Г.Мэнд-Ооёо: Хүмүүний оюун санааны эрчим хүч, байгалийн эрчим хүч нэг ундаргатай
Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналтан Монголоос төржээ. Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулсан Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод хүртжээ. Тэрбээр энэ эрхэм шагналыг есдүгээр сарын 16-ны өдөр хүртсэн бөгөөд Монголдоо ирмэгцээ төрсөн нутгийн зүг хүлгийн жолоо залж, “Ганга нуурын чуулган”-даа оролцсон юм. Тиймээс ч бидний яриа түүний өсөж төрсөн нутагт зохиогдсон эл чуулганаас эхэлсэн билээ.
-Дэлхийн яруу найргийн дээд шагналыг анх удаа монгол хүн хүртлээ. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Монголын жирийн нэгэн нүүдэлчин-яруу найрагч би бээр сүүлийн хорь шахам жил Монголынхоо ард түмний оюуны охь болсон утга зохиолын үнэт өвийг хүн төрөлхтөний зүрх сэтгэлд хүргэх жингийн цувааг хөтөлж Европын төвд буудаллаа. Энэ нүүдэл үргэлжилнэ гэж дэлхийн яруу найргийн дээд шагнал хүртэх тэр агшнаа би хэлсэн. Энэ эрхэм шагнал бол ганц намайг шагнасан гэхээсээ илүү Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт ертөнц өндрөөр үнэлсний илэрхийлэл гэж би хувьдаа бодож байгаа.
-Та Румынээс ирэнгүүтээ Дарьганга нутгаа зорьсны учир “Ганга нуурын чуулган” байсан юм байна. Чуулган санасанчилан ёсоор сайхан болов уу?
-“Ганга нуурын чуулган” зохион байгуулахаар “Нью жуулчин турс” компанийн захирал Ш.Нэргүй бид нар нэлээд хэдэн жилийн өмнөөс ярилцсан юм. Дарьганга нутгийн ард олны зан заншил, өв соёлыг хадгалан өвлүүлэх, урт хугацааны томоохон төсөл хэрэгжүүлэх замаар түүнд түшиглэн эко аялал жуулчлал хөгжүүлэхэд туслах зорилго өвөрлөсөн чуулган маань сайхан болж өндөрлөлөө. Тал талаасаа нэгэн зорилгын төлөө төр, олон нийтийн байгууллага, нутгийнхан цуглаж эвлэсэн нь сайн хэргийг саадгүй бүтээв.
Миний уран бүтээлийн эх болсон Алтан овоо, Ганга нуурыг хамгаалах, Дарьгангын өв соёлыг судлах, нээх асуудлыг 1990-ээд оны үеэс ярьж ирсэн. Алтан овооны анхны тахилгыг зохион байгуулж, Ганга нуурын хөдөлгөөнийг үүсгээд, 25 жилийн тэртээ Ганга нуурыг хамгаалах асуудлыг нуурынхаа хөвөөн дээр ярилцаж байлаа. Тэр үед хөндөж байсан асуудлаа өнөөдөр үргэлжлүүлж байна.
Дарьганга нутгийн байгаль экологийн асуудлыг дангаар нь авч үзэх бус, түүх соёл, ард түмний амьдрал, зан заншил, мал аж ахуй, нүүдэлтэй нь цогцод нь харж хамгаалах, зарим мартагдаж, гээгдэж буйг сэргээн гаргах зорилгыг хамтад нь агуулж байгаа юм. Дарьгангачуудын зүрх сэтгэлд, бор гэрт нь юу байна, тал сайхан нутагт маань юу үлдэж вэ гэдгийг гаргаж ирэх бас нэгэн зорилго байсан. Ард түмэн гэдэг үнэхээр шавхагдашгүй баялаг байдгийг сая харж, мэдэрлээ. Өв соёл, зан заншилтай холбоотой олон үнэт зүйлсээ жирийн хүмүүс хадгалж байгаа юм байна. Тэр бүхнийг өнөөгийн төвшинд нь хамгаалах, хойч үеийнхэндээ залгамжлуулах талаар ч хэлэлцлээ.
