МУ-ын Ерөнхий сайд асан Др(Ph), проф. Д.Бямбасүрэн нэгэн шинэ номыг өлгийдөн авч өмнөтгөлийг нь “Ялагчийн шаштирт өргөх хадаг” хэмээн нэрийджээ. Тэрээр “…манай эрх мэдэлтнүүд улсынхаа Үндсэн Хууль, бусад хуулийг хөсөрдүүлэн алгасч гадаадын “хөрөнгө оруулагч”-ийн хишигт хууртан өмнөөс нь мөлхөж очоод хөлийг тэврэн гутлыг нь үнсэн байж Хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулсан.
Энэ “гэрээ” бол манай эрх мэдэлтнүүдийн шуналын нян бүлэн цугласан бохирын сав юм шүү… Үүний одоогийн үр дагаврыг С.Гантуяа нэн тод гаргаж харуулжээ. Зөвхөн эрх мэдэлтнүүд төдийгүй гаднын баячуудын гарыг долоох хав мэт үйлчилж олон түмнийхээ тархийг угааж байсан тэр хүмүүсийн амыг асууж, хариуцлага нэхсэн нь номын том ололт мөн… С.Гантуяагийн энэ ном Монголын Засгийн газар Рио-Тинтогийн ээлжит баашид автаж буулт хийхийн өмнө гарч байна.” гэж дүгнэсэн нь нэгийг бодогдуулна. Ингээд номын зохиогчтой хийсэн товч ярилцлагаа хүргэе.
-Таны номын нэр содон санагдлаа?
-Бодол чинь үг хэлэнд нөлөөлнө, үг яриа чинь үйлдэлд чинь нөлөөлнө гэсэн үг байдаг шүү дээ. Манай ард түмэн хэзээнээсээ маш сайхан зөв ярьж ирсэн байдаг. Жишээ нь “Ир-гүн” гэдэг нь иртэй дайчин, гүн ухаантай хүнийг хэлдэг байж л дээ. Иргүн нь Масловын томъёолсон үндсэн таван хэрэгцээгээ зохистой байдлаар хангахаас гадна төр засгаа хүндэлдэг, хууль ёсоо дээдэлдэг, байгаль дэлхийн жам ёсыг ойлгодог, түүндээ нийцэж амьдарч ирсэн нүүдэлчин ард түмэн байжээ. Гэтэл “Ир-гэн” гэдгийн “гэн” нь гэнэн, харанхуй гэсэн утгыг илэрхийлдэг байна л даа. Тиймээс бидэнд иртэй дайчин чанар нь байгаад байдаг ч гэнэн харанхуй учраас энд ч болохгүй бүтэхгүй хууль батлагдаад, тэнд ч уурхай олборлогдоод, ар араасаа асуудал үүсээд байхад зөвхөн тэр орчмын хэсэг хүмүүс л тэмцээд байна уу гэхээс биш бусад нь төдийлөн тоолгүй хувиа бодон, довоо шарлуулж амьдардаг. Дэлхий дахинаа сүүлийн 50 жилийн хугацаанд үндэстэн дамнасан корпорациуд хүчээ авч аль ч улсын засгийн газраас илүү нөөц бололцоотой хүчтэй болсон. Тэдний дарангуйлал зальт захиргаадалт, хууран мэхлэлт зэргийг ойлгож эсэргүүцэх, тэмцэгч иргэд байх шаардлагатай. Иймээс идэвхтэй ИРГҮН байх цаг нь болжээ.
-Сэтгэлийг тань хамгийн их эмзэглүүлж байгаа зүйл юу вэ?
-Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх,нийгмийг авч явах учиртай дундаж давхаргынхан маань дэндүү аминчхан болсон юм шиг санагддаг. Миний хувьд өөрийн жил гаруйн тэмцэл дээр үндэслэж бичсэн учраас хүмүүсийн өмнөөс сайн сайхан үйл хийх нь ямар их утга учиртай, түүнээсээ сэтгэлийн ямар их таашаалыг мэдэрдэг, өөртөө ямар их итгэлтэй болдог талаар хүмүүс ойлгоосой гэж хүссэн. Уг нь хүн гэдэг чинь байгалиасаа бэртэгчин заяатай биш шүү дээ. Тэгээд ч би ийм саад бэрхшээлийг ингэж тэгж давж тууллаа гэж сонирхуулах биш харин тэмцлийн ямар ямар арга байдаг, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, ганцаараа болон багаараа тэмцэхэд юу юуг анхаарах вэ гэхчлэн судалгаан дээр үндэслэсэн арга техникуудыг шигтгээ хэлбэрээр оруулсан. Энэ талаар Д. Бямбасүрэн гуай: “Орчин цагийн даяаршиж буй Дэлхий ертөнцөд нүүрэн дээрээ буян амалж, бурханы дүр эсгэсэн ч нэдэр дээрээ шуналын галд шатаж, бусдын хөлс цусаар амиа тэтгэгчидтэй хийх тэмцэлд мэдлэг, мэдээлэл шийдвэрлэх ач холбогдолтойг нотолж өглөө. С.Гантуяа өөрийн тэмцлийн арга, ажиллагааг гүнзгий задлан шинжилэн, бусдад нэн чухал дүгнэлт, заавар зөвөлгөөг дэлгэрэнгүй үгүүлсэн нь номын нэг гол ололт мөн.” гэж үнэлсэнд баяртай байна.
– Ном бичих санаа хэрхэн төрөв?
-Өнөөдрийн манай нийгэмд болохгүй бүтэхгүй зүйлс маш их газар авсан байна. Оюутолгой, уул уурхайн замбараагүй олборлолт, ураны асуудал, УИХ-аар янз бүрийн хууль баталчихлаа гэх мэтийн бидэнд мэдэгдэж байгаа асуудлуудаас гадна бидэнд мэдэгдээгүй өчнөөн асуудал байна л даа. Бид мэдээгүйдээ ч биш мэдсэн ч бидэнд хамаагүй гэсэн байр сууринаас хандаад байна. Тухайлбал ураны хор хөнөөлийн тухай Улаанбадрах сумын иргэд хэчнээн хөндсөн ч та бид ураны аюул бидний нуруун дээр иртэл хаа юм, ер нь ирэх ч юм уу үгүй ч юм уу гэсэн хандлагаар хэнэггүй өнгөрдөг. Ямар ч нийгмийн идэвхгүй байна гэсэн үг л дээ. Гэтэл нийгмийн идэвхи санаачлагатай иргэн хүн бол энэ бүх болж бүтэхгүй байгаа зүйлсийн дэргэдүүр чимээгүй өнгөрдөггүй, өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж түүний эсрэг бат зогсож чаддаг байх шаардлагатай. Ингэж төр засагтаа ч бай ард иргэддээ ч бай өөрийн үзэл бодол, дуу хоолойг хүргэж чаддаг идэвх санаачлагатай хүнийг л иргэн хүн гэдэг. Иймд нийгмээрээ “ИРГҮН” байх цаг иржээ. Өөрөөр хэлбэл өөрийн юмаа бусдад булаалгачихаад дуугүй номхон байдаг хүнийг “булай” гэж нэрлэдэг юм байна л даа. Тиймээс Монголчууд өнөөдөр 2.9 сая булай биш 2.9 сая ИРГҮН байгаасай гэсэн хүсэл маань энэ номыг бичихэд хүргэсэн.
–Цаг гарган ярилцсанд баярлалаа. “Өөрийнхөө амьдрал, үр хүүхдийнхээ хувь заяаг Эх орныхоо ирээдүйтэй холбож төсөөлдөг хүн бүр энэ номыг уншаасай” гэсэн номын өмнөтгөл үгээр ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье