Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёл Спорт Аялал жуулчлалын яам хоёр жилийнхээ ажлын тайланг гаргалаа
Уртын дуу

Соёл Спорт Аялал жуулчлалын яам хоёр жилийнхээ ажлын тайланг гаргалаа

Урлаг Урлаг30/09/2014Сэтгэгдэл байхгүй23 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f772d256f4685410original6361909642014-09-30-11-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

PhotoНэг. МОНГОЛ БРЭНДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАВ

Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг үүсгэн байгуулахдаа тус яамны бодлого, үйл ажиллагаагаар дамжуулан даяаршлын эрин зуун дахь Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарт бусдаас ялгарах онцлогийг хамгаалах, тодотгох, нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ.

Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсынхаа өнцөг булан бүрт онцлох өв ба дүр төрх, олон төрлийн соёлын илэрхийлэл, тогтвортой хөгжих боломжтой нутгийн уламжлалт болон шинэ дүр төрхөд үндэслэсэн үндэсний болон орон нутгийн брэндийг судлан таних, шинээр бий болгох, дэмжиж хөгжүүлэх үйл ажиллагааг явууллаа. Жинхэнэ брэнд нь тогтвортой байж чадах, орчны давуу болон хязгаарлагдмал нөхцөл байдалд зохицсон шийдэл агуулсан байх ёстой гэж үзэн, хэрэгжүүлэх бүтцийг хэвтээ тогтолцоотой байхаар салбартаа сонгон хэрэгжүүллээ. Монгол брэндийн төлөө ажилласнаар дараах үр дүнд хүрээд байна.

НААДАМ – Монголын соёл, спорт, аялал жуулчлалын гол брэнд

Монгол үндэсний нүүдэлчин уламжлалт соёлын илэрхийлэл, өв сан, спортын уламжлал хөгжлийн үндэс болсон наадам нь аялал жуулчлалыг Монголд татах гол брэнд юм. Аялагчдыг аль болох олон аймаг, сумын наадам үзүүлэх бололцоогоор хангах, аль болох олон аймаг, суманд жуулчдыг очуулах зорилгоор “наадмын товыг эрт зарлах тухай” чиглэлийг Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжүүллээ. Ингэснээр 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор бүх аймаг, сумдууд 2015 оныхоо наадмын товыг зарлах, энэхүү товыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн олон улсын аялал жуулчлалын яармагууд, сурталчилгааны сувгуудаар зарлан мэдээлэхээр боллоо. Наадмын олон байршил, үйл явдлын товыг эрт зарлаж хэвшсэнээр жуулчдын Монголд ирэх хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх, аяллаа тодорхой төлөвлөхөд нь туслахаас гадна хэт их ачаалалтай нийслэл Улаанбаатарын наадмын зочдын төвлөрлийг сааруулж хөдөөд чиглүүлэх бололцоо нээгдлээ. Наадам нь дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тогтвортой сурталчлагддаг.

ШОНХОР – Шувуу ажиглагчдын зах зээл дэх Монголын брэнд

Монгол бахархалын өдрөөр үндэсний бахархалыг зарлах уламжлал тогтоож эхэллээ. 2012 онд үндэсний бахархалт шувуугаар идлэг шонхор шувууг зарлуулахаар Засгийн газарт санал оруулан батлууллаа. Үндэсний бахархалт шувууг зарлангуут National Geographic цахим сэтгүүл шувуу судлаачид, ажиглагчдын дэлхийн зах зээлд Монголыг сурталчлав. Шонхор шувууг хамгаалах, бүтээн байгуулалтыг шувуунд ээлтэй болгох, шувууны аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд ховордсон, Монголд амьдардаг шувуудыг судлах, тэдгээрт тулгуурласан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох ажилд шувуу судлаач эрдэмтэд, БОНХЯамтай хамтран ажиллаж байна. Үндэсний бахархалт шувуутай 88 дахь орон болсноор Монгол Улс дэлхийн шувуу судлаач, ажиглагч, аялагч сонирхогчдын тэрбум доллараар хэмжигдэх томоохон, тогтвортой зах зээлд шинэ талбар болон гарч ирлээ. Одоогоор Сүхбаатар аймаг аймгийнхаа бахархалт шувууг “Хун шувуу” хэмээн зарлаад байна. Хун шувуугаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон аливаа байгаль орчин, эдийн засаг, аялал жуулчлалын онцлох арга хэмжээ, бүтээгдэхүүн, хэлэлцүүлгийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэхийг бодлогоор дэмжиж байна. 2013 оны “Монгол бахархал”-ын өдрөөр Бурхан Халдун хайрханыг Үндэсний бахархалт хайрханаар зарлах бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран ажиллалаа. 2014 оны мөн өдрөөр Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар иргэдээс санал асуулга авч байна.

Т.БАТААР – Музей, гар урлалын шинэ брэнд

Хууль бусаар худалдаалагдах гэж байсан нэн эртний палеонтологийн үнэт олдвор Тарбозавр батаарыг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч хагас сая хүнд үзүүлж толилуулав. Т-батаарыг эх оронд нь эгүүлэн авчирсан үйл явдал нь хууль бусаар гарсан соёлын өвийг гадаад орноос авчирсан анхны тохиолдол болсон төдийгүй, улсын хилээр соёлын өв эх орондоо эргэн ирэхэд зориулсан, зөвхөн “орох” чиглэлийн шинэ тусгай горимтой болголоо. Т-батаарын сэдэвтэй 50 гаруй нэрийн бүтээгдэхүүн гарч жижиг дунд үйлдвэрлэл, ном товхимол, гар урлал эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүллээ. “Тарбозавр батаар” марк худалдаанд гарав. Тарбозавр батаарын тухай мэдээлэл Монгол Улсад бүртгэлтэй өдөр тутмын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дэлхийн гол гол телевиз, сонин, сэтгүүлээр түгсэн бөгөөд нийт 100 гаруй орны 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын сурталчилгаа болов. Үүнээс BBC, Al Jazeera телевиз, New Scientist сэтгүүлийн уран бүтээлчид Монгол Улсад ирж баримтат кино, хэвлэлийн мэдээ бэлтгэсэн бол CNN, ABC, Fox News зэрэг 10 гаруй телевиз, AP, Reuters зэрэг томоохон агентлагууд дэлхийн өнцөг булан бүрт мэдээллээ бэлтгэн цацав.

ЧИНГИСИЙН ТУГ СҮЛД – Дорноговь аймгийн музейн брэнд

Улс, аймгийн болон нийтийн музейн үзмэрүүдээс өөрийн брэнд гэж үзсэн сор үзмэрээ тусгайлан зарлах, олон нийтэд таниулах талаар ССАЖ-ын Сайдын тушаал гарч, музейд сор үзмэрийг дэглэн толилуулах төслүүд хэрэгжлээ. Дорноговь аймгийн музейн “Чингисийн туг сүлд”, Баянхонгор аймгийн музейн “Тарбозавр батаар”, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Цагаан дарь эх ба бусад дарь эх, бурхад” зэрэг сор үзмэрүүдийг тусгай хорготой болгох, сэргээн засах, тайлбарыг шинэчлэх ажлуудыг зохион байгууллаа. Брэнд үзмэрүүд нь хадгалагдаж байгаа газартаа зочдыг зорин очуулах зорилготой, алдартай үзмэрүүд байх бөгөөд орон нутагтаа музейн дэргэдэх үйлчилгээгээр орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байна.

ЭЭРЭН ХҮРЭЭ – Увс аймгийн театрын брэнд

Орон нутгийн соёлын өв, онцлог, соёлын илэрхийллийн ур чадварт түшиглэсэн соёл урлагийн брэнд бий болгох ажлыг дэмжин ажиллав. Үүний үр дүнд Увс аймагт ойрад түмний өв соёлд тулгуурласан “Ээрэн хүрээ” дуулалт жүжиг, Хөвсгөл аймагт нутгийн өв соёлоос бүрдсэн “Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концерт, Ховд аймагт түүх, уламжлалаас сэдэвлэсэн “Галдан бошигт”, Дорнод аймагт буриад зоны онцлог соёлоос улбаалсан нутгийн ардын авьяастнуудын тоглосон “Балжин хатан” дуулалт жүжгүүд, улсын театруудын шинэ уран бүтээлүүд ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр бүтээгдэж урын санд нэмэгдлээ. Мөн Өмнөговь аймгийн төсвийн дэмжлэгтэйгээр говийн ховордсон биет бус соёлын өвийг судлан бүтээгдсэн “Хаан тэнгэрийн дуулал” концерт, Улаанбаатар хотын төсвөөс дэмжсэн “Сонгодог үдэш” задгай тоглолтууд шинээр мэндэллээ.

БҮРГЭДИЙН БАЯР – Баян-Өлгийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ

Аймаг, хотуудад аялал жуулчлалын брэнд арга хэмжээг дэмжиж ажиллалаа. Баян-Өлгий аймгийн бүргэдийн баяр, Өвөрхангай аймагт сарлагийн баяр, эсгийний баяр, 99 бяцхан баатрын баяр, Хөвсгөл, Ховд аймагт мөсний баяр, говийн аймгуудад тэмээний баяр, тэмээн поло наадам, Улаанбаатар хотод “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн, “Бүргэдийн баяр”, “Дээлтэй монгол”, “Шувуу ажиглагчдын өдөр”, “Наурызын баяр”, “Соёлын наадам” арга хэмжээнүүд, Сүхбаатар аймагт хун шувуу ажиглах “Ганга нуур” аялал зэрэг тогтмол хугацаанд, тогтсон байршилд, тогтвортой удаан хугацаанд хариуцах зохион байгуулагч бүхий эвент арга хэмжээнүүдийг аялагч жуулчдыг найдвартай татах брэндийн хэмжээнд хүргэхийн төлөө дэмжин ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ бүр олон улсын хэвлэл мэдээлэл, кино зураглаачдын анхааралд өртдөг бөгөөд өдгөө Баян-Өлгий аймагт болж буй бүргэдийн баярын үеэр Монголын шинэ үеийн бүргэдчиний тухай баримтат кино зураг авалт явагдаж байна.

УЛААНБААТАР – Олон улсын брэнд нэр

Олон улсын соёлын зах зээлд Улаанбаатар хотыг таниулах зорилгоор “Улаанбаатар” олон улсын кино наадмыг эхлүүллээ. Энэхүү кино наадам нь монголын үзэгч, уран бүтээлчдийн үнэлэмж, зах зээлийг олон улсын соёлын зах зээлд таниулах, монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэх, дэлхийн шилдэг киног жил бүр Монголд гаргах, жил бүрийнхээ наадмаар гадаадын аль нэг улсын киног онцолж үзэгчдэд таниулах замаар соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой юм. Анхны буюу 2013 оны “Улаанбаатар” кино наадамд Францын киног онцлон танилцуулж, кино бүтээгчдэд франц шүүмжлэгч, найруулагчдын хичээлийг зохион байгууллаа. 2014 оны кино наадмын онцлох орон нь Турк байх бөгөөд 2015 оны онцлох орноор Австри Улс оролцохоор саналаа ирүүлээд байна. Ар Монгол Трэвел компаниас санаачлан аялал жуулчлалын брэнд болгохоор зорьж байсан “Улаанбаатар” марафон гүйлтийн тэмцээнийг олон улсын брэнд болгох дэмжлэгийг ССАЖЯ-наас үзүүлснээр сүүлийн хоёр жил тус марафонд оролцогчдын тоо эрс өслөө. Өмнө нь цөөн оролцогчтойгоор зохион байгуулагдаж байсан уг марафон гүйлт 2013 онд 7000 гаруй, 2014 онд 15000 гаруй хүний оролцоотой байв.

ХАНДГАЙТ – Шинэ үеийн сагсны одуудыг төрүүлэх брэнд байршил

Спортын барилга байгууламжид хөрөнгө оруулагч татах, тэмцээний өмнөх спортын бэлтгэлийн өндөр ачааллыг хангах төвүүдийг барьж байгуулахад зохимжтой байршлуудыг Засгийн газрын хурлаар оруулж батлууллаа. Үүнд, далайн түвшнээс дээш 1500-2000 метрийн өндөр дэх байршлууд нь өндөр мэргэжлийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийхэд давуутай орчин болохыг тодруулж, тухайн газар нутгуудад спортын аялал жуулчлалын зорилгоор газар зохион байгуулахыг дэмжих үүднээс “Өндөр уулын бүсэд спортын бэлтгэлийн төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоол санаачлан батлуулав. Тус тогтоол батлагдсанаас хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэр, Хандгайт дахь 1600 метрийн өндөршилтэй байршилд сагсны спортын бэлтгэлийн төвийг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд, удахгүй нээлтээ хийх гэж байна. Дэлхийн хэмжээнд өндөр ачаалал дааж өрсөлдөх шинэ үеийн сагсны одууд Хандгайтад тэмцээний өмнөх нэг сараас доошгүй хугацааны бэлтгэл сургуулилалтаа хийж байх болно.

MONGOLIA. NOMADIC BY NATURE – Аялал жуулчлалын үндэсний уриа үг

Морь унасан монгол гэр бүл наран ургах цагт хөх тэнгэрийн дор тал нутагтаа тайван урагшлах зургаар чимсэн, “Монгол. Нүүдэлчдийн эх орон.” (Mongolia.Nomadic by Nature.) гэсэн үгийг аав, ээжийнхээ өмсөх дуртай торгон дээлийн өөдсөөр эвлүүлэн бичсэн мэт билэг тэмдэг, уриатайгаар Монголын аялал жуулчлалын байгууллагууд олон улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг болох “Ай Ти Би Берлин”-д 2015 онд оролцохоор болж, бэлтгэл ажлыг эхлүүллээ. Энэхүү уриаг Олон улсын аялал жуулчлалын байгууллагын дэмжлэгтэйгээр CNN мэдээллийн байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газарт оруулан батлуулж, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс олон улсад албан ёсоор зарлав.

НООЛУУР, НООС, САВХИ, ЭСГИЙ-Моодонд орж буй Монгол брэнд түүхий эд

Монгол ноос, ноолуур, савхи болон эсгий бүтээгдэхүүнийг дэлхийн загварын зах зээлд гаргахыг дэмжиж ажилласны үр дүнд Нью-Йорк болон Токио хотуудад дэлхийн загварын шоунд загвар зохион бүтээгч Катя Зол, Ариунаа Сури нарын бүтээлээр дамжуулан хоёр жил дараалан сурталчилж, монгол малын гаралтай түүхий эдийг “моодонд” оруулахад туслалаа. Ариунаа Сури, Катя Зол нарын загваруудыг олон улсын Fashion сувгаар нэвтрүүлээ.Өдгөө дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүд монгол материалыг сонирхон ашиглаж, монголын органик түүхий эдийг боловсруулах, томоохон зах зээлийг тогтвортой хангах хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөгөө гаргаж эхлээд байна.

ЧУЛУУН ЦАРГИЛ – Баянхонгор аймгийн брэнд хөгжим

Монгол хөгжмийн зэмсгийг брэнд болгох чиглэлд ажиллав. Увс аймагт икэл хөгжмийн, Баянхонгор аймагт чулуун царгил хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд нь дэмжиж, Улаанбаатар хот дахь Богд хааны музейн дэргэдэх Хаан туульсийн өргөөнд цуур хөгжим, шашны хөгжмийн зэмсгүүдийг шинээр бүтээхэд санхүүгийн болон зохион байгуулалт, бодлогын дэмжлэгийг үзүүллээ. Ховд аймгийн Манхан сумаас олдсон археологийн хосгүй үнэт олдворт тулгуурлан “Алтай ятга” хөгжмийн зэмсгийг сэргээн амилуулах үйл ажиллагааг дэмжив. Баян-Өлгий аймагт казак хөгжим, Сэлэнгэ аймагт Баянхуур хөгжим, Дорнод аймагт сонгодог хөгжмийн зэмсгийг түлхүү хангаж аймаг бүрийн соёлын ялгарах онцлогийг дэмжлээ. Баянхонгор аймагт цоо шинээр бүтээгдсэн чулуун царгил хөгжим нь тус аймгийн нутагт байдаг Дуут уулаас түүж авсан байгалийн чулуугаар хийгддэг бөгөөд, цаашид нутгийн брэндээ дэмжихийн тулд уулыг аймгийн хамгаалалтад авсан байна. Баянхонгор аймагт Дуут уулын чулуугаар 375 чулуун царгил хөгжим, Увс аймгийн 19 суманд 190 икэл хөгжим бүтээгдэж, хүүхэд залууст зааж сургаад байна.

