Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Бён Хун, “Squid Game” цувралын найруулагч Хван Дун Хёк нар “K.O. Club” нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд дахин хамтран ажиллахаар болжээ.
Киноны продюсер “Firstman Studio”-оос өчигдөр /2026.08.27/ жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан байна. Гол дүрд И Бён Хун тоглох бөгөөд түүнтэй У Жүн Сэ, Пак Хэ Сү, Чо Ё Жён, Ким Со Жин нар хамтран тоглоно.
“K.O. Club” нь “Killing Oldmen Club” гэх нэрийн товчлол юм. Киноны үйл явдал ойрын ирээдүйд өрнөх бөгөөд энэ ертөнцөд мөнгөө төлөөд залуу насаа худалдаж авах боломжтой болсон байна. Кинонд нь хөрөнгө мөнгө, эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн, байр сууриа тавьж өгөхийг хүсдэггүй цөөн тооны ахмад үеийнхэн болон ямар ч боломж үлдээгүй залуу үеийн хоорондын хурц зөрчлийг өгүүлэх аж.
“K.O. Club” буюу “Killing Oldmen Club” киноны зураг авалтыг 2027 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөжээ.

