“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдтэй шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Шинэлэг өнгө аяс бүхий "Эрхэм сэтгэл" дууны клип үзэгчдийн хүртээл боллоо. Маш сонирхол татсан өвөрмөц клип болсон байна. Клипний зураг авалтаа хаана хийв. Энэхүү уран бүтээл тань хэрхэн бүтсэн бэ?
Ц.Сарнай: Бидний “Эрхэм сэтгэл” дууны маань клип мэндэллээ. Энэхүү дууны клипний зураг авалтыг өнгөрсөн жил АНУ-ын Аризона мужийн Улаан уул хэмээх алдартай газарт “V” продакшныхантай хамтран бүтээсэн. Клип маань гараад удаагүй ч хүмүүсээс ирж буй сэтгэгдэл нь их ам сайтай, хаана авсан юм бэ гээд гайхацгаан асуугаад байгаа. Энэхүү клипийг бүтээхэд их хөдөлмөр орсон гэж хэлж болно. Манай охин ой зургаан сартай байсан. Хүүхдээ дагуулаад хамтлагаараа том машин хөлслөөд клипэнд орж байгаа бүхий л жижиг хэрэгсэл, цаг толио ачиж аваад л явсан. Хөдөлмөр заран зорьсон зүйлийнхээ ард гараад сайхан клиптэй болсондоо сэтгэл хангалуун байна. “Эрхэм сэтгэл” дууны аяыг Ц.Ганзориг ах маань зохиосон. Тэрбээр энэхүү аяыг олон жилийн өмнө эхнэртэй зориулан зохиож байсан юм билээ.
Үгийг нь Х.Тэргэл өөрийнхөө ханьд зориулан зохиосон. Хөгжмийн найруулгыг Чинбаа маань хийсэн. Арын вокал нь нүсэр сүмийн найрал дуучидтай хамтран дуулсан. Онцлог нь Америк хүмүүсийг бараг л хүчээр Монгол хэлээр дуулуулсан. Арай өөр хоолойны хүч, темп, өөр өнгө аяс сонсогдож байгаа байх. Дуу бүтээх явц нь их цаг хугацаа орж олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн. Багадаа киноноос л харж байсан тэрхүү сүмийн дуучидтайгаа очиж уулзан цоо шинэ стилиэр уран бүтээлээ туурвисан. Ер нь уран бүтээлч хүн үргэлж өөрсдийгөө сорьё гэсэн хүсэл, эрмэлзэл байдаг. Энэ дуу биднийг сорьсон дуу гэж хэлж болно. Энэ стиль бол тэр бүх хүмүүс дуулаад байдаггүй. Тиймдээ ч тэнд сүмүүдээр явж дуучид нь сэтгэлийн хөдлөлөө яаж илэрхийлдэг тэр бүхнийг дунд нь орж дөөрсдөө амьсгалж байж энэ дуугаа дуулсан. Энэхүү клипийг бидэнтэй хамтран бүтээсэн “V” студийнхэндээ баярлалаа. Чинбаа маань хөгжмийн найруулгыг үнэхээр гоё хийсэн. Дан хөгжимтэй эхлээд цаашаа өсөөд арын хоолой нь хүртэл хоршин хүний сэтгэл рөдлөлийн дээд цэг буюу манай хамтлагийн “эмошн” нэртэй таарсан өөрсдийгөө илэрхийлсэн дуу болж чадсан.
-Фэнүүддээ дуулгах өөр ямар гэнтийн ямар бэлэг байна?
