Сурагчдын дунд зохион байгуулсан бий биелгээний нэгдсэн үйл ажиллагаанд 108 хүүхэд оролцож, үндэсний өв соёлоо нэгэн хэмнэлээр илэрхийллээ.
Баян-Өлгий аймгийн төв талбайд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч, багш, бий биелээч Х.Хулангоогоос тодруулахад, “Анх 100 хүүхэд оролцуулах зорилго тавьсан ч бидний урилгыг дэмжиж, 108 хүүхэд хүрэлцэн ирсэнд баяртай байна. 108 хүүхэд бүжиглээд зогсохгүй, 108 зүрх нэгэн хэмнэлээр цохилж, өв соёлоороо нэгдлээ. Хүүхдүүдийн эрч хүч, инээд хөөр, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл энэ өдрийн хамгийн сайхан өнгө байлаа. Оролцогч хүүхдүүдээрээ бахархаж байна. Энэ сайхан үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн хүүхдүүдээ дэмжиж, бидний урилгыг хүлээн авч оролцуулсан эцэг эхчүүддээ талархаж байна” хэмээлээ.
Тэрбээр энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулахад санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн сайн дурынхан, дэмжигчид болон арын албанд ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ. Мөн “Арвин” ресторан, “Цамбагарав өгөөж” ХХК, “Дагшин Алтай” ТББ-ын хамт олон, үйл ажиллагааг бичлэгээр баримтжуулан үлдээсэн “ЭСТИПРО” студи, хүүхэд бүрд студийн зураг бэлдсэн “Некст” фото студийн хамт олонд талархсанаа хэлэв. Түүнчлэн үйл ажиллагааг бүх талаар дэмжсэн “Урианхай, дөрвөд, тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо” ТББ-ын удирдлага, гишүүдэд талархал илэрхийллээ.
Оролцогчид, сонирхогчид энэ удаагийн үйл ажиллагааг хүүхдүүддээ өв соёлоо таниулж, хамтдаа мэдэрч, цаашид өвлүүлэн үлдээхэд чиглэсэн сайхан санаачилга болсныг онцолж байлаа.


