Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна
Ярилцлага

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

Урлаг Урлаг24/07/2026Шинэчлэгдсэн:24/07/2026Сэтгэгдэл байхгүй14 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Уг нь би чинь амьдралынхаа 80 хувьд сонгодог урлагт зүтгэсэн хүн юм шүү дээ. Гэтэл Монголын ард түмэн 80 хувийг минь кино урлагт зүтгэсэн гэж боддог” гэж инээсээр бидний хөөрөлдөөн эхэлсэн юм. Энэ эрхэм бол Ардын жүжигчин А.Дашпэлжээ юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

– Та урлагийн удам судартай хүн үү?

– Би Дундговь аймгийн Өлзийт сумын хүн. Манай аав Адилбиш, ээж Банзрагч нар малчин хүмүүс байлаа. Хоёулаа тэр нутагт төрж өсөж, насаараа мал аж ахуй эрхэлж амьдарсан хүмүүс. Тэд маань 12 хүүхэд төрүүлж өсгөсөн. Зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй.

Аав ээж минь дуучин биш ч аав уртын сайхан дуу дуулдаг, наргианч хүн байсан. Залуудаа сайхан барилдаж байсан гэдэг. Ээж бол ерөөсөө дуулдаггүй. Гэхдээ сайхан хоолойтой. Дээр үед хонь хургаа, ямаа ишгээ голоход уяртал, нулимсыг гартал, өөр малын төлийг өөрийнх болтол нь тойглож байсан учраас одоо ч гэсэн миний чихэнд ээжийн минь сайхан дуу хоолой, аялгуу сонсогддог. Тухайн цаг үед өөрсдийн хүүхдүүдийн хүчээр гурван том чулуун хашаа, саравч, пүнз зэргийг барьж, “Суурийн улаан булан” гэж жижигхэн байшин босгож байжээ. Мөн орон сууц болох байшинг барьсан нь тухайн цаг үедээ ховор тохиолдол болсон юм. Тэрэн дотор онцлох нэг зүйл гэвэл Суурийн улаан булан барих шалтгаан байсан явдал. Энэ нь манай аав өдөржингөө хүүхдүүдтэйгээ мал маллаж, хашаа хороо барьж, худаг ус гаргаж ажиллаад орой үдэш дуулж, бүжиглүүлээд л, мандолин хөгжмөөр тоглуулдаг байсан. Нөгөө 200-гийн цагаан орон дээр тайз засаж, хөшиг нээгдэнгүүт тоглолт эхэлдэг байсан тэр уламжлалыг Суурийн улаан буланг барьснаар тэндээ концертоо тоглодог болсон. Тэр бүхэнд хүүхдүүдийнхээ сэтгэлийг сэргээж, өөрсдийг нь өөрсдөөр урамшуулж байсны үр дүн болов уу даа. Хожим ингэж ажил, амьдралд нөлөөлсөн байх.

– Таны дуурийн дуучин болох эхлэл хэзээнээс тавигдсан бэ?

– Би азтай хүн ч юм шиг, хувь тавилан минь ч юм шиг санагддаг. Манай сумаас дууны болзолт уралдаанд гурав, дөрвөн хүн шалгарсан юм. Дараа нь аймаг, дүүргээс шалгарсан бүх хүүхдүүдийг нийслэлд Дуурийн театрт дахин шалгуулахаар болов. Тэр уралдаанд эрэгтэй, эмэгтэйгээр нь шалгаруулан нэрсийг жагсаахад, эрэгтэйчүүдийн хамгийн эхэнд би жагссан.

Тайзан дээр шагнал гардуулах болов. “Алтан медалийн эзэн Дундговь аймгийн Адилбишийн Дашпэлжээ” гээд л зарлатал чих шуугиад л жингүүдэж байгаа мэт мэдрэмж төрсөн. Нэг их том диплом, 800 төгрөгтэй гардуулж байлаа. Их баярлав, тэр үеийн 800 төгрөг гэдэг наддаа их мөнгө.

