Италийн нэрт жүжигчин Софи Лорен өнөөдөр 92 нас хүрч байна. Тэрбээр 1934 оны есдүгээр сарын 20-нд Ром хотод София Виллани Шиколоне нэрээр төржээ.

Хүндхэн нөхцөлд өссөн тэрбээр өсвөр наснаасаа загварын тэмцээнүүдэд оролцож, улмаар кино урлагт хөл тавьсан байна. 1951 онд “Quo Vadis” кинонд жижиг дүр бүтээснээр мэргэжлийн киноны замналаа эхлүүлжээ.

Лорен 15 орчим наснаасаа жүжигчний мэргэжилд шамдаж эхэлсэн бөгөөд продюсер Карло Понтитой танилцсан нь түүний карьерын чухал үе болсон байна. Тэрээр удалгүй Софи Лорен хэмээх тайзны нэрийг авч, Италийн кино урлагийн шинэ үеийн гол төлөөлөгчдийн нэг болжээ.
Софи Лорены карьерын хамгийн том эргэлт нь найруулагч Витторио Де Сикатай хамтран бүтээсэн “Two Women” (La Ciociara) кино байв. 1960 онд дэлгэцнээ гарсан уг бүтээлд тэрээр дайны хөлд нэрвэгдсэн Ромоос охиноо хамгаалан авч гарахыг хичээж буй эхийн дүрийг бүтээсэн юм.
Түүний тоглолт өндөр үнэлгээ авч, 1961 онд “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртжээ. Ингэснээр Лорен англи хэлнээс өөр хэлээр бүтээсэн киноны дүрээр “Оскар”-ын гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн анхны уран бүтээлч болсон байна.

Тэрбээр дараа нь “Marriage Italian Style” киноны дүрээрээ дахин “Оскар”-т нэр дэвшсэн бөгөөд Марчелло Мастрояннигийн хамт “Yesterday, Today and Tomorrow”, “A Special Day”, “Marriage Italian Style” зэрэг алдартай бүтээлүүдэд тоглосон юм.

1960-аад он гэхэд Лорен Италийн төдийгүй олон улсын кино од болжээ. Тэрбээр Кэри Грант, Кларк Гейбл, Грегори Пек, Марлон Брандо, Чарлтон Хестон, Питер О’Тул зэрэг тухайн үеийн алдартай жүжигчидтэй хамтран ажилласан байна.





Түүний Холливудын бүтээлүүдийн дунд “Houseboat”, “It Started in Naples”, “El Cid”, “Arabesque”, “A Countess from Hong Kong” зэрэг кино багтдаг.
Лорен инээдэм, романтик, драмын төрлийн дүрүүдийг адилхан амжилттай бүтээж, зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ бус жүжигчний ур чадвараараа үнэлэгдсэн юм.

1970-1980-аад онд тэрбээр Италийн болон олон улсын кинонд тоглосоор байв. “Sunflower”, “The Voyage”, “A Special Day” зэрэг бүтээлүүд нь түүний жүжигчний карьерын чухал хэсэг болсон бөгөөд 1977 оны “A Special Day” кино Каннын кино наадмын үндсэн уралдаанд өрсөлджээ. Лорен өөрөө 1961 онд Каннын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна.

1990-ээд онд “Prêt-à-Porter” зэрэг бүтээлээрээ дахин олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан бол 2009 онд Роб Маршаллын “Nine” мюзикл кинонд тогложээ.


Софи Лоренд 1991 онд кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Хүндэт Оскар” хүртээсэн. Америкийн Кино урлагийн академи түүнийг дэлхийн кино урлагийн “жинхэнэ үнэт эрдэнэсүүдийн нэг” хэмээн онцолж байжээ.
Түүнчлэн 1998 онд Венецийн кино наадмаас “Хүндэт Алтан арслан”, 1995 онд “Алтан бөмбөрцөг”-ийн “Cecil B. DeMille Award” зэрэг насан туршийн уран бүтээлийг нь үнэлсэн шагналуудыг хүртсэн байна.

Өдгөө Софи Лорен нь 100 гаруй кинонд тоглосон, Италийн кино урлагийг дэлхийн тавцанд таниулсан хамгийн алдартай жүжигчдийн нэг хэвээр байна.



