Манай улсад хоёр томоохон номын сан байдаг. Түүний нэг болох Үндэсний төв номын сангийн барилга хуучирч муудан будаг, шавар нь халцарч унаад удаж байна. Харин үүнд тухайн үед Төв номын сангийн захирал асан Х.Чилаажав “манай барилга ирэх оноос шинэчлэгдэж магадгүй” гэх хариултыг 2007 онд өгч байсан юм.
2007 оноос шинэ номын сангийн барилга барих асуудал яригдсан боловч дөнгөж өнөөдөр л барилгын ажил нь эхлэхээр шаваа тавилаа. Гэхдээ энэхүү Үндэсний Үндэсний номын ордны шинэ цогцолборын шав тавих ёслол 2008 оны зургаадугаар сард болж байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод өнөөдрийг хүртэл гацаанд ороод байсан юм.
Ингээд өнөөдөр болсон Үндэсний номын ордны шинэ цогцолборын шав тавих ёслол дээр Ардын уран зохиолч Т.Галсантай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Өнөөдөр номын өргөөний шав тавих ёслол болж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Номгүй айл бол наргүй тэнгэр шиг байдаг. Номын сангүй баян айлд ороход дэлгүүрт орчих шиг болдог. Улс үндэстний оюун санааны эрдэнэсийн сан их сайхан шинэ өргөөтэй болох гэж байгаад монгол хүн бүхэн баярлаж байж таараа. Гачлантай нь энэ номын санг барих талбайн газрын гуравны хоёр нь алга болчихжээ. Энэ бол унаатай зочид ирээд ном унших боломжгүй болжээ гэсэн үг. Газар холоос явган ирэхээс өөр сонголтгүй болж байгаа юм байна. Аудитын газар гэж гайгүй сайн төрийн алба байна. Тэднийх энэ газар хаачив аа гэдгийг мөшгиж үзвэл Монголын төрд буян болох болов уу. Тэгэхгүй бол эх орны доторхи эрдэм номын ордон барих гэж байсан газрын талбайгаас гуравны хоёр нь алга болно гэдэг бол их гайхалтай гэм юм. Нөгөө талаар би Төв номын санд 64 дэх жилдээ ном уншиж байгаа хүн. Анх намайг ном уншиж эхэлж байхад хагас сая номтой байсан. Одоо Монголын хүн амын тоотой тэнцүү 3 сая гаруй номтой болсон. Хэвлэмэл ном судраас гадна орчин үеийн цахим номын сантай болж байгаа явдал бол дэлхийн соёлтой нийлж байгаа хэрэг юм. Нөгөө талаар энэ номын санд суурьшил иргэд өөрсдөө хадгалж чадаагүй тэр их ном өв соёлыг тэмээний бөхөн дээр нүүж явдаг монголчууд хадгалчихсан байдаг бол үнэхээр гайхамшигтай. Жишээ нь, Жагар орон бол мөнхийн суурьшил орон. Тэгсэн атлаа бурхан багшийн сургаал Ганжуур, Данжуураа бүрэн эхээр нь хадгалж чадаагүй байж байхад манай Монгол Улсын номын санд бүрнээрээ байж байх жишээтэй. Түүнийг соёлтой номын орон манайхаас их хүндэтгэлтэйгээр залж байсан шүү дээ. Ийм их оюуны өвийг хадгалах шинэ ордонтой болгож байгаа нь сүүлийн үеийн нэлээд их нүгэл хэлэнцийг цайруулахуйц буян боллоо гэж өвгөн ах нь баярлаж байна. Би залуудаа “Өөрсдөө даалимба хөдөс өмсдөг, үр ачаа нэхийнд өлгийддөг, номыг харин торгоор баринтаглаж бурханы зулайд дээр залдаг Монгол түмний минь заншил гайхамшигтай” гэж бичиж байлаа. Ер нь аливаа улсын ширгэн доройтож байна уу, сэргэн мандаж байна уу гэдэг нь номонд яаж хандаж байгаагаар харагддаг.
-2008 онд шав тавих ёслолд таныг оролцож байхад энэ номын өргөөний талбай ямар байсан бэ?
