Жаал хүү гудмаар бүдчин алхахдаа жаварт хайрагдсан гараа үе үе халуун амьсгалаараа үлээн ээвч дулаацах шинжгүй. Түүний навсархай куртка нь ямар ч илчгүй учир нуруу гарыг нь жавар нэвтлэнэ. Өвлийн өдөр богино учир оройн 6 цаг гэхэд бүхэлдээ харанхуй болчихно. Хүү гудамжны золбин нохойноос илүү айлын нохдоос айж бэргэсээр хашааны хаяагаар явж төвдөхгүй гудамжны гол барин алхаллаа. Ингэж явахад золбин ноход таарвал адилхан хоолоо олж идэх гэж зүдэрч яваа амьтад учир хэн хэнээсээ айх вэ, чамд мэдээж амаа ангайн хоол нэхэх гөлөгнүүд байгаа байх хэмээн амандаа үглэн явна. Хүү ингэж явсаар хотын зүүн захын гэр хорооллын Хангайн 20-р гудамны дээд талын ямбий модон хашааны хаалгыг чихруулан нээсээр явж орчихов.
Цасанд дарагдсан жижиг дөрвөн ханат гэр, майжгар хар амбаар ёрдойн угтлаа. Хүүг дотогш орвол гал хөсгүй зэвий даасан хүйтэн гэр угтав. Хоёр дүү нь хоймрын төмөр орон дээр ээжийнх нь хэд хэд нөхсөн өнгө нь мэдэгдэхгүй хир даагь болсон хөнжлөө нөмрөн унтацгааж байв. Хүү хөлөөрөө тээглэх зүйлсийг зайлуулж, хоймор дахь сандал дээр бөхөж буй лааг шинээр солин бадраав. Ишш, ээж минь байхад хичнээн сайхан байв даа. Миний цуглуулж ирсэн зүйлийг эмхэлж гэр бүлээн дулаахан. Хоёр дүү ч ээжээс хойш хэцүүдэж байна даа. Би олигтой харж хандаж чаддаггүй. Тийн бодож байтал том дүү нь сэрж:
-Өө ах ирчихсэн юмуу? Та яасан зөндөө яс түүсэн үү?
-Үгүй, өнөөдөр юу ч олоогүй. Ядаж өглөө эрт босож чадсангүй. Миний дүү унт даа. Ах нь маргааш хоосон ирэхгүй.
-За за.
Хүү хоосон ходоодоо хэрхэн хоржигнон дуугарахыг чагнаархан хэсэг сууснаа бушуухан хэвтэхээр ороо засав.
-Ахаа, ахаа босоорой гэх дуунаар хүү сэрлээ.
-Миний дүү яасан эрт сэрээв
-Би өлсөөд нойр сэргэчихлээ.
Хүү яаран хувцаслаад гарах зуур дүүдээ хандан “Ах нь удахгүй ирнэ” гээд гарлаа. Гудамж уруудан хурдлан гүйсээр буудал руу ирж автобусанд арайхийн амжиж суулаа. Ажил эхлэх болоогүй учраас хотод хөл хөдөлгөөнгүй, хааяа нэг машин тэрэг , автобусны шуугиан давхихаас өөр чимээ аниргүй. Хүү дөчин мянгатын олон давхар байрны орц бүрийн бункерийг онгойлгон яс шил хайн ухаж эхлэв. Тэрээр хөл ихсэхээс өмнө нилээд хэдэн байраар явсан боловч гавьтай олз олсонгүй. Том хар шуудайны ёроолд кл гаруй л яс, 2,3 шилнээс хэтрээгүй байв. Хүү олигтой юм олж чадсангүйдээ баахан гонсойн олдож юу магад гэж горьдсоор байр хэссэ л явав. Тэгж тэгж арай ядан зүтгэсний хүчинд ястай болоод ихэд баярлан зах руу зүглэлээ. Арайхийн олсон жаахан ясаа тушаах гэтэл яс авдаг хүмүүс ирээгүй бололтой олдсонгүй. Юутай ч гэсэн энэ тэрүүгээр явж байгаад ирвэл ирж юу магад гээд зах дотор холхилоо. Ид наймаа гүйдэг цаг болж зах дээр ёстой түм түчигнэж, бум бужигнаж байв. Хүмүүс лангууны хоорондох бяцхан зөргөөр багтаж ядан бие биенээ гудчин түлхэлцэж, уур омгоороо ихэрхэн хэрүүл зодоон гаргах нь холгүй явна. Хүүгийн араас цуварсан хүмүүс чихцэлдэн тэнцвэрээ олоогүй зарим нь хальтиран газар унав. Хүү арай гэж нэг байрандаа тогттол хэн нэгэн мөрнөөс нь базаад авав. Гайхан дээш харвал урд нь явж байсан савхин хүрэмтэй бүдүүн ах өөдөөс нь сүртэй хараад:
-Чи муу хулгайч, хүний халаас ухах гууд байна уу?