-Дарьгангачууд үнэхээр гайхамшигтай өв соёлтой. Тэрхүү өв соёлыг мартагнуулахгүй байх үүднээс олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлсэн хүний нэг нь та билээ.
-Дарьгангын уудам тал нутгийнхны түүх соёл, өв уламжлал, амьдрал ахуй, экологийг судлах, төсөл хөтөлбөр боловсруулах зорилгоор 1997 онд эхлэн “Сувдан сондор” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн, судлаачдыг багтаасан эрдэм шинжилгээний баг ажиллаж, түүний үр дүнд хэд хэдэн ном гаргалаа. Эрдэм шинжилгээний бага хурал Дарьганга нутагт зохион байгуулсан гээд тоочвол олон ажил бий. Энэ бүхний үргэлжлэл залгамж нь “Ганга нуурын чуулган” юм.
-Унаган нутгаа зориод ирсэн хэн бүхэн байгаль экологийн асуудалд сэтгэл зовнидог болж. Усанд нь умбаж шумбаж өссөн гол мөрөн, нуур ширгэсэн тухай, хуучин цагийн ургамал ногоо, ан амьтан цөөрч, устсан талаар ихэд өгүүлдэг болж дээ?
-Тийм ээ, эдүгээ цагт манай дэлхийд нүүрлээд байгаа байгаль экологийн хувьсал болох дулаарал, хуурайшил Дарьганга нутагт ч хүчтэй нөлөөлж буйн зэрэгцээ хүний буруу үйл ажиллагааны улмаас нуурын ус татран багасаж, Ганга руу чиглэсэн зам харгуй дагаад элсний нүүдэл ихсэн цаашид ширгэж болзошгүй аюулын харанга дэлдээд байна. Ганга нуурын намар цагийн нэгэн гайхамшиг болох хунгийн чуулганыг үзэх гэсэн хөл хөдөлгөөн ихсэж, байгалийн зохист тэнцвэрийг алдагдуулсаар байна. Ялангуяа Ганга нуурыг тэжээдэг хорин нэгэн булгийн олонх нь ширгэж, ундарга нь багасан, өвс ургамлууд тачирдан хомсдсоор байгаа нь аюулын дохиог улам ойртуулсаар буй.
Сүүлийн жилүүдэд Ганга нуурын ус эргээсээ үлэмж хэмжээгээр дотогшилж, ёроолд нь элс тунаж, хамгийн гүн газраа дөнгөж 70 см болж, замгандаа дарагдах болсон нь Дарьганга нутгийхныг түгшээж байна. Бага насандаа эрэг дээр нь тоглож өссөн Сүжийн нуур ширгээд удаж байна. Шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуунхуяг Дарьгангын экосистемийг хамгаалах талаар томоохон судалгаа хийсэн. Тэрхүү төслийг яаралтай хэрэгжүүлж эхлэх явдал “Ганга нуурын чуулган”-ы бас нэг гол зорилго юм.
Ганга нуурыг хамгаалах ажлыг Дарьганга сумын төвөөс Гангыг зорьсон хэд хэдэн салаа замыг цэгцлэхээс эхлэх учиртай юм. Зам дагуу ойн зурвас байгуулж, нуурыг тэтгэдэг булаг шандыг сэргээх шаардлагатай юм. Нуур ус, байгаль дэлхийтэй хүн өөрөө шүтэлцэж амьдардаг. Эх нутгаа хайрлах хүмүүний оюун санааны эрчим хүч, байгалийн эрчим хүч нэг ундаргатай. Тиймээс нуур ус, уул овоо, байгаль дэлхийгээ баярлуулан баясгаж, тахиж шүтэж хамгаалдаг, сүслэн дээдэлдэг уламжлалт зан үйл, дэг ёсыг сэргээх учиртай юм. “Ганга нуурын чуулган”-ы үеэр Дарьганга нутгийн авъяастанууд морин хуурын аялгуугаар нуураа аргадаж, Ганга нуурандаа шинэ дуу бүтээж ая дуугаараа тахил өргөлөө. Дарьгангын язгуур морин хуурч Л.Цэдэвсүрэн, түүний шавь нар гээд олон морин хуурчид оролцлоо. Мөн СУИС-ийн багш морин хуурч Пүрэвхүүгийн Мөнхжин ирж нуур усыг хуурын аялгуугаар баясгаж, Зава Дамдин рембүчий нуур усандаа нарийн нандин зай өргөж, гүр дууллаа эгшиглүүлж, нутгийн лам нар усан балин өргөж ном айлдан, цам харайсан. Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулах үйлсийг эхлүүллээ.