Ц.Сарнай: Манай хамтлагийн 2010 онд гаргасан, тав дахь "Emotion" цомгийн ихэнх дуу клиптэй болж байгаа. Одоо “Аргалд явсан ижий”, “Охин насны хайр” хоёр дуу маань клипжээд дуусвал энэ цомгийн 13 дуу бүгд клиптэй болж бидний зорьсон зорилго биелэх нь. “Аргалд явсан ээж” дууны клип хийгдэж байгаа. Ирэх оноос өмнө үзэгчдийн хүртээл болно. Ер нь бидний эх орноосоо хол олон жилийн хугацаанд хийгдсэн дуунууд болохоор их л өөр байдаг юм билээ. Эх орон, эцэг, эх, фэнүүдээ санан тэдэнд хүргэх дуунуудаа их л бодож, боловсруулж, сэтгэлээсээ хи йсэн цомог учраас энэ цомгийнхоо бүх дуунуудыг ард түмэндээ хүргэе гэсэн зорилготой байсан. Энэ зорилго маань тун удахгүй биелж DVD болж гарна. Хүссэн үедээ "Emotion" цомгийн бүх клипийг нэг дор DVD-гээр үзэх бол фэнүүдэд маань гоё бэлэг байх. Мөн бидний удаан бодож явсан “Зүрхэн аялгуу” гэж сайхан төсөл хэрэгжсэн. Энэхүү төсөлдөө 50-60-аад оны монголынхоо сайхан хит дуунуудаас шилээд өөрсдөдөө тохирсон мөн биднийг сорьсон дуунуудаар цомог гаргаж байгаа. Энэ маань бас DVD болж гарна. Бид тухайн дуунуудынхаа талаар баримтат кино маягаар зохиосон зохиолч, тухайн үед дуулж байсан хүмүүстэй нь ярилцсан байгаа. Тийм сайхан алтан үеийн хит дуунуудын талаар ярьж үлдээсэн зүйл ховор байдаг учраас дараа дараагийн үедээ тэдгээр дууны түүхийг хүргэе гэж зорьж байгаа. Мөн үүнийгээ танилцуулж бид жижигхэн хэмжээний тоглолт хийх байх.
-Тоглолт гэснээс “Pink Floyd” хамтлагийн “tribute” тоглолтыг дахин тоглох уу?
Э.Ганболор: Бид жилийн өмнө ард түмний хүртээл болсон гадны хамтлаг дуучдын дуугаар ковер тоглолт хийсэн. Түүний хажуугаар “Шар айраг” хамтлаг, Чинбаа, гитарчин н.Мөнх-Оргилтой хамтран “Pink Floyd” хамтлагийн “tribute” тоглолтыг хийсэн. Өөр урсгал, стильтэй хамтлагийн дууг дуулахаар бидний өөрсдийгөө илэрхийлж байгаа илэрхийлэл өөрөөр гардаг юм билээ. Үүнээсээ санаа аван үе үе ийм тоглолт хийж байя гэж бодож байгаа. “Pink Floyd” хамтлагийн хувьд хөгжмийн дуугаралт, компьютерийн эхлэл буюу анх удаа дэгэц ашигласан хамтлаг гэдэг утгаараа сонин авиануудыг гаргасан дуунууд их байдаг шүү дээ. Тэр ч утгаараа хөгжимчдийг илүүтэй товойлгон харуулсан тоглолт болсон гэж боддог. Зарим зүйл дахиад тоглоосой гэсэн дээрээ хорхойг нь гозолзуулаад дуусчихвал гоё шүү дээ. “Pink Floyd” хамтлагийн “tribute” тоглолтын хувьд “Univision” санд багтсан, удахгүй DVD болж гарна. Бид эдгээр тоглолтуудаа аль болох өөрсөддөө хадгалж үлдэх хүсэлтэй байгаа.
-Дараагийн “тribute” тоглолтын үргэлжлэл хэзээ вэ?
Э.Ганболор: Энэ удаад бид алдарт “BeeGees” хамтлагийн “tribute”-ыг яг өмнөх бүрэлдэхүүнээрээ хийе гэж төлөвлөөд байгаа. “BeeGees” хамтлагийн дуунуудад монголчууд маш их дуртай байдаг шүү дээ. Тэр ч утгаараа бид дандаа монгол дуугаа дуулаад байх биш завсар зайгаараа сонирхлоороо гадаадын уран бүтээлүүдээс дуулмаар байна. Энэхүү тоглолтын тухай бид эргэн мэдээлэх болно. Ах дүү гурав хоолой салж дуулдаг нь бидний стильтэй илүү ойрхон байгаа. Цаашдаа энэ бүрэлдээхүүний гоё хэсгүүдийг илэрхийлсэн тоглолтуудыг хийнэ. “Шар айраг”-ын Г.Ганхүү ах үүнийг цааш нь үргэлжлүүлье гэсэн.