Маргааш нь “Шалгарсан хүмүүс улсын филармони дээр цуглар” гэв. Манай улсын алдартнууд болох Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нарын нөгөө том комисс тэр аяараа сууж байсан юм. “Шалгаруулалт дууслаа, дүн гарлаа” гэж зарлав. Тэгээд эхний 15 хүнийг дуудаж “Энэ хүмүүсийг УБДС-ийн дэргэдэх Найрал дууны ангид элсүүллээ” гэх нь тэр. Дахиад таван хүний нэр дуудав. Тэрний дунд миний нэр гараад ирлээ. “Энэ хүмүүсийг Болгар улсын Консерваторт дуурийн дуучны мэргэжлээр суралцуулахаар боллоо” гэж зарлав.

Ингэж л би 1977 онд 24 насандаа дуурийн дуучдын залуу халааг бэлтгэх зорилготой Улсын анхдугаар уралдаанд тэргүүн байр эзлээд шууд л Европ руу, Болгар улсын Консерваторид сурахаар болсон юм. Хүний төөрөг гэдэг юм уу, хувь тавилан гэдэг юм уу, ингэж л бүрэлдсэн хэрэг л дээ. Энэ давхцлууд л намайг дуурийн дуучин болгох үүд хаалгыг нээсэн.

– Та Болгарт суралцаж төгсөөд анхны ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Хуучны цагт шинээр төгсөж ирсэн залуу боловсон хүчнийг ямар ч байгууллага халамжлан хүмүүжүүлэгч гэж хүнд даатгаж, ажил хөдөлмөрийн дөр, туршлага суулгадаг байсан гэж ярьдаг?

– Болгар улсын Консерваторид 1977-1982 онд суралцаж төгсөөд, УДБТ-т дуурийн дуучнаар 1982 оны есдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Дуурийн театрын Н.Намхайцэрэн дарга хүлээн авсан. Их сайхан дарга байсан юм.

Гоцлол дууны ангид орж ирэхэд нөгөө луухгарууд, домог болсон Г.Хайдав, Ц.Пүрэвдорж нарын дуучид тэнд байсан. Тэр үед халамжлан хүмүүжүүлэгч гэж их туршлагатай, алдар цолтой хүмүүст төгсөөд ирсэн залуу дуучдыг даалгаж өгдөг байсан. Дадлагажуулж сургах нь байна шүү дээ. Туслаад, сургаад, үлгэр дуурайл үзүүлж зааж сургадаг.

Тийм хүнээр Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай намайг дааж авав. Тэр хүн миний халамжлан хүмүүжүүлэгч. Бид багш шавь гэж явдаг. Олон талаар надад тусалсан. Дуулалт дээр, дүрийг яаж, хэрхэн бүтээх тухай, нүүр будалт яаж хийх тухай гээд байнга зөвлөж байсан маш том жүжигчин шүү дээ. Багш Георги Златов Черкиний шавь байхгүй юу. Бид хоёр нэг багшийн залгаа. Доороо Дора Мутофова гэдэг маш сайн багштай. Мань хүн надаас өмнө 10-аад жилийн өмнө тэнд төгссөн. Нэг үе тасарч байгаад анхных нь бид очсон. Манай багшийн удирдлагад Д.Жаргалсайхан гуайгаас гадна Л.Эрдэнэбулган төгссөн байсан. Тийм учраас нэг школтай, нэг консерваторид суралцсан.

– Монгол Улсад дуурийн урлаг орж ирэхэд хамгийн их нөлөөлөл үзүүлсэн хүмүүс таны өмнөх үеийнхэн, тэгээд танай үеийнхэн гарч ирсэн?

– Монгол Улс 1960-аад оноос эхлээд дуурийн дуучдыг бэлтгэж эхэлсэн л дээ. Удирдаач, найруулагчдыг ч сургасан. Олонх нь хуучны ЗХУ-д сурсан бол зарим нь Болгарт төгссөн. Гэхдээ Орост гэхэд гурван өөр дэг сургуулиар бэлтгэгдсэн боловсон хүчин улсынхаа дуурийн урлагт хүчин зүтгэж ирсэн. Г.Хайдав, А.Загдсүрэн нарын төгссөн Москвагийн, дуучдаас Ч.Мөнхшүр, Ж.Цэцгээ, удирдаач Ч.Жамсранжав нарын бэлтгэгдсэн Ленинградын, мөн Свердловскийн гэсэн гурван том школ бий. Мөн Д.Жаргалсайхан, Л.Эрдэнэбулган бидний суралцаж төгссөн Болгарын буюу Балканы дэг сургуулийнхан байна. Манай сургууль л даа.