-Та сая хүн байгалийн шүтэлцээний талаар өгүүллээ. Байгаль дэлхийгээ хайрлах тэр нандин холбоо хөгшидтэй хамт мартагдаж, шинэ цагийн залуус энэ сайхан үйлийг орхигдуулж байна гэж шүүмжлэх нь бий. Таны хувьд энэ талаар ямархан бодолтой явдаг вэ?
-Өв уламжлал бол тасралтгүй үргэлжилж байдаг. Өвгөд, залуусын хооронд хоосон орон зай үүсч буй тухай таагүй яриа мэр сэр гардаг. Тэр заагийг үгүй болгох ёстой. Бидний зохион байгуулсан чуулганд гэхэд Дарьгангын зургаан сумынхан оролцсон. Дарьгангачууд Ганга нуурынхаа хөвөөнд нүүдэллэн цуглаж, хэлхээ тоонотой гэрээ барьж, шавар зуухаа урлан, хуучин эд өлгийн зүйлсээ дэлгэж, гарынхаа идээ цагаагаар нутгийн олноо дайлсан. Тэрхүү уламжлалт зан үйлийг нүдээр харсан хүн бол мартахгүй шүү дээ. Үндэсний хувцас, хэрэглэлээ өмсөж эдлэхээс эхлээд угшил удам сайтай адуу малаа өсгөхийн гайхамшгийг харсан залуус нэгийг бодож, нөгөөг тунгаасан нь дамжиггүй. Залуу малчид л гэхэд мотоциклоор мал хариулахын оронд угшил сайт мориндоо уламжлалт хийцийн эмээлээ тохоод малаа адуулж, хээр талдаа нисэх мэт давхихын сайхныг мэдрээд буцах жишээтэй. Дараа дараагийн жилүүдэд өв уламжлалын илүү сайхныг залуу үеийнхэндээ дэлгэн харуулна гэж бодож байгаа. Ингэж л бид мартсаныг сануулж, орхиж гээсэн үнэт зүйлсээ түүхийн харгуйгаас татан гаргаж ирээд ирээдүй рүү илгээх учиртай.
-Дарьгангын шавар зуух гэхээр их дотно санагдаж байна. Манай нутгийнхны бас нэгэн өвөрмөц зан үйл нь энэ байх. Баруун аймагт төрж өссөн хүмүүс бол шавар зуух хараад гайхдаг юм билээ. Айл өрх бүр гал голомтоо өөрсдийн гараар урлан бүтээдэг сайхан уламжлал өдгөө ч хэвээр хадгалж байгаа нь сайн хэрэг?
-Дарьгангачууд нүүж буухдаа гэрийнхээ голчид тааруулан элс шороогоор өөрсдөө зуухаа урладаг юм. Мэдэхгүй хүмүүс бол элс шороогоор зуух урлана гэдэг бүтэшгүй санаа мэт төсөөлдөг. Элсийг яаж барьцалдуулж бэхжүүлэх юм бэ гэдэг л дээ. Энэ бол маш амархан. Шар сүүгээр зуураад тэмээний утсаар бүслүүр татаад л зуух бүтдэг. Буцаад нүүхдээ зуухныхаа шороогоор нүхээ булчихна. Аль хүй нэгдлийн үеийн хүмүүс ваар саваа сүүгээр зуурч бэхжүүлдэг байсан технологийг хэдэн арван мянган жилээр нүүдэлчид тээсээр яваа нь энэ юм. Энэ чинь л хүн төрөлхтөний мөрөөдөөд байгаа байгальд халгүй эко амьдрал шүү дээ. Түүхийн үнэт зүйлс тасралтгүй үргэлжилж өнөөдөртэй золгосон жишээ олон буй.
-Талын агуйн мөс хайлж багасаж байгааг нутгийн зарим хүмүүс харамсан өгүүлж байна лээ. Та ойрд агуйгаар очсон уу. Тал нутгийн бас нэгэн гайхамшиг болсон агуйг хамгаалах талаар юү хийвэл зохистой бол?
-Би ноднин жил “Сувдан сондор – 9” аялалаар явахдаа Талын агуйд очсон. Мөсөн унжлагатай мөсөн танхим, цан хүүрэгтэй цасан танхим, чулуун танхимуудын аль аль нь үзэсгэлэн төгс. Мөсөн танхимын унжлагууд сүүлийн үед үгүй болж, зарим газарт нуралт үүсэж байгаа нь агуй доторх экологийн өвөрмөц байдал алдагдсантай холбоотой биз ээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс судлаж байна. Ер нь бол Талын агуй гурван танхимаар хязгаарлагддаггүй, 20-30 км үргэлжилдэг гэсэн домог яриа бий. Эрдэмтэн судлаачид агуйд шинэ танхим нээж нээлт хийх ч боломжтой.
-Алтан овоог зорьдоггүй монгол эр хүн үгүй. Гэтэл сүүлийн үед охид хүүхнүүд хүртэл овоо уулны орой руу зүтгэх болсон гэсэн эмзэглэл байна. Уламжлал өв соёл ямар байсан юм бэ?
-Алтан овоог тахих, зорин очих, шүтэн дээдлэх дэг горимыг би анх аав ээж, ахмад үеэсээ өвлөсөн, өнөө ч түүнийгээ дагаж мөрддөг. Бүсгүйчүүдийн хувьд зааг хязгаар, гороолох зам тусдаа бий. Эхнэр, хүүхдүүд, ач зээ нар маань ч тэр л жаягийг дагадаг. Энэхүү нарийн жаягийг үгүйсгэж, бүсгүйчүүдийг эрчүүдээс ялгамжилсан гэх утгаар нь жендерийн асуудал хөндөн ярих тохиолдол ч буй. Гэвч энэ бол арай өөр шинжлэх ухааны үндэстэй, энергийн төвшинд ярих ёстой зүйл гэж би хувьдаа итгэдэг. Газар дэлхийд ч гэсэн эсрэг тэсрэгийн ялгаа бий. Гол ус, хад чулуунд хүртэл эр, эмийн зааг ялгаа байдаг. Эх дэлхий чинь яг л хүнтэй адилхан оюун ухаан, ой санамжтай, дотоод эрчим хүчтэй түүнийгээ ч байнга илэрхийлж байдаг учир уул овоо тахих, ус гол гатлахдаа хүртэл бодолцож, болгоомжтой хандах хэрэгтэй.
О.Дашбалбар бид хоёр “Эрхийгээ эсгэсэн анд”
-Хүүхэд ахуй насны мөрөөдлөөс уран бүтээлийн талаарх яриагаа эхэлмээр байна. Өнөөдөр та зохиол бүтээлээрээ олонд танигдахаас гадна улс эх орондоо ихийг бүтээсэн нийгэм соёлын зүтгэлтэн болжээ. Бага насандаа та ямар мэргэжлийг сонирхож байв, зохиолч яруу найрагч болох эхлэл чухам хэдийд тавигдсан бэ?