-Энэ зуныг яаж өнгөрүүлсэн бэ?
Э.Ганболор: Манай Сүндэрээ нялх биетэй байлаа. Ерөнхийдөө бид гэр бүлийнхээ хүрээнд амарч өнгөрүүлээ. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Сүндэрээгээ хурдан ажилд нь орууллаа. Бид найзаараа бахархаж байгаа. Нэг сонирхолтой мэдээ дуулгахад Чинбаа маань продюсинг хийх чиглэлээр “One music” продакшн байгуулсан. Энэхүү продакшнд ардын янз бүрийн гоцлол хөгжимчид, поп, рок хамтлагууд орж байгаа. Бид гурав ч гэсэн тэр продакшнд багтаж байгаа. Мөн “S4” хамтлаг Чинбаатай хамтран уран бүтээлээ хийн өөрсдийгөө дахин шинээр таниулж байгаа. Тэд ковер уран бүтээл хийн хэд хэдэн дууг гаргаж байгаа. “S4” хамтлагийнхан “Say something” дууг коверлон намайг хамтран дуулаач гэсэн хүсэлт тавьсан. Beatbox, дөрвөн хоолойн салалт, эмэгтэй дуучны гоцлол, морин хууртай хамтран дуулснаараа энэхүү дуу маань маш сонирхолтой “S4” хамтлагийнханыг илэрхийлэх бас нэгэн уран бүтээл болсон гэж бодож байна. Тэд одоо монгол уран бүтээл дээрээ ажиллаж байгаа удахгүй шинэ дуунуудаа дэлгэнэ.
-Шинэхэн ээж Сүндэрээгээр сонин сайхан юу байна. Ээж болсон ямар байна. Мөн яаж ингэж галбираа хадгалсан бэ. Өөрийн тань төрөөд удаагүй байхдаа “Монгол шилтгээн”-д хамтлагаараа авахуулсан зургийг харсан зарим хүн төрсөн гэж үү хэмээн эргэлзэж байсан. Тэр нууцаасаа хуваалцаач?
Г.Сүндэрээ: Ээж боллоо. Сэтгэгдэл өндөр байна. Эх хүн болох бол хамгийн гоё мэдрэмж байдаг юм байна. Эмэгтэй хүн амьдралдаа гурван том буян хийх ёстой байдаг гэсэн. Нэгт хүүхэд гаргах, хоёрт ном бичих, гуравт мод тарих. Түүний нэгийг гүйцэлдүүллээ. Ном бичиж чадахгүй юм чинь ном уншья. Намар юм уу ирэх хавраас мод тарья гэж бодож байгаа. Хүүхдээ тээж байх явцдаа эх хүн хүүхдэдээ эрүүл хоол хэрэглэн аль болох хөдөлгөөнтэй байж жирэмсэн байхдаа их жин нэмэхгүй байвал хүүхдээ гаргасны дараа жин хасах бол асуудалгүй юм байна гэж би өөрийнхөө туршлагаас үзэж байна. Мэдээж хүүхдээ төрүүлчихээд хамгийн түрүүнд хүүхдээ л бодон ууж идэж байгаа зүйлээ маш сайн зохицуулна. Эмэгтэй хүн гэдэг бол үнэхээр тэсвэр хатуужилтай мундаг хүмүүс байдаг юм байна гэдгийг би хүүхдээ гаргахдаа маш сайн ойлгосон. Энэ хорвоогийн бүх сайхан монгол эхчүүдээрээ би бахархсан.
-Уран бүтээлдээ орчихлоо охиныг нь хэн харж байгаа вэ. Уран бүтээлч хүнд арын албыг нь сайн авч явдаг хүмүүс чухал санагддаг?
Г.Сүндэрээ: Мэдээж аав, ээж маань туслалгүй яах вэ. Одоо бол миний дүү охин надад 100 хувь тусалдаг. Намар уран бүтээл ундраад ирэхээр аав, ээжээрээ хүүхдээ харуулна. Нэг үеэ бодвол охин маань кашанд ороод том болж л байна.
Г.Даша
Эх сурвалж: eagle.mn