Тайландын компаниудын нүүр царай болсон энэ залууг Б.Билгүйтэй гэдэг. Ингээд түүний дотоод ертөнцөөр аяллаа. Тэрбээр Бангкокийн их сургуулийг компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн тэр өдгөө вэб дизайнер, мултимедиа чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
-Хэдхэн хоногийн өмнө таныг Солонгосын олон ангит кинонд тоглох урилга авсан талаар мэдээлэл цацагдсан. Гадаад загварын ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон учраас сурталчилгаа болон дэлгэцийн бүтээлд тоглох санал их ирдэг байх?
-Намайг Солонгосын олон ангит кинонд тоглох гэж байгаа талаарх мэдээлэл сайт болон сонинуудад гарсан гэсэн. Тэр мэдээлэл худлаа. Би кинонд тоглох нь битгий хэл солонгос хэлээр "А" ч үгүй хүн шүү дээ.
Өнгөрсөн жил Солонгосын жүжигчин Ким Тэ Хи Таиландад ирж рекламд тоглосон. Тэр үед би камер барьж түүний араас нь гүйдэг хүний дүр бүтээсэн юм. Түүнийг л буруугаар ойлгож тийм цуурхал тараасан юм шиг байна.
-Тэр олон хүн амтай зах зээлд өөрийгөө таниулах гэж уйгагүй хөдөлмөрлөсөн үү?
-Өөрийгөө таниулна гэж ч юу байхав. Гэхдээ мэдээж 70 сая хүн амтай, гадаадын олон модель байдаг орон шүү дээ. Өөрийгөө бусдад таниулахын тулд тодорхой хэмжээгээр хөдөлмөрлөсөн.
-Монголд байхдаа загварын тайзан дээр гарч үзээгүй хүн гадаадад очоод загвар өмсөгчийн боловсрол хэрхэн эзэмшсэн бэ?
-Цаг хугацааны аясаар бүх зүйлийг сурдаг юм билээ. Мөн зааж, зөвлөж өгсөн мэргэжлийн хүмүүсийн ач ч бий. Тайзан дээр гарч зураг даруулсаар байгаад аяндаа сайжирч, тэр нь сүүлдээ хэвшил болдог. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсч хэрэгжүүлбэл өдөр өдрөөр л сайжирдаг юм.
-Загвар өмсөгч хүн нээлттэй, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай байх ёстой. Энэ зан чанар танд анхнаасаа л байсан уу?
-Миний бодлоор загвар өмсөгч хүн дотроосоо ч, гаднаасаа ч "гэрэлтдэг" байх ёстой. Энэ утгаараа өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Надад энэ зан чанар анхнаасаа байсан гэвэл худал хэлсэн болно.
Гэхдээ тэр бүгдийг өөртөө суулгахын тулд, ур чадвараа сайжруулахын төлөө их хичээсэн. Тэр л зан чанар өнөөдрийн намайг бий болгоход тусалсан.
-Үнэндээ загварын ертөнцийнхнийг дагасан элдэв цуу яриа олон гардаг. Тэр дундаа олны танил бүсгүйчүүд, бизнесмэнүүдтэй нэр холбодог нь худлаа биш. Таныг тэгж гүтгэж байв уу?
-Олны танил хүмүүс, бизнесмэнүүдтэй нэр холбогдох нь байдаг л асуудал байх. Одоохондоо намайг тэгж хэлээгүй, бичээгүй. Магадгүй би Монголд байдаггүй болохоор хүмүүсийн анхааралд нэг их өртдөггүй байх.
Гэхдээ Таиландад ч гэсэн тиймэрхүү худал мэдээлэл гардаг л юм. Рекламд хамт зураг авахуулсан бүсгүйг миний найз охин гэж хэлж байсан удаа бий.
-Царайлаг бас өндөр боловсролтой танд охид, бүсгүйчүүдээс танилцах хүсэлт их ирдэг байх. Бас нүд ч унагадаг болов уу?
