Аялал жуулчлалын “Go2Africa” компанийн боловсруулсан “Noise-Free Nations Index”-ээр Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын жагсаалтад есдүгээр байр эзэлжээ.
Энэхүү индекс нь улс орнуудын дуу чимээг децибелээр шууд хэмжсэн үзүүлэлт биш юм. Харин хүн амын нягтаршил, жуулчдын нягтаршил, хөдөө орон нутгийн эзлэх хувь, тусгай хамгаалалттай газар нутаг, автомашин, нисэх буудал болон төмөр замын сүлжээний нягтаршил гэсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн улс бүр; “нам гүм байдлын оноо” тооцжээ. Оноо өндөр байх тусам хүн ам, жуулчин болон тээврийн дэд бүтцээс үүдэх дуу чимээний дарамт харьцангуй бага гэж үзсэн байна.
- Бутан — 83.80
- Намиби — 73.03
- Ботсвана — 66.89
- Замби — 65.72
- Габон — 63.06
- Венесуэл — 62.48
- Чад — 60.70
- Төв Африкийн Бүгд Найрамдах Улс — 48.35
- Монгол Улс — 46.37
- Боливи — 42.76
Монгол Улсын өндөр байр эзэлсэн нь өргөн уудам нутаг дэвсгэр, хүн амын харьцангуй бага нягтаршил зэрэг үзүүлэлттэй холбоотой гэж тайлбарлаж болохоор байна. Гэхдээ уг индекс нь Улаанбаатар зэрэг хотын бодит дуу чимээний түвшнийг хэмжсэн судалгаа биш бөгөөд улс орны хэмжээнд хүн ам, аялал жуулчлал, газар ашиглалт болон тээврийн дэд бүтцийн үзүүлэлтүүдэд тулгуурласан эрэмбэ аж.
Сонирхолтой нь, Европын нэг ч улс эхний 25-д багтаагүй бөгөөд Эстони 34 дүгээр байраар тус тивийг тэргүүлжээ. Үүнийг Европын хүн ам болон жуулчдын өндөр нягтаршил, хөгжсөн тээврийн дэд бүтэцтэй холбон тайлбарласан байна.
Харин жагсаалтын нөгөө талд Сингапур хамгийн бага буюу 6.78 оноо авчээ.

