18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх аравдугаар сарын 16-22-нд болно. Тус наадам нь Монголын кино урлагийг дотоод, гадаадын үзэгчид болон олон улсын кино салбарын төлөөлөгчдөд танилцуулах, үндэсний шилдэг бүтээлүүдээс үзэгчдэд онцлон үзүүлэх зорилгоор “Монгол кино” хөтөлбөрийг шинээр зохион байгуулж байна.
“Монгол кино” хөтөлбөрт 2025–2026 онд бүтээгдсэн бүрэн хэмжээний уран сайхны болон баримтат кино бүтээл хүлээн авах тул уран бүтээлчид бүтээлээ ирүүлэх боломжтой. Мөн хөтөлбөрт ирүүлсэн бүтээлүүдээс наадмын албан ёсны үзвэрт шалгаруулан толилуулах ба “Хангарди” уралдаант хэсэгт өрсөлдөх боломжтой аж.
Түүнчлэн 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ удаагийн “Үзэхийн хязгаар” хөтөлбөрөөрөө Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч И.Нямгаваагийн 1983 оны бүтээл “Гарын таван хуруу”, 1986 оны бүтээл “Нандин эрдэнэ” уран сайхны киног онцолж байна. Эдгээр бүтээлийг аравдугаар сарын 17-ны бямба гарагт үзэгчдэд толилуулна.