-Би жирийн л нэг малчин айлын хүү. Намайг мэдээ орох үеэс л аав маань нэгдлийн мал маллаж, нүүдэллэн амьдардаг айл байсан. Ах маань цэрэгт явмагц би аав, ээжтэйгээ ганцаар үлдэж, хонь малаа хариулж, ховоо татан худагт хонь малаа услаж, морь уналгаа адуулж, хурдны морь унах зэргээр бидний үеийн малчны хүүхдийн туулдаг замыг л туулсан даа. Ахын эзгүйд аав ээжтэйгээ гурвуулаа үлдсэн учир баахан ганцаардангуй. Ганцаараа байх үедээ маш ихийг мөрөөддөг байсан. Үүл, уул, өвс, ургамлыг хүртэл элдвээр дүрслэн боддог байсан сан. Аав маань оройдоо морин хуур тоглоно. Харин ээж үлгэр домог их ярина. Тэр бүгдийг дүрсжүүлэн ургуулж бодох дуртай хүүхэд байсан даа. Бага насны маань тэр орчин намайг мөрөөдөмтгий болгож, дүрслэн бодох чадварт сургасан юм болов уу гэж боддог юм. Аавын маань хуурын аялгууг сонсох гэж нутгийн олон манайд цугладаг байлаа. Аавын хуурын аялгуу намайг уян зөөлөн болгосон байх. Харин мэргэжлийн тухайд олон янзаар бодно доо. Дээгүүр ниссэн онгоц хараад нисгэгч болохыг хүснэ, кино ший үзээд киноны найруулагч болохсон гэж бодож л байлаа. Харин нүүдэл хөтөлж явахдаа тэнгэрийн хаяаны сүүмэлзэх алсыг харж, ямар нэгэн ид шидийн ертөнцөд хүрнэ гэж мөрөөддөг байсан. Тэр ид шидийн мөрөөдөл минь яруу найраг л байж дээ.
Анхны шүлгээ тавдугаар ангид байхдаа бичсэн юм. Яруу найрагч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Доржийн Гомбожав багш маань хөдөө суманд монгол хэл-уран зохиолын багшаар ажиллах болсноор анхны шүлгээ зургадугаар ангид байхдаа хэвлүүлсэн. Тэр үеэс л зохиолч болъё гэж шийдсэн дээ.
-Та морин хуур тоглодог уу?
-Аав морин хуурын авьяасаа өвлүүлэхийг хичээдэг байсан. Надад тохирсон жижиг морин хуур хүртэл урлаж өгч байсан. Гэхдээ миний сонирхол бичиг цаас шүлэг зохиол руу хандчихсан юм.
-Улаанбаатарт хэзээ хөл тавьж байв даа. Оюутан болж ирсэн үү?
-Долдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд орохоор Улаанбаатарт ирсэн юм. Хөх даалимбан дээлтэй, шарвааран өмдтэй 15 настай хүү ааваараа хүргүүлээд нийслэлд ирсэн. Ер диваажин гэж энэ л байх гэж бодож байсан. Цэвэр цэмцгэр их сайхан хот байсан даа.
-Уран бүтээлч хүнд бүтээл туурвил хийх урам зоригийг хаа нэгтэйгээс илгээдэг гэдэгт би хувьдаа итгэдэг. Зарим хүмүүс тэнгэрээс, бурханаас онгод буудаг гэж ч ярьдаг. Онгод гэж тодорхойлдог тэр хүч тэнхээг та хаанаас мэдэрдэг вэ. Ер нь онгод гэж юү юм бэ. Та зохиол бүтээлээ чухам хэдийд илүү туурвидаг вэ?
-Шүлэг найраг, зохиол бүтээл туурвих тогтсон цагийн сонголт байхгүй. Хэзээд бичихэд бэлэн байдаг. Ер нь ертөнц бол бидний амьдарч буй орчноос гадагш хязгааргүйгээс бидний оюуны ертөнц тийш дотогшоогоо бас хязгааргүй. Энэхүү хязгааргүй хоёр туйлын дэнсэнд л уран бүтээл бүтдэг болов уу гэж боддог. Авьяас, онгод гэдэг нь шашны гүн бясалгал, бөөгийн онгодтой ерөнхийдөө төстэй. Цаг хугацаа, орон зайн хязгааргүйд нислэг хийж чадах уран бүтээлчийн сэтгэлгээний цар хүрээний онцлог юм даа. Би арваад жилийн өмнөх нэгэн нийтлэлдээ “Яруу найраг бол дотоод сансар луугаа хийх нислэг юм” гэж бичсэн удаатай.