Бүгд эх орондоо олон жил хамтарч ажиллах хугацаандаа туршлага солилцсоор ирсэн. Одоо ч зарим нь дараа үеэ бэлтгээд ажиллаж явна. Өмнөх үеэ ярихад эхэнд нь Жаргалсайхан багшийг түрүүн би онцолж хэлсэн дээ. Мөн Пүүжгээ багш байна. Бурхан мэт уран бүтээлч шүү дээ. Тэр үеийн мундагчуудыг яривал бахархаад дуусашгүй баялаг түүх бий. Жинхэнэ мундагчууд, жинхэнэ алдартнууд.

Манай үеийнхэн чинь азтай шүү дээ. Дуурийн театрыг үүсгэн байгуулсан алдартай ахмад үеийнхэнтэйгээ хамгийн ойрхон ажилласан, тэднээсээ суралцсан. Гадаадын том том мэргэжлийн сургуулиудыг 1981-1985 онуудад төгсөж ирсэн уран бүтээлчид байв. Дуурийн эрэгтэй, эмэгтэй нийлсэн 20-иод залуучууд бий. Тэр үеийн нам засгийн бодлогоор залуу халааг бэлтгэхийн тулд улсын хэмжээний уралдаан зарлаад явуулж байна гэдэг өөрөө маш том ажил шүү дээ.

Одоо манайхнаас Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Долгор бол ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн том жишээ, үлгэр дуурайл байна. Ленинградын консерваторид Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг Ардын жүжигчин Б.Жавзандулам, А.Энхтайван байна. Одоо найруулагч хийгээд явж байна. Маш олон дуурийн алдартнууд манай үеийнхнээс төрөн гарсанд бахархаж явдаг даа.

– Та Монголын дуурийн урлагт 40 гаруй жил зүтгэхэд таны оргил цаг үе хэдийд байв?

– Миний дуулдаг баритон хоолойгоор Гавьяат жүжигчин Ц.Дагвамандал, Б.Готов гуай, О.Лувсандамдин гуай, Ардын жүжигчин А.Хавлааш нар дуулна. Дээрээс нь Гантөмөр, Жаргалсайхан, Дашпэлжээ гээд ийм хэдэн баритонууд байв. Тэр үед хамгийн гол ачаа үүрч явсан хүн бол Ардын жүжигчин А.Хавлааш байсан. Сонгодог урлагийн хамгийн гол парт, баритонуудыг А.Хавлааш дуулж байсан үе. Тэр үед Евгений Онегиний гол дүр, “Риголетто” дуурьд Риголеттогийн гол дүрд тоглоход алдар цол, авьяас билэг, ур чадвар, туршлагаар нь тоглуулдаг байв.

Мань мэт дуулахыг хүссэн ч туршлагаараа туслах дүрд л тоглоно. Тэгтэл тэр үед казах хүмүүс манай улсаас их гарч явсан үе таарч А.Хавлааш гуай гараад явчихсан. Зарим баритон дуучид маань зах зээл гээд ажлаасаа гарчихсан. Үндсэндээ Гантөмөр бид хоёр л үлдсэн.

Тэр үед өмнөх мундагуудынхаа нөлөөгөөр суралцаад, бэлтгэгдээд явж байсны гавьяагаар гэх юм уу, бас нөгөө талаар хувь заяагаар гэх юм тэр дүрүүдийг гаргах хэрэгтэй болно оо доо. Тэр цагт хамгийн түрүүнд би гараад эхэлсэн. Тэгж л 1980-аад оны сүүл, 1990-ээд оны дунд үе хүртэл миний гол ачаалал эхэлсэн. Баруун солгойгүй том дууриудын гол дүрүүдэд дуулалтаа хийгээд л явсан. Ямар сайндаа манайхан “Энэ Пэлжээ ямар муухай хурдан сурдаг юм” гэж тоглоом хийж байлаа. Ар талд сургууль, бэлтгэл хийж явсан юм болохоор тэр байх. Тэр бүхний үр дүн болов уу, 1996 онд гавьяат болсон.

