ЭМГЭНЭЛ
АЛЛА ВИКТОРОВНА ХАБАЕВА-БАРСБОЛД (1930–2026)
Алла Викторовна Хабаева нь Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач төдийгүй Монголын дүрслэх урлагийг судлан, түүхчлэх, сурталчлахад өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулсан сэхээтэн юм.
А.В.Хабаева 1930 онд ОХУ-ын Эрхүү хотод төрсөн. Тэрээр Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн улсын дээд сургууль буюу ГИТИС-д суралцаж найруулагч-балетмейстерийн мэргэжлээр төгссөн.
1950 оны дунд үеэс А.В.Хабаева Монгол Улсад уригдан Улсын Хөгжимт драмын театрт балетмейстер, багшаар ажиллан сонгодог бүжгийн сургалт, мэргэжлийн арга барилыг төлөвшүүлэх, залуу бүжигчдийг бэлтгэх, балетын бүтээлүүдийг тайзнаа дэглэн найруулах, мэргэжлийн сонгодог бүжгийн хөгжилд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн.
1956 онд Монголын Дуурь, бүжгийн театрт Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”балетыг дэглэн тавьсан нь Монголын бүжгийн урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Энэхүү бүтээл нь Монголын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд А.В. Хабаеваг Монголын балетын урлагийн анхдагч, үндэслэгчдийн нэг хэмээн үнэлэх үндэслэл болдог.
Тэрээр 1960-аад оноос Монголын тайзны урлагт уран бүтээлээ үргэлжлүүлж, Ж. Зоринагийн “Сонгино хүү (1965 он), Ц. Пунийн “Эсмеральда” (1967 он) зэрэг балетын бүтээлүүдийг дэглэн найруулах, Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл” (1965 он), Ш.Гуно-гийн “Фауст” (1969 он), С. Рахманиновын “Алеко” (1969 он) зэрэг дуурийн бүтээлүүдийн бүжгийн хэсгийг боловсруулахад оролцож байжээ.
А.В.Хабаева нь Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна 1980–1989 онд Монголын Урчуудын Эвлэлд архивын эрхлэгч, номын санчаар ажиллаж, Монголын дүрслэх урлагийн түүх, уран бүтээлчдийн бүтээлийг баримтжуулах, судлах, сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан.
Тэрээр Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн, зураач, урчуудын уран бүтээлийн талаар идэвхтэй бичиж, Монголын болон гадаадын урлагийн тогтмол хэвлэлүүдээр нийтлүүлж, уран бүтээл, уран бүтээлчдийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг хийж байжээ. Тухайлбал, “Монголия”, “Новости Монголии”сониноос гадна ОХУ-ын “Искусство”, “Творчество”, “Огонёк, Унгарын “Мювезет” зэрэг соёл, урлагийн хэвлэлүүдэд Монголын дүрслэх урлагийн талаар нийтлэл, өгүүллүүд нь хэвлэгджээ.
МҮЭ-ийн архивын баримтад тэмдэглэснээр тэрээр дээрх хугацаанд Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн талаар 150 шахам өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь өнөөдөр Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхийг судлахад үнэ цэнтэй эх сурвалж болж байна.
Түүний судалгааны томоохон бүтээл нь 2005 онд Улаанбаатар хотод Буриадын Улсын их сургуулийн хэвлэлийн газраас хэвлэгдсэн “Изобразительное искусство страны вечного синего неба” буюу “Мөнх хөх тэнгэрийн орны дүрслэх урлаг” хэмээх бүтээл юм. Тус ном нь Монголын XX зууны дүрслэх урлаг, монголын уран бүтээлчдийн өв, уран бүтээлийг судлан баримтжуулсан бүтээлд тооцогдон судлаачдын эх сурвалж, судалгааны үнэтэй судлагдахуун болсон.
А.В.Хабаева нь Монголын балетын урлаг, дүрслэх урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач, багш, уран бүтээлч юм. Түүний Монголын соёл, урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр түүхэнд тод үлдэн, үе үеийн салбарын уран бүтээлч, судлаачдын үнэтэй баримтат өв болон дурсагдах болно.
Алла Викторовна Хабаевагийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ойр дотны хүмүүст Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаачийн гэгээн дүр, түүний бүтээсэн үйлс Монголын урлагийн түүх, уран бүтээлчдийн сэтгэл зүрхэнд мөнхөд орших болтугай.
УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