МОНГОЛ ГЭР – Үндэсний соёлын бөгөөд Уянга сумын аялал жуулчлалын брэнд

Монгол гэр, түүний урлах уламжлалт ухаан, гэр барих, хэрэглэх соёлыг ЮНЕСКО-д дэлхийн хүн төрөлхтөний соёлын түгээмэл өв уламжлалаар бүртгүүллээ. Монгол гэрийн соёлын өвийг хамгийн сайн өвлөн уламжилж үлдсэн, ЮНЕСКО-д монгол гэрийг бүртгүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг ихээхэн оруулж чадсан Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн хурлаас Монгол гэрийг нутагтаа заавал хэрэглэх брэндээрээ зарлалаа. Тус суманд аялал жуулчлалын бааз байгуулахад зөвхөн гэр бааз байгуулахыг зөвшөөрөх бөгөөд тэдгээр гэрийн 70-аас доошгүй хувь нь Уянга суманд үйлдвэрлэсэн гэр байхаар шийдсэн байна. Ингэснээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монгол гэрийн уламжлалыг залгамжлан авч яваа нутгийн иргэдийн уламжлалт үйлдвэрлэл үл тасалдах нөхцөлийг бий болгож эхэллээ.

ШАР ЦАВ – Манлай сумын шинэ брэнд газар

Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг Засгийн газрын 2013 оны 414-р тогтоолоор 408 га хэмжээтэйгээр батлууллаа. Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан мод бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг 892 га байхаар хилийн солбилцлыг батлуулав. Ийнхүү хамгаалалтын бүсийг тогтоосноор Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу орон нутгийн Засаг дарга, холбогдох байгууллага, иргэд хамгаалалтын бүсэд байшин барих, ойрхон зам тавих, чичиргээ доргилт үссгэсэн аливаа аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд харин дэлхийд хосгүй эдгээр олдворт газрууд нь орон нутгийн нэгэн брэнд үзмэрийн талбай болж байгаа юм. Шар цавын үлэг гүрвэлийн мөрүүд нь дэлхийн бусад оронд олддог мөрүүдийг бодвол илүү “адал явдал ихтэй” бөгөөд, эдгээр мөрүүдийн дотор олон төрлийн үлэг гүрвэлүүдийн хөөцөлдсөн, ноцолдсон, сүргээрээ буюу цөөн хэдээрээ явсан нь бэхжиж үлдсэн байна.

МОНГОЛ УРАН БИЧИГ – Дэлхийд бүртгэгдсэн брэнд

Монголын анхны их цааз хуулийг бичиж, хуульт ёсыг дэлгэрүүлсэн монгол бичиг, түүнийг уран гоёор бичих өв соёлыг ЮНЕСКО-гийн дэлхийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвөөр бүртгүүллээ. 1946 онд төрийн шийдвэр гарснаар аав нь хүүдээ, багш нь шавьдаа энэхүү соёлыг дамжуулан өвлүүлэх эрхгүй болсон юм. Үе дамжин өвлөгдөөгүй аливаа соёл устахын ирмэгт ирдэг жишгээр Монгол бичиг хэмээх үндэсний соёлын түүхэн брэнд маань бүдгэрсээр байлаа. Энэхүү бичиг өнөөгийн биднийг өвөг дээдсийнх нь түүхтэй холбож, бусад соёл иргэншлээс түүх, соёлоор нь ялгаруулж өгдөг гайхамшигтай брэнд юм. Иймээс ССАЖЯам Монгол бичгийн уламжлал соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийг сурталчилж, уран бичлэгийн үзэсгэлэнгүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Монгол уран бичлэгээр бүтээгдсэн бэлэг дурсгалын зүйлсийг борлуулан түгээхэд аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, музейн сүлжээгээр хамтран ажиллаж, монгол бичигтэнд ажлын байр нэмэгдүүлэхийг зорьж байна. Монгол бичгээр бүтээгдсэн түүхэн сурвалжуудыг судлах ажлыг идэвхижүүлж ажиллалаа.

АДУУЧИН – Монгол “Родио” брэнд

Монголын үндэсний олон нийтийн телевизээс 25 жилийн турш аймаг, сумтай хамтран зохион байгуулж, үзэгчдэд таашаагдан танигдсан “Адуучин” уралдаант тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улсын уралдаан болгон зохион байгуулахыг ССАЖЯ хоёр жил дараалан санхүүжилт, хамтын ажиллагаагаар дэмжив.

Адуу эдлэх уламжлалт соёлыг гайхуулан толилуулж, адуу эдлэх соёлын өвийг өвлөн уламжлагч малчин залуусыг оролцуулдаг “Адуучин” тэмцээн нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд алдартай ковбой нарын үхэр эдлэх соёл, ур чадварыг шалгадаг “Родио” шоу тэмцээнийг санагдуулам хэрнээ нүүдлийн соёл иргэншлийн дүр төрхийг хадгалсан үндэсний брэнд болж өсч байна. Үндэсний хэмжээнд уг тэмцээнийг зохион байгуулах туршлагыг хоёр жилийн турш хуримтлуулан, олон нийтийн санал шүүмжлэлээр сайжирч, зүгширч буй энэхүү тэмцээнийг 2015 оноос улсын наадмын нэг өдрийн арга хэмжээ болгон оруулахаар Засгийн газраас шийдээд байна.