– Таныг дуурийн театрын дарга байх үед танай үеийнхнийг сонгодог урлагийг авч үлдсэн гэж хүмүүс ярьдаг юм билээ?

– 1996 он чинь зах зээлийн хүнд үеүд байсан. Яг тэр үед би дуурийн даргаар тавигдсан. Ямар учиртайг би сайн мэддэггүй юм. Театрын ажлыг зогсоохгүйн төлөө театрын даргын ажлыг хийнэ. Тэр үед чинь цалинтай, цалингүй янз бүрийн юм болно.

Энэ хүнд үед жинхэнэ ачаа үүрсэн хүмүүс бол манай үеийнхэн буюу өмнөх үеийн дуурийн луухгаруудаас суралцчихсан, мэргэжлийн дуурийн уран бүтээлчид болох тэр хүмүүс хамт байсан. Тэр үед театрт хүмүүс юм үзэхээ байчихсан, маш чанартай тоглохгүй бол заримдаа тог тасрах, ус алдах энүүхэнд болдог байв.

Тухайн үед л бид тохирч байсан юм. “За одоо бидний үе эхэлсэн, нэгэнт алдартай хүмүүс болсон, ямар ч үед тоглолтыг таслахгүй, 10 үзэгчтэй байсан ч тайзан дээрээ тоглоно, тэгж байж театраа авч гарч чадна” гэж бараг андгайлж байсан юм. Үүнд би тэдэндээ маш их баярлаж явдаг.

– Таны бүтээсэн гадаад дотоод сонгодог бүтээлүүдэд олны таашаал, алга ташилтыг нижигнүүлэн авч байсан гол дүрүүд олон байдаг байх. Таны хувьд хамгийн мартагдахааргүй гол дүр ямар дүр байсан бэ?

– Би 1982-2010 он хүртэлх хугацаанд ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилласан. Тэр хооронд 1996-2001 онд Дуурийн театрын даргаар ажиллахдаа дуулаачийн ажлаа хавсран хийж байлаа.

Баримжаалж яривал, Монгол түмний сэтгэлийн таашаалд эртнээс эдүгээ хүртэл үе үеийн уран бүтээлчид дуулж яваа уран бүтээл болох “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүр байж болох юм. Сайхан л байсан. Монгол түмэнд бас л сайхан Юндэн гэж нэрлэгдэх үед өөрт таатай санагдаж байсан. Эргээд бодоход сонгодог бүтээлүүдээс монгол эр хүний хэв шинж, дүр төрхийг харуулснаар үүнийг нэрлэж болох юм. Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим “Хан бүргэд” баатарлаг дуурийн гол дүр Манлай ван Дамдинсүрэнгийн дүр надад их сайхан байдаг.

1913-1920 оны хооронд болсон Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн, эх оронч тэмцлийг харуулсан том хэмжээний бүтээл л дээ. Энэ дүр таарсан гэх юм уу, би бас юм гаргах гэж ихэд ажилласан дүр юм уу, тухайн үедээ үзэгч түмэн бас сайхан хүлээж авсан.

Дэлхийн сонгодог талаасаа гэвэл Дж.Верди “Риголетто” дуурь юм. Баритон хоолойны хамгийн том нь тэр л дээ. Дж.Верди “Трубадур” – Граф Ди Луна бас байж болох юм. Яагаад гэвэл сонгодог дууриудыг манайхан орчуулгаар монгол хэл дээр тоглож байсан.

– Таныг “Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд ван, “Ирж яваа цаг” киноны Дэндэв, маршал Х.Чойбалсангийн дүрүүдээр үзэгчид андахгүй?

– Анх 1984 онд “Намрын халуун өдрүүд” кинонд Чойбалсангийн залуу насны дүрийг бүтээх учрал бүрдсэн юм. Нэг өдөр театрын шатаар бууж явтал ахимагдуу насны эмэгтэй намайг сайтар ажиглаж, нааш цааш харуулснаа нүүрийг минь будуулж, зургийг минь аваад явсан юм. Ингэж л Орост төгсөж ирсэн, Теле кино үйлдвэрийн найруулагч Даваагийн Долгор, Сономын Удвал гуай нарын хамтын бүтээл “Намрын халуун өдрүүд” кинонд Маршалын дүрд тоглосон.