-Үүнээс гурав дахин том байсан. Одоо бол тэр газар алга болжээ. Энэ хотын дарга Э.Бат-Үүл эрхбиш Ардын уран зохиолчийн хүү болохоороо үүнийг барихаар зорьсон болов уу. Түүнээс биш одоо чинь эмийн сан, дэлгүүр хоёрыг л бариад байгаагаас биш номын өргөө барихгүй байгаа. Уг нь Арабын нэг улс танайх номын сангаа барь, бид хөрөнгийг нь гаргаж өгье гээд арван хэдэн жил болж байгаа шүү дээ. Тэр бэлэн мөнгийг төрийн ордны засварт хэрэглэчихээд хотын төвд газар зарж сурсан мэргэжлийн луйварчид энэ газрыг бол залгисан нь тов тодорхой. Номын сан барих гэж байсан газар хаачив гэдгийг аудитын газар эргэн иргэдэд мэдээлнэ гэдэгт найдаж байна. Энэ бол бусдын мууг үзэх гэж байгаа хэрэг биш. Мууг таслах, хойшид газрын хулгайч нарыг гавлахтай холбоотой, эрдэм номын эзэн болсон ард түмэнд нь газрыг нь зориулж байхтай холбоотой зөв үйл хэрэг юм.
-Уран бүтээлийн олз омог арвин байна уу. Энэ зун ямар уран бүтээлээр амьсгалав?
-Наян хэдэн насанд эргээд харахад онгод хийморь буурдаг гэсэн шал худлаа юм байна. Харин аар саар жижиг, сэрлийн төрлийн бүтээлийг нэгэнт орхиод нэгэнт дээд тэнгэрээс чи үүнийг бич гэж шалгарсан сонгодог сэдэв, бүхэл бүтэн зохиомжтойгоо бэлэн байж байдаг юм байна. “Хилийн овооны нууц” гэж найраглал бичсэн. Тангуд, Монгол хоёрын хооронд болж байгаа үйл явдлын талаар. Овоо гэдэг бол овоолчихсон чулуу биш. Хүн гүрний үеэс өнөөдрийг хүртэлх хүн ард бэлийн чулууг оргилд нь хүргэж өргөдөг өргөл бөгөөд цаанаа өдөр тутамд биелдэггүй хууль биш заншил учраас тэр нь улс, айл өрхийн онгон шүтээн төдийгүй аймаг, хошууны хилийн дээс болдог. Хэрэгтэй үед түүнийг уудлаад үзэхэд л хэний нутаг гэдгийг овоо нь хэлж өгч байгаа юм. XXI зуунд ийм найраглал гараагүй гэж Соёлын гавьят зүтгэлтэн Д.Нямаа, найрагч М.Баттөмөр хоёр ихэд гайхаж доор нь аваачид радиогоор уншиж байгаа байдаг шүү. Би сая “Хар толгойтой бор загас” гэж бичлээ. Би амьдралдаа гурав үхэж үзсэн. Анх яаж үхсэн хийгээд амилсан тухайгаа бичсэн. Энэ нь, адал явдлын хийгээд чин үнэн юм. Монгол амьдралын гүн ухаан, аж төрөх ёсны шүншигтэй тийм сонин тууж бичлээ. Тэр туужийн санаа нь намайг сая нутагтаа очиход нутгийн хад чулуу болгон чи хүүхэд байхдаа ингэсэн шүү дээ гэж хэлж өгдөг юм байна. Түүнийг нь хүүхдүүддээ ярьж өгсөн чинь ухаан алдаж унах шахаад, ямар гайхамшигтай сонин юм бэ. Үүгээр кино хийвэл “Цогт тайж”-аас хойш дахиад нэг шинэ кинотой болох нь гээд өвгөн хүнд чинь өөх үмхүүлдэг юм байна шүү дээ. Түүгээр нь урамшаад хэдхэн хоногт л бичлээ. Тэр мэтчилэн луутай хөх тэнгэрт түймрийн утаа байтугай тамхины утаа гаргаагүй учраас тэнгэр намайг харж үзээд байгаа бололтой. Лустай хөрст газарт алт ухах нь байтугай аргамжааныхаа гадсыг сугалаад шороогоор дүүргэдэг байсан учраас лус булгихгүй байх шиг байгаа юм. Энэ хэдэн бор хүнд нэгэнд нь ч муу юм хийгээгүй учраас та бичих ёстой юм аа хурдан бичиж дуусга гээд хоног хугацаагаар шагнаад бичих зүйлийнх нь агуулга зохиомжийг шууд шууд хэлж өгөөд байгаа юм уу даа гэж бодож байгаа.
Г.Даша
Эх сурвалж: eagle.mn