Америкийн хэви метал хамтлаг “Slipknot” 2027 онд Лондонгийн “Wembley Stadium”-д хийх тоглолтдоо оролцох уран бүтээлчдийн нэгээр Мэрилин Мэнсоныг зарласны дараа зарим шүтэн бишрэгч нь уг шийдвэрийг шүүмжилжээ.
“Slipknot” хамтлаг 2027 оны долоодугаар сарын 3-нд “Wembley Stadium”-д тоглох бөгөөд Мэнсоноос гадна “Lorna Shore”, “Hatebreed” хамтлагууд тусгай зочноор оролцохоор болсон байна. Энэ нь “Slipknot”-ын 2027 онд Европт хийх цорын ганц тоглолт байхаар төлөвлөгджээ.
Гэвч тоглолтын бүрэлдэхүүнийг олон нийтэд танилцуулсны дараа сошиал орчинд маргаан өрнөсөн байна. Зарим фэн Мэнсоны эсрэг өмнө нь хэд хэдэн эмэгтэйн гаргаж байсан хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг дурдаж, түүнийг тоглолтод оролцуулах шийдвэрийг эсэргүүцжээ. Тэдний зарим нь бүр “Wembley” дэх тоглолтын тасалбар худалдаж авахгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Мэрилин Мэнсон буюу Брайан Уорнерыг жүжигчин Эван Рэйчел Вуд 2021 онд түүнийг хүчирхийлж байсан хэмээн олон нийтэд мэдэгдсэний дараа өөр хэд хэдэн эмэгтэй мөн түүнтэй холбоотой мэдэгдэл гаргаад буй. Харин Мэнсон эдгээр асуудлыг няцааж, өөрийгөө буруугүй хэмээн байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Лос Анжелесийн прокурорууд олон жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын дараа 2025 онд Мэнсонд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэдгээ мэдэгдсэн. Прокуроруудын тайлбарласнаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдэд яллах хэмжээнд нотлох баримт хангалтгүй байжээ.