-Хөгжмийн зохиолч С.Баатарсүх гуай “Цэнхэр залаа” бүтээлээ зүүдэндээ туурвисан гэж ярьж байсан. Түүн шиг зүүд нойронд төрсөн болон өвөрмөц сонин учрал тохиолоор бүтсэн уран бүтээл байдаг уу?
-Уран бүтээлчийн зүрх сэтгэл, оюун санаанд байгаа санаа сэдэл бүтээл болон бууна гэдэг нь радио хүлээн авагчийн богионо долгион тааруулахтай төстэй. Шүлгийн санаа төрөнгүүтээ л үзэг цаас нийлүүлэх үесэд өсөж төрсөн нутгийн байгаль, ой санамж дахь дурсамжууд сэргэж, уншсан, сонссон, бодсон, хүсэн мөрөөдсөн бүхэн хормын зуур цогцлон хэм хэмнэл бүхий үгс болон бууж ирдэг. Бүтээл төрөх гэдэг их сонин сайхан бөгөөд гайхалтай эгшин дээ.
-Зарим уран бүтээл эзнээ их зовоож бүтдэг бол зарим нь түргэн хугацаанд амархан бүтчих нь бий. Таны хувьд хамгийн их зовж туурвисан ямар бүтээл байдаг вэ, бас эсрэгээр нь амархан бүтсэн уран бүтээл юү вэ?
-Бичиж байх үед, дөнгөж бичсэний дараа хүндхэн цаг үеийг туулсан мэт санагдах нь бий. Цаг хугацаа өнгөрсний дараа амархан бүтсэн шиг санагддаг. 2012 онд хэвлүүлсэн “Гэгээнтэн” романаа нэлээд их шаналж бичсэн дээ. Шашны өвөрмөц зан үйл, гэгээнтэн хүний туулсан замналыг туурвихдаа өөрийгөө оронд нь тавьж, агуйд бясалгаж, үйл явдал өрнөсөн газруудаар нь аялж, хээр хөдөөгүүр шөнө ганцаараа тэнэж ч үзсэн. Романыхаа зарим хэсгийг бясалгал хийж байхдаа туурвисан нь ч бий. Зохиолын баатрынхаа туулсан замыг өөрийн биеэр мэдрэх гэж хичээсэн минь тэр л дээ. Одоо эргээд бодоход бүтээл туурвихын ид хав, аз жаргал гэж бүтээлдээ орж шаналах үе юм.
-Одоо бүтээж туурвиж буй бүтээл тань яруу найраг уу, эсвэл нүүрнэл зохиол уу?
-Нэг роман бичээд дуусгалаа. Өнгөрсөн тав, зургадугаар сард Италийн Чевителла шилтгээнд уран бүтээлээ туурвих урилга авсан. Тэнд туурвиж дуусгасан. Номоо хараахан хэвлүүлж амжихгүй морин дэл дээр яваад байна. Энэ намар жаахан сууж уншиж нягтлаад хэвлүүлнэ дээ.
-Нууц биш бол нэрийг нь хэлж болох уу?
-Одоохондоо нэрийг нь зарлаад юүхэв. Бас шүлэг бичиж байгаа.
-Орчин үеийн утга зохиолын талаарх таны бодлыг сонсмоор байна. Залуу уран бүтээлчид төрөн гарсаар байгаа ч тэдний зохиол бүтээлд үнэлэлт өгч урам нэмэх, засч залруулах, зөвлөх тал дээр дутмаг байх шиг санагдах юм?
