Монголын аялал жуулчлалын холбооноос 1999 оноос хойш зохион байгуулж буй “International Tourism Mart-2026” буюу “АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл-Экспо” төвийн Мега үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-25-нд болно.
Энэ жилийн үзэсгэлэнд Монгол Улсын 21 аймгийн төлөөлөл оролцож, тухайн орон нутгийн аялал жуулчлалын онцлог, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, аяллын маршрут, эвент, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах юм. Ингэснээр орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлах томоохон платформ болохыг зохион байгуулагчид онцолж байна.
Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүн, маршрутаа сурталчлан таниулахын зэрэгцээ гадаад, дотоодын түншүүдтэй бизнесийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, зах зээлээ өргөжүүлэх боломж бүрдэх юм.
Мөн гадаад, дотоодын мэргэжилтэн, судлаачдын оролцоотой хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын олон улсын чиг хандлага, шинэлэг туршлага, хөгжлийн боломжийн талаар мэдээлэл, туршлага солилцоно.
Тус үзэсгэлэн нь бүтээгдэхүүн, үйлчилгээний сүлжээг өргөжүүлэн аялал жуулчлалын хөгжлийг хурдасгахаас гадна орон нутгийн болон үндэсний эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлдгээрээ онцлогтой аж.

