Жүжигчин Кайл МакЛахлан алдарт “Sex and the City” цувралд Шарлотт Йоркийн анхны нөхөр, доктор Трей МакДугалын дүрийг бүтээж байсан үеэ эргэн дурсжээ. Тэрбээр дүрийнх нь бэлгийн сулрал болон ээжтэйгээ хэт ойр харилцаатай зэрэг санаанд оромгүй үйл явдлууд жүжигчний хувьд багагүй сорилт болж байсныг “People”-д ярьсан байна.
67 настай МакЛахлан есдүгээр сарын 29-нд хэвлэгдэх “Fictional Selves” дурсамж номынхоо талаар ярилцах үеэрээ “Sex and the City”-д ажилласан туршлагаасаа хуваалцжээ.
МакЛахланы хэлснээр Трейн дүрийг бүтээхэд хүндрэлтэй байсан гол шалтгаан нь дүрийг зүгээр нэг инээдмийн бай болголгүй, түүний цаадах бодит хүний зан чанар, эмзэг байдлыг үнэмшилтэй гаргах шаардлага байжээ. Шинэ зохиол бүрээр ямар үйл явдал хүлээж байгааг таах аргагүй байсан тул дүрээ бодитой харагдуулахын тулд тухайн хэсэг бүр дээр ажилладаг байсан гэжээ.
Хэдийгээр Трейн зарим үйл явдал өөрт нь эвгүй санагддаг байсан ч МакЛахлан Шарлоттын дүрийг бүтээсэн Кристин Дэвистэй хамтран ажиллах дуртай байснаа онцолжээ. Тэрбээр хоёр дүрийн хоорондын харилцаа дэлгэцэнд маш сайн зохицсон гэж дурссан байна.
Цуврал ид алдаршиж байх үед Нью-Йоркийн гудамжинд хүмүүс МакЛахланыг хараад Трейн хувийн амьдралын асуудлыг нь жинхэнэ мэтээр хүлээн авч, урам хайрласан үг хашхирдаг байжээ. Жүжигчин тухайн үед энэ нь бага зэрэг ичмээр санагддаг байсан ч одоо эргэн дурсахад хөгжилтэй байдаг хэмээн ярьсан байна.
Кайл МакЛахланы “Twin Peaks”, “Dune”, “Blue Velvet”, “Showgirls”, “Sex and the City” зэрэг бүтээлд тоглосон 40 гаруй жилийн замналаа эргэн дурссан “Fictional Selves” ном 2026 оны есдүгээр сарын 29-нд худалдаанд гарна.