Тэр үед миний хувьд кинонд тоглох ихээхэн хүсэл тэмүүлэлтэй явсан. Ер нь би гэлтгүй миний үеийнхэн, түүнээс доош үеийнхэн дэлгэцийн бүтээлд тоглох хүсэлтэй л явцгаасан үе. Тэр үед Сүххуяг, Цэрэндагва, Гүрсэд, Равдан нар чинь их мастерууд болчихсон байв.

Ард кино театрт кино ч дэлгэцнээ гарч нээлтээ хийв. Одоо үеийнхэн шиг улаан хивс гэж байхгүй. Тайзан дээр гарч үг хэлээд бүгд киногоо үзээд тарав. Дараа нь Теле кино үйлдвэр дээр ирээд байж байхад С.Удвал гуай ирж уран бүтээлчдэд талархал хэлж байв. Хүн бүрийн өмнө ирээд үгс хэлж байна. Миний дэргэд ирэхэд нь би магтуулчих санаатай додигор сууж байтал “Би маршалыгаа олжээ гэж бодож байна” гэснээ дараагийн уран бүтээлч рүү яваад өгдөг юм. Би ч гайхаад ингээд болчихож байгаа юм байх даа гэж хэлсэн үгсийг нь чамлангуй бодоод өнгөрсөн.

Тэр ухаантай хүний үгсийг тухайн үедээ залуу байсан учраас ойлгоогүй байгаа юм. Харин сүүлд нь том, жижиг бүтээлүүдэд найман удаа Маршалын дүрийг бүтээсний дараа эргээд бодоход харин ч хамгийн үнэтэй, том үнэлгээ өгсөн ухаант хүн байжээ гэж ойлгосон. Өнөөдөр бодоход маш том зүйлийг надад өгсөн байгаа юм.

– Та “Ирж яваа цаг” кинонд хамтран тоглосон уран бүтээлчдийнхээ талаар ярихгүй юу?

– Миний хувьд энэхүү кинонд тоглох хэд хэдэн онцлог зүйл байсан. Энэ дүрд тоглох үе бол их жаргалтай үе байсан юм. Нэгдлийн дарга нэг их ажиллагаатай хэцүү дүр ч байгаагүй. Харин энэ кинонд хамтран тоглосон жүжигчдээсээ суралцах маш сайхан боломжийг надад гаргаж өгсөн гэж бодож явдаг. Хамгийн эхэнд би Багаяагийн дүрийг бүтээсэн Лувсан гуайгаас ихэд суралцсан. Дамбын Төрбатын зохиол юм шүү дээ. Тэр нагац ах ажилсаг малчин Багаяагаасаа сэдэвлэж энэ зохиолыг бичсэн юм билээ.

Лувсан гуай бол харахад дуу цөөтэй, бие хөнгөхөн, өөрийн эрхгүй хүндлэхээс аргагүй түшигтэй уран бүтээлч байсан. Тэр зохиол, кинондоо бүрэн орж байгаа, дотоод сэтгэлгээний тоглолтуудыг гайхалтайгаар хийдэг уран чадварын туршлага арвин хүн байсан. Миний хувьд “Намрын халуун өдрүүд” кинонд тоглосноос илүү өгөөжтэй, сайн туршлагыг энэ киноны уран бүтээлчдээс олж авсан гэж боддог.

