Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” бол зөвхөн Гомерын сонгодог туульсыг кино болгосон бүтээл биш, харин хүний мөн чанар, дайн, гэмшил, хувь тавилангийн тухай гүн гүнзгий эргэцүүлэл болсон кино болжээ.
Кино эхлэх мөчөөсөө л өгүүлэхүйн урлагийн хүчийг харуулснаараа онцлог. Кристофер Нолан үзэгчдийг үйл явдлын яг дундаас эхлэн чиглүүлж, Троягийн морьтой холбоотой домгийг шинэ өнцгөөс тайлбарлав. Кино нь Одиссей эхнэр Пенелопе, хүү Телемах хоёртоо эргэн очихын тулд хорин жилийн турш тэмцэж буй аяллыг хүүрнэх боловч, энэ аялал нь зөвхөн газарзүйн биш, сэтгэлзүйн аялал байх аж.

Киноны хамгийн том давуу тал нь цаг хугацааг аялуулсанд байв. Найруулагч Кристофер Нолан болон эвлүүлэгч Женнифер Лэйм нар өнгөрсөн, одоо үеийг ээлжлэн үзүүлснээр үйл явдал бүр шинэ утга агуулгатай болж хувирчээ. Хэдийгээр кино бараг гурван цаг үргэлжилсэн ч хэмнэл нь огт сунжирсан мэт санагдсангүй.
Жүжигчин Мэтт Дэймоний бүтээсэн Одиссейн дүр бол сонгодог баатрын төрхөөр илэрхийлсэн төгс биш хүн. Тэрбээр шударга ёс, нэр төрийн тухай ярьдаг атлаа зарим үед уур хилэндээ автаж өөрийн тогтоосон зарчмаа өөрөө зөрчдөг. Эл дүрээр Кристофер Нолан жинхэнэ баатар ч алдаа гаргадаг, шийдвэрийнхээ үр дагаврыг үүрдэг хүн гэдгийг харуулсан байна.

Кино Троя хотын сүйрлийг сүр хүчтэй тулаан гэхээсээ илүү дайны аймшигт үр дагаврыг харуулсан эмгэнэлт үйл явдал болгон дүрсэлжээ. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь үрэгдэж буй зураглал нь ялалт хүртэл асар их үнэ төлсөн болохыг сануулна. Үүний улмаас Одиссей өөрийн хийсэн үйлдлийн зөв бурууг эргэцүүлж эхэлдэг.

Киноны гол санаа нь “хүмүүсийг сайн, муу гэж ангилах боломжгүй” гэсэн санаа байв. Одиссей нэгэн зэрэг эрэлхэг, ухаалаг, хайртай гэр бүлтэй хүн боловч мөн нөгөө талаас дайн дажны харгислалд оролцсон нэгэн. Кристофер Нолан түүнийг зөвтгөөгүй, бас буруутгаагүй. Харин үзэгчдэд түүний үйлдлийг дүгнэх боломжийг үлдээжээ.

“The Odyssey” бол орчин үеийн Холливуудын том хэмжээний бүтээлүүдийн нэг бөгөөд зөвхөн үзвэр төдий бус, ёс суртахуун, гэмшил, хүний мөн чанарын тухай бодоход хүргэсэн кино. Нэг үгээр энэ бүтээл нь Кристофер Ноланы шилдэг кинонуудын нэг бөгөөд Хомерын туульсыг шинэ үеийн үзэгчдэд утга төгөлдөрөөр дахин амилуулжээ.