СУДАЛГАА – Брэнд дэмжих үйл ажиллагаа

Шинэ брэнд бий болгох, нээн илрүүлэх, брэндийн шинэ онцлогийг нэмж нээн илрүүлэх, баталгаажуулах, хөгжүүлэхэд нь дэмжлэг болох төрөл бүрийн судалгааг ССАЖЯ дэмжив. Тухайлбал, дэлхийн шинжлэх ухаанд танигдаж судлагдаагүй Дейнохер нэрт үлэг гүрвэлийн гавлын болон хурууны олдворыг Европын түншлэлээр дамжуулан эх оронд нь буцаан авчирч, энэхүү цоо шинэ олдворыг судалгаанд орууллаа. Дорноговь аймгийн түүх дурсгалын газруудыг судлах “Сувдан сондор” төслийг дэмжив. Улаанбаатар хотод анх удаа археологийн малтлагыг ивээн тэтгэж Хүннүгийн булш олдворуудыг гаргуулаад байна.

Мөн ССАЖЯ-ны дэмжлэгтэй малтлага судалгаа, гадаадын түншлэлийн тусламж оролцоотой хийгдэж буй эрэл хайгуулын үр дүнд археологи, палеонтологийн цоо шинэ олдворуудыг илрүүлээд байна. Эдгээр олдворуудыг авран хамгаалах, гэрээ хэлэлцээрээр баталгаажуулах гэх мэт дэс дараатай зайлшгүй ажлуудыг гүйцэтгэсний дараа олон нийтэд мэдээлэл хийж нээлт, олдворуудыг танилцуулах болно.

Хоёр. НЭЭЛТТЭЙ, САЙН НЭРТЭЙ, НАЙДВАРТАЙ ТҮНШЛЭЛИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАВ

Соёл, спорт, аялал жуулчлал нь улс орны ард түмний тухай мэдээлэл, дүр төрхийг дэлхийн олон нийтэд жирийн зочид, үзэгч, тэмцээнд оролцогч, хөгжөөн дэмжигч олон нийтээр дамжуулан толилуулдаг ил тод салбар тул, энэ салбар дахь аливаа үйл ажиллагааг тогтмол, урьдчилан төлөвлөж болохуйц, дэлхийн олон нийтэд ойлгомжтой, дэвшилттэй байлгах, үүгээр дамжуулан Монгол Улсынхаа зах зээлийн нэр хүндийг дээшлүүлэх, урт удаан хугацаанд хамтарч чадах найдвартай, сайн түнш байлгах зорилтыг тавьж ажиллалаа. Энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

ВИЗИЙН ХӨНГӨЛӨЛТ – Нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хүнд

сурталыг багасгав

Монгол Улсад иргэд нь визгүй зорчих орны тоо 17 байсныг 63 болтол нь нэмэгдүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын түвшинд дэс дараатайгаар асуудал толилуулж шийдвэрлүүлснээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь өндөр 42 орны иргэд Монгол улсад визгүй зорчиж эхэллээ. ОХУ болон Монгол улсын иргэд харилцан визгүй зорчихоор боллоо. Ингэснээр виз авахтай холбогдон гадаадын иргэнд учирдаг байсан 6-10 давхар хүнд суртлын үе шат алга болж, зөвхөн Монгол Улсын виз хүлээх, авахтай холбогдон жуулчнаас гарч гадаад орны эдийн засагт шингэдэг байсан 200-3000 долларын өртөг зардал арилж, тэр хэмжээгээр мөнхүү хөрөнгө нь Монголын эдийн засагт орж ирэх боломжийг бий болголоо.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦАГАЛБАР, ХӨТӨЧ, ЦАХИМ ХУУДАС – Сайн түншлэлийн туслах

“Монголын аялал жуулчлалын цагалбар”-ыг санаачлан гаргаж, 2013, 2014 оны аялал жуулчлалын төлөвлөлтөд англи, монгол хэлээр нэвтрүүлэв. www.mongolia.travel веб сайтын албан ёсны нэрийг ССАЖЯ өмчлөн авч, 2014 оны 3 сарын 31-нээс эхлэн тус цахим хуудсаар аяллын мэдээллийг англи хэлээр түгээж байна. Жил бүрийн аялал жуулчлалын цагалбарыг өмнөх оны 12 дугаар сарын 1-ний дотор бэлэн болгож цахим орчинд байршуулахаар ажиллаж байна. Цагалбарт аялал жуулчлалын эвент арга хэмжээ, соёлын үзвэр үйлчилгээ, спортын тэмцээн наадмуудыг зарлан сурталчилдаг бөгөөд ингэхийн тулд арга хэмжээний зохион байгуулагч, хугацаа, байршил нь тодорхой байх, цагалбарт зарлагдсаны дараа өөрчлөгдөхгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавин ажиллаж байна. Аялал жуулчлалын цагалбарыг гадаадын аялагчдад зориулан англи хэл дээр, интернэт дээр байнга байлгаж буй бөгөөд http://mongolia.travel/Calendar-january.html хуудаснаас мэдээллийг үзэж болно. Мөн аймгуудын аялал жуулчлалын хөтөч номыг яамнаас дэмжиж ажиллав. “Өмнөговь” хөтөч ном, “Дорнод аймагт тавтай морил” хөтөч номууд аялал жуулчлалын мэдээллийн лавлахын үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

ОЛОН УЛСЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНҮҮД – Итгэлцэл бэхжүүлэх талбар

Монголын спортын холбоодын олон улсын холбооноосоо эрх авсан олон улсын тэмцээнийг тууштай дэмжиж хамтран ажиллалаа. Ингэснээр спортын ертөнцөд Монгол Улсын найдвартай түншлэлийг бэхжүүлэхэд туслав.

Монгол Улсад болсон аливаа тэмцээний зохион байгуулалт өндөр, шүүлт нь шударга, тэмцээнийг дэлхий нийтэд түгээх техник технологийн шийдэл нь найдвартай сайн байлгах талаар дэмжиж ажиллав. Хоёр жилийн хугацаанд нийт 17 олон улсын спортын тэмцээнийг эх орондоо хүлээн авсан нь түүний өмнөх олимпийн циклийн эхний хоёр жил буюу 2008-2010 оныхтой харьцуулбал 35 хувиар нэмэгдсэн байна.