-Та намайг тэгж тодорхойлж байна уу? Миний царайлаг, өндөр боловсролтой гэж юу байхав дээ. Бусдын адил боловсролтой хүн болохын тулд их шаргуу сурсан. Бас өөрийгөө өөдтэй өнгөтэй харагдуулахын тулд гадаад үзэмжиндээ их анхаарал хандуулдгаас өөр зүйлгүй.
Яахав, таны хэлдгээр танилцах хүсэлтэй хүмүүс байдаг. Гэхдээ би эр хүн эмэгтэйнхээ араас гүйдэг гэж боддог болохоор хойноос хөөцөлдөөд байдаг эмэгтэйг нэг их сайшаадаггүй.
-Та хэн нэгэнд зориулан сэтгэлийн үгээ илгээж байв уу?
-Одоохондоо яг тийм чин сэтгэлээсээ сэтгэлийн үгээ хэлсэн тохиолдол гараагүй юм байна.
-23 настай хүнээс амьдрал, энэ тэр гэж асуух илүүц байх. Гэхдээ ирээдүйгээ хэрхэн төлөвлөдөг талаар асуухад буруудахгүй болов уу?
-Хүн өчигдөр болсон зүйлдээ хаалт тавьж, ирээдүйгээ бодож толгойгоо гашилгахгүйгээр зөвхөн өнөөдөртөө л байгаа бүхнээ зориулж хичээх ёстой гэж би боддог юм. Гэхдээ энэ нь ирээдүйгээ төлөвлөдөггүй гэсэн үг биш шүү. Ирээдүйд би Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчний нэг болсон байна гэж төсөөлдөг.
Хамгийн гол нь бүтээсэн зүйл ихтэй, бусдадаа өөрийнхөө сурсныг зааж сургахыг хүсдэг. Би өөрийгөө загварын чиглэлээр ч, эзэмшсэн мэргэжлээрээ ч хүмүүст бага ч атугай заах туршлагатай болсон гэж боддог. Гэхдээ надад сурах зүйл их байна.
-Бангкокийн их сургуулийг компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн гэсэн. Таиландад ажиллаж байгаа ч Монголдоо ирж суурьших бодол бий юу?
-Мэдээж Монголдоо ирж амьдралгүй яахав. Одоо Таиланд улсад амьдарч байгаа гол шалтгаан нь би өөрийгөө бүрэн гүйцэт боловсрол эзэмшсэн гэж боддоггүйд байгаа юм. Одоо би гадаадын хүмүүстэй ажиллаж мэдлэгийнхээ хүрээг нэмсээр байна.
Загварын салбарт ч мэргэжлээрээ ч гадаадын хүмүүстэй ажиллаж байна. Яг одоо Таиландад магистр хамгаалж улам мэдлэгтэй болмоор байна.
-Алдарт Мерседес Бензийн загварын шоунд оролцож, нэрт дуучин Намчагийн клипэд тоглож, Таиланд болон Хятадын нэр хүндтэй компаниудын нүүр царай болсон гээд таны авьяас, боловсролыг илтгэх үгс хөвөрнө. Танд эдгээр үгсийг сонсоод амжилтдаа бялуурах үе гарч байв уу?
-Би хэзээ ч Мерседес Бензийн загварын шоунд оролцож байгаагүй. Харин Тоёота машины шоунд оролцож байсан. Бас Хятадын компаниудтай хамтарч ажиллаж байгаагүй шүү. Хятадын зар сурталчилгаанд туслах дүр бүтээсэн.
Ер нь би Таиландаас өөр улсад загвар өмсч үзээгүй. Энэ бага сага мэдээллийг эс тооцвол бусад нь үнэн. Таиландын дуучин Намчагийн клипэд тоглоход бага ч гэсэн нэр хүндийг минь тухайн улсад өргөж өгсөн. Ямар нэгэн зүйлийн нүүр царай болсноо харах үед хамгийн сайхан мэдрэмж төрдөг.
-Таван жил гадаадад амьдрахдаа юуг хамгийн их санасан бэ?
