Өмнөд Солонгосын BTS хамтлаг 2027 оны “Грэмми” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.
Хамтлагийн долоон гишүүн нийгмийн сүлжээний хуудсууддаа ижил мэдэгдэл нийтэлж, “Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилахгүйгээр байгаагаар нь сонсож, мэдрэх боломжтой” хэмээн онцолсон байна.
АНУ-д төвтэй Дуу бичлэгийн академиас “Грэмми” шагнал гардуулах 69 дэх удаагийн ёслолд Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр, шилдэг латин дуу зэрэг таван шинэ номинаци нэмснээ мэдэгдсэнээс хойш хоёр сар хүрэхгүй хугацааны тус хамтлагийнхан дээрх мэдэгдлийг хийлээ.
Хөгжмийн салбарын мэргэжилтнүүд, шүтэн бишрэгчид шинэ төрлүүдийг шүүмжилж, Азийн уран бүтээлчдийг үндсэн төрлүүдээс тусгаарлаж, BTS зэрэг хамтлаг “Грэмми”-ийн гол шагналуудыг хүртэх магадлалыг багасгаж болзошгүй гэж мэдэгджээ.
Дуу бичлэгийн академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон BTS-ийн шийдвэртэй холбогдуулан тайлбар хийхдээ, наадмын тодорхой төрөл ангилалд нэр дэвших нь оны шилдэг бичлэг, оны шилдэг цомог, оны шилдэг дуу зэрэг үндсэн номинациудад өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй гэдгийг тодотгосон байна.
“Азийн поп хөгжмийн төрлийг Азиас гаралтай поп хөгжмийн гүн гүнзгий агуулга, олон талт байдал, хурдацтай хөгжлийг онцлон үнэлэх зорилгоор бий болгосон. Илүү олон төрөлтэй болно гэдэг нь илүү олон уран бүтээлчийн бүтээл үнэлэгдэх боломжтой гэсэн үг” гэж тэрбээр мэдэгджээ.
BTS хамтлаг өмнө нь “Грэмми”-ийн шагналд таван удаа нэр дэвшиж байсан хэдий ч тус шагналын эзэн болоогүй байгаа юм.
“Грэмми”-ийн шагнал гардуулах 69 дэх удаагийн ёслол 2027 оны хоёрдугаар сард болно.

