Египетийн археологичид Дахла баян бүрдийн Бир-эш-Шагала археологийн дурсгалт газраас Ромын эзэнт гүрний үеийн, ойролцоогоор 1700 жилийн настай пирамид хэлбэрийн булш илрүүлжээ. Булшнаас эртний грек хэлээр бичсэн 19 мөрт гашуудлын шүлэг олдсон нь олдворын хамгийн онцгой хэсэг болсон байна.
Булш нь МЭ III зууны сүүлч, IV зууны эхэн үед хамаарах бөгөөд эрэгтэй болон түүний эхнэрт зориулан барьсан бололтой. Булшинд оршуулсан эрэгтэйн нэрийг судлаачид Писехтес хэмээн уншиж байгаа бөгөөд урьдчилсан судалгаагаар тэрээр шүүгчийн алба хашиж байсан байж магадгүй гэж үзжээ.
“Эцэг минь, сонсооч” гэх шүлгийг улаан бэхээр чулуун оршуулгын хавтан дээр бичсэн байна. Судлаачдын мэдээлснээр уг бүтээлд талийгаачийг мэргэн ухаан, нинжин сэтгэлээрээ бусдыг чиглүүлдэг “амьдралын зөвлөх” хэмээн магтан дүрсэлжээ. Шүлгийн төгсгөлд талийгаачийн хүү Сарапион эцэгтээ шууд хандан, “Эцэг минь, сонсооч” хэмээн гашуудаж, үр хүүхдүүдийнх нь өргөл, тахилыг хүлээн авахыг хүссэн байна.
Принстоны “Institute for Advanced Study”-ийн эрдэмтэн Ангелос Чаниотис уг бичээсийг судалсан бөгөөд шүлэг нь өндөр боловсролтой зохиогчийн бүтээл байсныг илтгэх онцлогтой гэж тайлбарласан байна. Тухайлбал, бичээсэнд грек хэлний өргөлт зэрэг тусгай тэмдэглэгээг хэрэглэсэн нь зохиогчийн хэл бичгийн өндөр мэдлэгийг харуулдаг аж.
Булшны архитектур болон доторх бичээсүүд нь тухайн үеийн Египетийн соёлын олон талт байдлыг харуулж байна. Оршуулгын газрын үүд рүү 14 шаттай шатаар бууж очдог бөгөөд үүдний хэсэгт далавчтай нарны дүрс, хоёр кобра, Осирисын дүрслэл болон нас барагсдыг хойд насанд хамгаалах зориулалттай иероглиф бичээсүүд байжээ.
Мөн булшны дээд хэсэгт эртний Египетийн “Амдуат” хэмээх хойд ертөнцийн тухай шашны бичвэрийн нэгэн дүрслэл илэрсэн байна. Энэ нь Дахла баян бүрдийн булшнуудаас өмнө нь бүртгэгдэж байгаагүй ховор дүрслэл гэж археологичид мэдээлжээ.
Булшнаас чулуун өргөлийн ширээ, элсэн чулуугаар хийсэн ариусгах сав, төрөл бүрийн ваар сав болон Ромын эзэн хаан Константин Ихийн дүрстэй хүрэл зоос олдсон байна. Зоос нь булшийг хожим дахин ашигласан байж болзошгүй гэсэн таамгийг дэмжиж байгаа аж.