-Өв тэгш боловсролтой судлаачийг бодлогоор бэлтгэхээс аргагүй дээ. Утга зохиолын судлал шинжлэл гэдэг маш том орон зай онгорхой байна. Монголын утга зохиол туурвилын түүх онол, хэл шинжлэл, утга зохиолын арвин их өв санг судалж цээжиндээ хийсэн, монгол хэлнийхээ эрхэмсэг сайхан хэл найрууллагыг эзэмшсэн, түүх соёлын өргөн мэдлэгтэй тийм Монгол судлаач л хэрэгтэй байна. Л.Хүрэлбаатар багш шиг, Д.Цэрэнсодном академич шиг. Дандины зохист аялгууны толиос эхлээд Жамьянгарав хүртэл дорнын болон үндэсний утга зохиолын түүх, уламжлал, үзэл онолыг бид маш нарийн судлах ёстой. Өөрийн улс орны утга зохиолын өв санд нэвтэрээгүй байж, өрнийн хэдэн “изм” цээжилчихээд биднээс эх үндэсгүй онолоор монгол уран зохиолыг шүүх боломжгүй. Хоёуланг нь тэгш судлах шаардлагатай.
-Та нар маань бичиж болох биш үү. Та утга зохиолын шүүмж, бүтээл туурвиж байв уу?
-Би утгазохиолын олон улсын хурал чуулган дээр Монголынхоо утга зохиолын үүх түүх, хөгжлийн талаар үг хэлж, илтгэл тавьдаг л юм. Цаашид үндэсний уранзохиолын өв санг гайгүй онгичсоны хувьд судлал шинжлэлийн хэдэн ном хэвлүүлэх төлөвлөгөөтэй байна.
-“Та хариулахгүй байж ч болно” гэсэн өмнөтгөлийг хэлж байгаад /Ш.Гүрбазар гуайн ярилцлагаас ишлэв/ нэг зүйл асууя. Дээхэндээ бол зохиолч, яруу найрагч нар гэхээр сархад, нанчидыг чамгүй хүртэж байж онгод юугаа хөглөдөг гэсэн ойлголт нийтлэг байсан. Харин таны хувьд нанчид хэмээх идээнээс ангид юм шиг ажиглагддаг. Тэгэхээр та онгодоо юугаар хөглөдөг вэ?
-Нанчид хүртэн сэтгэлээ дэврээдэг уран бүтээлчид байсан уу гэвэл байсан. Энэ чинь одоогийн архи биш шүү дээ. Тусгай авшиг жүд оршоосон зай бүхий “нанчид” гэдэг идээг хэрэглэдэг байсан жишээтэй. Гэхдээ онгод хөглөх ганцхан арга нь нанчид биш. Би аглагт суух, бясалгал хийх, эсвэл сайхан ном унших зэргээр өөрийгөө хөглөж, дэврээж хурцалдаг даа.
-Утга зохиол, яруу найргийн абшиг шингэсэн өргөөнд та урлангаа байгуулсан юм байна. Өндөр шилэн байшин руу нүүчихэлгүй Зохиолчдын хорооныхоо байранд уран бүтээлээ туурвисаар суугаа тань үнэхээр талархалтай. Та зохиолчдоос хэнтэй нь илүү дотно нөхөрлөж явсан бэ?
-Үе үеийн зохиолч, яруу найрагчидтай дотно сайхан нөхөрлөж тэднийг бурхан гэж л хүндэлж явсан би. Олон хүнийг дурсан нэрлэмээр байна. Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ, Цэгмидийн Гайтав, Чойжилжавын Лхамсүрэн, Нямбуугийн Нямдорж, Мишигийн Цэдэндорж, Доржийн Гомбожав, Тоомойн Очирхүү, Данзангийн Нямсүрэн гээд аугаа уран бүтээлчдийн тухай өчнөөн дурсамж хөврүүлж болох билээ. Намайг анх босгоор нь алхах үед зохиолчдын байгууллагад зохиол бичдэггүй хүн нэг ч байгаагүй юм. Үүдний жижүүр нь л гэхэд Нанзадын Надмид гэж том зохиолч байлаа. Нягтлан нь хүртэл зохиолч хүн байсан. Уран бүтээлийн анд нөхдөө бол 1970-аад оноос олж нөхөрлөсөн. Бат-Очирын Сундуй, Дагвадоржийн Цогт, Ламжавын Мягмарсүрэн, Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар, Жүмпэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Ядамбатын Баатар, Цэвээндоржийн Ойдов, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Жамсрандоржийн Оюунцэцэг нарын олон сайхан нөхөд бий дээ. Бид бүгдээрээ уран бүтээлийн “Гал” бүлгэм байгуулж, бие биедээ шүлгээ уншиж нэг нь нөгөөгөө хөглөдөг, гадаадын утга зохиол, дэлхий дахины урлагт гарч буй шинэ сэргэг бүхний талаар санал солилцож маргалдаж бие биенээ хурцалдаг байлаа.
