Поп од Ариана Гранде өөртэй нь хамтран ажилладаг продюсерууд болон гэрэл зурагчдын хувийн цахим хаягуудад хууль бусаар нэвтэрч, нийтэд дэлгээгүй уран бүтээлүүдийг нь хулгайлан тараасан гэх үл мэдэгдэх хакеруудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлд дурдсанаар, хакерууд түүний нийтэд хараахан цацагдаагүй дуунууд, зураг, дуу болон дүрсний бичлэгүүдийг хууль бусаар олж авч, заримыг нь хар захын цахим сүлжээ (dark web) дээр их хэмжээний мөнгөөр худалдсан байна.
Мөн 2023 онд л гэхэд Арианагийн 45 нийтлэгдээгүй дуу алдагдсан бөгөөд 2011 онд уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш ийм төрлийн олон зөрчил давтагдсан гэж нэхэмжлэлд онцолжээ.
Дуучны зүгээс энэхүү хэргээр хакеруудын жинхэнэ хэн болохыг тогтоолгохоос гадна, уран бүтээлчдийн хувийн орон зай болон оюуны өмчийг зөрчих ийм үйлдлүүдийг таслан зогсоох зорилготой гэж мэдэгдсэн байна. Түүний ойрын эх сурвалжийн хэлснээр, уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг хэзээ, хэрхэн олон нийтэд хүргэхээ өөрсдөө шийдэх эрхтэй бөгөөд хууль бус задруулалт нь энэ эрхийг ноцтой зөрчиж байгаа аж.
Ариана Гранде өмнө нь ч 2023 онд задруулсан “Fantasize” дууны талаар ярьж, ийм мэдээлэл тараагчдыг хууль ёсны хариуцлага хүлээлгэнэ гэдгээ анхааруулж байсан юм.