-Ахаа би бишээ, хойноос түлхээд гэж ээрч түгдэртэл,
-Тэгнэ байх аа, чи бас. Чам шиг муу хулгайчуудыг ямар мэдэхгүй биш Хүүе хүмүүсээ та нар дотор юмаа алдсан хүн байна уу гэж эргэн тойрноо харан хашгирлаа. Хүмүүс ч тэ үгийг хүлээж байсан мэт халаас цүнхээ эрэн сандралдав.
“Хүү минь өөрт оногдоогүй зүйлийг бусдаас авна гэдэг гэмт хэрэг. Тийм юм хийсэн хүн хэзээ ч сайхан амьдардаггүй” гэж ээж нь үргэлж сургадаг байсан болохоор хүү хичнээн өлсөвч хулгай хийх тухай бодож үзээгүй явсан билээ.
-Үгүй, ахаа би хулгайлаагүй. Юу ч аваагүй гэж уйлагнан нөгөө бүдүүн ахын өөдөөс харлаа. Түүнд нэг л таньдаг царай харагдахын зуур “Миний хүү аавдаа ир” гэж энхрийлэн дуудах шиг сонстов. Гайхан харж зогстол хүүд байнга хүлээж байдаг хүнийх нь нүүр царай маргахын аргагүй мөн болохыг сануулав. “Ааваа” гэснээ алхам хойшиллоо. Хүүд багынх нь явдал, хамгийн сүүлд болсон явдал санаанд нь зурсхийв. Тэр үед хүү 6 нас хүрсэн байлаа. Тэрээр гэрийн зүүн орон дээр хоёр дүүгээ өвөртлөн унтахаар хэвтэж байлаа. Хашааны хаалгы балбах чимээнээр ээж нь гарч, удсан ч үгүй аавтай нь хамт орж ирлээ. Аав нь нэлээд согтсон байдалтай үүдэнд гуйвлан золтой л уначихсангүй. Тэгээд хоол цай аваад ир гэж ээж өөд нь чанга дуугаар зандарлаа.
-Чш аяар гэм. Хүүхдүүд унтаж байна
-Хн. Тахир дутуу чавганцаар би захируулах юм уу. Чи муу намайг захирна гэвэл холоо хэвтэнэ.
-Чи минь юу дутлаа гэж ингэж явдаг юм бэ дээ гэж ээж нь аргадангуй хэлэхэд
-Өө тийм, чи сайндаа юмаар дутаахгүй байгаа юм уу. Өвчний үүр болсон чамайг, бас энэ хэдэн зулбасгыг чинь тэжээх гэж би хуруу хумсаа хуйхалж байна. Би юугаа ууна, иднэ чамд ямар хамаа байна. Тэр байтугай та нарыг алсан ч яадаг юм аан гэж омгорхлоо. Ээжийгээ цурхиран уйлахад айсандаа хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтээд, чимээгүйхэн мэгшин уйллаа. Түүнээс хойш удалгүй аав нь хувцсаа аваад яваад өгч билээ. Ээж нь хичнээн бие муутай гэлээ хэдэн хүүдүүдээ тэжээх гэж ёстой шургаж унатлаа ажилласансан. Хүүгийн ойлгосноох ээж нь хүүхдүүдээ төрүүлснээс хойш бие муутай болж, группэд орсон болохоос залуудаа их л сайхан, эрүүл саруул эмэгтэй байсан гэж боддог. Аав нь орхиж явснаасаа нэг ч үзэгдээгүй. Ээжид хөдөө байдаг холын хамаатнаас өөр хүн үгүй тул аавыгаа ирж авах болов уу гэж удаан хүлээсэн билээ. Хоёр жил, хоёр жил аавыгаа хүлээгээд ирэхгүй болохоор аав нь ч гэсэн бурхан болчихжээ гэж бодоход хүрчээ. Ийн бодолхийлэн хэсэг зуур орчноос тасрах мэт байлаа. Савхин хүрэмт бүдүүн эр хүүгийн захнаас зуурсан хэвээр элдэвлэн зогсоно. Хүү:
-Ааваа, та мөн байна. Ааваа…
-Өө за за. Бүр арга зохиож эхлэх нь үү.
-Ааваа, би Эрхэмбаяр байна шүү дээ. Та намайг танихгүй байна уу?
Савхин хүрэмт зуурсан гараа тавин хойш ухарснаа гайхан гөлөрлөө. Гэтэл олны дундаас тарган эмэгтэй чихэлдэн гарч ирээд:
-Яасан өвгөөн, мөнгийг чинь хулгайлчихсан юм уу?
-Үгүй, үгүй. Хоёулаа явъя гээд тэр хоёр цааш эргэлээ. Хүү тэр хоёрын хойноос гомдолтой нүдээр ширтэн “Би хулгайч биш, биш” гэж амандаа бувтнан үлдлээ. Хашгираад ааваасаа зууралдмаар санагдавч хөл нь урагш ахихгүй доороо хадагдсан мэт байв. Зөвхөн хацрыг нь даган нулимс бөмбөрнө.