Хөгжим бүжгийн коллежийн 10б ангид морин хуурч мэргэжлээр 4 дахь жилдээ суралцаж байна Б.Өнөржаргал охин ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” хандивын тоглолтыг энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд 19.00 цагт тоглохоор товлоод байгаа юм.
Гурван наснаасаа эхлэн дуулж, бүжиглэж, хөгжимдөж сурсан Б.Өнөржаргал нь 2004 онд МҮОНТ-ийн “Басартай хамт” хүүхдийн нэвтрүүлгийн сүлд дуу “Найзаа намайг хараарай” дууг анх дуулсан. 2006 онд “Найзаа намайг хараарай” гэх анхны бие даасан цомгоо гарган анхны бие даасан тоглолтоо “UB Palace”-д хийсэн гээд түүний урлагийн замнал хөврөнө.
Түүний эмээтэй авьяаслаг зээ охиных нь талаар ярилцлаа.
-Өнөржаргал багадаа ямар охин байсан бэ. Урлагт анх хэрхэн хөл тавьсан бэ?
-Зээ охин маань хоёр ой долоон найман сартайгаасаа л дууны аятай “Эмээ би энэ дууг дуулмаар байна. Надад үгийг нь цээжлүүлээч” гэдэг байсан. Үгийг нь цээжлүүлэхээр л дагаад дуулдаг байлаа. 4-5 настайдаа цэцэрлэгт байхдаа л багш нар нь юу заан түүнийг маш хурдан сурдаг, сонсголоороо ятга, ёочин хөгжим дарчихдаг л хүүхэд байсан. Багаасаа л цэвэрхэн дуулдаг үгийг декц сайтай хүүхэд дээ. Ой санаж сайтай юмыг их хурдан сурдаг, сэтгэдэг хүүхэд байсан. 4 настайдаа Хүүхдийн ордонд С.Ганчимэг багш дээр халзан толгойтой үсээ авахуулсан хүүхэд л шалгуулахаар очиход энэ хүүхэд арай л дуулж чадахгүй байх аа хэмээн эргэлзэнгүй хэлж байсан. Юу ч гэсэн шалгая гэхэд охин маань бэлдсэн дуугаар дуулахад Ганчимэгийн шавь нар “Багш аа энэ охин чинь бидний дуулдаг өнгөнд гарч дуулж байна шүү дээ” хэмээн дуу алдаж байсан. Анх Ганчимэг багш өөр дээрээ би авъя миний шавь бол гээд 2004 онд миний охин МҮОНТ-ийн “Басартай хамт” нэвтрүүлгийн “Найз аа намайг хараарай” дууг анх дуулж байсан.
-Мэргэжлийн сургуульд хожуу элсэн орсон гэж сонссон. Тэр талаар сонирхуулахгүй юу?
-Миний хувьд эх хүн, эмээ хүний хүний хувьд үр хүүхдээ сайн сайхан явуулъя, сайхан мэргэжил боловсролтой болгоё хөгжүүлье гэж бодсон. Энэ охинд хөгжимлөг авьяас байна гэж хүмүүс ярьдаг байсан учраас тэр чиглэлээр нь хөгжүүлэхийг хичээсэн. Миний зээ охин 23 дугаар сургуулийн Хятад-Англи хэлний ангид сурч байгаад тавдугаар ангиасаа Хөгжим, бүжгийн коллеж руу шилжин суралцсан. Тухайн үед Б.Наранзун дарга ХБК-д мэргэжлийн дагуу суралцах ёстой гээд тавдугаар ангиа төгсөх жил нь ХБК-д урилгаар оруулсан. Г.Эрдэнэбат гавьяат маань үүнийг маш сайхан хүлээж авч дэмжилгүй яах вэ гээд охиныг маань хүлээн авсан.
-Бие даасан хэчнээн цомгоо гаргасан бэ?
