байх?
-Тийм ээ. Энэ жил ШУТИС-ийн Барилгын инженерийн ангид элсч орсон. Миний хүү чинь намайг “Ээж та манай ангийн хүүхдүүдийн ээж нараас хамгийн залуу нь ш дээ. Би таныг ерөөсөө хөгшин гэж хардаггүй” гээд л хэлнэ. Аягүй хөөрхөн. Хааяа ядраад хувцас хунараа ч олигтой юм өмсөхгүй, анхаарахгүй бол “Ингэж явахаа болиоч та” гээд л загнана. Аль болох л намайг өнгөтэй өөдтэй, залуу байлгах гэж тэр. Бас тэр бүр тоглосон жүжгийг минь ирж үзээд байх сонирхолгүй гэсэн манай хоёр. Амихандаа намайг алдчих вий гэж айгаад үзэж чаддаггүй юм гэнэ. Сая “Тэнгэрийн аялгуу” дээр хүн бүхэн уйлаад байхад манай ээж ганцаараа ганц ч дусал нулимс унагаагүй гэхээр нь гайхаад яагаад гээд асуусан чинь “алдчих вий дээ, алдчих вий дээ” гээд л бодоод бүх бие нь баригдаад хэцүү байсан гэнэ. Би ер нь реклам, клипэнд нэг их тоглоод байдаггүй. Хааяа найз нөхдийн гуйлга, хүсэлтээр хааяахан тоглоно. Тэр болгонд манай хүү “та тэрэн дээр тэгсэн байна, үүн дээр ингэсэн байна” гээд шүүмжилнэ. Шүүмжлэл нь бүр яг оносон байдаг шүү. Надад бас пароди /хүмүүсийг дуурайж элэглэх/ тал руу бас бага сага юм бий юм шиг байгаа юм. Би зурагтаар гарсан хүмүүсийг дуурайхаар адилхан болоод байдаг. Хааяа хүүгээ харахаар бас дуурайчихсан, яг адилхан хийгээд сууж байдаг. Бас хөөрхөн авьяастай. Урлагийг сайн ойлгоно оо.
-Таны хувийн амьдралын талаар уншигчид маань сонирхож байгаа байх. Ганц бие бүсгүй эр хүний хайр халамж нөмөр нөөлгөөр дутдаг л байлгүй. Нөхөрт гарах бодол бий юу?
-Байлгүй яах вэ. Эр хүний нөмөр нөөлөг, түшиг тулгуур үгүйлэгдэх үе бий. Урлагийн хүмүүсийг ажаад байхад ар талыг нь найдвартай аваад явж байгаа эрчүүд олон байна. Би алийн болгон ээжийгээ юм бүхний урд барих вэ. Хааяа “Надад яагаад нөхөр байдаггүй юм бол” гэж бодогддог. Ер нь эцсийн дүнд би хүнд зав гаргаж чаддаггүй юм шиг байна лээ. Ялангуяа сүүлийн 5, 6 жил ер зав гараагүй.
-Огт зав гардаггүй гэж худлаа байх аа?
-Нээрээ ерөөсөө зав гардаггүй юм аа. Эсвэл эрчүүд надад тэгж халдаж хандаж чаддаггүй байх. Утсаар хааяа хүн амьтан ярина. Тэр үед нь би завгүй боломжгүй байж таараад байдаг юм. Харин одоо ганцаарчилсан жүжгүүдээ хүмүүст хүргэх тал дээр анхаарч ойрын хоёр гурван жилдээ анхаарал хандуулна. Ийм төрлийн шинэ уран бүтээл хийх гэж яарахгүй байна. Тийм болохоор харьцангуй завтай болох байх. Тэгээд эр хүн эргүүлвэл эргэх зав гарах байлгүй дээ/инээв/.
-Зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд, удахгүй оролцох гэж байгаа фестивальд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Энэ фестивалиасаа ирээд 4 дүгээр сарын 28, 29-нд УДЭТ-аас “Жүжигчин Ц.Баясгалангийн моно жүжгийн өдрүүд” нэртэй тайлан тоглолтоо хийх гэж байна. Эхний өдөр “Едит Пиаф”-аа тоглоод үргэлжлүүлээд тоглосон жүжгүүдийн хэсгээс, мюзикл жүжгүүдийн дуунуудаас дуулна. Дундуур нь 10 минутын завсарлага аваад “Тэнгэрийн аялгуу” жүжиг маань бас тоглогдоно. Ингээд 2 цагийн хөтөлбөртэй тоглолт болох юм. Одоо тэмцээндээ явж ирээд сонин ихтэй тоглолт дээрээ уулзацгаая.
Эх сурвалж: “Хот ньюс” сэтгүүл
Б.Болор