Холливудын нэрт жүжигчин Том Селлек телевизийн шинэ бүтээлээр эргэн ирэхээр болжээ. Тэрбээр “Blue Bloods” цуврал 2024 оны арванхоёрдугаар сард дууссанаас хойш бараг хоёр жилийн дараа “Apple TV”-ийн шинээр бүтээж буй инээдмийн цувралд зочин дүрээр тоглох юм.
Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа тус цувралыг Лиз Хелденс, Мэтт Уорд нар бүтээж байгаа бөгөөд нэг анги нь ойролцоогоор 30 минут үргэлжлэх инээдмийн бүтээл байх аж.
Шинэ цувралын гол дүрийг жүжигчин Элизабет Бэнкс бүтээнэ. Тэрбээр нөхрөөсөө салаад удаагүй Хайди хэмээх эмэгтэйн дүрд тоглох бөгөөд Хайдигийн амьдрал аавынх нь тэтгэврийн насныханд зориулсан хотхонд өрнөх болзооны адал явдалтай холбогдсоноор огцом өөрчлөгдөх юм.
Улмаар Хайди аавтайгаа хамт санаанд оромгүй шинэ адал явдалд оролцох бөгөөд Том Селлек энэ үйл явдалтай холбоотой дүрийг бүтээхээр болжээ. Гэхдээ түүний дүрийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнд Элизабет Бэнксээс гадна Тед Дэнсон, Роб Делани, Кейт Сагал, Жаред Голдстайн болон Спенсер Мосс нар багтжээ.