ИЖИЛ ҮНЭТЭЙ БИЛЕТ – Ялгавартай тарифаас мартагдашгүй гомдол үүсдэгийг зогсоов

Соёлын үйлчилгээг гадаадын иргэдэд ялгавартай үнээр үйлчлэхийг хориглосон 2003 оны БСШУ- ны сайдын шийдвэрийг 10 жилийн турш биелүүлэхгүй байсан гажуудлыг таслан зогсоож, 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн ялгаваргүй тарифт соёлын үйлчилгээгээ бүрэн шилжүүллээ. Соёл, спортын салбарт аливаа ялгавартай тарифын үйлчилгээ нэвтрүүлсэн нь тус тарифыг баталсан албан тушаалтныг огцруулах шалтгаанд тооцогдох боллоо. Ингэснээр Монгол Улсад зорчигч аялагчид бусдын адил тэгш үйлчилгээ авч, тэгш харилцаанд суурилсан тааламжтай нөхцөлд амрах боломжийг бий болгов.

АЛТАРГАНА – Олон улсын соёлын солилцооны гүүр

2014 оны 7 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд “Алтаргана-2014” урлаг,спортын олон улсын наадмыг Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгууллаа. Соёл, урлагийн чиглэлээр “Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан, үлгэр туульч, ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын дуу болон орчин үеийн дууны тэмцээн, буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дангийнаа” гоо бүсгүйн тэмцээн, буриад ардын яруу найргийн наадам, “Буриад хувцас” загвар зохион бүтээгчдийн уралдаан,“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат киноны уралдаан зохион байгуулав.

“Алтаргана-2014” наадамд Монгол Улсад амьдардаг 40 гаруй мянган буриад угсаатны төлөөллөөс гадна БНХАУ, ОХУ-аас нийт 10,000 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээ нь Буриад ардын биет бус соёлын өв, уламжлалыг хадгалан хамгаалах, баримтжуулан үлдээх, сэргээн хөгжүүлэхэд түлхүү анхаарснаар олон нийтийн сайшаалыг хүртсэн төдийгүй соёлын илэрхийллийн олон төрлийг зөвхөн монголд төдийгүй хөрш орнуудынхаа хүрээнд хөгжих чадварыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа боллоо.

Гурав. ТОГТВОРТОЙ УРТ ХУГАЦААНД СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАВ

Соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг хамтад нь, харилцан нэгнийхээ дэмжлэгээр хөгжүүлэх талаар өмнөх засгийн газрууд бүтэц зохион байгуулалт хийж байгаагүй юм. Өмнө нь соёлын салбарыг боловсрол, шинжлэх ухаантай, спортыг эрүүл мэндтэй, аялал жуулчлалыг зам тээвэртэй, эсхүл байгаль орчинтой уялдуулан хөгжүүлэхээр бүтцүүдийг гаргаж төрөөс санхүүжиж байв. Соёл, спорт, аялал жуулчлалын салбарууд харилцан нэг бүтцэд багтсанаар орон нутгийн иргэдэд ээлтэй, тэдэнд түшиглэсэн, урт хугацаанд эдийн засагт нөлөөлөх арга замаар, бүх насныханд хамаатай соёл, спортыг хөгжүүлэх, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлтүүд гарлаа. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд дараах ажлуудыг хийлээ.

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ – Гэрээт харуул, мерчандайз, өвлөн уламжлагч хэмээх шинэ ойлголтууд гарч ирлээ

УИХ-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэн батлууллаа. Уг хууль 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байна. Хууль батлагдан гарснаар соёлын өвийн тухай ойлголт ихээхэн өргөн хүрээтэй болж байна. Соёлын биет хөдлөх өв, үл хөдлөх өвийн жагсаалтууд ихээхэн нэмэгдсэнээс гадна, соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах талаар хуулийн хамгаалалтууд шинээр бий боллоо. Соёлын өвийг бүртгэн авсан л бол хэзээ ч бүртгэлээс хасахгүй гэдгийг хуулиар баталгаажуулав. Мөн соёлын өвийг хадгалан хамгаалах, шинжлэх ухаан, танин мэдэхүйн эргэлтэд оруулж байдаг гол байгууллага болох музей нь соёлын өв, эрдэм шинжилгээний байгууллагад тооцогдох боллоо. Соёлын өвийн 1:1 хэмжээтэй хувь бүтээх эрхийг зөвхөн төр эзэмших, соёлын өвийг төрөөс бусад этгээд өөр харьцаагаар хувилах, дүр төрхийг нь авч хэрэглэх харилцааг иргэний хуулийн мерчандайзын хэмээх цоо шинэ харилцаагаар зохицуулахаар оруулж өглөө. Монгол оронд тархан байрласан соёлын үл хөдлөх өвийг байнга хамгаалах гэрээг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжтэй хийж болох бөгөөд тэдгээрийг “гэрээт харуул” гэж томьёолохоор тусгав. Энэ мэтчилэн зах зээлийн харилцаа, соёлын өвийг хадгалж хамгаалах хэрэгцээ шаардлагыг уламжлалт ойлголт болон олон улсын жишигт нийцүүлж хуулийн шинэчлэл хийлээ.

