“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-19-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Монголын Моно жүжгийн төвөөс хоёр жил тутам зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн наадам энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдсан нь энэ юм.
Нэг хүний жүжиг гэдэг нь нэг жүжигчин тайзан дээр эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэйгөөр зөвхөн хөгжим, хувцас, тайз, жижиг хэрэглэлийн тусламжтайгаар ганцаараа өөрийн бие сэтгэл хөдлөлөөрөө тухайн дүрдээ орж бүтэн жүжиг тоглохыг хэлнэ.
Тус наадам нь Монголд моно жүжгийн урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдээ чадваржуулах, олон улсад гаргах, олон улсын уран бүтээлчдийг Монголын үзэгчидтэй холбох зорилготой.

Энэ жилийн наадмын нээлтийг АНУ-ын жүжигчин Хидэр Мэсси өөрийн “HEDY! The Life & Inventions of Hedy Lamarr” бүтээлээр хийж, наадмын өдрүүдэд Сербийн уран бүтээлч Александар Димитриевич “Jealous? Me?!”, Хойд Македоны Үндэсний театр Кумановог төлөөлөн оролцсон Владанка Крстевски “First Person Singular”, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Р. Янжиндулам “Who Am I?”, Өмнөговь аймгийн Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Б.Ариунтуяа “Desiring My Home” бүтээлээ тус тус толилуулсан юм.
Эдгээрээс өнөө жилийн “Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадмын гранпи шагналыг Сербийн уран бүтээлч Александар Димитриевич “Jealous? Me?!” жүжгээрээ хүртсэн бол шилдэг найруулагчийн шагналыг Өмнөговь аймгийн Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Б.Ариунтуяа “Гэртээ харина” жүжгээрээ хүртжээ.
“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам нь уран бүтээлчид, театрын мэргэжилтнүүдийн уулзалт, туршлага солилцоо, мэргэжлийн харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын моно жүжгийн урлагийг олон улсын түвшинд сурталчлах чухал арга хэмжээ болж байна.
Тус фестивалийг ЮНЕСКО-ын дэргэдэр театр урлагийн институтын моно жүжгийн форум хамтран зохион байгуулдаг ба шүүгчээр моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур (ХБНГУ), урлаг судлаач Жон Хэ Сүк(БНСУ), УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн нар ажиллажээ.