-Хүүхдийн дууны урлагт миний зээ охин өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан гэж боддог. Би 2006 онд охиныхоо “Найзаа намайг хараарай” цомгийг гаргаж өгсөн. 2009 онд “Дуугаар мэндчилье” гэсэн хоёр дахь цомгоо гарган 2010 онд дан өөрийнх нь зохиосон дуунуудаас бүрдсэн “Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд” нэртэй цомгоо гаргасан бол хамгийн сүүлд багаасаа хөдөлмөрлөсөн 20 дууг клипнийх нь хамт багтаасан “Уртын дуундаа би хайртай” цомгоо гаргасан. “Найзаа намайг хараарай” дуу бол цэцэрлэгийн хүүхдүүдийн сүлд дуу болон бүх цэцэрлэгийн нээлт дээр эгшиглэдэг. Миний охины зохиосон “Мэлхий”, “Шүдээ угаая” зэрэг дуунууд боловсролын сурах бичигт багтсан юм билээ. Би үүнд нь маш их баярлаж байдаг. Охин маань улс эх орондоо өөрийнхөө биед ахадсан зүйлсийг хийж бүтээж ээ гэж боддог. Миний охин 30 гаруй дууны ая зохиосон. Хамгийн сүүлд “Уртын дуундаа бид хайртай” гэдэг дуугаар “Морин хуур” чуулгатай хамтран тоглосон.
-“Морин хуур” чуулгатай хамтран тоглосон гэхээр их сонин байна л даа.
-“Морин хуур” чуулгад анх энэ саналыг тавихад их гайхаж хүлээж авсан л даа. Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулуун 10 настай охины минь уран бүтээлийг уриалгахан хүлээн авч, удирдаач Д.Түвшинсайхан тэрхүү дууны найруулгыг нь хийж клипжүүлсэн. Охины минь энэ дууг олон хүн мэргэжлийн хэмжээнд бүтээсэн сайхан дуу байна гэж өндрөөр үнэлсэн.
-Бие даасан тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Уг нь энэ жил өөрийнх нь тайлан тоглолтыг анх дуулж эхэлснийх нь 10 жил гээд хийе гэж төлөвлөж байсан. Гэтэл өнгөрсөн зургаадугаар сард гэнэт ээж нь өвдөөд цусны хорт хавдар гэдэг онош тогтоогдсон. Ээжийнх нь бие нэлээд хүнд эмчилгээ хийгдэж байгаа болохоор зээ охин маань ээждээ зориулаад тоглолтоо хийхээр ийнхүү товлоод байгаа юм.
-Ээжийнх нь биеийн байдал одоо ямар байгаа вэ. Нийт хэчнээн төгрөгийн эмчилгээ хийх шаардлагатай вэ?
-Өнгөрсөн зургаадугаар сард цусны хорт хавдар гэсэн оноштойгоор УКНЭ-ийн Цусны тасагт одоогоор хоёр сар гаран эмчилгээ хийлгэж байгаа. Охины маань өвчнийг дотооддоо эмчлүүлэхэд 70 гаран сая төгрөг, гадаадад эмчлүүлэхэд 180-200 сая төгрөг болж байгаа. Тиймээс зээ охин маань өөрийнхөө хийсэн бүтээснээрээ ээждээ хандив цуглуулахаар ийнхүү тоглолтын товоо зарлаад байгаа юм.
Авьяаслаг бяцхан охин Б.Өнөржаргалын ээжийн эмчилгээнд хандивын гараа сунгахыг хүссэн хэн бүхэн Хаан банкны 5032 6820 69 Г.Буянжаргал гэсэн данс руу сэтгэлийн өргөлөө хандивлаарай.
Дуучин Б.Өнөржаргал охины энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд 19.00 цагт тоглох “Ээжээ урт наслаарай” хандивын тоглолтонд Ардын жүжигчин, дуучин В.Долгор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, У.Далантай, Зууны манлай дуучин Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Чулуунбаатар, П.Идэржавхлан, Г.Эрдэнэтунгалаг, Л.Нарантуяа, П.Өнөржаргал, А.Түмэн-Өлзий, Батболд, “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхавгасүрэн, “Мотив” хамтлаг оролцон ая дуугаа өргөх нь ээ. Мөн ая зохиогч Б.Өнөржаргал маань өөрийн уран бүтээлээрээ ирсэн зочиддоо сэтгэлмийн цацал өргөх аж.
Ээжийнхээ төлөө цохилж буй бяцхан зүрхний хэмнэлийг энэ л үдэш хамтдаа мэдрэн хандивын тоглолтонд нь сэтгэлийн дэм өргөөрэй.
Г.Даша