ЛЕНИНИЙ МУЗЕЙГ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ БОЛГОЛОО— Палеонтологийн чиглэлээр улсын музей анх удаа байгуулагдав

Монгол Улс дэлхийд тэргүүлэх хэмжээний их, олон төрлийн, хосгүй үнэт палеонтологийн орон боловч манай оронд үлэг гүрвэлийн өндөг анх олдож дэлхийн шинжлэх ухааныг цочроосноос хойш 90 жилийн дараа л палеонтологийн өвөө улсад бүртгэн хадгалах музей байгуулагдлаа. Засгийн газрын 2013 оны 11 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдаж, ССАЖ-ын сайдын 2013 оны А/42 тоот тушаалаар тус музейн дүрэм, орон тоо, бүтцийг батлан үйл ажиллагааг нь эхлүүлэв. Музейг хуучнаар Лениний музейн барилгад байршуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүний дагуу ССАЖЯ, Төрийн өмчийн хороо хамтран шүүхэд хандан, тус барилгыг ашиглагч МАН-ын нэр дээр байсныг шүүхийн шийдвэрээр зогсоож, Лениний музей төрийн өмч болох нь бүх шатны шүүхийн шийдвэрээр баталгаажлаа. Чингэлтэй дүүргийн хөрөнгийн бүртгэлийн газар тус барилгыг 2014 оны есдүгээр сарын 21-нд улсын хөрөнгийн бүртгэлд Үлэг гүрвэлийн музейн нэр дээр албан ёсоор бүртгэн авч, барилгын доорх газрыг Нийслэлийн газрын алба Үлэг гүрвэлийн музейн нэр дээр шилжүүлэн бүртгэв. Одоо музейн хашааны газрыг хуулийн дагуу Үлэг гүрвэлийн музейн нэр дээр бүртгүүлэх ажил явагдаж байна. Одоогоор Үлэг гүрвэлийн музейн сан хөмрөгт АНУ-аас татан авчирсан Тарбозавр Батаар, Бельги улсаас татан авсан Дейнохерийн үзмэрүүд бүртгэлтэй байна. Мөн 1922 оноос хойш Монгол Улсаас олдсон мянга мянган үлэг гүрвэлийн олдворуудыг тус музейн сан хөмрөгт оруулж бүртгүүлэхийн тулд байрны засварын ажлыг эхлүүлж, сан хөмрөг хадгалах нөхцөл байдлыг бий болгох, олон арван жилийн турш цуглуулж хуримтлуулсан судалгааны материалуудаа музейн байгууллагад хүлээлгэн өгөөгүй дотоодын судлаач, шинжлэх ухааны байгууллагууд, гадаадын музей, судалгааны байгууллагуудаас үзмэрүүдийг дэс дараатай татан авахын төлөө ССАЖЯ ажиллаж байна. ССАЖЯ Монгол Улсаас 1986 онд гарснаасаа хойш “мартагдаад” эргэж ирэлгүй 27 жил болсон 186 үзмэр бүхий палеонтологийн үзэсгэлэнг Итали улсаас буцаан авчирсан бөгөөд өдгөө хууль бусаар гарсан 22 үлэг гүрвэл АНУ-аас далайгаар ирж явна. ССАЖЯ-ны хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагууд Францын Жеофосилс компанит Ebay компанийн сүлжээгээр хууль бусаар худалдаж байсан Алиорамус үлэг гүрвэлийн гарал үүслийг шалгаж, Монгол Улсаас хууль бусаар гарсан болохыг тогтоогоод байна.

“МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР – Телевиз, кино, радио, цахим орчинд монгол уран бүтээлийг жил бүр 10 тэрбум төгрөгөөр дэмжинэ

Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж батлууллаа. “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний агуулгатай уран бүтээлийн тоо нэмэгдэн, урын сан баяжиж уран бүтээлчдийн ур чадвар, уран бүтээлийн чанарт ахиц гарч дээшлэхийн зэрэгцээ Монгол соёлын дархлааг бататгах, хүүхэд, залуучууд, олон нийтэд үндэсний түүх, соёлоосоо суралцах боломжийг нэмэгдүүлэх юм . Энэ хөтөлбөрийн хүрээнд уламжлалт түүх, соёл, зан заншлыг хүүхэд, залуучууд, иргэдэд сурталчлан таниулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг уран сайхны хөтөлбөрүүдийг үндэсний уран бүтээлээр баяжуулах, телевизийн болон бүрэн хэмжээний уран сайхны кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, хөгжмийн уран бүтээлийн үйлдвэрлэлийг онцгойлон дэмжих арга хэмжээнүүдийг тусгалаа. Энэхүү хөтөлбөрт зориулж улсын төсвөөс жил бүр 10,0 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилт хийхээр Засгийн газар шийдвэр гаргалаа. Хөтөлбөр 10 жилийн хугацаатай хэрэгжинэ.

СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР – Гар бичмэл, судар ном, кино хальс, фото зураг, түүхэн баримтыг тэмдэглэн үлдээсэн өвийг тусгайлан хамгаална

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Соёлын баримтат өвийг хадгалах, хамгаалах хөтөлбөр”- ийг хэлэлцүүлж батлууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд гар бичмэл, судар ном, кино хальс, фото зураг, дижитал болон баримтат архив болон түүхэн баримтыг тэмдэглэн үлдээсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, судалгаа, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох зардлыг тусгасан юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр түүх, хэл соёлын онцгой ач холбогдол бүхий баримтат өвийн хадгалалт хамгаалалтын байдал сайжирч, сэргээн засварлах үйл ажиллагаа олон улсын шаардлагад нийцсэн технологийн дагуу хийгдэх төдийгүй цаашид элэгдэж муудах, доройтолд орохоос урьдчилан сэргийлэх, ашиглах боломжтой болно. Өнөөдрийн байдлаар яаралтай ариутган цэвэрлэж сэргээн засварлах шаардлагатай баримтат өв Үндэсний номын сан, Гандандэгчилэн хийд зэрэг газруудад олон зуун мянган ширхэгээр хадгалагдаж, ойр орчмынхоо ном судар, баримтуудад халдвар, гэмтэл түгээх өндөр эрсдэлтэй байдалд байна. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