Дараагийн онцлох хүн бол Бужгар байсан. Түүний киноныхоо дүрийг гадагш урлан гаргаж байгаа овжин сэргэлэн байдал, тоглолтын ур чадвар надад бас нөлөөлөл үзүүлсэн. Цэвээнравдан бол миний найз. Түүний тоглох ур чадвар их онцлог. Хажуу дахь бүх уран бүтээлчиддээ нөмөр нөөлөгтэй. Түүний хээ шаагүй хэрнээ сэлгүүцсэн юм шиг байр байдал нь харахад юу хийгээд явна аа гэмээр байдлыг тэр хавьдаа бужигнуулаад л яваагаас харж болно. Хүмүүстэй маш хурдан танилцана, нөхөрлөнө. Гэтэл мань эр өөрийн дүрдээ аль хэдийнэ орчихсон тэр нутагт тэрүүхэндээ бужигнуулж явсан. Нөгөөдүүлтэй харилцах, заримтай нь ярилцах, бас нэг хэсэгтэй нь инээлдэж байхдаа л дүрээ гаргахад улам ойртож явсан байхгүй юу. Энэ бүтээлийн бүх хүмүүсээс би алхам тутамдаа суралцаж чадсан гэж боддог.

– Жүжигчин хүн хамтран тоглогчидтойгоо маш сайн ойлголцож, дүрээ бүтээхдээ бие биенээ орлож, нэг нэгнийхээ юу хүсч буйг илэрхийлж чадна гэдэг тухайн хүний мэдрэмж, мөн найруулагчийн мэдрэмжийн нэгдэл байдаг болов уу. Тухайлбал, Н.Сувд гуай та хоёр “Мандухай цэцэн хатан” кинонд их сайхан дүр бүтээсэн гэж боддог?

– Би дээр хэлсэн шүү дээ. Анхны бүтээл дээр магтуулах гэсэн их хүлээлтийг мэдэрчихсэн, дараагийнх бүтээл надад маш том сургамж, туршлага, өгөөжөө өгчихсөн байсан. Харин түүний дараагийн маш том бүтээл болох “Мандухай цэцэн хатан” бол “Ээ бурхан минь” гэж дуу алдмаар Монголын бүхий л алдартнуудтай, одоогийнхоор одуудтой гэж хэлэхээр ахмад, дунд, залуу үеийн сор бүтээлчид нэг дор цугларсан. Энэ бол миний хувьд маш том завшаан, нөгөө талаар хамгийн том хариуцлага байсан.

Тэр сор болсон бүх уран бүтээлчдээс нэгэн дор суралцах боломж гарч ирснээрээ энэ бүтээл онцлогтой бас хариуцлагатай. Манай Сувд бол мундаг шүү дээ. Тухайн үед Сувдаа гэж хэн байлаа. Тэр том нэр сүртэй том жүжигчин. Удам судартай, нэртэй төртэй, авьяастай тийм том жүжигчний сэтгэлтэй залуугийн дүрийг бүтээнэ гэдэг надад анги дэвшиж, ахиж суралцах боломж гарч ирсэн гэхэд болно.

Нөгөө талаар зөрчилдөөнтэй дүр байсан. Эхнэрээ болгочих гээд, эсвэл алдчих гээд, арсалдвал арсалдахаар тийм зөрчилдөөнтэй дүр чинь ажиллагаа ихтэй, чанга дүр байв. Сувдаа бол маш чадварлаг уран бүтээлч. Сувдаагийн нарийн ширийнийг мэдэхгүйгээр атаархагчдын явуулж байсан явуулгууд, захиа, утсаар ярилт зэрэг нь тэр үедээ үнэн зовлонтой байсан. Тэрнийг даван туулаад баттай зогсож чадаж байгаа нь нөгөө яс шиг, чулуу шиг гэдэг юм уу, жад шиг гарч ирнэ гэдэг нь хэр баргийн эмэгтэй дааж давж гарч ирэхэд их хэцүү тийм үе байсан шүү дээ. Тийм юмыг даагаад, даваад гарч байгаа хамтрагч хүний нөмөр нөөлөг гэдэг их. Харилцан тоглолтод нөлөөлсөн байх. Тэгж л энэ дүр гарсан гэж би боддог.

– Сүүлийн үеийн найруулагчдын бүтээлд та тоглож байгаа байх. Нэг хэсэг нь Монголоо алдсан бүтээлүүд гаргаад байна гэж шүүмжилдэг, нөгөө хэсэг нь их өөр өнцгөөр харж бүтээжээ гэдэг. Та энэ салбарт гурван үеийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирсэн хүний хувьд ямар байр суурьтай явдаг вэ?

