Женнифер Кулиж бол Холливудын хамгийн өвөрмөц төрх, дуу хоолой, инээдмийн мэдрэмжээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчдийн нэг. Тэрdээр “American Pie” киноны Стифлерийн ээжийн дүрээр дэлхий даяар танигдсан ч түүний карьер зөвхөн инээдмийн дүрээр хязгаарлагдсангүй. “Legally Blonde”, “2 Broke Girls” зэрэг бүтээлүүдээр үзэгчдийг хөгжөөж явсан Кулиж 2021 онд “The White Lotus” цувралын Таня МакКуоидын дүрээр жүжигчний хувьд огт өөр түвшинд хүрч, “Эмми” болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртсэн юм.
Өнөөдөр тэрбээр 65 нас хүрч байна.

Женнифер Одри Кулиж 1961 оны наймдугаар сарын 28-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод төрж, Норвеллд өссөн байна. Багадаа хөгжмийн сонирхолтой, кларнет тоглодог байсан бөгөөд гурван зун найрал хөгжмийн сургалтад хамрагджээ.
Тэрбээр Норвелл ахлах сургууль болон “Cambridge School of Weston”-д суралцсаны дараа Бостон дахь “Emerson College”-д театрын чиглэлээр суралцаж, улмаар Нью-Йорк дахь “American Academy of Dramatic Arts”-д мэргэжлийн жүжигчний боловсрол эзэмшсэн байна.

Сонирхолтой нь Кулиж анх инээдмийн жүжигчин болно гэж төсөөлөөгүй аж. Түүний мөрөөдөл нь драмын жүжигчин болох байсан бөгөөд Мэрил Стрипийг өөрийнхөө үлгэр дуурайлал хэмээн үздэг байжээ. Гэвч хувь тавилан түүнийг инээдмийн жүжгийн ертөнц рүү хөтөлсөн байна.

Нью-Йоркт байхдаа Кулиж “Gotham City Improv” хувийн театрт нэгдэж, дараа нь Лос-Анжелест очин алдарт “The Groundlings” хошин урлагийн театрын гишүүн болжээ. Тус хамтлаг нь олон алдартай инээдмийн жүжигчдийн карьерын эхлэл болсон бөгөөд Кулижийн өөрийн гэсэн өвөрмөц хошин хэв маяг эндээс бүрэлдсэн байна.


Түүний телевизийн анхны томоохон ажлуудын нэг нь “Seinfeld” цувралын 1993 оны дугаарт гарсан дүр байв. Гэвч Кулижийг олон нийтэд жинхэнэ утгаар нь таниулсан бүтээл нь 1999 оны “American Pie” болсон юм.

“American Pie” кинонд Кулиж Стифлерийн ээж Жанин Стифлерийн дүрийг бүтээсэн. Хэдийгээр хэдхэн минут гардаг туслах дүр хэдий түүний дүр киноны хамгийн мартагдашгүй дүрүүдийн нэг болж, Кулижийг олон улсын хэмжээнд танил болгосон юм.
Тэрбээр уг дүрээ “American Pie 2”, “American Wedding” болон “American Reunion” кинонуудад дахин бүтээсэн.
Стифлерийн ээжийн дүр Кулижид нэг талаас асар их алдар нэр авчирсан ч нөгөө талаас түүнийг тодорхой төрлийн дүртэй холбон ойлгох шалтгаан болсон. Гэсэн ч жүжигчин энэ хэвшмэл ойлголтыг дараагийн бүтээлүүдээрээ аажмаар эвдэж чадсан юм.
2001 онд Кулиж “Legally Blonde” кинонд Рийз Уизерспуны бүтээсэн Элль Вүүдсийн дотны хүн, гоо сайхны салонд ажилладаг Пулетт Бонафонте Парселлийн дүрд тоглосон.
Пулетт нь өөртөө итгэлгүй боловч сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хурдан олсон дүр байв. Ялангуяа Элльд өөрийгөө хамгаалах, өөртөө итгэхэд нь тусалдаг харилцаа нь киноны хамгийн дурсамжтай хэсгүүдийн нэг болсон.
Кулиж уг дүрээ 2003 онд “Legally Blonde 2: Red, White & Blonde” кинонд дахин бүтээжээ.

2000-аад онд Кулиж кино, телевизийн олон төрлийн бүтээлд тоглож, өөрийн нэр хүндийг улам бататгав. Тэрбээр найруулагч Кристофер Гестийн “Best in Show”, “A Mighty Wind”, “For Your Consideration”, “Mascots” зэрэг инээдмийн бүтээлүүдэд оролцсон.





Мөн “A Cinderella Story”, “Click”, “Date Movie”, “Epic Movie” зэрэг кинонд дүр бүтээж, өөрийн өвөрмөц инээдмийн жүжиглэлтийг харуулсан байна.



Телевизийн хувьд “Joey”, “The Secret Life of the American Teenager” зэрэг цувралд тоглосны зэрэгцээ 2011 оноос “2 Broke Girls” цувралд София Качинскийн дүрийг бүтээсэн нь үзэгчдийн дунд дахин өндөр нэр хүнд авчирчээ.
Кулижийн карьерын хамгийн сонирхолтой хэсэг нь түүний жинхэнэ драмын амжилт харьцангуй хожуу ирсэн явдал юм.
2021 онд тэрбээр HBO-ийн “The White Lotus” цувралд чинээлэг боловч сэтгэл санааны хувьд тогтворгүй, ганцаардсан эмэгтэй Таня МакКуоидын дүрд тоглов. Энэхүү дүр нь өмнөх инээдмийн дүрүүдээс нь илүү нарийн, эмзэг, гунигтай талуудыг харуулах боломж олгосон юм.
Таня МакКуоидын дүр үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Кулижийн карьерын хамгийн том амжилтын нэг болсон. Тэрбээр уг дүрээрээ “Primetime Emmy Awards”-ийн шагнал хүртэж, мөн 2023 онд “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг туслах эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна.
Женнифер Кулижийн түүх Холливудад амжилт заавал залуу насанд ирэх албагүй гэдгийг харуулдаг. Тэр олон жилийн турш туслах дүр, инээдмийн дүрүүдээр ажиллаж, заримдаа зөвхөн нэг төрлийн дүрд тоглодог жүжигчин хэмээн ойлгогдож явсан. Гэвч “The White Lotus” түүний карьерын чиглэлийг эрс өөрчилж, олон арван жил хуримтлуулсан туршлага нь жүжигчний хүч болсон юм. 2025 онд тэрdээр өөрийн төгссөн “Emerson College”-ийн төгсөлтийн ёслолд илтгэл тавьж, өөрийн карьерын замнал, бүтэлгүйтэл, боломжийн талаар төгсөгчдөд хандан ярьсан нь түүний амьдралын дараагийн нэгэн чухал мөч болсон байна.




