Их Британийн алдарт дуучин Эми Уайнхаус 27 насандаа таалал төгсөхөөсөө дөрвөн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа амьдралынхаа хамгийн том айдсыг “өөрийн гэсэн мөрөө үлдээлгүй хорвоог орхих” хэмээн тодорхойлж байжээ. Түүний 2007 онд өгсөн ярилцлагын хэсэг дахин олны анхаарлыг татаж байна.
“Миний хамгийн том айдас бол дэлхий дээр өөрийн гэсэн мөрөө үлдээлгүй үхэх” хэмээн Уайнхаус ярьж байсан нь түүний уран бүтээлээрээ дурсагдах хүсэлтэй байсныг илтгэнэ.
Дуучин 2006 онд гаргасан “Back to Black” цомгоороо дэлхий даяар алдаршсан юм. Тус цомогт багтсан “Rehab”, “You Know I’m No Good”, “Back to Black” зэрэг дуунууд түүний өвөрмөц хоолой, жазз, соул болон R&B хөгжмийг хослуулсан хэв маягийг олон улсад таниулжээ.
Уайнхаус 2008 оны “Грэмми” шагнал гардуулах ёслолоос таван шагнал хүртсэн бөгөөд үүнд оны шилдэг бичлэг, оны шилдэг дуу, шилдэг шинэ уран бүтээлчийн шагнал багтсан байна. Тэрбээр богино хугацаанд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, олон үеийн уран бүтээлчдэд нөлөөлсөн юм.
Гэвч дуучин 2011 оны долоодугаар сарын 23-нд Лондон дахь гэртээ 27 насандаа нас барсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний үхэл архины хордлоготой холбоотой болохыг тогтоожээ.
Эми Уайнхаусын амьдрал богино байсан ч түүний уран бүтээл өнөөдөр ч дэлхийн сонсогчдын дунд үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Тэрбээр хөгжмийн түүхэнд мартагдашгүй мөрөө үлдээсэн билээ.