– Энэ тухай ярихад их төвөгтэй юм билээ. Нийгмийг ажиглахад, улс төрийг харж байхад түрүү үеэ үгүйлээд байна, тэр нийгмээ эргэж авчрах гээд байна, социализмдаа буцаж орох гээд байна гэх мэтээр яриад байна. Яагаад ингэв гэхээр энэ дунд зөрчил явагдаад байна. Дуурь ч адилхан, кино ч адилхан. Кинон дээр ярья.

“Мандухай цэцэн хатан” гэхэд төв хорооны зөвлөлөөр орох жишээний. Тэгж байж кино зураг авалт эхэлнэ. Тэгээд киногоо бүтээчихлээ. Дахиад л шаталсан зөвлөлүүдээр орно. Тэгж байж үзэгчдэд хүрнэ. Тэгээд яагаад одоо болтол энэ хуучны уран сайхны бүтээлүүдийг хүмүүс үзээд байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Өнөөдрийн бидний яриад байгаа хэл, соёл, ёс заншил, ёс суртахуун тэнд бүгд байгаад байгаа байхгүй юу. Зарим залуус нь үзэхгүй байх шиг байна. Гэхдээ ихэнх нь үзсээр байна. Яагаад үзээд байна вэ, тэнд үнэхээр шүүсийг нь шахаж бүтээлийг бэлэн болгодог байсан нь үлдэцтэй, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг биелэгдсэн уран бүтээлүүд учраас өнөөдөр ч үзэж байна аа гэж миний хувьд боддог.

Нэг ёсондоо цаг үеэс үл хамаарч үнэлэгдсэн бүтээлүүд юм уу. Зохиолыг, дүрүүдийг, найруулгыг нь кино болоод гараад ирэхээр нь дахин хянаж шахаж байгаа юм чинь нэг ч сул үг байхгүй, нэг ч утгагүй үйлдэл, нэг харш үйлдэл байхгүйгээр гарч байна. Үүнийг нь бид хүлж баглаж, хясаж, хааж, хайчилж байна гэж байсан бол өнөөдөр эргээд бодоход тийм биш байна. Чанар тэндээс төрж байсан байна. Ингэж хэлэхээр ахмадууд хуучин үеэ дурсаж, санагалзаж байна гэцгээдэг.

Мэдээж бүгдийг шүүмжилж муучлахгүй. Сүүлийн үед бас ч гэж цаг үеэ дагасан сонин шийдлээр нийгэм, улс төрийн байдлыг маш эвтэйхнээр шүүмжилж, ёгтолж уран сайхны аргаар бүтээлүүд хийж байгаа уран бүтээлчид байна. Гол нь муухай, увайгүй, ёс зүйгүй байдлаар гадныхныг хэт дуурайж хэтрүүлсэн бүтээлүүдээ арилжааны болгоод байна. Энэ нь өнөөдөртөө болж буй мэт боловч алсдаа үзүүлэх нөлөөлөл нь бидний монгол хүн байх мөн чанар, өв соёл, ёс суртахуун, ёс зүйгээс гажаад явчихаж байгаа юм.

Тийм ч учраас нийгмээрээ, улсаараа ёс зүйгүй байдалд дасаж, тэр нь бүр уналтад орж алдагдсан байна гэдгийг яриад эхлэлээ шүү дээ, бид чинь. Энэ нь нэг юм хэлээд байна. Улстөрчдөөсөө эхлээд тийм увайгүй, ёс зүйгүй байгаа юм чинь тэр доор шатанд яваа киноныхон ямар олигтой юм гаргах вэ дээ. Даяарчлагдаж байгаа нийгэмд бид монголоороо, өөрийнхөөрөө ёс зүйтэй, жудагтай, оршин байх нь бидний мөн чанар гэдгийг ойлгоосой гэж уран бүтээлчдэд хэлмээр байдаг. Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь л чухал байна. Одоо л зөв голдиролдоо орохгүй бол оройтно. Монгол хүн гэдэг чинь ямар хүн байх ёстой юм гэдэг дээр айхтар алдчихаад байна, одоо хурдан барьж авч засах хэрэгтэй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026
Кино Урлаг

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

22/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монгол хүүхэлдэйн урлал

20/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.