Киану Ривз, Патрик Суэйзи нарын гол дүрд нь тоглосон 1991 оны алдарт “Point Break” адал явдалт киног телевизийн цуврал болгон дахин бүтээхээр болжээ.
AMC болон AMC+ тус төслийг албан ёсоор захиалсан бөгөөд эхний улирал нь найман ангитай байна. Цувралыг “Point Break” киноны эрхийг эзэмшдэг “Alcon Television Group” гол студиэр ажиллаж, “AMC Studios” болон “StudioCanal” хамтран продюсерлоно. Мөн цувралд Дэйв Калстайн (“Treadstone”, “Quantico”) болон Кристофер С.Рожерс (“Halt and Catch Fire”, “Sugar”) нар хамтран гүйцэтгэх продюсероор ажиллах юм.
Шинэ цувралын үйл явдал анхны киноноос 30 гаруй жилийн дараа, өнөө цагт өрнөх аж. Анхны киноны алдарт “Ex-Presidents” бүлгээс сэдэвлэсэн шинэ дээрэмчдийн бүлэг гарч ирэх бөгөөд Холбооны мөрдөх товчоо тэдэнд нэвтрэхийн тулд өнгөрсөн түүх нь нууцлаг, мэргэжлийн сёрфингчин байсан нэгэн эрийг ашиглах тухай өгүүлнэ.
Шинэ цувралын зураг авалтыг 2027 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй бөгөөд Киану Ривз, Патрик Суэйзи нарын дүрүүд шинэ цувралд эргэн гарах эсэх талаар мэдээлэл байхгүй.