-“Гал” бүлгэмийнхний тань нэрийг сонсохоор Монголын утга зохиол урлагт хэдийнэ нэрээ дуурсгасан, ихэнхдээ хос морьтой яваа нь цөөнгүй байна л даа. Яруу найраг, утга зохиол бичихийн сацуу зураг зурж, судалгааны бүтээл туурвих гэхчилэн нэг хүнд зэрэг баймгүй авьяасыг өвлөсөн нийгмийн зүтгэлтнүүд болжээ. Энэ бүхэн таны хэлээд байгаачлан бие биеэ хөглөж, билэг авьяасаа хөгжүүлсэнтэй холбоотой болов уу?
-Бид балчир ахуй үедээ онгод дуудан бүтээл туурвихын зэрэгцээ хувь хүний хувьд сайхан төлөвших зорилгыг хамтдаа тавьж байсан юм. Монголынхоо түүх, соёл өв уламжлал руу нэвтрэх, урлагийн бүх төрлөөр мэдлэг боловсролтой бие хүн болохыг хүсч мөрөөдөж байсан. Сонгодог хөгжим сонсож, уран зургийн үзэсгэлэн үзэж, түүнийхээ талаар хэлэлцэж явсан маань бидний төлөвшилд эерэгээр нөлөөлсөн юм. Төрийн сүлдийг урласан Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ойдов маань л гэхэд зураач хүн боловч бидний дунд орж ирээд шүлэгч болсон жишээтэй. Бидний зорилго зөвхөн шүлэг найраг байгаагүй, түүх соёл, уран зураг, эрдэм судалгаа, театр кино, философи, далд ертөнц, шашин гээд ер олон талтай хүн болцгооё гэж мөрөөдсөн минь талаар болоогүй.
-Та зураг зурдаг уу?
-Калиграфи сонирхдог доо.
-Та шавь олонтой юу?
-Цөөхөн дөө. Гэхдээ миний шавь нараас түрүүч нь Ц.Бавуудорж маань Төрийн шагнал хүртчихээд байна. Би С.Батмөнхийн үүсгэсэн “Их Монгол” сургуульд яруу найргийн семинар удирдаж байсан. Тэр үеийн оюутанууд бүгдээрээ л багшаа гэдэг юм.
-Тантай уулзаад асуухгүй өнгөрч боломгүй нэгэн хүн бол О.Дашбалбар найрагч. Та хоёр нэг нутгийнх гэдгээрээ ойр дотно байсан биз?
-Яривал мөн ч их юм байна даа. Балбар маань хөдөөнөөс шуудайтай ном үүрээд манайд бууж байсан юм. Эхлэн бичигчээс их найрагч болох хүртэлээ үй зайгүй нөхөрлөснийг минь хүмүүс мэднэ. Тийм болохоор тун чиг ихийг өгүүлж болох байна. Эрхийгээ эсгэж тангараг барилдсан анд гэвэл бид хоёрыг л хэлнэ дээ. Ер нь О.Дашбалбар, Д.Нямсүрэн биднүүсийг Алтан-Овоо шүтээн нэгтгэж, “Гал” нэгдэл нөхөрлүүлж, Монголын их утга зохиолын эрх ашиг үүрд холбож гагнасан юм даа.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА
Эх сурөалж: news.mn