-Гурван жилийн өмнө Монголд ирж байсан. Ер нь өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголтой холбоотой бүхий л зүйлийг санасан даа. Хамгийн наад зах нь гэхэд л Монгол хоол, агаар гээд ёстой урт нэр хөвөрнө дөө.
-Та хүссэнээрээ амьдарч чадаж байна уу. Эсвэл боломжоороо амьдарч байна уу. Ер нь та сэтгэл ханамжийн хэр хэмжүүртэй хүн бэ?
-Одоохондоо би хүссэнээрээ амьдарч чадаж байна гэж хэлэхгүй. Гэхдээ миний хүссэн амьдрал тун ойрхон байгаа гэдэгт итгэдэг. Тэрэндээ хүрэхийн тулд байнга хөдөлмөрлөдөг. Сэтгэл ханамжийн хувьд хангалттай гэж хэлнэ.
-Гадаадад амьдарч байхдаа ямар үед эх орноо хамгийн их санадаг байв?
-Өвдөх үедээ би Монголоо хамгийн их санадаг. Мөн хааяа сэтгэлээр унах үе гарна. Бас тэмцэж яваад хүчин мөхөсдөх үе гарна. Тэр үед л эх орноо үнэхээр их санадаг юм.
-Сэтгэл тавгүйтсэн үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулдаг бол?
-Сэтгэл тавгүйтэхээрээ хөгжим сонсдог. Эсвэл дотно найзуудтайгаа ярьж зөвлөгөө авдаг юм. Тэгж л арай тайвширдаг даа.
-Бас юунаас хамгийн их урам авдаг вэ?
-Амжилтад хүрсэн хүмүүсийн түүхээс их урам авдаг. Тэдний хэлсэн үг, бичсэн номыг их уншдаг. Тэр үед л ямар нэгэн зүйлд шантрах болоогүйгээ ойлгодог юм.
-Гэрээсээ хол явж байгаа хүмүүс эх орноосоо гадна гэр бүлээ тэр дундаа ээжийгээ их санадаг. Тэгсэн таны хариултаас энэ талаар сонссонгүй?
-Мэдээж ээжийгээ, гэр бүлээ саналгүй яахав. Манай аавыг Буянхишиг гэдэг. Орост боловсрол эзэмшсэн, эдийн засагч мэргэжилтэй хүн бий. Одоогоор хувийн бизнөс эрхэлж байна.
Миний хайртай ээж МУИС-ийг төгссөн. Хуульч, өмгөөлөгч мэргэжлээр ажилладаг. Энэ хоёр эрдэнэ маань намайг өдий зэрэгт хүрэхэд хамаг зүйлээ зориулсан даа. Би ээжээсээ хоёулаа. Дүү маань одоо дөнгөж долоон настай.
-Найз бүсгүйтэй юу. Монгол хүн үү?
-Одоогоор найз бүсгүй байхгүй. Өмнө нь таи үндэстэй бүсгүйтэй үерхэж байсан. Би багадаа Таиланд руу явсан болохоор монгол бүсгүйтэй үерхэж үзээгүй. Ирээдүйд монгол бүсгүйг ханиа болгоно гэж боддог.
-Одоо тоглохоор бэлтгэж байгаа бүтээл бий юу?
-Хамтран ажилладаг хүмүүс, агентлаг бий. Аливаа уран бүтээл хийхийн тулд заавал өрсөлддөг. Тиймээс өрсөлдөөд ажил авч, тайзан дээр гарна даа.
-Хүн нэг насаараа сурдаг гэж ярьдаг. Билгүйтэйн зорилгыг асуугаад ярилцлагаа өндөрлөе.
-Хүн насаараа сурдаг гэдэг үнэн үг шүү. Гэхдээ зөвхөн сургуульд сурахыг хэлж байгаа хэрэг биш. Амьдрал өөрөө багш шүү дээ. Өдөр болгон амьдралд шинэ зүйлтэй учирч сурч тэрнээсээ туршлага хуримтлуулж өсөн дэвждэг. Тэр. утгаараа би бас л насан туршдаа сурах байх.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