Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Bold Remix”, “90’s Love”, “Монгол поп-3”, “Баярлалаа” зэрэг шинэ цомог, пянзаа бэлэн болгож, эхнээс сонсогчдодоо хүргээд байна. Мөн түүний үүсгэн байгуулсан “В” продакшнаас “Volume 3” цомгийг гаргах бол “440Hz records”-оос Монголын анхны долби атмос дуугаралттай цомгийг гаргахаар бэлэн болгоод байгаа юм байна.
Д.Болдын “Хайрын хүч” цомгийн 20 жилийн ой тохиож буй. Эл ойг тохиолдуулан тэрбээр тус цомгийнхоо бүх дууг Vande, ThunderZ гэхчилэн залуу уран бүтээлчидтэй хамтран шинэчлэн сонсогчдодоо хүргэсэн. Мөн хамгийн сүүлд “Чамдаа хэлье” дууныхаа ремикс хувилбарыг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяртай хамтран дуулснаар олон нийтэд хүргэсэн. Тэгвэл эдгээр шинэ хамтралуудаа “Bold Remix” цомог, пянздаа оруулжээ.

