Бенедикт Камбербэтч, Алан Камминг, Бенедикт Вонг нарын жүжигчид Их Британийн Засгийн газарт хандан “Paramount” болон “Warner Bros. Discovery” компанийн нэгдэх хэлцлийг зөвшөөрөхгүй байхыг шаардсан захидал бичжээ. Тэдний үзэж буйгаар энэхүү нэгдэл нь Их Британийн кино, телевизийн салбар болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд асар их хор хохирол учруулах эрсдэлтэй гэж үзсэн аж.
Захидалд дурдсанаар, ийм хэмжээний томоохон нэгдэл нь уран бүтээлийн өмчлөлийг цөөн компанийн гарт төвлөрүүлж, өрсөлдөөнийг сулруулан, уран бүтээлчид, продакшн компаниуд болон бие даасан контент бүтээгчдийн боломжийг хязгаарлах аюултай гэжээ. Мөн ажилчдын цомхотгол, бүтээлийн тоо буурах, соёлын олон талт байдал алдагдах эрсдэлийг онцлон анхааруулсан байна.
Тэд Их Британийн эрх баригчид энэхүү хэлцлийг зөвхөн бизнесийн ашиг сонирхлын үүднээс бус, нийтийн ашиг сонирхол, соёлын өв, хэвлэл мэдээллийн олон ургальч байдал болон бүтээлч үйлдвэрлэлийн ирээдүй гэсэн өргөн хүрээнд үнэлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү захидал нь “Paramount”–”Warner Bros.”-ийн нэгдэх хэлцэл эсэргүүцэлтэй тулаад буй үед нийтлэгдсэн бөгөөд өмнө нь олон мянган жүжигчин, найруулагч, зохиолч, кино урлагийн салбарын мэргэжилтнүүд мөн адил уг хэлцлийг эсэргүүцэн гарын үсэг зурсан юм.