“МОНГОЛ ЦУУР” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР – Монгол Алтайн хөгжмийн зэмсгийн “эцэг” мөхөх аюулаас аврагдлаа

Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлагийг өдгөө гарын таван хуруунд багтах цөөн тооны хүн залгамжилж байна. Энэхүү устах эрсдэлд ороод байгаа өв соёлыг хамгаалахын тулд Засгийн газрын 2014 оны 72 дугаар тогтоолоор “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг батлуулав. Хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана. Одоогоор Монгол Алтайн Урианхай ястны дунд уламжлагдаж ирсэн цуурын урын сангаас байгаль, уул усны зураглал, ан амьтны дуудлага, хүн байгалийн харьцаа, хүний сэтгэлийн ертөнцийг илтгэсэн 40 орчим аяз мэдэгдээд байгаа бөгөөд эдгээр нь нотоор (эгшгийн бичээс) биш зөвхөн ой тогтоомж, сонсголоор үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн учраас өвлөн уламжлах шавь сургалтаар хамгийн сайн түгэн дэлгэрч хадгалагдах юм. Улаанбаатар хотноо цуурын шавь сургалт явуулах, туульс хайлах, туульсийн сургалт явуулах уламжлалд нийцсэн орчныг Богд хааны ордон музейн хашаанд монгол гэр засан тохижуулж бий болголоо.

МОНГОЛ УЛСАД ХОСГҮЙ ҮНЭТ 776 ДУРСГАЛТ ЗҮЙЛС БИЙ — Музейн улсын тооллого, музейн үзмэрийн талаар арга хэмжээнүүд

Улс, аймгийн музей, сумдын орон нутгийг судлах танхим, гурван сүм хийд, нэг хувийн музейг оролцуулсан музейн сан хөмрөгийн улсын тооллогыг хоёр жилийн турш зохион байгууллаа. 1986 оноос хойш тоологдоогүй Гандандэгчилэн хийдэд хадгалагдаж буй соёлын өвийг тус тооллогын хүрээнд тоолж байна. Одоогоор Үндэсний музей, Гандантэгчинлэн хийдээс бусад музейн тооллого дуусч дүнг нь Засгийн газрын 2014 оны есдүгээр сарын 19-ний хурлаар хэлэлцүүллээ. “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын шийдвэрийн төсөл, танилцуулгыг боловсруулан ЗГ-ын 2013 оны 227дугаар тогтоолоор улс, аймгийн 13 музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 28 үзмэр, эд өлгийн зүйлийг Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр батлуулж, Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл 776 ширхэг боллоо. Мөн “Музейн үзмэр, эд өлгийн зүйлийг үнэлэх журам”-ын төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлсэнээр “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”, “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн бүртгэлийн үлгэрчилсэн үнийн жагсаалт”-ыг Сангийн сайдын 2013 оны 140 дүгээр тушаалаар баталсан байна. Энэхүү журмын дагуу улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэр, эд өлгийн зүйл, археологийн олдвор, баримтат өв зэргийн үнийг шинэчлэн тогтоох ажлыг Сан хөмрөгийн улсын тооллогын үеэр хийж, үнийг шинэчлэн тогтоов. Мөн түүх соёлын дурсгалыг бүртгэн баримтжуулах үндэсний 2-р хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлууллаа. Энэхүү хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд, эхний ээлжинд үл хөдлөх түүх, соёлын дурсгалын улсын тооллогыг зохион байгуулах юм.

ТАМИРЧНЫГ ДЭМЖСЭН ШИЙДВЭРҮҮД –Амжилтын хэмжээ эрс нэмэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 18-ны өдрийн “Тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох тухай” тогтоол гаргуулан олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан 44 тамирчдад урамшуулал олголоо. “Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ – Телевиз, кино театрын дэлгэцээр гарах Монгол киноны хувь хэмжээг тогтооно

Монгол Улсад бүртгэлтэй телевиз, радио, кино дэлгэцээр түгээж буй уран сайхны хөтөлбөрүүдэд гадаадыг агуулга ноёрхох боллоо гэсэн олон нийтийн шүүмжлэлийн мөрөөр судалгаа хийж үзэхэд шүүмжлэл үндэслэлтэй байсан тул энэхүү хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа. Соёлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль батлагдвал Монголын үндэсний олон нийтийн ТВ-ээр нэвтрүүлэх уран сайхны хөтөлбөрийн 60-аас доошгүй, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрийн 70-аас доошгүй хувь нь монгол агуулгатай байх үүрэгтэй болно. Мөн арилжааны ТВ- ийн уран сайхны нэвтрүүлгийн 50-аас доошгүй, хүүхдэд зориулсан уран сайхны нэвтрүүлгийн 60-аас доошгүй хувь нь монгол агуулгатай болох юм. Кино театруудын сард толилуулах киноны 40 хувиас доошгүй нь монгол кино байх үүрэгтэй болохоор төлөвлөж төслийг боловсрууллаа. Тус хуулийн төсөл 2014 оны намрын чуулганаар хэлэлцэгдэхээр бэлэн болоод байна.

Эх сурвалж: http://mcst.gov.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ

29/05/2025

Алдартай ах дүүс

29/05/2025

Ном бүтээлийн дээжээс солилцов

29/05/2025

“Ухаалаг хэрэглээний аялал” хүүхдийн жүжгийг толилуулж байна

29/05/2025

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

29/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.