“Оскар”-ын шагналт жүжигчин Жулианна Мур 2026 оны “SCAD Savannah Film Festival”-ийн үеэр кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн “Icon Award” шагнал хүртэхээр болжээ. Мөн түүний тоглосон шинэ бүтээл “The Debut” тус наадмын гол үзвэрүүдийн нэг буюу “Centerpiece Selection”-оор сонгогдсон байна.
“The Debut” кинонд Жулианна Мур Кэйтлин хэмээх нэр хүндтэй жүжигчний дүрийг бүтээжээ. Түүний охин театрын ертөнцөд хөл тавьж, ээжийнхээ алдартай жүжгийн шинэчилсэн хувилбарт тоглох болсноор тэдний харилцаа болон гэр бүлийн амьдралд шинэ сорилтууд тулгарч эхэлдэг аж.
Киног Сэм Голд найруулсан бөгөөд энэ нь түүний бүрэн хэмжээний кино найруулагчаар ажилласан анхны бүтээл юм. Гол дүрүүдэд Жулианна Мураас гадна Жон Малкович, Финн Вулфхард, Кристин Барански зэрэг жүжигчин тогложээ.
“SCAD Savannah Film Festival”-ийн гүйцэтгэх захирал Кристина Рут Мурыг орчин үеийн кино урлагийн хамгийн нөлөө бүхий жүжигчдийн нэг хэмээн онцолж, олон арван жилийн турш бүтээсэн дүрүүд нь түүний уран бүтээлийн цар хүрээ, чадварыг харуулдаг гэж мэдэгдсэн байна.
Жулианна Мур карьерынхаа турш “Boogie Nights”, “The Hours”, “Far from Heaven”, “The Kids Are All Right” зэрэг бүтээлээрээ Академийн шагналд нэр дэвшиж, 2014 оны “Still Alice” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ.

